Open iToim app
Улс төр | 7 мин уншина

Г.Жаргалсайхан: Гарын үсэг зур гэж сайд шахалт үзүүлсэн

Г.Жаргалсайхан: Гарын үсэг зур гэж сайд шахалт үзүүлсэн
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2016 оны 1 сарын 14
“МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Г.Жаргалсайхантай ярилцлаа.
-Салбарынхаа сайдыг АТГ-т шалгуулахаар өгсөн гэж сонслоо.Түүнийг шалгуулах болсон нь таны ажлаа хүлээлгэн өгсөнтэй холбоотой юу?
-Авлигатай тэмцэх газарт тодорхой хоёр асуудлыг шалгаж өгөөч ээ гэсэн хүсэлт гаргасан. энэ бол миний ажлаа өгснөөс болж гаргаж байгаа эсвэл хувийн асуудалтай холбоотой атг гаргасан хүсэлт биш юм. Энэ тухай ярихаасаа өмнө би олон нийтэд тодорхой ойлголт өгөх нь зүйтэй гэж бодож байна.
Ер нь авиа компанийн онцлогийн талаар олон нийт төдийгүй манай МИАТ-ийн 600 гаруй ажилчдын дунд нарийн ширийн зүйлийн талаар мэдээлэл муутай явдаг тал ажиглагддаг. Агаарын харилцааны хэлэлцээрийг тухайн орон газар зүй, эдийн засгийн чадамж зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзэж, харилцан адилгүй байгуулдаг бөгөөд тэр дотор тээвэрлэлтийн эрх шугам, үнэ тариф багтаамж гээд олон цогц асуудлыг агуулсан байдаг. Агаарын тээврийн компаниуд өргөжөөд, үйл ажиллагаа нь тэлээд ирэхээр олон улсын нийтлэг асуудал болж ирсэн. Үүнээс улбаалаад улс хоорондын агаарын тээврийн харилцааг зохицуулах нөгөө талаасаа үндэсний агаарын тээврийн авиа компаниудаа гадны тэнцвэргүй, шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах зорилгоор “Агаарын харилцааны хэлэлцээр”-ийг улс орон байгуулдаг болсон. 2015 оны байдлаар манай улс 36 улс оронтой агаарын зайн хэлэлцээртэй байна. Үүнээс арван оронтой хийсэн хэлэлцээр нь хэрэгжээд явж байгаа. Герман, Орос, Хятад, БНСУ, Япон, Сингапур, Турк, Франц, Тайланд гэх мэт. Манай улс зорчигч урсгал, зах зээл дээр дурдсан улсын авиа компаниудтай харьцуулахад жижигхэн. Гадаадын зарим орон агаарын тээвэрлэгч компаниа улс орны эдийн засаг, стратегийн ач холбогдолтой гэж тодорхойлдог. Нэг үгээр хэлбэл ард түмний өмч гэж үздэг. Жишээлбэл, Булангийн гурван орон гэж ярьдаг Ойрхи Дорнодын Эмират, Катарын агаарын тээврийн компаниуд маш хүчтэй орж ирж байна шүү дээ. Тэд маш их хүчирхэгжиж байна. Дээр нь “Туркиш Эйрлайнс” гэж байна. Энэ авиа компани бол маш хүчтэй.
-Тэд яагаад ийм хүчирхэгжиж байгаа хэрэг вэ?
-Энэ авиа компаниуд бол Засгийн газраасаа эдийн засгийн бөгөөд эрх зүйн маш их хүчтэй дэмжлэг авдаг. Тэгж байж авиа компаниуд явдаг. Гэтэл манай улс тийм биш. Монгол Улсад үндэсний агаарын тээвэрлэгч компани гэж байх ёстой юм уу, үгүй юу гэдгээ өнөөдөр тавих, ярих ёстой. Хэрэв үндэсний авиа компанитай байх ёстой юм бол яаж байлгах юм. Байхгүй юм бол дуртай агаарын тээвэрлэгч компаниуд орж ирнэ.Тэднийг ямар хэлэлцээртэй байлгах вэ гээд олон асуудал гарч ирнэ. Мэдээж гадаадын авиа компаниуд ороод ирчих юм бол МИАТ шахагдана. Манай авиа компаниуд гадаадын авиа компаниудыг яагаад ч дийлэхгүй. Энэ шударга бус өрсөлдөөнд шахагдвал хоёр жилийн дараа МИАТ алга болно. Үүнийг л МИАТ компанийнхан яам, тамгын газарт тавьдаг юм. Түүнээс би энэ асуудлыг өөрийнхөө эрх ашгийн төлөө тавиагүй юм. Монгол Улс “чөдрийн ганц морь”-ноосоо салах юм уу , үгүй юм уу. “Чөдрийн ганц” мориноосоо салах юм бол “Туркиш Эйрлайнс” гэх мэт томоохон авиа компаниудыг оруулж ирж болно.
-“Туркиш Эйрлайнс” -тай холбоотой асуудал яригддаг. Хэрэв ийм компаниуд орж ирвэл яах вэ. Хор аюул нь юундаа юм бэ. Мэдээж манай улс бага хүн амтай, зах зээл нь жижигхэн учраас зах зээлээ алдана. Өөр зүйлс байна уу?
-Монгол Улс хоёр их гүрний дунд байна. Зөндөө олон сөрөг тал бий. Би Японд болсон цунамигаас ганцхан жишээ авъя л даа. Цунами болсон газар монголчууд байсан. Тэднийг авах тусгай үүргийн нислэг хийх болов. Гэтэл түрээсийн онгоцны эзэд нь “Явж болно, гэхдээ нислэгийн хувиараараа л яв” гэсэн. Тэгээд өөр онгоцоор явж авчирч байсан. Энэ мэтээр юу ч тохиолдож болно. Өөрийн юм өргүй гэдэг. Үндэсний авиа компанигүй болчихвол сөрөг талыг нь энэ мэт олон өнцгөөс нь харж болно. Саяхан АНУ-ын хамгийн том таван авиа компанийн захирлууд зөвлөлдөж мэдэгдэл гаргасан. Тэд төрөөсөө бодлого нэхэж байна. Тухайлбал, Булангийн орнууд Эмират, Катар болон Турк, Хятадын хүчирхэг, хөрөнгөлөг авиа компаниудад түрэгдэж гарч ирж байна гээд төрийн зохицуулалт хүслээ. Энэ нь хэдийгээр АНУ хүчирхэг боловч энэ салбарыг хэт либеральчилж болохгүй нь, Үндэсний агаарын тээвэрлэгч байх шаардлагатай гэдгээ илэрхийлсэн хэрэг. Том гүрэн хүртэл үүнийгээ буцаж харах алхам хийж байна.
-Салбарын чинь сайд таныг “Туркиш Эйрлайнс”-ийн гэрээнд гарын үсэг зур гэж дарамталсан гэдэг үнэн үү?
- Зам тээврийн сайд М.Зоригт “Туркиш Эйрлайнс”-ийн гэрээнд гарын үсэг зур гэсэн шахалт үзүүлсэн. “Монгол, Турк хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр “Туркиш Эрлайнс” Монгол руу, “МИАТ” Турк руу долоо хоногт тус бүр гурван нислэгийн эрхтэй, хоёр тал тус бүр 500 зорчигч тээвэрлэх эрхтэй. Гэтэл “Туркиш Эрлайнс”-ийнхан долоо хоногт хийх нислэгээ тав болгоё, онгоцоо томруулъя гэх санал тавьсан. Монголд ашиггүй гэрээ хийх эрхгүй гэдэг үүднээс асуудалд хандсан.
-Гэрээнд гарын үсэг зурах асуудлаас болоод та ажлаа өгсөн юм уу?
-Яг ч үүнээс болоогүй. Үзэл бодлын зөрчилдөөн гарч байна шүү дээ. Өөрөөр хэлбэл бид “ингэнэ” гэхээр нөгөө талаас “ингэ” гээд байдаг. Тэр сайдын ч бас зөв байж болно. Үгэнд нь орохгүй байгаа хүнтэй ажиллахыг тэр сайд хүсэхгүй шүү дээ. Гэхдээ бид сайдын үгэнд нь орж байна гээд хүлцэнгүй байж болохгүй, юмаа алдаж болохгүй. Намайг чөлөөндөө гарчихаад зоригтой дуугарч байна гэж зарим хүн хэлж байгаа,үгүй байхгүй юу. Ажлаасаа яагаад гарсан бэ гэдгийг ойлгох нь ойлгоно. Ойлгохгүй нь ойлгохгүй. Хамгийн гол нь хувь хүнээс илүү үндэсний эрх ашиг гэж байх ёстой. Бид үндэснийхээ авиа компанийг болон ирээдүйгээ, өөрсдийн эрх ашгаа бодох хэрэгтэй. Бусдыг гарын үсэг зуруулахаар улайм цайм зүтгэж, шахаж болохгүй. Гарын үсэг зурчихвал яахав, Монгол Улсад ашигтай юу. МИАТ компанид үзүүлэх сөрөг нөлөө юу юм гээд олон талаас нь бодож харах ёстой. Энэ бол миний хувийн л бодол. Би ингэж бодсоноороо алдаж болно. Тэр сайдын зөв байж болно, би мэдэхгүй шүү дээ. Тийм учраас үүнийг тогтоож шалгадаг байгууллагад нь хүсэлт гаргаад үнэн мөнийг олох хэрэгтэй гэж үзсэн. Түрүүн хэлсэн тэр булангийн орнууд ямар аймаар бодлого явуулж байна. Америк сүүлдээ аргаа бараад энэ тухай ярьж эхэлж байна шүү дээ. Америк чинь том гүрэн шүү дээ. “Туркиш Эйрлайнс” ямар лобби явуулдаг билээ. “Туркиш Эйрлайнс”-ийн хувьд хэрхэн монопольчилж, ноёрхлоо тогтоон түрэмгийлдэг жишээ олоход тун амархан. МИАТ-ийн удирдлагыг өнөөдөр тэдэнтэй тохирчих гэж байгаа юм.1956 оноос хойш иргэний агаарын тээврийн компани анх үүсэж бий болоод олон жилийн туршлага түүхийг бий болгосон байна. Киргиз гэх мэт улсуудын толгойг эргүүлэх амархан байж болох юм.Олон жилийн түүхтэй мэргэжлийн багийнхны толгойг эргүүлэх тийм амар биш. Хамгийн гол нь төр засгийнхан яаруу түргэн шийдвэр бүү гаргаасай. Бодож тунгаагаасай. Гадны улс орнуудад алдсан зүйл байна, үүнийг олж хараасай л гэж байгаа юм.
-“Туркиш Эйрлайнс” –ийн тарифийн доод хязгаар яаж ирсэн юм бэ?
-Чиглэл чиглэлд янз янз. Гадаадын компаниуд ороод ирэх юм бол эхний хоёр жил тарифаа багасгачихна. Үндэсний компани нь шахагдаад гарчихаар дуртай үнээ хэлээд л сууж байна шүү дээ. Ийм л зүйл бусад орны жишгээс харагддаг. Хэн ч Монголыг өрөвдөж, алдагдалтай хямдаар явахгүй ээ, тэгдэггүй юм. Долоон буудлын Дондог өвөөг өрөвдөх үү. Үндэсний агаарын тээврийн компани байгаа тулдаа бид одоо түүнийгээ мэдэхгүй байгаа юм. Үндэсний агаарын тээвэрлэгчтэй байх хэрэгтэй юу? Үүнийг одоо л сайн бодох шаардлагатай байна. Мэдээж олон авиа компанитай байх нь сайн талтай ч зах зээл үүнийг дааж чадах уу гэдэгт гол асуудал байгаа юм. Солонгосын КАЛ компанийг аваад үзье л дээ. КАЛ ороод ирэхээр та нар АСЕМ-ийг оруулсангүй. КАЛ, МИАТ хоёр монополь болчихлоо, бусдыг нь оруулдаггүй гээд бөөн шүүмжлэл дагуулдаг шүү дээ.КАЛ-тай гэрээ хэлцэл хийхэд зорчигчдын урсгал бага байсан. Төр засгийнхан сууж байгаад л шийдчихсэн. Мэргэжлийн хүмүүсийг оролцуулж эсвэл тэднээс саналыг нь аваагүй. Хүч тэнцвэргүй гэрээ хэлцэл хийчихсэн. Үүнээс нь болж МИАТ ямар их дарамтад байв. Өмнө нь бид гадаадын авиа компанийг оруулж хэлэлцээр хийхдээ алдсан зүйл бас бий. Үүнээсээ ч сургамж авах хэрэгтэй.
-“Туркиш Эйрлайнс”-ийн асуудал дээр ярья. Гүрж энэ авиа компанийг оруулж ирснээрээ яасан юм бэ?
- Авлигын хэрэгт холбогдон Гүржийн эрх баригчдаас зугтахын эрхэнд Ерөнхийлөгч Петр Порошенкогийн тушаалаар Украины иргэншил “олж аваад” удаагүй байгаа Гүржийн Ерөнхийлөгч асан М.Саакашвили “Туркиш”-ийг сурталдсаныхаа төлөө “Чи Гүржид яг ийм маягаар “Туркиш Эрлайнс”-ыг оруулж, үндэсний авиа компаниудыг нь уналтад оруулсан. Украинд тэгж чадахгүй шүү. Туркиштэй холбоотой авлигын хэргийг чинь дэлгэнэ” гэсний хариуд хэлэх үггүй болохдоо Украины Хууль зүйн сайдын өөдөөс ус цацчихсан тухайд нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичсэн байна лээ. Гүрж агаарын тээврийн 17 компанитай байсан. Одоо гуравхан л үлдсэн. “Туркиш Эйрлайнс”-ийг оруулсан орны ойрын түүх нь ийм байна.
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн