Open iToim app
Фото | 2 мин уншина

Газар хөдлөлтийн дуут дохио дуугарахад юу хийх ёстой байдаг вэ

Газар хөдлөлтийн дуут дохио дуугарахад юу хийх ёстой байдаг вэ
Нийтэлсэн 2017 оны 3 сарын 23

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригт орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажиллуулж, бэлтгэл сургуулилт хийдэг билээ. Энэ жилийн дуут дохио өнөөдөр 16.00 цагт дуугарлаа. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор хамгийн түрүүнд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд идэвхтэй хамрагджээ. Энэ үеэр иргэд гэр болон албан тасалгаанаасаа задгай талбайд гарч зогсох ёстой байдаг. Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог учраас иргэд өөрийгөө болон гэр бүл, ойр дотнын хүмүүсээ авран хамгаалах, бусдад туслах мэдлэг чадвар эзэмшсэн байх ёстой учраас ийн дуут дохио дуугарадаг болсон юм. Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог гурван удаа дамжуулснаар иргэд нэгдсэн зохион байгуулалтад орж дадлага сургуульд оролцдог билээ. Улаанбаатар хотын ажилчид албан хаагчид уг дохиог дуугарах үеэр ажлын байрнаасаа гарч хэсэг зогслоо.
Гамшгийн дуут дохио эхний удаа дуугарахад иргэд “Нуугд- Суу- Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсох юм байна. Хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, обьектыг орхин гарахдаа гарын доорх зүйл ашиглан толгойгоо хамгаална. Ингэхдээ гүйхгүй, эргэж буцахгүй, хашгирахгүй, түлхэлцэхгүйгээр барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларах ёстой аж. Орон сууцны иргэд цахилгаан шатаар бууж огтхон ч болохгүй. Монголчууд аливаа гамшгийн үед зөөврийн компьютер, цахилгаан хэрэгсэл, хувцас хунар гээд эд хөрөнгөө хамгаалах гэж хамаг цаг хугацаагаа алдаж өөрийгөө эрсдэлд оруулдаг талаар албаныхан хэлсэн. Тэгвэл газар хөдөлсөн тохиолдолд та бичиг баримт, шүдэнз, бээлий зэрэг яаралтай үед хэрэглэх зүйлээ хийж бэлтгэсэн үүргэвчээ авч гарахад л хангалттай. Хамгийн чухал нь та өөрийнхөө амийг аврах шүү дээ.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн