Open iToim app
Дэлхий | 5 мин уншина

​Доналд Трампын Ерөнхийлөгчөөр ажиллах эхний 100 өдрийн төлөвлөгөө

​Доналд Трампын Ерөнхийлөгчөөр ажиллах эхний 100 өдрийн төлөвлөгөө
Нийтэлсэн 2016 оны 11 сарын 22
АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Доналд Трампын Цагаан ордонд ажиллах эхний өдөр АНУ Номхон далай дамнасан түншлэлийн гэрээнээс гарах бололтой. Тодруулбал, Доналд Трамп ирэх нэгдүгээр сард бүрэн эрхийнх нь хугацаа албан ёсоор баталгаажихаар, эхний 100 хоногт багтаан юу хийх тухайгаа дүрс бичлэгээр танилцуулан зарлажээ. Танилцуулга дүрс бичлэгтээ тэрээр энэ тухай онцолсон байна. Доналд Трамп ирэх нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөснөөр албан ёсоор АНУ-ын Ерөнхийлөгч болж, ажил үүргээ гүцэтгэж эхлэх юм.
“Америкийг дахин агуу болгоно” урианыхаа гол зорилтын хүрээнд АНУ-ын ашиг сонирхлыг нэгдүгээрт тавихаа амласан Доналд Трампын бүрэн эрхийн хугацаа баталгаажсаны дараа буюу эхний 100 хоногт тэрээр зургаан ажлыг гүйцэтгэх талаараа дүрс бичлэгтээ дурдсан байна. Түүний хийх эхний ээлжийн төлөвлөгөөнд нүүрс үйлдвэрлэлийн салбар дахь ажлын байрны хязгаарлалтыг шийдвэрлэх, визний зөрчлийг таслан зогсоох зэрэг асуудлууд багтжээ. Харин түүний кампанит ажлынхаа үеэр шүүмжлэн, амлалт өгч байсан “Obamacare” халамжийн бодлогыг цуцлах, Мексикийн өмнөд хил дээр хана барих тухай асуудал эхний ээлжийн төлөвлөгөөнд нь дурдагдаагүй байна.
Доналд Трампын дүрс бичлэгтээ хэлсэн эхний ээлжийн, 100 өдрийн төлөвлөгөөнд:
  • Номхон далай дамнасан түншлэлийн хэлэлцээрээс гарах талаар мэдэгдэл гаргах
  • АНУ-ын эрчим хүчний үйлдвэрлэл дэх хязгаарлалтыг хүчингүй болгох
  • Аж ахуйн нэгжийн журамд өөрчлөлт оруулж, хасалт хийх
  • Кибер дайралттай тэмцэх төлөвлөгөө гаргах талаар үүрэг өгөх
  • АНУ дахь гадаад ажилчдын визийн зөрчлийг шалгах талаар үүрэг өгөх
  • Аливаа нэг лобби бүлэгт харьяалагдаж байгаа хүмүүс төрийн албанд ороход таван жил хүлээх, хориг ногдуулах гэсэн зургаан гол зүйл багтаж байгаа юм.
Түүний энэхүү мэдэгдлээс харахад тэрээр цагаачлал, худалдааны талаар хатуу бодлого барина гэсэн амлалтаа биелүүлэх бололтой.
Доналд Трамп Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа АНУ-д суурьшсан хууль бус цагаачдыг албадан гаргах амлалтаа биелүүлнэ гэдгээ саяхан өгсөн ярилцлагадаа дурдсан. Түүний тооцоолж буйгаар эхний ээлжинд гэмт хэрэгтэн, бүлэглэл, хар тамхины наймаачид гэх мэт гурван сая орчим хууль бус цагаачдыг АНУ-аас хөөн гаргах юм. Харин энэ ажлынхаа эхлэл болгон тэрээр визийн зөрчлийг шалгах аж.

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн эхний 100 хоногт багтаан хийх ажлын чиглэлээс харахад АНУ цаашид ямар бодлого баримтлах нь тодорхой харагдаж байгаа юм. Ялангуяа, Доналд Трампын эхний 100 өдрийн ажлын төлөвлөгөөнд БНХАУ-тай холбоотой хэд хэдэн асуудал багтжээ .
Доналд Трамп тангараг өргөсөн цагаас эхлэн АНУ-ын Ази, Номхон далайн бүс нутагт баримтлах бодлогод томоохон өөрчлөлт гарч магадгүй гэж судлаачид үзэж байсан билээ. Тэрээр АНУ-ын хилийн чанад дахь оролцоог хумиж, гадаад бодлогын тал дээр нэлээд хатуу байр суурь баримтална гэдгээ хэлж байсан. Ялангуяа, Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг, батлан хамгаалахын тал дээр АНУ-ын оролцоог өөрчлөх саналтай буйгаа илэрхийлсэн.
Түүний кампанит ажлынхаа үеэр хэлж байсан гол амлалтын нэг нь Номхон далай дамнасан түншлэлийн хэлэлцээрээс гарах тухай асуудал. Тэрээр Номхон далай дамнасан түншлэлийг хэрэгжүүлэх нь тус улсын эдийн засагт томоохон хүндрэл дагуулна хэмээн үзэж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны эхний өдрөө л энэ хэлэлцээрээс гарах тухай мэдэгдэл гаргахаар болжээ. Түүний хэлснээр энэ хэлэлцээрт зарцуулах мөнгийг ажлын байр бий болгох бодит ажилд зарцуулах аж.
АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Барак Обамагийн хийсэн онцлох ажлын нэг нь Ази-Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны бүтцийг байгуулсан явдал юм. Харин Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп үүнийг АНУ-д ашиггүй хэмээн мэдэгдэж, Дэлхийн худалдааны байгууллагийн хатуу дүрэмд захирагдахыг хүсэхгүй байгаа аж. Мөн түүний эхний 100 хоногийн ажлын төлөвлөгөөнд багтсан ажлын байрыг нэмэгдүүлэх тухайд тэрээр эдийн засаг, худалдааны хувьд БНХАУ-тай ашиггүй харилцаатай байна хэмээн үзэж, худалдааны бодлогоо өөрчлөхөөр төлөвлөж байгаа юм. Тэрээр Хятадын үйлдвэрүүдийг АНУ-аас шахаж гаргах бодлого баримтлах бөгөөд үүний тулд импортын барааны гаалийн татварыг 45 хувь болгоно. Үүний нөлөөгөөр Хятадын эдийн засгийн гол хүчин болох үйлдвэрлэл унаж, эдийн засаг нь саармагжих, цаашлаад тус улсын эдийн засагт томоохон хохирол авчрах магадлалтай юм.
Гэвч Трампын худалдааны бодлого түүний хэлсэнчлэн АНУ-ын эдийн засгийг дэмжих боломжгүйг эдийн засагчид сонгуулийн өмнө түүний кампанит ажлын чиглэлтэй холбогдуулан хэлж байсан юм. Түүний худалдааны бодлого эдийн засгийг гүн хямрал руу түлхэж, үүнийг дагаад хөрөнгийн зах зээлд огцом уналт бий болж банк санхүүгийн ноцтой хямралд хүргэж болзошгүй хэмээн эдийн засагчид анхааруулж байсан. Түүний худалдааны талаар баримтлах бодлого шинээр гарч ирж буй зах зээл, хөгжиж буй орнуудад сөрөг нөлөөлнө хэмээн тэд үзэж байгаа билээ.
Түүний мэдэгдлийн дараа шинжээчид:
“Энэ бол тийм ч гэнэтийн зүйл биш. Тэрээр энэ тухай өмнө нь хэлж байсан. Гэхдээ түүний гадаад худалдааны бодлого, Номхон далай дамнасан түншлэлийн хэлэлцээрээс гарах асуудал нь АНУ-ын эдийн засаг, санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлнө” Параг Ханна, Centre on Asia and Globalisation
“Түүний энэ мэдэгдэл маш хүнд мэдээ байна. Номхон далай дамнасан түншлэлийн хэлэлцээрээс гарснаар АНУ-ын манлайлал төгсгөл болж, Азид өөрийн дураар бороохойгоо дамжуулж байгаагаас ялгаагүй үзэгдэл” Дебора Элмс, Asian Trade Center
“Номхон далай дамнасан түншлэлийн хэлэлцээрээс АНУ гарснаар Азид нэгэн хоосон зай бий болно. АНУ-ын хоосон үлдээсэн энэ хоосон зайг Хятад улс нөхөж, бөглөх боломжтой болно” Харүми Тагүчи, эдийн засагч
Ийнхүү Доналд Трампын Ази руу чиглэсэн бодлого бусад бүс нутаг дахь АНУ-ын идэвх, хүч сулрахад хүргэж магадгүй тухай шинжээчид хэлж байна. Учир нь, түүний Ази руу чиглэсэн бодлого, ялангуяа худалдааны бодлого БНХАУ-ын хүч тус бүс нутагт нэмэгдэх суурь болох талтай аж.
Номхон далай дамнасан түншлэлийн хэлэлцээрийн тухайд: 
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Доналд Трамптай уулзах үеэрээ Номхон далай дамнасан түншлэлийн гэрээнд АНУ чухал үүрэгтэйг сануулаад, энэ гэрээ АНУ-гүйгээр утгагүй гэдгийг илэрхийлсэн юм.
Гэвч Доналд Трамп сонгуулийн амлалтаа сахиж, Цагаан ордонд очих эхний өдрөө л тус гэрээнээс гарах тухай мэдэгдэл гаргахаа хэлсэн байгаа юм.
Ази номхон далайн орнуудын хамтын ажиллагааны худалдааны гэрээний хэлэлцээрт дэлхийн эдийн засгийн 40 хувийг бүрдүүлдэг 12 орны гарын үсэг зурж, баталгаажуулсан гэрээ юм. Энэхүү гэрээг 2015 онд Япон, Малайз, Австрали, Шинэ Зеланд, Канад, Мексик зэрэг орнууд үзэглэж, баталгаажуулсан ч албан ёсоор батлагдаагүй, хэрэгжиж эхлээгүй байгаа билээ. Олон улсыг эгнээндээ нэгтгэсэн асар том худалдааны бүс байгуулах тухай энэхүү гэрээний бүх нөхцөлийг багаар бодоход зургаан улс бүрэн хүлээн зөвшөөрсөн цагт хэрэгжиж эхлэх юм. Гэхдээ гэрээ амжилттай хэрэгжиж эхэлбэл АНУ-ын эдийн засаг жилдээ 100 тэрбум доллараар өснө гэх таамаглал байгаа юм.
Харин хэлэлцээрт гарын үсэг зурсан улс орнуудад энэхүү гэрээг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал болсоор байгаа юм. Номхон далайн түншлэлийн гэрээг эсэргүүцэгчид энэхүү чөлөөт худалдааны гэрээ нь цөөн хэдэн үндэстэн дамнасан корпорациудын ашиг, сонирхлын төлөө үйлчлэх бөгөөд бусад хөгжиж байгаа гишүүн улс орнуудын хөдөлмөрийн зах зээл болон хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлөх болно хэмээн үзэж байгаа юм. Гэрээнд зааснаар эдгээр улс орнууд хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг өсгөх юм байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн