Open iToim app
Инфографик | 2 мин уншина

Инфографик: Монгол Улсын хил

Инфографик: Монгол Улсын хил
Нийтэлсэн 2015 оны 6 сарын 11

Монгол Улсын хил
Монгол Улсын нутаг дэвсгэрийн хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын "хил" гэнэ. Уг шугамаас эгц дээш агаарын, мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна. Монгол Улс Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 1962 онд "БНМАУ ба БНХАУ-ын Хилийн гэрээ"-г байгуулж өмнөд хилээ албан ёсоор баталгаажуулсан, 1962-1964 онд улсын хилийг газар дээр нь тогтоон тэмдэглэсэн. Энэхүү Хилийн гэрээг 1975 онд Нэгдсэн Үндэстний байгуулагад албан ёсоор бүртгүүлсэн. Монгол Улс ОХУ-тай 1958 болон 1976 оны БНМАУ-ЗХУ-ын хоорондын Хилийн гэрээг байгуулж хойд хилээ баталгаажуулсан.
Улсын хилийн дэглэм
Улсын хилийн дэглэмийн зорилго нь хил залгаа улстай байгуулсан гэрээг үндэслэн улсын хилийг тодорхой байлгах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа болон мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, хилийн асуудалтай холбогдсон бусад үйл ажиллагааг зохицуулахад оршино. Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын гэрээг 2010 онд Монгол Улсын Их Хурлаас соёрхон баталж мөрдөн ажиллаж байна. Монгол Улс, ОХУ-ын Хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын гэрээг 2006 онд соёрхон баталж мөрдөн ажиллаж байна.
Хилийн зурвас
Улсын хилийн бүсэд хилийн дэглэмийг сахиулах, улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албаны зориулалттай хилийн инженер, техникийн байгууламж барих зорилгоор улсын хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр Улсын хил хамгаалах байгууллагаас тогтоосон нутаг дэвсгэрийн улсын хилийн зурвас гэнэ.
Хилийн бүс
Улсын хил хамгаалах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг хилийн бүс гэнэ. Түүний өргөнийг улсын хилийн шугамаас дотогш 100 км-ээр тогтооно.
Хил орчмын нутаг дэвсгэр
Хил залгаа улстай хиллэж байгаа сумын нутаг дэвсгэрийг хил орчмын нутаг дэвсгэр гэнэ.
Монгол Улсын хилийн дөрвөн захын цэг
  • Баруун захын цэг - Баян Өлгий аймгийн нутагт Монгол Алтайн нурууны 3252.0 тоот өндөрлөгөөс 3371.0 тоот өндөрлөг хүрэх хэсгийн ус хагалбарын шугам баруун тийш цүлхийсэн хэсэг дээр,
  • Хойд захын цэг - Хөвсгөл аймгийн нутагт Монгол Шарын давааны 2091,6 тоот өндөрлөг дээр,
  • Зүүн захын цэг - Дорнод аймгийн нутагт Модтой хамар уулын зүүн талд уулын хажуугийн 1305 тоот өндөрлөгөөс баруун өмнө зүгт 190.0 метр зайд 1292.5 тоот өндөрлөг дээр,
  • Өмнөд захын цэг - Өмнөговь аймгийн нутагт Орвог Гашууны Бор толгойн 799.9 тоот өндөрлөг дээр тус тус байрлана.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн