Манай www.itoim.mn сайт иргэдийн эрүүл мэндийн мэдлэгт хувь нэмэр оруулах үүднээс эрүүл мэндийн талаар зөвлөгөө ярилцлагыг тогтмол хүргэж байгаа билээ.Энэ удаад Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Насанд хүрэгчдийн хоол судлалын төвийн мэргэжилтэн Б.Түвшинбаяраас зөв хооллолтын талаар зөвлөгөө авснаа тоймлон хүргье.
Монгол Улсын хүн амыг харьцангуй эрүүл хооллодог гэж ДЭМБ-гаас үздэг. Учир нь, бэлчээрийн малын махаа хэрэглэдэг, сүүлийн жилүүдэд хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүнээ дотооддоо хангаж, хүнсний баталгаат байдал талаасаа сайжирсан. Харин зарим бүтээгдэхүүн тэр дундаа саахар, давсны хэрэглээ хэт өндөр, нөгөө талд жимс жимсгэнэ, амин дэмийн хэрэглээ бага байгаа нь халдварт бус өвчлөл нэмэгдэх, таргалалт үүсэхэд нөлөөлж байна.
Зөв, зохистой хоололт нь гурван үндсэн зарчимтай. Нэгд, илчлэг хянах. Насанд хүрсэн хүн өдөрт хоол хүнснээсээ зохих ичлэгээ бүрэн авч байх ёстой. Иргэд илчлэгээ хянаж мэдэхгүйгээсээ болж биеийн хэрэгцээнээсээ давсан илчлэгтэй хоол хүнс хэрэглэж үүнээсээ болж илүүдэл жин, таргалалт хүн амын дунд нэмэгдэж байна. Насанд хүрсэн хүн дунджаар өдөрт 2000-2200 калори ичлэгийг хоол хүнснээсээ авах ёстой байдаг. Жингээ барихын тулд дасгал хөдөлгөөн хийхээс гадна илчлэгээ хянаж хоол хүнс хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг. Өөрөөр хэлбэл, илчлэгийн хэмжээгээ хянах нь дасгал хөдөлгөөн хийснээс илүү ач холбогдолтой байдаг. Жишээ нь, гүйлтийн зам дээр 30 минут гүйхэд 200-300 Килкалори хасна гэж тооцвол тийм хэмжээний илчлэгийг нэг ширхэг хуушуурнаас авдаг. Тэгэхээр хоол хүнснийхээ илчлэгийг таруулж хэрэглэх нь эрүүл зөв хооллолтын нэг зарчим. Илчлэг өндөртэй хоол хүнс өдөр бүр хэрэглэвэл илчлэгийн хуримтлал буюу өөхөн эдийн хуримтлал үүсч таргалалт үүсдэг. Хоёрт, хоол хүнсэндээ олон нэр төрлийн хүнс хэрэглэж занших хэрэгтэй. Өдөр тутамдаа авах ёстой илчлэгээ олон төрлийн хүнснээс авах хэрэгтэй гэсэн үг. Өдөрт 2000 калори авах ёстой гээд дан гурил, эсвэл дан мах идээд байж болохгүй. Хүнсний ногоо, мах, гурил гурилан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, сүү цагаан идээ, өөх тосыг өдөр бүр өөрт тохирсон хэмжээ харьцаатайгаар хэрэглэж чадвал зохистой хоололт болно. Сүүлийн үед махны өндөр хэрэглээ уургийн илүүдлээс үүдэлтэй өвчлөл нэмэгдэж байна. Элэгний өөхлөлт, элэгний өвчлөлд махны өндөр хэрэглээ нөлөөлдөг . Цаашлаад гурил, гурилан бүтээгдэхүүний хэрэглээ, саахарын хэрэглээ өндөр байгаагаас таргалт, чихрийн шижин өвчин үүсч байна. Мөн сүүлийн үед хүнсний ногооны бага хэрэглээнээс үүдэлтэй халдварт бус өвчлөл нэмэгдэж байна. Эрүүл хооллолт уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм, эрдэс усыг зөв зохистой хэрэглэхыг хэлж байгаа юм. Гэнэт ихээр идэж ходоодоо цочроосноор хоол боловсруулах замын өвчин үүсгэх аюултай. Эрүүл хооллолтын бас нэг зарчим бол багаар ойр, ойрхон хооллохыг зөвлөдөг. Монголчуудын хувьд мэддэг мөртлөө хэрэгжүүлдэггүй дэглэм бол өглөөний хоол. Оройн хоолоо 19 цагт идчихээд өглөө босоод цайгаа уухгүй явдаг. Гэтэл бүтэн 12 цагийн турш ходоод хоолгүй байснаас бие дэх саахарын хэмжээ эрс буурч, шаардлагатай энергиэ алдсан байдаг. Ингэж явсаар үдийн хоолондоо орохдоо гэнэт их өлссөнөө мэдэрч хамгийн их порцтой, өөх тос ихтэй хоолыг ихэвчлэн сонгодог. Энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс өглөөдөө аль болох хооллож гарах ёстой. Хэрвээ өглөөдөө хоол идэх хүсэлгүй бол ядаж нэг аяга бүлээн ус уувал сайн.
Уураг бол бие мах бодийг нөхөн сэлбэх чиглэлийн бүтээгдэхүүн учраас зохистой хэмжээгээр хэрэглэж болно. Харин тураах бэлдмэлүүдийн хувьд энергийг шууд 0 болгодог. Тухайлбал, “Herbalife”-ийн бүтээгдэхүүн уугаад турдаг гэж ярьдаг. Хүн өдөрт хэрэгцээ шаардлагаасаа их ус хэрэглээд байвал бие организм өөрөө эрүүлжиж эхэлдэг. Үүнд үндэслэн сүлжээний байгууллагууд хоол идүүлэхгүйгээр ус ихээр уулгаж тураах аргыг хэрэглэдэг. Бие махбодь илүүдэл илчлэгээ авахгүйгээр дотоод нөөц бололцоогоороо ажиллаж эхэлнэ. Их хэмжээний ус хэрэглэхээр бодисын солилцоог эрчимжүүлж байгаа учраас хурдан турж байгаа юм шиг санагддаг. Гэтэл цаана нь уургийн алдагдал явагдаж, дархлаа суларч эхэлдэг. Сүүлдээ бие организм бүхэлдээ энергиэ алдаж, өвчлөл үүсч эхэлнэ.
Халдварт бус өвчин ялангуяа зүрх судасны өвчин, цусны даралт ихсэх, цус харвах өвчний гол шалтгаан давсны хэрэглээтэй холбоотой. Хүн амын хэрэглэж байгаа давсны хэмжээ хэрэглэх ёстойгоосоо хоёр дахин их байна. Монгол хүн дунджаар өдөрт 11 грамм давс хэрэглэж байна. Гэтэл ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээ 5 грамм байдаг. Давсны хэрэглээ өндөр байгаа нь давстай цай ихээр уудагтай холбоотой. Ялангуяа хөдөө орон нутгийн иргэдийн давсны хэрэглээ өндөр байгаа. Хоёрт, янз бүрийн хоолны амтлагч ихээр хэрэглэдэг. Ихэнх амтлагчийн агуулгад давс саахарын хэмжээ их байдаг. Бэлэн гоймонг яагаад муу гэдэг вэ гэхээр давсны агууламж өндөр учраас тэр. Хүн өдөрт 5 грамм давс хэрэглэнэ гэвэл нэг уут бэлэн гоймонд 5 грамм давс агуулагдчихсан байдаг. Давс ихээр хэрэглэх тусам ходоод цочрооно, ходоодны хүчлийг нь нэмэгдүүлж шархлаа үүсгэдэг . Ходоод нь цоорсон гэж ярьдаг. Гэтэл энэ нь давсны хэрэглээ их байснаас болж түлсээр байгаад ходоод цоордог. Тиймээс эрүүл зөв хооллохын тулд давсны хэрэглээгээ хянах ёстой. Эрүүл байхын тулд шингэн сайн ууж байх ёстой. Агаарын бохирдол өндөртэй энэ үед хүүхдүүдээ жимсний шүүс, цацаргана, аньс сайтар уулгаж дархлаа болон бодисын солилцоог сайжруулах хэрэгтэй. Ер нь шингэний хэрэглээ багатайгаас болж илүүдэл жин үүсдэг. Гэхдээ шингэн ууж байна гээд литр, литрээр нь ус ууж болохгүй. Хүний ходоод цагт 300 грамм шингэн шимэгдүүлэх боломжтой байдаг. Тэгэхээр 300 грамм шингэнээ нэг дор бүгдийг нь залиглалгүйгээр бага багаар шимж уух хэрэгтэй. Шингэн ууж байна гээд нэг дор ихээр хэрэглэвэл биед хэрэгтэй эрдэс амин дэм байхгүй болдог.