Open iToim app
Эрүүл монгол | 7 мин уншина

Зөвлөмж: Өглөө, өдөр, оройн цагаар хэрхэн зохистой хооллох вэ

Зөвлөмж: Өглөө, өдөр, оройн цагаар хэрхэн зохистой хооллох вэ
Нийтэлсэн 2017 оны 1 сарын 20
Улсын II төв эмнэлгийн эмчилгээний хоол зүйч С.Баянжаргалын ярилцлагаас зохистой хооллолтын талаарх зөвлөгөөг хүргэж байна. Ярилцлагыг бүтнээр нь ЭНД дарж үзнэ үү.

Өглөөний хоолны ач тус
Судалгаанаас харахад монголчуудад өглөөний хоол идэх зуршил маш муу байдаг. Өглөөний хоол идэхгүй байна гэдэг ходоод гэдэс, элэг цөсний өвчлөл үүсэхэд сөрөг нөлөө үзүүлдэг. Өглөөний хоол гэдэг нь тэр өдрийн эрч хүч болж байдаг. Өглөөний хоол идэхгүй эсвэл чанаргүй муу хоол идэх нь ходоодонд маш муу нөлөөтэй. Өглөөний хоол идэхгүй байх нь цөсний чулуу үүсэх гол эх үүсвэр ч болдог. Ер нь, өглөөд хүний цус өтгөн, цөс өтгөн, шээс ч мөн адил өтгөн байдаг. Тийм болохоор заавал өглөөд хооллох хэрэгтэй. Ер нь, өглөө хоолоо идэхгүй байна гэдэг нь маш муу бензинтэй машин явж байна гэсэн үг л дээ. Муу бензинтэй машины амьдрах хугацаа улам л багасна биз дээ. Яг түүнтэй адил. Өглөө хоол идэхгүй байхаар тухайн өдрийн ажлын бүтээмжээс гадна биеийн дархлаа, биеийн ерөнхий эрүүл мэнд багасч байдаг. Дэлхий дээр урт удаан насалсан хүмүүсийг харахад өглөөний цайгаа тогтмол ууж хэвшсэн хүмүүс л өндөр насалж, биеийн ерөнхий эрүүл мэнд дархлааны хувьд сайн байдаг. Дунд сургуулийн хүүхдүүд ч мөн адил. Өглөө цайгаа уудаг биеийн ерөнхий эрүүл мэнд сайтай хүүхэд онц сурдаг, сэргэлэн цовоо байдаг. Хүүхдүүд багадаа ямар зуршил олж авна насан туршдаа тэр зуршлаараа амьдардаг болохоор, ялангуяа хүүхдийн өглөөний хоолыг заавал өгч байх хэрэгтэй. Англид 20 мянган хүүхдийн дунд хийсэн судалгаа байдаг юм. Тэр судалгаагаар өглөө цайгаа уудаг хүүхдүүд онц сурдаг, цайгаа уудаггүй хүүхэд сул дорой, уур уцаартай байдаг. Өглөөний хоол иддэггүй хүүхэд ухамсрын хувьд ч өглөөдөө цай ууж хэвшсэн хүүхдээс муу байдаг гэж судалгааны дүн нь гарсан байдаг юм. Тэгэхээр өглөөний хоол гэдэг хүний ерөнхий эрүүл мэндийн гол хүчин зүйл болдог гэсэн үг.
Ямар нэг консервант хийгээгүй бүтээгдэхүүнийг л хүүхдэд өглөө гэлтгүй л өгөх хэрэгтэй. Эрүүл хүнс гэхээр хүмүүс янз бүрээр л ойлгодог. Ер нь бол сая миний дурдсан зургаан төрлийн хүнснээс, хүүхдэд бол зургуулаа орсон хоол өгөх ёстой. Хамгийн гол нь баланс гээд байгаа чинь л хамгийн чухал. Зарим хүүхэд ногоонд дургүй бол зарим нь маханд дургүй байдаг. Тэгвэл мах муу иддэг хүүхэд байвал ургамлын гаралтай уураг агуулсан хүнсний ногоог өгөх хэрэгтэй. Гурил будаа идээд байдаг хүүхдүүдийн гурил, будааг юугаар баяжуулж өгөх юм гэдгийг л баланс гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл нүүрс ус, уураг гээд шим тэжээлээ тэнцвэртэй ижил төвшинд хэрэглэх нь чухал.
Сургуулийн хүүхдийн өдрийн хоолны төсөл хэрэгжиж байна. Хоол зүйчтэй сургуулиуд бол хүүхдүүдэд баланстай хоол өгөхөд илүү анхаардаг. Харин гэртээ бол хүүхдүүдэд өглөөний цайг л ууж сургах хэрэгтэй. Заавал ч үгүй. Эцэг эхчүүд үүнийг маш хатуу анхааруулж, захимаар байгаа юм. Багаасаа л өглөөний цайгаа уудаггүй бол яваандаа зуршил болоод ирнэ. Тэгээд 30, 40 хүрэв үү, үгүй юу л янз бүрийн өвчтэй болно гэсэн үг шүү дээ. Ганган сайхан хоол хийхээс илүүтэй зөв, хэрэгтэй хоолыг зөв тэнцвэржүүлж өгч байх хэрэгтэй. Бүхэл үр тарианы төрлийг хүүхдэд сайн өгөх хэрэгтэй. Чихрийн амтанд оруулахгүй, чихэрнээс л хол байлгах хэрэгтэй.
Шош, буурцагны төрлийг олон төрлөөр нь хэрэглүүлж байж махтай адил уургуудыг өгдөг. Гэхдээ, хүмүүс цагаан хоолтнууд ганцхан төрлийн хүнс хэрэглээд бусдыг нь хэрэглэхгүй үлдээснээсээ болоод өвчлөлд маш их өртдөг. Тиймээс мах иддэггүй бол, мах иддэг байлаа ч уураглаг хоол хүнсийг олон төрлөөр нь л хэрэглэх хэрэгтэй. Маханд муу хүүхдийн өсөлт бусдаасаа хоцорч байна л гэсэн үг. Яагаад гэвэл нэг төрлийн тэжээл нь дутагдаж байна шүү дээ. Тиймээс дүфү, шар буурцаг, хүрэн шош, өндөг зэргээр махыг орлуулан хоолонд хольж өгөх хэрэгтэй. Түүнчлэн мах иддэггүй хүүхдэд уураг болгож самарны төрлийг хэрэглүүл эх хэрэгтэй. Мах иддэггүй ч гэлтгүй ер нь хүүхдэд самар их сайн. Тэр тусмаа наранцэцэгийн самар, Монголын боргоцойны самрыг өгч байх хэрэгтэй. Ийм самруудад “В12”-ын төрөл маш их байдаг учир тархины үйл ажиллагаа болон биеийн хөгжилд сайн. Гэхдээ самрыг хэтрүүлэн хэрэглэвэл өөх тос ихтэй учир цөсний үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж, биеийн жинг ч бас их нэмдэг.
Гэхдээ бас дан ургамлын гаралтай уураг хэрэглүүлээд байх хэрэггүй. Амьтны гаралтай уургийг хэмжээнд хэрэглүүлж байх нь чухал. Махыг жижиглэн хөөрхөн хэлбэр дүрсэнд оруулж хоол хийвэл хүүхдэд идэхэд илүү сонирхолтой. Мөн мах бага иддэг хүүхдэд сүү цагаан идээ, ээдэм, бяслаг зэргийг өгөх нь амьтны гаралтай уургийн хэрэглээг хангахад тустай.
Жимсний тухайд би яг тэгж хэлэхгүй. Жимсийг хоолтой хамт хэрэглэх бас зохисгүй. Жимс чихэрлэг учраастодорхой хэмжээгээр илчлэг өгдөг. Гол нь ходоодны хүчлийг нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлдэг болохоор хоолыг шингээх тал бол байдаг. Гэхдээ жимс, ногоог хамтад нь хэрэглэх ер нь дэмий. Аль болох зайтай хэрэглэх хэрэгтэй. Жин хасах, жин нэмэгдэхээс сэргийлэх гэж байгаа бол оройдоо хөнгөн хооллох нь зүгээр.
Ерөнхийдөө хүнсний бүтээгдэхүүнийг үр тарианы төрөл буюу гурил будаа, махны төрөл буюу уураг агуулсан хүнснүүд, хүнсний ногооны төрөл, жимсний төрөл, сүүний төрөл гэсэн үндсэн таван бүлэгт хуваадаг. Үүн дээр өөх тосны төрөл гэж нэмэгдээд зургаан бүлэг болдог. Үүнээс бид үр тарианы төрлийг өглөө түлхүү хэрэглэж байх хэрэгтэй. Хамгийн сайн өглөөний цай гэвэл үр тарианы төрөл, тэр дундаа овъёос болон будааны төрлүүд гэж үздэг. Хүмүүс өглөөний цайндаа ихэвчлэн өндөг шарж, хиам иддэг шүү дээ. Ийм байдлаар өглөөний цайнд хортой хүнс маш их хэрэглэдэг. Сайн идэж авна гэдэг чинь маш их идэх тухай биш хэрэгцээтэй амин дэм, бодисуудаа сайн нөхөж авах хэрэгтэй л гэдгийг хэлээд байгаа юм. Өглөөдөө тараг, аарц, сүү эсвэл үр тарианы төрлөөс заавал хэрэглэж хэвших хэрэгтэй. Овъёос, гурвалжин будаа, хөц будаа ч юмуу хальстай үр тариа хэрэглэвэл маш сайн. Мөн жимсний төрөл орсон байвал хамгийн сайн өглөөний хоолонд тооцогддог. Өглөө хүний биеийн эд эсүүд өөрт хэрэгтэй шим тэжээлтэй амин дэмүүдээ авах гээд “өлсчихсөн” байдаг гэх үү дээ. Өдөр болохоор тэр чадвар улам буурна гэсэн үг. Өглөөний хоолоороо биеийн эд эсүүд хамгийн их шим тэжээлтэй амин дэмүүдээ авдаг. Юун тулд өглөө болж шинэ өдөр ирж байгаа билээ, өглөөний хоолыг шинээр нь л хэрэглэх хэрэгтэй. Өмнөх оройны хоносон, шөнөжин бактери цуглуулсан хоолыг идэх нь буруу. Ийм хоолыг хүүхдээс аль болох хол байлгах хэрэгтэй.
Бусад үр тариаг бодвол “cereal”гээд байгаа хоол амин дэм ихтэй. Гэхдээ сереал дотроо хоёр янз байгаа. Бүхэл үр тариа агуулж байгаа гэж байна. Тэр нь овъёос. Эрдэнэшишийнх буюу эрдэнэшишийн нэвс гэж байгаа. Тэр нь хүүхдэд зориулсан ихэнхдээ хайрцагтай зардаг, шоколадтай, жимстэй гээд байдаг сереал. Хүүхдэд өгдөг, хөөлгөсөн, өнгө амт оруулсан сереал бол биед энерги өгч байгаа ч гэсэн шим тэжээлийнхээ хувьд сайн биш. Чихэртэй л адил энгийн нүүрс ус их агуулдаг учир амархан өлсгөнө, дархлаа муутгана. Тийм учраас аль болох хальслаг буюу натураль байдлаараа байгаа овъёосыг сүүнд дэвтээгээд идвэл маш сайн өглөөний хоол болж байна гэсэн үг. Овъёос нь таван төрлийн эрдэс бодис агуулдаг. Өглөө ер нь эрдэс бодис шим тэжээлтэй юм хэрэглэх хэрэгтэй. Өглөө эд эсүүд тухайн шим тэжээлээ аваад хамгийн сайн боловсруулдаг. Орой болохоор авч боловсруулдаг, зарцуулах процесс нь биш аваад хадгалах процесс нь түлхүү явагддаг. Тэгэхээр орой идсэн хоол өөх болж хуримтлагдаад үлддэг гэсэн үг. Өглөө идсэн хоол маш сайн эд эсүүдэд хэрэгцээт шим тэжээл болж очиж шингэдэг учраас л өглөөдөө сайн хоолло гээд байдаг хэрэг. Ер нь, бүхэл үр тарианууд өлсөх мэдрэмжийг их дардаг. Ислэг ихтэй учраас өдрийн хоолны цаг хүртэл цатгалан байлгадаг. Бодисын солилцоог ч сайн явуулдаг.
Өдөр, орой юу идэх вэ
Өдөрт яг гурван удаа хооллоод хоолныхоо дундуур шингэн сайн уугаад орой нь хүнд хоол идэхгүй байвал зүгээр. Өглөөд хоол тэжээлийг боловсруулах процесс сайн явагддаг гэсэн шүү дээ. Харин орой бол бидний идсэн хоол энерги, өөх болж хадгалагддаг. Ходоодонд хамгийн их ачаалал өгдөг нь мах байдаг.Тийм учраас оройдоо мах бага иддэг байх ёстой гэдгийг хүн бүр л мэддэг. Орой гурилан юм идвэл хамгийн их өөх болж хадгалагддаг . Тийм болохоор өглөө маш сайн цайгаа уучихаад, өдрийн хоолоо баланстай идэж чадвал оройн хоолыг алим, таргаар орлуулж болно. Гол нь тэнцвэртэй хооллолт хэрэгтэй. Баланстай хооллолт гэдэг нь юу вэ гэхээр миний хоолонд ногоо байна уу, уургийн төрөл байна уу, үр тариа буюу гурилан бүтээгдэхүүн байна уу. Өнөөдөр би сүү жимс хэрэглэсэн үү гэдэг байгаа юм. Түрүүнд дурдсан таван төрлийн үндсэн бүтээгдэхүүнээ идэж, шим тэжээлээ авч чадаж байна уу гэдэг чинь л баланстай хооллолт байгаа юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн