Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор профессор С.Дуламыг “Хоймор”-тоо урьж ярилцлаа. Эрдэм боловсролын төлөө энэ биеэ зориулж яваа түүнийг Монгол домог зүй, бөө мөргөл, бэлгэдэл зүйн судалгааг эх орондоо шинээр үүсгэн хөгжүүлсэн хүн гэж гадаад, дотоодод хүлээн зөвшөөрдөг.
Түүний бүтээл олон улсад үнэлэгддэгийн нэг тод жишээ болж Францын Турын их сургуулийн профессор Изабелл Бианки түүний намтар номыг бүтээсэн явдал юм. 2003 онд АНУ-ын Намтар судлалын хүрээлэнгээс хэвлүүлсэн “The Contemporary Who’s Who” (Орчин үед хэн хэн бэ) хэмээх орчин үеийн нийгэм, шинжлэх ухаанд үр бүтээл, ололт амжилт, гавьяа бүхий Дэлхийн нэр алдартай хүмүүсийн намтар түүхийн ботийн эхний хэвлэл, мөн “Монголын алтан ном”-д тус тус нэрийг нь оруулсан нь түүнийг хэн бэ гэдгийг тодхон илтгэнэ.
МУИС хэмээх эрдмийн их өргөөнөөс мянга, мянган шавь нараа төрүүлэн гаргаж “Дулам багш” хэмээх эрдмийг алдрыг хүртсэн тэрбээр амьдралынхаа дараачийн нэг он тооллыг эхлүүлж “Монголынхоо газар нутагт байгаа хадны зураг, баатарлаг туульс, домгийг соёл урлагийн контент болгон хүргэхээр зорьж байна” хэмээн ярьж сууна.
Түүнийг бага балчирт нь “Сэндэнжавын хүү хүн болохгүй” гэж нутгийн 100 хүний 99 нь хэлж байсан бол өдгөө түүний нутгийн мянга, мянган хүн Сэндэнжавын Дулам хэмээх хүүгээрээ бахархан суугаа гэдэгт итгэлтэй байна. Хүмүүний давчуу ертөнцөд хэрхэн гайхам амжилт, бахархам түүхийг бүтээж болдгийг өөрийн биеэрээ таниулсан түүний хөөрөлдөөнийг саатан болгооно уу.
-Та одоогоос 60 гаруй жилийн өмнө Баянхонгор аймгийн Бүлээн хэмээх газар мэндэлжээ. Хүмүүний амьдралд унасан газар, угаасан ус хэр чухал орон зайг эзэлдэг юм бэ?
-Би Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Бүлээн гэдэг газрын “Зүүн Харалдаа хонд” гэдэг бууцан дээр хавар төрсөн л дөө. Тавдугаар сар гэхээр зуны эхэн сар юм байна. Одоогоос 5, 6 жилийн өмнө гэрийнхээ буурин дээр очсон. Монголчуудын төрсөн гэрийнхээ буурин дээр хөрвөөнө гэж нэг юм байдаг. Гэрийн бууриа яаж мэдэж байгаа юм бэ гэхээр намайг төрөх үед миний ээжийн төрж байхыг харж байсан төрсөн ах минь хэлж өгсөн юм. Ах маань Харалдаа хондны чулуун хорооны ормыг хараад зүүн талд гэрийн буурь гэсэн гэдгийг мэдэж, “Энэ цэг дээр л чи хөрвөөвөл зохих юм байна” гээд хөрвөөлгөсөн. Тэр өдөр бороотой, тэнгэр их бүрхэг байлаа. Миний хүү миний хөрвөөж буй зургийг автал огт наргүй байсан тэр өдөр над дээр ташуу гэрэл дээрээс минь туссан байсан. Гэрэл зургийн аппаратны алдаа байж магадгүй ч бусад зураг дээр огт тэр гэрэл байгаагүй. Тэнд ямар нэгэн үүлэн цоорхой байгаагүй. Бүв бүрхэг өдөр байсан. Эндээс би юу гэж бодсон бэ гэхээр хүний төрсөн газар, гэрийн буурь гэдэг чинь бас сонин юм байдаг юм байна шүү, ёстой “хүйн холбоо” гэж байдаг юм байна гэж бодож, бидэнтэй хамт явж байсан хүмүүс болоод би өөрөө ч их гайхсан даа.
-Та ер нь ямар үед нутгаа зорьмоор санагддаг вэ?
-Амьдралын чухал эгзэгтэй цаг мөч тохиох үед, ямар нэгэн шинэ хувирал өөрчлөлт гарах үед очмоор санагдана. Нутагтаа очоод суухад ер бусын мэдрэмж төрдөг л дөө. Сэтгэл зүрхийг маш их уяраасан, уйлж хайлмаар ч юм шиг тийм мэдрэмж төрнө. Монгол хүн ер нь эх нутаг, төрсөн газартайгаа хүйн холбоотой байна гэдэг энд тэнд байдаггүй, дэлхийн бусад улс орны мэддэг ч үгүй тийм амин холбоос байдаг байж магадгүй.
-Сурагч насандаа олж авсан ямар чухал чадвар өнөөдрийн таны эрдмийн ажилд хэрэг болсон гэж боддог вэ?
-Би айлын их эрх хүүхэд байсан. Өдөр шөнөгүй л гадаа тоглож байдаг. Ний нуугүй хэлэхэд хааяа нэг үхэр тугалд явдаг байсан уу, үгүй юү. Усанд явдаг байсан байж магадгүй. Тоглох их дуртай. Намайг сургуульд орох дөхөхөд эргэн тойрны хот айлын хүүхдүүд Цагаан толгойн үсгээ бүгд тогтоосон, 100 хүртэл тоогоо цээжилчихсэн байсан. Харин би 10 хүртэл тоо тоолж байсан уу, үгүй юү мэдэхгүй. Цагаан толгойн үсэгнээс нэг ч үсэг бичиж чадахгүй. Ээж минь сэтгэл нь зовоод том “А” үсэг бичүүлэх гэсэн чинь би нөгөөдөхийг нь толгойг нь уруу харуулж биччихээд болохгүй. Тэгээд би тэрэндээ “Майхны багана” нэр өгсөн. “Майхны багана” бичихгүй гэж зөрүүдэлдэг. Сургуульд орсны дараа том “А” үсгийн дараа жижиг “А” үсэг бичих хэрэг гарна аа даа. Тэрнийг бол огт бичиж чадахгүй. Бөөрөнхий үсгийг бичих гэж хэдэн талд нь өнцөг гаргана. “Бөөрөнхий А” бичихгүй гэж уйлдаг хүүхэд байлаа.
Манай бага ангийн багш Даагансүрэн гэж их ухаантай, олон жил багшилсан хүн байсан. Багш надаас “Миний хүү ирээдүйд эрдэм номтой хүн болохыг хүсч байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “Их хүсч байна” гэсэн. Тэгсэн багш маань “Бөөрөнхий “А”-г бичиж чадахгүй л бол эрдэмтэй хүн болж чадахгүй” гэлээ. Тэгж хэлэхээр дотор нэг юм бодогдоно оо доо. Гэртээ хариад сурагч нимгэн дэвтрээ дүүртэл шахуу бөөрөнхий “А” буюу жижиг “А” үсгээ бичсэн. Гэтэл өнцөггүй, бөөрөнхий дугариг болоод ирж байна. За тэгээд том “А”-г зөв харуулж, жижиг “А”-г өнцөггүй бичдэг болсны дараа эрдэм сурч болмоор ч юм шиг мэдрэмж төрсөн дөө.
-Та аав, ээжээсээ хэр олуулаа вэ?
-Төрсөн аав, ээжээсээ гурвуулаа. Миний дээр нэг ах, нэг эгч байдаг. Гэвч төрсөн аавын маань ах намайг өргөж авсан. Би айлын өргөмөл ганц хүү. Тэд маань намайг хайрлахын дээдээр хайрлаж, эрхлүүлэхийн дээдээр эрхлүүлнэ. Тийм болохоор миний ааш авир, эрх танхил зан гэдэг хэнд ч хүчрэгдэхгүй. Юу хүссэнээ авна, хийнэ. Ээждээ их элгэмсүү дотно хүүхэд байсан. Ээжийгээ үнээ саалгах дургүй. “Ээж байг” гээд л хормойноос нь зүүгдээд байдгаараа бархираад үнээнд нь гаргахгүй. Намайг саатуулахын тулд адиа минь намайг хүзүүн дээрээ суулгаж аваад л уул толгод дамжаад явна. Адиагаа толгой түрүүгүй нүднэ, бархирна. Сүүлдээ ганц хүүхдээ уйлуулж байхаа больё гээд үхрээ зэлээр нь, хонио холбоотойгоор нь зарсан даа. Зарах ч гэж дээ, Балжинням дархан гэдэг хүнд хэдхэн юмнаас өгөөд малгүй болсон. Би тийм хэрэг хийсэн хүн.
-Таныг сургуульд ороход дагаж сумын төв орсон уу?
-Тэгэлгүй яахав. Байдрагийн 10 жилд сурахаар явахад Баянбулагийн Сэрүүнбулаг гэдэг газраас тэмээгээ ачаалаад аминыхаа хэдэн малыг туугаад олон хоног бороо, нар, салхинд нүдүүлээд тэр хоёр минь Байдрагт нүүж ирж байсан юм. Өөрийн эрх ганц хүүгээ эрдэмтэй номтой хүн болгочих санаатай. Тийм аав, ээж энэ хорвоод байхгүй байх.
-Таны эрх танхил зан тань хэдийд засарсан юм бэ?
-Ёстой мэдэхгүй юм. Яваа яваандаа сургууль соёлоор явахаар хар аяндаа засарсан байх. Номонд жигтэйхэн их дуртай, ном сонирхдог хүүхэд байсан. Сумын төвийн худалдаанд ирсэн номыг бүгдийг нь авч уншина. Номноос л юм ойлгож, ухаарч мэдэж авсан байх гэж боддог. Гэхдээ хэдий миний ээж намайг эрхлүүлсэн ч надад ухааныг суулгасан гэж боддог. Айл хотлын, жалга довны, сумын бүх хүн миний ээжийг их өрөвддөг байсан. “Өөрийн гэсэн үр хүүхэдгүй, хүний хүүхдийг өргөж авсан чинь улаан галзуу, цагаан согтуу юм өргөөд авсан. Их үйлийн үртэй юм, хөөрхий” гэж их өрөвддөг байсан. Бусад хүн миний аашилж, авирлахыг хараад тэсч чадахгүй “Чи наад хүүхдэдээ алган боов амсуулаач дээ” гэж ээжийг шахамдуулдаг байсан. Тэгэхэд миний ээж “Миний хүү ингэж байгаад л ухаан орно. Уг нь ухаантай хүү байгаа юм. Жаахан ааштай. Би ийм болгочихсон юм. Сүүлдээ сайн хүн болно” гэдэг байсан. Нэг үгээр хэлбэл тэр хүн миний ирээдүйг цоо харж байгаа юм шиг л мэдэж байсан. Ээжийн хэлснээр цаг хугацаа өнгөрөх тусам би арай дээрдсэн.
Хувиар хэлбэл нутгийн 100 хүний 99 нь намайг хүн болохгүй гэж ярьдаг байсан. Сэндэнжавын хүү хүн болохгүй л гэдэг байлаа. Миний төрсөн ах одоо ч тэгж хэлдэг юм. Хэдхэн хоногийн өмнө Цагаан сараар золгох гэж очиход ах маань миний эхнэрт “Би энэ хүнийг хүн шиг хүн, айл шиг айл болоод явж байгааг их гайхаж байна. Тийм юм болох учиргүй юм байгаа юм” гэж хэлж байсан. Энэ нь намайг муу хэлж байгаа хэрэг биш, үнэнийг маань л хэлж байгаа юм. Миний үнэн байдлыг мэдэж байгаа хүн болохоороо тэгж хэлсэн хэрэг.
-“Ээжийгээ би их зовоож байсан. Ингэж л жаргаана даа” гэж та их олон өдөр хоног бодож байсан байх?
-Бодолгүй яахав. Би их сургуулиа төгсөөд сургуульдаа багшаар үлдэж байхдаа “Их олон жил мал дагаж бие нь муудсан ээж, адиа хоёрыгоо хотод авчраад хэдэн жил бие амар суулгана даа” гэж боддог байсан. Үүнийгээ ч тун удалгүй биелүүлсэн.
Намайг их сургуулиа төгсөхөд адиа, ээж хоёр нэгдлийн мал малладаг байлаа. Нэгдлийн мал маллахад төвөгтэй нь юу байсан гэхээр нэг л өнчин ишиг, хурга дутаавал өр төлбөрт орчих гээд олон мал дутаавал ялд уначих гээд байдаг. Үнэнийг хэлэхэд “ялтай мал” гэдэг байлаа.
Адиа, ээж хоёрыг ялтай малаас нь салгаад гар газар хөл хөсөр хэдэн жил амраая гээд нутагтаа очих үед нутгийн хүмүүс их гайхсан. “Энэ хоёр азтай юм. Хүү нь их сургуулийн багш болоод аав, ээжийгээ ялтай малнаас салгаад жаргаах нь байна шүү дээ” гэж ярьж байсан. Хөдөөний малчин, хоёрын хоёр настай хүнийг Улаанбаатарт авчраад ханхай байшинд хорьчихоор мал ахуйгаа үгүйлээд уйдна шүү дээ. Тийм болохоор Чингэлтэйн эхэнд гэх үү дээ хашаа, байшин, өвсний хашаа барьж өгөөд хоёр үнээ авч өгч суурьшуулж байлаа. Би амьдралдаа анх удаа ингэж байшин барьж үзсэн. Намар болохоор өвс тэжээлийг нь татаж өгнө. Адиа, ээж хоёр минь эндээ үр хүүхэдтэйгээ удаан суурьшсан. Зун болохоор нутагтаа ах, дүүс дээрээ оччихоод сэрүү унахаар хотдоо ирдэг байлаа.
-Аравдугаар ангиа төгсөхдөө та ямар мэргэжилтэй хүн болно гэж мөрөөддөг байсан бэ?
-Би сургуулийнхаа математикийн аварга сурагч байлаа. Хөдөөгийн сургуулийн 10 жилийн сурагч болохоор аймагт ирж өрсөлдөнө. Өрсөлдөхөөр төвийн 10 жилийн хүүхдүүд л дандаа түрүүлдэг. Гэвч тэр нь тийм ч шударга зүйл байгаагүй гэдгийг би нэг удаа олж мэдсэн. Математикийн олимпиадын шударга биш явдлыг мэдсэнээс хойш эргэлт буцалтгүй монгол хэл, уран зохиолын ангид орох ёстой гэж сонголт маань шуударсан. Зөв сонголт хийжээ гэж одоо би маш их баярладаг.
Биднийг төгсдөг жил Багшийн дээд сургуулийн орос хэлний багш Баасандорж манай сургуулийн сурагчдаас элсэлт авч байсан. Аравдугаар ангиа онц төгссөн учраас тэр хүн надад цахилгааны инженер болох санал тавьсан юм. Тэгэхээр нь би “Та намайг уучлаарай. Монгол хэл, уран зохиолын багш болох хүсэлтэй байна. Тийм хуваарь ирсэн болов уу” гэсэн чинь “Ирээгүй” гэнэ. Тэгэхээр нь би “За би тэгвэл энэ жилдээ өнжье. Ирэх жил тэр хуваарь ирэх байх” гэсэн чинь хуруугаараа ширээ тоншиж нэлээн удаан сууснаа “Чи ер нь их зөрүүд хүүхэд байна шүү. Тэр хуваарь чинь ирсэн ирсэн” гээд ширээнийхээ доод талаас МУИС-ийн монгол хэл, уран зохиолын хуваарь гаргаж өгсөн. Тэгээд “чи эх орондоо тустай хүн болъё гэвэл цахилгааны инженер болох ёстой байсан юм даа” гэж хэлж байлаа. Хуваариа аваад иртэл аравдугаар ангиа онц төгссөн хүүхэд эхний шалгалтаа амжилттай өгвөл дараагийн шалгалтаа өгөхгүй гэсэн. МУИС-ийн дугуй заал дүүрэн шинээр элсэгч монгол хэл, уран зохиолын шалгалт өгч байлаа. Би яаруу адгуу зантай хүн. Хамгийн түрүүнд шалгалтын ажлаа хураалгалаа. Монгол хэлний Лувсандорж, Балдан гэж хоёр багшид бичгийн ажлаа тушаачихаад гараад явсан. Дүн гарахад сургуульдаа тэнцсэн байсан. Ингэж л би Монгол хэл, уран зохиолын ангид орсон. Бидний үед таван жил суралцдаг байлаа. Таван жил оюутны байранд амьдарсан даа.
-Та нарыг их сургуулиа төгсөх үед хүсэл сонирхлыг тань үл харгалзан эх орны дөрвөн зүг, найман зовхист томилдог байсан гэсэн. Та сургуульдаа хэрхэн багшаар үлдэв?
-Тухайн үед их сургуулийн багшаар хамгийн шилдэг, сурлагатай, эрдэм шинжилгээний ажил сонирхдог хүүхдийг авч байсан сонин тогтолцоо байдаг юм. Манай тэнхмийн эрхлэгч Ц.Хасбаатар гэж нэртэй судлаач, шүүмжлэгч багш маань “Намайг тэнхимдээ авъя” гэсэн санал гаргасан. Нөгөө талд Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн Буддын судлалын секторын алдартай түүхч Д.Гонгор гуай авах хүсэлтэй байсан.
Ерөнхий сайд, АИХ-ын даргаар ажиллаж байсан Ж.Батмөнх гуай тухайн үед манай сургуулийн захирал байлаа. Д.Гонгор гуай Шинжлэх ухааны академид авах тухайгаа хэлэхэд захирал “Бид энэ хүнээ өөрсдөө авах бодолтой байгаа” гэж хэлээд сургуульдаа үлдээсэн. Ингэж л би их сургуульдаа багш болсон юм. Түүнээс хойш 2013 он хүртэл 40 жил их сургуульдаа багшилсан. Зуур нь Франц Улсад монгол хэл, соёлын багшаар 1985-1987 онд гурван жил ажилласан. Бас 2000-2004 онд УИХ-д сууж үзсэн. Үлдсэн бүх хугацаанд их сургуульдаа багшилж дээ. Тэтгэвэртээ гарснаасаа хойш СУИС-д ажиллаж байна. СУИС намайг тэргүүлэх профессор, профессорын багийн ахлагч болооч гэж урьсан юм.
-Таныг цаашид эрдмийн ажлын зам мөр хөөхөд их сургуулийн багш нараас аль багш тань хамгийн их нөлөөлсөн бэ?
-Намайг оюутан байхад Монголын алдартай эрдэмтэд бидэнд хичээл заадаг байсан. Хэл шинжлэлийн хичээлийг Ш.Лувсанвандан багш, уран зохиолын онолыг Ш.Гаадамба, найруулга зүй, дорно дахины уран зохиолыг Ж.Бадраа багш мөн уран зохиолын онолыг Ц.Хасбаатар багш зааж байсан. Энэ их эрдэмтэд, мэргэн багш нар ялангуяа уран зохиолын хичээл зааж байсан багш нар миний мэргэжилд хамгийн их нөлөө үзүүлсэн.
-Дэд эрдэмтний зэргээ Москвад хамгаалсан. Яагаад Москваг зорьж хамгаалах болсон юм бэ?
-1982 онд Москвагийн дорно дахины судлалын институтэд “Монгол домог зүйн дүр, утга зохиолын уламжлал” сэдвээр хэл бичгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. социализмын үе байсан учраас аспирантурын сэдвийг Намын төв хорооноос жагсаалтаар баталдаг байлаа. Ялангуяа уран зохиолын сэдвүүдийг батлахдаа үзэл сурталжсан сэдвүүдийг л батална. Ний нуугүй хэлэхэд энэ сэдвүүд санаанд нэг л таарч өгдөггүй. Тэгэхээр нь горилогч гэдэг замаар явж, яг өөрийнхөө сонирхсон сэдвээр судалгаа хийж диссертаци бичсэн. Хожмоо энэ зам маань маш зөв зам байсан.
-Яагаад заавал Монгол домог зүйн сэдвийг сонгосон юм бэ?
-Яагаад Монгол домог зүй сэдвийг сонгосон гэхээр бүх оюуны соёлын үндэс суурь, хөрс нь домог зүй. Энэ сэдвийг сонгосон нь бүр багын үйл явдалтай холбоотой. Дунд сургуулийн сурагч байхад тавдугаар ангийн “Эртний дэлхий дахины түүх” гэдэг хичээл ордог байлаа. Энэ хичээлээр Эртний Грекийн гайхамшигтай уран сэтгэмжит домгуудын талаар ярьсан нь надад гайхалтай сэтгэгдэл төрүүлсэн. Би үүнийг Грект л байдаг зүйл гэж ойлгож байлаа. Их сургуулийн монгол хэл, уран зохиолын ангид ортол “Эртний домог гэдэг зүйл монголчуудад байхгүй юу” гэсэн асуулт гарч ирлээ. Огт байхгүй мөртлөө туульстай байдаг, тиймээс байх ёстой доо гээд сонирхоод судалж эхэлсэн. Судлаад эхэлтэл Оросын монгол эрдэмтэд “Монголчуудад домог зүй гэж байхгүй. Байлаа ч гэсэн Энэтхэгийн хуулбар, Төвдийн зээлбэр юм. Өөрсдөд нь байхгүй” гэсэн үзэлтэй байдаг юм байна. Энэ нь надад маш их эргэлзээтэй санагдсан. Тухайн үед монголчуудын домог байж болох нэлээд жишээ аман зохиолын эмхэтгэлүүд, аман зохиолын дээж бичиг дотор байсан. Зөвхөн ганц хоёр жишээ байдаг юм уу, бүхэл бүтэн домог зүй байдаг юм уу гэдэгт бас л эргэлзсэн. Ер нь эргэлзээ гэдэг эрж хайхын эх үндэс болдгийг тэндээс ойлгосон. Унгарын монгол судлаач Л.Лөринц гэдэг хүний бичсэн “Монгол домог зүй” гэсэн өгүүлэл Унгарын дорно дахины судлалын сэтгүүлд герман хэлээр хэвлэгдсэн байна. “Энд юу гэж бичсэн байна” гээд хүн амьтнаар орчуулуулсан чинь “Монголчуудад домог зүй байх нь байна. Гэхдээ зарим монгол угсаатанд байдаг. Нийт монголчуудад байдаггүй гэж бичсэн байсан. Жишээлбэл, Буриадуудад байна” гэж байна. Дахиад л эргэлзээ төрлөө. Яахаараа зарим монгол угсаатанд байдаг, заримд нь байдаггүй юм гээд судалж эхэллээ. Эхлээд Эрхүүгийн их сургуульд байгаа Монголтой холбоотой материалыг сонирхож үзээд, түүнийхээ дараа Москва орж Лениний нэрэмжит аварга том номын сан, Москвагийн их сургуулийн номын санд очиж судаллаа. Санкт-Петербургийн их сургуулийн монголч эрдэмтдийн цуглуулсан “Монгол фонд”-д байдаг архивын материалуудыг үзэж байтал монгол домог зүй гэж байдаг нь эх сурвалжуудаараа мэдэгдсэн. Тэгээд Эрхүүгийн их сургуулийн профессор Н.О.Шаракшиновагийн удирдлагаар энэ диссертациа бичих болсон юм. Энэ хүнийг манай Монгол Улсын их сургуульд оюутны хээрийн дадлага хийхээр ирэхэд намайг монгол талаас үйлчилдэг залуу болгож томилсон юм. Уулзаж, санал бодлоо солилцоод их л урам зоригтой байлаа. Миний эрдэм номын гавьяат багш Чой.Лувсанжав багш маань миний диссертацийн ажлын талаар Дорно дахины судлалын хүрээлэнгийн захирал байсан В.М.Солнцев гэж эрдэмтэнд захиа бичсэн. Багшийнхаа захиаг аваад Москвад очтол Дорно дахины домог зүй судалсан бүхий л эрдэмтэн тэнд байна. Тэд миний сэдвийг үзээд “Хамгаалахад болох юм байна. Гэхдээ манай зөвлөл утга зохиолоор дагнасан зөвлөл. “Монгол домог зүйн дүр, утга зохиолын уламжлал” гэж сэдвийг нь өргөжүүлээд домог зүйгээс утга зохиолын уламжлал хэрхэн үүссэн бэ гэдгийг нэмж судалбал хамгаалуулж болно. Аман зохиол утга зохиолын хамтарсан нэг удаагийн зөвлөл байгуулъя” гэж их сайхан хүлээж авсан. Тэгээд би ахиж тэндээ хэдэн сар суугаад, “Монгол домог зүйн дүр, утга зохиолын уламжлал” гэсэн диссертаци бичиж хамгаалсан.
-Таны судалгааны ажлыг шүүмжлэгч багш нар хэрхэн дүгнэсэн бэ?
-Монголд домог зүй гэж байдаг гэдгийг баталсан шинэ сэргэг бүтээл болсон гэж үнэлсэн. Миний диссертацийн ажлыг шүүмжилсэн ОХУ-ын алдартай эрдэмтэн С.Ю.Неклюдов, Г.И.Михайлов нар Монгол домог зүйн талаарх дэлхийд бие даасан анхны ганц сэдэвт зохиол мөн гэж хэлж байсан. Ингээд би маш их баяртай нутагтаа буцаж ирсэн дээ.
-Хэл бичгийн шинжлэх ухааны докторын зэргээ мөн ОХУ-д хамгаалсан гэсэн үү?
-1997 онд Буриадын нийгмийн шинжлэх ухааны институтэд “Монгол аман зохиол, утга зохиол дахь бэлгэдэл зүйн тогтолцоо” сэдвээр хэлбичгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Домог зүй болоод бусад аман зохиолын төрөл зүйл судлахаар цаана нь дандаа бэлгэдэл зүйн утга байна гэдгийг судалгаанаасаа анзаарч мэдсэн. Ер нь монгол соёл, утга соёлыг судлах гэж байгаа бол бэлгэдлийг судлахгүйгээр юунд ч хүрч чадахгүй юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс шинжлэх ухааны докторын зэргээ “Монгол аман зохиол, утга зохиол дахь бэлгэдэл зүйн тогтолцоо” сэдвээр хамгаалж байсан.
-Та орос, англи, франц хэлээр ярьж, уншиж, бичдэг. Бас төвд хэлээр уншдаг гэсэн. Та гадаад хэлийг хэрхэн сурдаг вэ?
-Бидний үед гол гадаад хэл нь орос хэл байсан. Тавдугаар ангиас орос хэл заадаг байлаа. Сурагч байхад ямар юмаа сурах вэ дээ. Их сургуульд орсон хойно бидний гол эх сурвалж орос хэлээр байдаг байлаа. Орос хэл сурахгүйгээр улс төр, шинжлэх ухааны талбарт ахиж дэвшиж чадахгүй байсан. Чингиз Айтматовын орос хэлээр гарсан туужсын түүврийг зуны амралтаараа хөдөө авч яваад ойлгох, ойлгохгүй нь хамаагүй зүгээр л уншиж эхэлсэн. Эхлээд бараг юм ойлгохгүй. Нэг хэсэг уншсаны дараа нүдэндээ нулимстай уншиж эхэлж байна шүү. Тэр нь бол юм ойлгож эхэлж байгаагийн шинж шүү дээ. Орост эрдмийн зэрэг хамгаалах гэж явахдаа профессор хүмүүстэйгээ ойлголцохгүй болохоор газар дээр нь очиж сурсан. Одоо миний чухал гадаад хэл орос хэл. 1985-1987 онд Францын Дорно дахины хэл иргэншлийн их сургуульд багшлахдаа франц хэл сурсан. Би ер нь Францын соёл, уран зохиолд маш их дуртай байсан. Энэ хэлийг заавал сурна гэж очоод сурсан. Францад очиж олон ч хамтрагч, эрдмийн найз нөхөдтэй болсон.
Харин англи хэлийг курсээр сурсан. Манай Чой.Лувсанжав багштаны нээсэн англи хэлний оройн хоёр жилийн курс байлаа. Яам, албан газрын хүмүүст төлбөртэй англи хэл заадаг. Надад төлөх мөнгө байх биш. Багш маань намайг “Чи зүгээр тэр хойно нь сууж бай” гээд суулгадаг. Ингэж л англи хэлийг сурсан. Их сургуулийн монгол хэл, уран зохиолын ангид сурч байгаа хүн төвд франц, манж англи хэлтэй аль нэг группийг сонгодог байсан. Миний хувьд төвд, франц хэлтэй ангид сурч байсан. Сүүлд Гандан хийдийн хамба болсон Х.Гаадан багш бидэнд төвд хэл заадаг байсан. Төвд хэлний анхан шатны мэдлэг олж авсны дараа Чой.Лувсанжав багш маань Ганданхийдийн хамгийн эрдэмтэй лам (хэргийн учир нэрийг нь хэлэхээс аргагүй нь) гавж равжамба Данзан-Одсэр багшид маань шавь оруулсан. Гандангийн байтугай манай Монголын тэргүүн зэргийн их эрдэмтэн хүнд шавь орж, төвд ном сурсан. Дараа нь Ногоон нуурын тэнд Эрдэнэзуу хийдийн их эрдэмтэй гэвш Цэрэннамжил гуай гэж ганц бие хөгшинд багш намайг шавь оруулж байсан. Чой.Лувсанжав багштаныхаа ачаар төвдөөр эх сурвалж ашиглаж, судалгаагаа хийх боломж олдсон. Багш өөрөө их сайн төвд хэлтэй, надад “Ламрим” хөтөлж өгсөн юм шүү.
-2000-2004 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. Энэ таны өөрийн сонголт байв уу. Аль эсвэл нам, эвслээс дэвшихийг тулгав уу?
-Би ер нь улс төрд орох талаар зүүдлээ ч үгүй. Сонгууль дөхөж байтал тухайн үеийн Баянхонгор аймгийн намын хороон дарга байсан Жадамбаа дарга над руу утасдаж байна. “Орон нутагт судалгаа явууллаа. Баянхонгор аймгийн хойд талын найман суманд таны нэр хүнд их өндөр байна. Та сонгуульд нэр дэвших үү” гэсэн. “Надад огт тийм бодол байхгүй ээ” л гэлээ. Хэд хоногийн дараа дахиад залгаж байна. “Нутгийнхны чинь дунд санал асуулга явуулсан. Зарим сумын нэгдүгээрт, бусад сумын хоёр, гуравдугаарт та гарч ирээд байх юм. Та нэр дэвшихгүй юү” гэсэн. Би дахиад л чадахгүй гэдгээ хэллээ. Гурав дахиа утасдаж байна. “Нутгийнхан чинь танд их гомдож байна шүү. Манай сум ганц гайгүй сэхээтэнтэй юмсан. Гэтэл нөгөө хүн маань биднийг тоохгүй болсон шиг байна. Тэр хүн ер нь нутагтаа ирэх хүн юм болов уу үгүй юм болов уу” гэж байна. Тэгэхээр зэрэг дотор палхийлээ. Нутгийнхандаа үнэрхэж тунирхсан ийм хэрэгт унаж байгаа юм биш биз дээ гэж бодоод “Та нарын тэр судалгаа чинь үнэн юм бол ороод үзье” гээд л орлоо. Нарийн юм мэдэхгүй энэ талын сайн мэдэх хүнээс ганц нэг юм мэдэж авч, найман сумаа тойроод л яваад байсан, нэг мэдэхэд ялчихсан дүн гарлаа. Нэгэнт итгэлээ хүлээлгэсэн юм чинь сонгогчдынхоо төлөө зүтгэнэ ээ гээд л ажиллаж байлаа.
-УИХ-ын гишүүн байхдаа энэ ажлыг нутагтаа хийсэн гээд онцлоод нэрлэвэл ямар ажил байна вэ?
-Хийсэн зүйл зөндөө бий. Дөрвөн жилийн дараа тайлангаа тавихад их юм гарч ирж байсан. Жишээлбэл, Миний дэвшин гарсан тойрогт хамаарч байсан найман сумаас Гурванбулаг гэж хамгийн хойд талын сум түүхэндээ сургуулийн байшин байхгүй. Яасан гэхээр цэвдэгтэй, байшин барьж болдоггүй. Анхны чуулган дөнгөж нээгдэхтэй зэрэгцэн сумын Засаг дарга, сургуулийн захиралтай нь холбоо барьж, баахан материал бэлдүүлээд ажлын хэсэг, Байнгын хорооны хуралдаанаар оруултал уначихдаг юм байна. 320 хүүхдийн хичээлийн байрыг спорт заал, Соёлын төвтэй бариулах төсөл байсан. Их хурлын чуулганы хамгийн сүүлийн хуралдаанаар орлоо.
Үг хэлэх болоход мэргэжлийнхээ давуу талыг ашиглаад “Ардын хувьсгалын 70 жил, Ардчилсан хувьсгалын 20 жилийн түүхэнд сургуулийн барилгагүй ганц сум байна” гээд нэлээд уран цэцэн үг хэлж, шүлэглэлээ. Санал хураатал 50-иас дээш хувийн санал авлаа.
Тухайн үед Ч.Улаан сайд Сангийн сайд байлаа. Их л дурамжхан “Наад газарт чинь байшин барьж болдоггүй, цэвдэгтэй газар шүү дээ. Та нар шүлэг шиг юм уншихаар л баталдгаа болиорой” гэж байна. Тэгсэн Л.Энэбиш дарга тэндээс “Уучлаарай Ч.Улаан сайд аа. Хууль батлагдчихсан байна” гэж хэлж байсан юм. Батлагдсаных нь дараа бөөн баяр, далай болж байгаа юм.
-2000-2004 онд ажиллах хугацаандаа Соёлын өвийн тухай хууль, Соёлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, “Төрийн албан ёсны хэлний тухай” хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж УИХ-аар батлуулж байсан юм билээ.
-Төрийн албан ёсны хэлний тухай хуулийг тухайн үед батлуулсан. Би ч их л амархан юм бодсон. Монгол хэлний тухай юм болохоор манай гишүүд хэлэлцээд батлаад өгөх байх гэж бодож байтал бүтдэг юм биш. Бизнесийнхэн “гишгүүлдэггүй” юм байна. Тэгэхээр нь сүүлдээ Үндсэн хуулийн “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн” гэсэн заалтаар түрий барьж, энэ хуулийн анхны эхийг батлуулсан юм. Гурван жил үргэлжилж байж батлуулсан шүү.
Соёлын холбоотой зүйлүүд болохоор над дээр л ирдэг. Ихэнх нь соёлтой холбоотой хууль. Нэлээд хэсэгт нь ажлын хэсгийн ахлагч заримд нь гишүүнээр оролцож байсан.
-Та мөн 1992 оны анхны ардчилсан үндсэн хуулийг хэлэлцэн батлах үед хэл найруулгын ажлын хэсэгт орж ажиллаж байсан гэсэн.
-1992 оны үед би АИХ-ын гишүүн байгаагүй. Тэр үед Үндсэн хуулийн хэл найруулгын комисс гэдэгт ажиллаж байсан. Ерөнхийлөгч П.Очирбат, Уртнасан даргын надад өгч байсан үнэмлэх ч надад бий. “Их цааз”, “Их засаг” нэртэй ч байж үзсэн Үндсэн хуулийн эхний нооргуудыг засварласан нь надад хадгалагдаж байдаг. Энэ бол түүхэн дурсгалт зүйл юм. Үндсэн хууль батлагдахдаа л Үндсэн хууль нэртэй батлагдсан болохоос биш түүнээс өмнө олон янзын нэр өгч үзсэн билээ.
-УИХ-ын гишүүн байхдаа гишүүдээс хэнтэй их дотно байв?
-Л.Одончимэд. Бид хоёр хоёулаа уран зохиолын хүн. Ширээнд ойрхон сууна. Гишүүдийнхээ тухай хамаг онигоог зохионо. Сэтгэлгээ ер нь их ижил. Бид нэлээн үймүүлдэг хоёр байсан.
-Танд улиран нэр дэвших санал тавьсан уу?
-Санал тавьсан. Дахиад л сурталчилгааны ажлаар явах болсон. Миний гол өрсөлдөгч Женко Х.Баттулга. Энэ хүн Монголын ямар том бизнесмэн, ямар хөрөнгө, хүч чадалтай билээ та нар мэдэж байгаа. Энэ үед би сонгууль, сонгогчид гэдэг ямар хуурмаг байдгийг мэдсэн. Миний төрсөн нутаг Баянбулагийнхан маань өөрийнхөө төрсөн хүүхдийг нэг их сүрхий амьтан гэж бодоод 70 гаруй хувийн санал өгч, үлдсэнд нь санал өгөөгүй.
Х.Баттулга бид хоёрын санал нэг их хол зөрөөгүй л дээ. Тухайн үед сонгуулийн будлиан гэж зөндөө л юм болсон. Би нэг ч өргөдөл бичиж зарга хийгээгүй. Тэр чигээрээ л улс төр гэдэг юмнаас мултарсан. Улс төр гэдэг миний хувь заяа, хүний мөн чанарт зохих хоол байгаагүй. Тэгээд ч би ялагдсандаа баярлаж байсан гэх үү дээ. дуртай ажлаа хийгээд шавь нартаа эрдмээ заагаад явах цаг нь болжээ гэж бодсон. Одоо энэ талын дурсамж яриагаа өндөрлөх үү.
-Тэгье. Таны шавь нарын тоо 2000 гаруй болсон гэж сонссон.
-Түүнээс ч олон бий. Би ганц МУИС-д багшилж байгаагүй. Хувийн сургууль олноор байгуулагдаж, урьж хичээл заалгадаг байлаа. Үүнийг нийлүүлбэл өөр тоо гарах байх. 2000 гаруй шавьтай гэдэг бол хэдэн жилийн өмнөх багцаа тоо байна. Бас би залуу байхдаа МУИС-д уран зохиолын дугуйлан хичээллүүлдэг байлаа. Их сургуулийн уран зохиолын дугуйлан гэж их алдартай дугуйлан байлаа. Тухайн үед үзэл суртлын хаалт, боолт их байсан ч манай дугуйлангийнхан анги танхимдаа хамгийн чөлөөтэй уралдаж, өрсөлдөж оюун ухаан, авьяас билгээ уралдуулдаг байсан юм болов уу. Манай дугуйлангаас олон нэртэй яруу найрагч, зохиолч одоогийн утга зохиолын ачааг үүрч яваа хүмүүс төрж гарсан.
-Их сургуулийн уран зохиолын дугуйланг олон жилийн түүхтэй гэж сонсож байлаа. хэзээ байгуулагдсан юм бэ?
-Их олон жилийн түүхтэй. 1945 онд Хэл бичгийн салбар бүрэлдсэнээс хойш хичээллэж эхэлсэн байх. Одоо ч Д.Нямдорж гээд миний шавь хичээллүүлдэг. Маш гүн сэтгэлгээтэй, судлаач залуу бий.
-Таныг таньж мэддэг, бас огтын танихгүй хүн ч Дулам багш хэмээн хүндлэн авгайлдаг. “Багш” хэмээх эрхэм алдрын үнэ цэнэ нь юунд оршдог гэж та боддог вэ?
-Багш гэдэг бол хамгийн сүүлийн, орчин үеийн шинэ мэдлэг түгээх, бас дандаа залуу настай зэрэгцэж явах зол завшаан юм. Энэ бол багшийн хувьд аз жаргалтай ажил амьдрал юм. Хичээл заахын тулд заавал их юм унших ёстой. Заавал оюутнуудаасаа хэдэн толгой өндөр байж тэднийхээ хайр талархлыг хүлээж тэдэндээ юм хэлж өгөх ёстой. Тиймээс өөрөө их боловсордог. Үг хэл цэгцтэй болдог. За бүр цаашилбал явдал суудал эмх цэгцтэй болдог. Энэ талаараа хүнийг их өөрчилдөг гэж боддог.
-Гадаад дотоодын 200 гаруй эрдэмтэн таны бүтээлээс иш татсан талаар www.dulam.mn сайтаас харсан. Магадгүй танд мэдэгдээгүй нь түүнээс ч олон байж болох байх. Таны бүтээлийг олон улсад үнэлдгийн нэг жишээ болж Францын Турын их сургуулийн профессор Изабелл Бианки таны намтар, бүтээлийн талаар ном бичсэн байдаг. Энэ талаар хуучлахгүй юү? -Олон жил хамтарч судалгааны ажил хийсэн Францын Турын их сургуулийн профессор Изабелл Бианки гэж хүн миний намтрыг бичсэн. Турын их сургуулийн хэвлэлд хэвлээд 2013 онд Монголд ирж номын нээлтээ хийсэн. Энэ ном Amazon.com-оор зарагдаж л байдаг юм билээ. Үүнийг монгол хэлнээ орчуулах гээд манай шавь ажиллаж байна.
Ний нуугүй хэлэхэд миний намтрыг бичнэ гэхэд нь итгээгүй. 1997 онд Страсбургийн их сургуульд лекц уншсаны дараа Изабелл Бианки намайг үдэж гаргаж өгөхдөө “Би таны намтрыг бичих бодолтой байна” гэж хэлэхэд нь ёстой инээд хүрэх шиг болсон. “Миний намтар гэж юм байгаад, тэрнийг та бичээд хэн унших юм бэ” гээд тоомжиргүй хандаад өнгөрсөн. Нэлээн олон жилийн дараа Изабелл Бианки Турын их сургуулийн жинхэнэ профессор болсон байх үедээ утасдаж байна. “Манай Турын их сургууль нэг их муу ч сургууль биш юм. Нобелийн шагналтан ч ажилладаг. Манай сургууль сургуулийнхаа эрдэмтдээс шилдэг 25 төсөл шалгаруулдаг. Миний төсөл шилдгээр шалгарч тэргүүн байр эзэллээ. Юун тухай төсөл гэж бодож байна” гэж байна. “Мэдэхгүй л дээ” гэсэн “Таны намтрыг бичих төсөл” гэж байна. Үнэхээр гайхлаа. Тэгээд би хэллээ. “Нэгэнтээ та тэр их бэрхшээлийг даваад сургуулийн хэмжээндээ батлуулсан юм бол би танд юугаар туслах вэ” гэлээ. Тэгтэл Бианки “Төслийнхөө мөнгөөр хэд дахин Монголд очиж тантай уулзана. Танай эрдмийн шавь нар, гэр бүл, найз нөхөд таны ханилж явсан бүх хүнтэй уулзана” л гэж байна. Нээрээ л дараахантай нь Монголд ирж миний дотнын хүмүүстэй уулзаж энэ номоо бичиж гаргасан.
-Дэлхийн маш олон эрдэмтнээс яагаад зөвхөн таны намтрыг онцлон бичих болсон юм бол. Танд үүнийгээ юу гэж тайлбарласан бэ?
-“Би тийм их намтар цадигтай хүн биш. Та яагаад ийм зүйл бичих гээд байгаа юм” гэтэл Бианки хариуд нь “Юуны өмнө би антропологич, хүн судлаач хүн. Хүн судлалын ухаанд намтар бичих гэсэн жанр байдаг юм. Яагаад таныг сонгож байгаа вэ гэхээр “Та бол их олон хил зөрчсөн хүн” гэж байна. Малчны хотноос их сургуулийн профессор болж нэг хил зөрчсөн. Дараа нь та Монголын аман зохиол судлалаар судалгааны ажлаа эхлээд сүүлийн үед хүн судлалын ухааны салбарт орж ирлээ. Хоёр дахь хилээ зөрчиж байна. Гуравдугаарт, Монгол Улсын их сургуулийн эрдэмтэн та орос, англи, ялангуяа франц хэлийг нэлээд сайн сурч, Францын их сургуулиудад хичээл зааж, Орос, Англи, Герман, Итали, Францын эрдэмтдийн анхаарал сонирхлыг татаад өрнөдийн шинжлэх ухааны хил рүү орж ирж байна. Ийм болохоороо та бидэнд сонирхолтой байгаа юм” гэж тайлбарласан.
-Таны одоо зорьж буй зүйл тань юу вэ?
-Монголын соёл, урлагийг судалгаанаас нь гаргаж, соёл урлагийн контент бий болгон улсдаа болон гадаадад таниулахыг зорьж байна. Үүний нэг жишээ нь СУИС-д багшилж байх хугацаандаа хадны зургуудыг судалж, өөрийн олон жил судалсан бэлгэдэл зүйн танивар дохионуудаар тайлбарлаад 5000-10000 жилийн өмнө энэ газар шороон дээр аж төрж байсан хүмүүсийн аж төрөл, заншил, сэтгэлгээ, соёлыг сэргээж урлагийн бүтээл болгож байна.
Тухайлбал, “Хөмөргөн гурвалжин” этно модерн бүжгэн жүжгийг бүтээж толилуулсан. Сая Боннын их сургуульд ажиллаж байх хугацаанд германчууд урьж тоглуулах санал тавьсан. Монголынхоо газар нутагт байгаа хадны зураг, баатарлаг туульс, домгийг соёл урлагийн контент болгон хүргэхээр зорьж байна. Энэ маягаар Монголын соёл урлагийн маш эртний зүйлийг маш орчин үеийн бүтээл болгох ажлыг энэ хэдэн жил хийх юм шиг байна.
-Соёлоо хайрлан хамгаалахын төлөө бидний хийж чадах хамгийн энгийн зүйл юу юм бэ?
-Монголын соёл гэдэг бол гайхалтай ертөнц. Миний судалгааны ажлууд энэ гайхалтай ертөнцийг бага ч болов нээх юмсан гэж чармайсан л зүйл юм. Соёлоо хайрлан хамгаалахын төлөө хийж чадах хамгийн энгийн зүйл бол монгол хэлээ сайн судалж, эзэмшиж, монголоороо сайхан ярьдаг бичдэг болох юм. Үүнээс л эхэлнэ. Энэ бол монгол хүн болгоны хийх ёстой, хичээнгүйлэх ёстой зүйл. Монгол хэл гэдэг гайхамшигт сайхан соёлоос Монголын соёлын бусад сайхан цацралууд гарч ирнэ. Цаашилбал, хүн төрөлхтний сонирхлыг татаж буй бүх зүйл ялангуяа монгол урлагийг хэлэх гэж байна. Жишээлбэл, “Хөсөгтөн” хамтлаг Азийн авьяастнууд” уралдаанд хоёрдугаар байр эзэлж, өнөөдөр Америк, Канадад тоглолтоо хийж байна. Энэ нь монгол соёл урлагийн гайхамшгийг зах зухаас нь зүрх сэтгэлээрээ сонирхож байгаагийн нэг жишээ юм. Д.Сосорбарам язгуур урлагийн тоглолтыг зургаан удаа зохион байгууллаа. Хамгийн сүүлийнх нь “Эх ундарга” нэртэй тоглолт. Японы бүх хотуудаар тоглолоо. Үүний үр дүнд Монголын соёл урлагт шунасан дурласан хүмүүс бий боллоо шүү дээ. Бид дэлхий ертөнцтэй соёл урлагаараа л ойлголцоно гэж боддог. Улс төрөөр ойлголцох байх. Гэхдээ илүү амархан, илүү хурдан, ертөнцийн хүмүүст танигдаж ойлгогдох зүйл бол бидний соёл урлаг юм.
-Таны анхны өлгийдөн авсан яруу найргийн бүтээл тань ямар ном байсан бэ?
-“Цагаан түрүү” гэж шүлгийн ном байсан. Бага сургуулийн сурагч байхдаа өөртөө таарсан шүлэг биччихдэг хүүхэд байлаа. Манай Баянбулагийнхан намартаа Хөдөө нуур гэдэг нуурын хөвөөгөөр айлсан буудаг. Энэ үед бага сургуулийн сурагчид мориор сургууль руугаа явдаг байлаа. Сургуулийн гадаах шон дээр дүүрэн морьд уяатай. Хичээлээ тарангуут пирр хийтэл гүйж гарцгаагаад мориндоо мордоод зүг зүгтээ давхидаг.
Сургуульд ороод зохиолчдын шүлгүүдийг уншихаар нөлөөнд нь автдаг бололтой юм билээ. Толгой холбочихмоор бодол төрнө. Гэрийнхээ зүг салхи сөрөөд давхиж явахад гэнэтхэн л толгой дотор шүлгийн мөр шиг юмнууд орж ирнэ. Анхны шүлгийн номонд минь багтсан “Нүүдлийн цай” гээд монгол ахуй анхилдаг шүлэг бий. Дунд сургуулийн сурах бичигт байдаг. Хүүхдүүд энэ шүлгийг их унших дуртай юм билээ.
-Анхны номоо гаргаснаас хойш яруу найргийн цөөнгүй ном гаргасан гэсэн. Бас таны зарим шүлэг орос, англи, герман, солонгос, япон, сахаа хэлнээ орчуулагдаж байсан гэсэн.
-Яруу найргийн цөөнгүй ном гаргасан. Шүлгүүд маань миний шавь яруу найрагч, зохиолч Д.Төрбатын эмхэтгэн гаргасан Монголын уран зохиолын 108 ботийн эхлээд 93, сүүлд 69 дүгээр ботид нь орж “Сэнхрэл уянга” нэртэй ном болон хэвлэгдэж байсан.
-Та “Болор цом”-д оролцож байсан. энэ тухайгаа ярихгүй юу?
-1988 оны “Болор цом” наадамд “Хүмүүн бичиг” шүлгээрээ сүрхий оролцож, энэ шүлэг маань олны мэддэг шүлэг болсон. Энэ шүлгийн минь нэрээр сонин хүртэл гарсан даа. Чөлөөт зохиолчдын холбооны “Мөнгөн цом”-д оролцож, цом хүртэж байсан тохиолдол ч бий. Сүүлдээ эрдэм шинжилгээний ажилдаа шамдаж, шүлэг найргийг хааяахан бичдэг болсон. Харин одоо бүжгэн жүжгийн цомнол бичдэг болсон.
-Цаг наргүй амьдралын тань арын албыг хашиж, эрдэм шинжилгээний ажил, бүтээл туурвил хийхэд танд хамгийн их тус нэмэр болсон хүн бол таны хань. Та гэргийнхээ тухай хуучлахгүй юу?
-Би энэ амьдралдаа олон сайхан хүнтэй учирч нөхөрлөж ханилж явсан. Гайхалтай нь бүгдээрээ сайн сайхан хүмүүс байсан юм шүү. Бүтэмжгүй зүйл тохиолдож байсан боловч надад их тус хүргэсэн хүмүүс. Одоо миний хань Нандинбилиг гэж сайхан бүсгүй бий. Угтаа миний шавь байсан хүн. Анх англи хэлний ангид орсон мөртлөө миний шавь болох гэж монгол хэлний ангиар өөр хүнтэй сольсон байдаг. Тэгээд хожим нь ажил мэргэжил ижил болохоор зовлон жаргалаа хуваалцаж, бие биедээ хайртай болоод гэрлэсэн юм. Тэр минь үгүй бол амьдрал утгагүй санагдах үе байдаг юм билээ. Их гэгээн тунгалаг ухаантай, ариун үнэнч сэтгэлтэй бүсгүй. Алтан ургийн удамтай болохоороо ч тийм байдаг биз. Авгайгаа магтсан хүн адгийн тэнэг болдог бол болно л биз.
-Хүүхдүүдээс тань шинжлэх ухааны зам мөр хөөсөн нь антропологич доктор Д.Бум-Очир. Та хүүгээ энэ зам мөр рүү хөтөлсөн үү. Аль эсвэл хүүгийн тань өөрийнх нь сонголт байв уу?
-Тэр талаар өөрийнх нь бичсэн олон дурсамж бий дээ. Хөдөө хээрийн шинжилгээний ажлаар явахдаа камер бариулаад дагуулж явдаг байснаас одоогийн энэ мэргэжлээ сонгосон байх. Түүнд минь тун ч зохицсон мэргэжил болсон. Сүүлд нь дэлхийн тэргүүлэгч их сургууль Их Британийн Кембрижийн их сургуульд магистр, доктор хамгаалаад, одоо Лондон их сургуульд судлаачаар ажиллаж байна. Удахгүй хоёр ч ном нь тэнд хэвлэгдэх гэж байна. Олон газар уригдаж лекц уншдаг. Ирээдүйн дэлхийн томоохон эрдэмтэн болно гэж итгэдэг. Охин Нинжбадгар маань Ляонин их сургуульд суралцаж, Хятадад олон жил ажиллаад, Монголдоо ирж, “Макс” группийн нэг салбарыг хариуцаад явж байна. Дараагийн нэг хүү Бум-Эрдэнэ маань Монголын анхны маркетингийн компанийг үүсгэн байгуулаад, тэр нь нэр хүндтэй томоохон компани болсон. Хажуугаар нь нийгмийн идэвх сайтай, байгаль дэлхийгээ хамгаалах талаар их юм хийдэг хүн. Дараагийн хүү Билгүүн маань одоо Канадын Бритиш Колумбиа их сургуульд магистр хамгаалж байгаа. Өөрийнхөө оролдого чармайлтаар л ийм зэрэгт хүрч байгаа хүн. Отгон хүү Бум-Аюуш дунд сургуульд сурч байгаа. Миний багын хамаг зан төрхийг дууриасан хүн дээ. Одоогоор англи хэл нь ус цас болсон байна лээ. Нэг их сансар, галактик ярьсан нөхөр л байх юм.
-Та Монголын ард түмэнд эрдмийн бүтээлүүдээрээ танигдсан. Магадгүй таныг бүтээл туурвилаар хойч санан дурсан байх. Харин та үр хүүхдүүддээ ямар ааваар дурсагдан үлдэхийг хүсч байна?
-Аав минь Монгол эх орон, Монгол соёлдоо халуун хайртай, түүний төлөө бүхнээ зориулдаг, үр хүүхдээ эрдэм номын ариун цагаан зам мөрөөр замнуулсан хүн байж дээ гэж дурсвал боллоо.
-Таныг бид “Үндэсний шуудан” сониныхоо “Хоймор” буланд урьж ярилцлаа. Монгол хүн, айл өрх, Монгол Улсаа юуг хоймортоо эрхэмлэн залаасай гэж хүсэх вэ?
-Аугаа их түүх, соёлтой ард түмний үр садын хувьд энэ дэлхийн хаана аж төрж, хаана нь ч явсан монгол хүн гэдгээрээ бахархаж, ирээдүйд “Монгол” гэсэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгах сайн үйлсийг хэн бүхэн бүтээн хоймортоо залаасай гэж хүснэ.