Иргэдэд хямд нүүрс хүргэх зориулалттай “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх Л.Гансүхийг өмгөөлж байсан хуульч Ц.Баасандоржийг цагдаагийнхан шалгаж эхэлжээ. Түүнд Үндэсний аудитын газрын гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэжээ. Учир явдлыг тодруулбал, өмгөөлөгч Ц.Баасандорж нь ҮАГ-ын дарга А.Зангад, Ш.Ичинхорлоо нартай уулзаж ярилцах үеэрээ яриаг нь ширээн дээр тавьсан гар утсан дээрээ хурааж авчээ. Тэрээр хурааж авсан яриагаа нотлох баримтад тооцуулах зорилготой байсан аж. Гэтэл үүнийг хууль бус гэж ҮАГ-ынхан Ц.Баасандоржийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хандсан байна. Энэхүү явц дээр хоёр зүйл зөрчилдөж байгаа юм. Тоочъё.
1.Өмнө нь ҮАГ яг энэ гомдлоо өнгөрсөн 2014 оны сүүлээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гаргаж байжээ. Дүүргийн прокурор Ц.Баасандоржид эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн юм байна. Л.Гансүх нарт холбогдох хэргийг шүүх хурлын шийдвэрийг наймдугаар сарын 3-нд танилцуулсан. Үүний дараа ҮАГ Ц.Баасандоржийн гар утсаараа Ш.Ичинхорлоо, А.Зангад нарын яриаг бичсэн үйлдлийг шалгуулахаар дахин хууль хяналтынханд ханджээ. Прокурор хэргийг аравдугаар сарын 21-нд сэргээсэн байна. Прокурорууд сэргээн шалгуулах байсан бол ҮАГ-ын анхны гомдлоор шалгаад явахгүй байсан шалтгаан юу байв. Яагаад Л.Гансүхийн шүүх хурлын дараа, үйлчлүүлэгч нь ял авч, давж заалдсаны дараа энэ хэргийг сэргээв. ҮАГ ч гэсэн хэргийг хаахад гомдоогүй байж шүүх хурлын дараа гэнэт гомдов гэх зэрэг хариулт нэхсэн асуултууд босч ирлээ.
2.Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд ч ҮАГ-ынхан ханджээ. Хуульчдын холбоо бол өмгөөлөгч, прокурор, шүүгчийг нэг малгайд нэгтгэсэн мэргэжлийн өөрөө удирдах ёсны дээд байгууллага. Мэргэжлийн хариуцлагын хороо болон бусад хороог хуульчид дотроосоо нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилдог. Ц.Баасандоржийн хүний яриаг утсаараа ил бичсэн үйлдэл нь хууль зөрчөөгүй, хувь хүний болон байгууллага, төрийн нууцад хамааралгүй байсан гэж үзжээ. Иймээс ҮАГ-ын гомдлыг хэрэгсэхгүй болгож, маргаан үүсгэхээс татгалзсан захирамж гаргасан байна. Энэ тухай бичгээ энэ сарын 22-нд Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэгийн нэр дээр ирүүлжээ. Өөрөөр хэлбэл, хуульчдийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага Ц.Баасандоржийг үйлдэлд гэмт хэрэг байтугай захиргааны зөрчлийн шинж агуулаагүй байна гэжээ.