Гадаад харилцааны яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг” Сүхбаатарын талбайд өнөөдөр 17.00 цаг хүртэл зохион байгуулагдана. Тус өдөрлөгт Монгол улсад суугаа 18 улсын Элчин сайдын яам, Олон улсын хоёр байгууллагын суурин төлөөлөгчийн газар болон Гадаад харилцааны яамны салбар хэлтсүүд оролцож, үйл ажиллагааныхаа талаар иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч байна. Мөн Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдууд тухайн улс оронд хэрхэн зорчих, аялах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна. Гаднын улс оронд зорчих виз хэрхэн мэдүүлэх, гадаадад тэтгэлгээр суралцах хүсэлтэй иргэдэд Гадаад харилцааны яамны Консулын газраас зөвлөгөө өгч байна. Түүнчлэн Гадаад харилцааны яамны 106 жилийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулжээ.