Open iToim app
Эрүүл монгол | 3 мин уншина

Б.Гэгээбадрах: Хеликобактерийг эмчлэхгүй бол ходоодны хавдар болох эрсдэлтэй

Б.Гэгээбадрах: Хеликобактерийг эмчлэхгүй бол ходоодны хавдар болох эрсдэлтэй
Нийтэлсэн 2017 оны 8 сарын 1
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн эрхлэгч, дотрын тэргүүлэх зэргийн эмч, анагаах ухааны магистр, профессор Б.Гэгээбадрахтай хеликобактерийн талаар зөвлөгөө ярилцлага авлаа.
-Хеликобактери хаанаас яаж хүний ходоодонд үүсдэг талаар эхлээд уншигчдад тайлбарлаж өгнө үү?
-1983 онд эрдэмтэн Warren, Marshal ходоодны архаг үрэвслийн нэг шалтгаан нь хеликобактер юм гэдгийг тогтоосон. НР-ийг нээснээр АУ-ны салбарт үсрэлт болсон юм. 1994 онд Өмөн Судлалын Олон Улсын Агентлагаас хеликобактер нь ходоодны хавдар үүсгэдэг канцерген болохыг нотолсон. Өндөр хөгжилтэй орнуудын хүн амын 15-30 хувьд, хөгжиж буй орнуудын хүн амын 70 хувьд нь хеликобактерын халдвар бүртгэгдсэн бөгөөд дэлхийн хүн амын тал хувь нь НР-аар халдварлагдсан байгааг судлаачид баталсан. Хеликобактери нь грамм сөрөг нян бөгөөд ходоодны салст бүрхэвчийн хучуур эсэд нягт бэхлэгдэн өсч үрждэг, биохимийн онцлогоос хамаарч олон төрөл зүйлд ангилдаг. Одоогоор эрдэмтэд хеликобактерийн удмын шинжийг тодорхойлж, 1600 гаруй ген илрүүлээд байна. Хеликобактери нь ходоодны биж хам шинж, ходоодны архаг үрэвсэл, ходоод дээд гэдэсний шархлаа, МALT-лимфома, ходоодны хорт хавдар үүсгэх аюултай өвчин.
-Ямар замаар халдварладаг юм бэ?
-Хеликобактери нь голдуу шүлс, өтгөн, бохир гараар дамждаг. Тухайн халдвар дамжихад эдийн засгийн сул дорой байдал, хүн амын шигүү суурьшил, нэг орон дээр олон хүүхэд унтдаг, гэр бүлийн гишүүд олон, цэвэршүүлээгүй ундны усны хэрэглээ, үндэсний онцлог /нэг савнаас бүгд халбагадаж иддэг, гараар хооллодог/, гэр бүлийн гишүүд хеликобактерийн халдвартай байх, шүдний сойзыг удаан хэрэглэх зэрэг нь нөлөөлнө.
-Тухайн халдвараар халдварлагдсан хүнд ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Хеликобактерийн халдвартай хүмүүст ходоод гэдэсний үйл ажиллагааны хямралын шинж илэрдэг. Арьс хуурайших, ам заваарах, амнаас эвгүй үнэр гарах, уруул хатаж омголтох хэл өнгөртөх, цээж гашуу оргих, хэвлийгээр өвдөх, хорсох, гэдэс дүүрэх, өтгөн хатах, гүйлгэх, нүүр цээжээр тууралт гарах зэрэг шинжүүд илэрдэг. Дээрхи шинж тэмдгүүдээс илэрвэл гастроэнтерологийн эмчид хандан шинжилгээ хийлгэн эмчлэгдэх хэрэгтэй.
-Ямар шинжилгээ өгч оношлуулах боломж байна вэ. Заавал ходоодоо дурандуулах уу?
-Инвазив болон инвазив бус гэсэн хоёр үндсэн оношилгооны арга байдаг. Дуранд суурилсан инвазив аргаар уреазийн түргэвчилсэн сорил, гистологи, нян судлалын өсгөвөрлөх шинжилгээ, молекул биологийн шинжилгээ орно. Дуранд суурилаагүй инвазив бус арга нь амьсгалын сорил, серолог ,IgG, IgA, баасанд эсрэг төрөгч илрүүлэх гэсэн хоёр үндсэн аргыг хэрэглэнэ.
-Ямар эмчилгээ тохиромжтой вэ?
-Эмчилгээг олон улсын стандартын дагуу ходоодны хүчил багасгах эмүүдээс аль нэгийг нь суурь болгон авч 2-3 антибиотикийн хослолоор 7-10 хоног эмчлэх боловч хүн бүрийн бие махбодийн онцлогт тохирсон өөр эмчилгээ хийгдэнэ. Эмийн хувьд өндөр хөгжилтэй оронд үйлдвэрлэгдсэн, чанарын өндөр шаардлага хангасан баталгаат эмүүдийг хэрэглэх бололцоотой, сонголттой болсон. Зөвхөн эмчийн заавраар эмүүдийг сонгож хэрэглэнэ.
-Эмчлүүлсний дараа хяналт маш чухал байдаг. Тэгэхээр та эмчилгээний хяналтын тухайд та юу хэлэх вэ?
-Эмчилгээний дараа хеликобактерийн халдвар устсан эсэх нь эмчлүүлэгчийн сэтгэлийг их зовоодог. Эмчилгээний үр дүнг амьсгалын уреазын сорил, өтгөн болон ходоодны шүүрэл, салстын эдийн шинжилгээгээр баталдаг. Эмчилгээний дараа сарын туршид цусанд эсрэг бие байдаг тул оношилгоонд нотолгоо болж чаддаггүй. Иймээс эдгэрээгүй байна гээд дахин дахин эм уух нь эмчилгээ биш эмд дасал бий болгож, биеийн дархлааг сулруулж , мөөгөнцрийн өвчинг үүсгэнэ.
-Хавдар болохоос нь өмнө хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Хеликобактери нь дахин дахин халдварлагдах боломжтой тул урьдчилан сэргийлэлт хамгаас чухал. Нийтийн хоолны газруудын аяга, таваг, халбага, сэрээний угаалгын чанарыг сайжруулж, нэг удаагийн хоолны хэрэглэлүүд хэрэглэж заншвал сайн. Мөн эмнэлгийн багажийн ариутгал, хүнсний бүтээгдэхүүнд тавих эрүүл ахуйн шаардлагыг өндөржүүлэх хэрэгтэй. Тогтмол цагт хооллох, хэт ачаалалтай идэхгүй байх, унтахаас 4-5 цагийн өмнө хооллох, хагас бэлэн бүтээгдэхүүн бага хэрэглэх, нөөшилсөн хоол, архи тамхинаас татгалзах зэрэг нь ходоодны үрэвслээс урьдчилан сэргийлдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн