Open iToim app
Таны сонорт | 27 мин уншина

Д.Бямбасүрэн: Ард түмэн, Ерөнхийлөгч хоёрт найдах л үлдлээ

Д.Бямбасүрэн: Ард түмэн, Ерөнхийлөгч хоёрт найдах л үлдлээ
Нийтэлсэн 2015 оны 4 сарын 7

Өнөө цагийн “Монгол төрийн мэргэн өвөө” ч гэж болохоор нэгэн эрхэмтэй ярилцлаа. Тэр бол Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн. Илт цөхөрсөн ч, ихэд баярласан ч үнэнийг хэлдэг, үг нь үргэлжид үнэ цэнтэй байдаг энэ буурал баавайн монгол төрийн төлөөх зовинол, бодролыг энэхүү ярилцлагаар ухаж төнхөж, уудалж гаргахыг оролдлоо.
-Бямбасүрэн гуай, таныхаар нийгмийг ёс суртахуун удирддаг уу, эсвэл хууль удирдах ёстой юу?
-Хүн тэнгэрийн дор төрж хуулийн дор амьдардаг гэдэг. Ардчилсан нийгэмд хууль нийт иргэдийн эрх ашгийг хамгаалж байж л мөрдөгддөг. Цөөн бүлэг, хэдэн дарга нарын эрх ашгийг хамгаалсан хууль нийгэмд мөрдөгдөнө, нийгмийн харилцааг зохицуулна гэж байхгүй. Тийм учраас хуулийг хэний төлөө гаргаж байна гэдэг сонин. Бодитой жишээ гэвэл УИХ маань Цагаан сар, улсын наадам гээд ямар нэгэн баярын өмнө баахан хууль бөөнддөг боллоо. Тэдгээр нь олон түмний хараанд орчихсон, нэлээд маргаантай хуулиуд байдаг. Баярын сиймхийгээр хууль бөөндөөд баталчихаж байгаа нь тодорхой бүлгийн захиалагатайг харуулаад байгаа юм. Хэрвээ төр өөрөө хуулиа ингэж хулгайгаар баталж л байгаа бол түүнийг мөрд гэж нийгмийг, олон түмнийг шаардах эрхгүй.
Нөгөө талаас ямарч хууль тодорхой зан заншил, соёл, иргэншлийн дунд нийгмийн харилцааг зохицуулдаг учраас хувь хүний ёс суртахуун, ёс уламжлалаас ангид байх боломжгүй. Монголын хууль гэхэд Монголынхоо орчинд тохирсон, Монголынхоо ахуйг удирдах, зохицуулах чадвартай л байх хэрэгтэй. Ингэхгүйгээр гаднаас хууль хуулбарлаад байхаар бензин хөдөлгүүртэй машинд дизелийн түлш хийсэн юмшиг таг зогсчихоод байгаа юм.
-Хэрвээ хууль үйлчлэхгүй, хэрэгжихгүй байгаа бол өнөөдрийн нийгмийг ёс суртахуун нь илүү удирдаж байна гэж үзэх үү?
-Монголын нийгэмд хоёр зүйл их хөгийн санагддаг. Нэг нь, эрх чөлөөний тухай ойлголт. Бид ардчиллын үнэт зүйл нь эрх чөлөө гэж ярьдаг. Энэ нь дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үнэн. Ардчиллын соёлтой улс орнуудад эрх чөлөөг ухамсарласан хариуцлага гэж ойлгодог. Гэтэл манайхан эрх чөлөөг дур зоргоороо байх гэж ойлгодог. Хэний ч урдаас юу ч хамаагүй хэлж болно гэж үздэг. Тэр нь буруу зөв, үнэн худлаа байх нь хамаагүй. Харин эргээд хариуцлагаа хүлээх болохоор ардчилсан нийгмийн үг хэлэх эрх чөлөөнд халдлаа гэдэг. Үүнийг нь ард түмний соёл, заншил, ёс суртахууны талаас аваад үзэхэд тэр хүн нийгмийн ёроолд уначихаж байгаа юм. Хоёр дахь нь, зах зээлийн эдийн засаг гэдэг ойлголт байна. Зах зээлийн эдийн засгийг хүндлэх, үнэлэх болсон хүн төрөлхтөний жам нь хэрэглэгчийнхээ өмнө юу чаддагаа харуулж, өөрийнхөө нэр төрийг баталж байж бараагаа борлуулна, хэрэглэгч нартаа үйлчилнэ гэсэн утга юм. Тийм учраас тэнд бизнес, арилжаа наймаа хийж байгаа хүн хэрэглэгчээ хулхидах юмуу, хохироовол нэр төрөө алдаад шахагддаг. Гэтэл манайд хэрэглэгчээ аль болохоор мэхэлж, хонжиж мөлжиж амьдрахыг хичээх юм. Жишээ нь, өмнөд хөршийн наймаачид 10 хувийн ашиг олж байвал хэвийн гэж үздэг. Харин манайд аливаа худалдаа наймааг хамгийн багадаа нэг нугалж зарахгүй л бол сэтгэл нь ханадаггүй. 200, 300 хувийн ашиг хайгаад явдаг. Энэнээс нь болоод эдийн засаг маань өөдөө гарч өгдөггүй. Тэгэхээр үндэсний үнэт зүйл, ухамсар, ёс суртахуун бол хүний тархинд их олон янзаар буудаг юм байна. Бид энэндээ, өөртөө шүүмжлэлтэй хандах хэрэгтэй. Хэрвээ эрх чөлөөг ухамсарласан хариуцлага гэдэг ардчиллын соёлын төвшинд нь ойлгох юм бол ардчилал бол хувь хүн амьдралаа хариуцах хариуцлагыг л нээлттэй болгож өгч байгаа юм. Энийгээ бид ойлгохгүй, ажилгүй байх, архи уух, гэр бүлээсээ салах, хараал ерөөлийг дуртай үедээ дуртай хүндээ хэлэх эрх чөлөө гэж ойлгоод байна. Бид буруу тийшээ яваад байна. Эрх чөлөөний тухай, ёс суртахууны тухай ойлголт, тэгээд хууль гурав хоорондоо салшгүй холбоотой.
-Ёс суртахуун бол хувь хүмүүсийн ухамсрын асуудал. Харин хууль бол монголчууд бидний л хийж байгаа ажил. Тэгэхээр энэ “ажил” дунд сайн хууль нь олон байна уу, захиалгат хууль нь олон байна уу?
-Сайн хууль гаргах амаргүй. Сайн хууль гаргахын тулд тухайн төр, тухайн үндэстэн өөрийгөө таньсан байх хэрэгтэй. Монголчууд гэхэд би хэн бэ, бид юугаараа давуу, юугаараа сул талтайгаа сайн ойлгосон байх хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтыг татъя, эдийн засгийн хувьд ашигтай ажиллая л гээд байна. Гэтэл миний бодоход бараг бүх юм буруугаар эргэлээ. УИХ, Засгийн газрын баталж байгаа хуулиудыг л хар.
Оюутолгойгоо өгөөд өртэй үлдлээ. Тавантолгойгоо тавиад өртэй үлдлээ. Уранаа өгөөд өртэй үлдлээ, газрын тосоо өгөөд бас юу ч үгүй үлдлээ. Энийг олон түмэн харж байгаа. Тэгэхээр ямар хууль батлав аа гэдгээ ард түмэн бодох ёстой юу, төр бодох уу гэдгээ ялгаж үзэх хэрэгтэй. Захиалгат хуулийг нийгэм биелүүлэхгүй шүү дээ.
-Хүчгүй, бас захиалгат хууль баталж байгаа нь нийгэмд ёс суртахуунтай хүн ховор байна уу. Эсвэл ёс суртахуунтай хүнээ УИХ-д сонгож чадахгүй байна уу?
-Нийгэмд ёс суртахуунтай хүн ховордлоо гэж би хэлэхгүй. Харин ард түмнийхээ дунд байгаа ёс суртахуунтай, ухаантай, ухамсартай тэр хүмүүсээ олж, онож дээш нь, төрд гаргаж чадахгүй байна.
-Таныхаар үүний учир шалтгаан нь хаанаа байна вэ?
-Хамаг учир манай улстөрийн механизмд байна. Бид Үндсэн хуульдаа улстөрийн намаар дамжиж төрөө байгуулна гэж заасан. Ерөнхийдөө нам төвтэй төр байгуулахаар Үндсэн хуулиа баталсан. Гэтэл өнөөдрийн намууд маань монголчууд бидний нийтлэг эрх ашиг, уламжлал, соёл, зан заншлыг огт өөрөөр хүлээж авдаг сонирхлын бүлгүүд болж хувирлаа. Намууд оршин тогтнож, хоорондоо өрсөлдөж засаглахын төлөө мөнгөтэй хэт хутгалдаж, мөнгөнд толгой тархиа мэдүүлж явдаг боллоо. Одоо Монголын аль ч нам цөөн хэдэн баячууд, мөнгөтэй хүмүүсийн гарт орсон. Тэдгээр баячууд нь намын төв удирдлагыг мөнгөөр угжаад өөрсдөө болон төлөөнийхөө хүнийг УИХ-ын гишүүн, сайд, дэд сайд болгодог. Нэг хэсэг нь орон нутгийн намыг нь санхүүжүүлдэг. Сонгууль болохоор орон нутгийнхан нь нөгөө тэжээгчээ л нэр дэвшүүлдэг. Зүй нь нийгэм, улстөрийн амьдралд үнэлэлт дүгнэлт өгч, зөв гарц хайж явах ёстой намууд бэлтэй хүний хэтэвчинд багтаж явдаг бүлэглэлүүд болж хувирлаа л даа. Үзэл бодлоороо нэгдсэн хэсэг гэхээсээ илүү төрийн эрх мэдлийг авах, төрийг өөрийнхөө амьдралыг тэтгэх түшиц газраа болгох сонирхолтой хүмүүсийн бүлэг болоод хувирчихлаа. Энэний горыг бид нийтээрээ 2000 оноос хойш амсч явна. Сүүлийн 15 жилд аль ч намын сонгуулийн амлалт биелсэнгүй, Монгол орон худал хуурмагийн орчин боллоо. Монголын нийгэмд хууль хүчгүй, ёс суртахуун үнэ цэнэгүй байгаагийн, ер нь хүндрэлийн гол шалтгаан намуудад л байгаа юм.
-Нэг талдтөрд гарсан ёс суртахуунгүй хүмүүс, нөгөө талд нийгэмд байгаа ёс суртахуунтай олон хүмүүс. Өөрөөр хэлбэл, төр, нийгэм хоёрын дунд зөрчил гарч ирэх үү, энэ ялгарлаас болж.
-Гарах нь тодорхой харагдаж байна. Гарч ч байна.
-Янз бүрийн өнгөт хувьсгалууд ийм зөрчлөөс л болж гарсан гэж бичсэн байх юм билээ.
-Тийм шүү дээ, энд тэнд болсон, одоо болж байгаа өнгөт хувьсгалуудын хөрс чинь ердөө л саяын чиний томъёолдог зөрчлөөс эхтэй. Хэрвээ ахиалгат хууль гаргах нь даамжирвал цаашид төр, нийгэм хоёр зөрчилд орох нь гарцаагүй. Жишээ нь, сүүлийн хоёр жилийг аваад үзье л дээ. 2012 оны сонгуульд АН орохдоо шударга ёсыг тогтооно, дээдэлнэ гээд л янз бүрийн сайхан амлалт өглөө л дөө. Би АН гэж онцолдог нь эрх баригч учраас хэлж байгаа юм. МАН гэж эд нараасаа нэг их дээргүй товарищ нар. МАН гэдэг гурван үсэгний ард нуугдаад л явж байгаа шүү дээ. АН гарч ирээд юу болов. Нэгд, 2013 онд гэнэт ээлжит бус чуулган зарлаад Хөрөнгө оруулалтыг дэмжих тухай хуулийг баталлаа. Ашигт малтмалын нөөцийн татварыг өөрчлөх хууль баталлаа. Хүн бодно, хөрөнгө оруулалтыг дэмжиж, ийм хууль батлах нь зөв ш дээ гэж. Гэтэл эдгээр хуулийн гол санаа юу байсан гэхээр, их хөрөнгө оруулалт хийсэн улсууд 30 жилийн тогтвортой байдлын баталгаатай. Тэрнээс бага нь таван жилийн баталгаатай, бүр бага нь баталгаагүй орчинд орсон. Монголын эдийн засгийн орон зайг задалсан. Ингэснээр монгол төрийг эдийн засгаа удирдах, татварын нэгдсэн бодлого явуулах, банкны системийн бодлогоо зангидах ямарч боломжгүй болгоод хаячихлаа. Энийг хэн хийв, УИХ-д байгаа хоёр намын хэдэн баячууд сэм хуйвалдаж, ил гар өргөж байгаад л хийчихсэн. Хоёрт, хөрөнгө оруулагчдад эзэмшил газрыг нь 60 жилээр эзэмшүүлээд 40 жилээр сунгана гэнэ ээ. Энэ заалтыг жирийн олон огт анзаараагүй, бид мэт нь дуугарахад хэн ч сонсоогүй. Бодоод үз дээ. Дорнод аймагт өмнөд хөршийн “Петро Чайна” гэдэг компани газрын тосны хайгуул хийж байна, 100 жилийн нөөцтэй ордод. Ингэхээр бид Матад сумаа 100 жилээр өгчихөв өө дөө. Тэгж байтал 2014 онд Газрын тухай хуулийг өөрчлөөд “газрыг гадаадын иргэдэд дуудлагаар өгнө” гэсэн төсөл оруулаад ирлээ. Хэрвээ ингэж дуудлагаар худалдаад байвал Монголын газар нутаг энд ч нэг хонгконг, тэнд ч нэг хятад гээд хэрчигдэн хуваагдана биз дээ. Мөнгөтэй хүмүүс л авна.
-Мөнгөтэй хүн, хамгийн их мөнгө Монголд байхгүй, гадаадад л байгаа.
-Тэр мэдээж шүү дээ. Тэгэхээр намууд, түүгээр дамжсан төр өөрөө Монгол Улсынхаа язгуур эрх ашгийн эсрэг ажиллаж эхэллээ. Өр зээлийн асуудал байна. Өртэй хүн өөдөлдөггүй гэдэг. Гэтэл өнөөдөр Монголын өр 2017 онд дефолтзарлах хэмжээнд хүрлээ. Бондын өр, дээрээс нь нэмээд Хятадын Ардын банкнаас авсан 25 тэрбум юанийн өр. Хятадын талд төлөх Монголбанкны өр одоо 4.5 тэрбум доллар буюу Чингис бондоос гурав дахин их боллоо. Ингээд өр зээлэнд оруулаад, авсан зээлээ ямарч үр ашиггүй, үр ашгаа нөхөхгүй төслүүдэд оруулсан учраас энэ их өрийн үндсэн болон хүүгийн төлбөрийг урьд өмнө бий болгосон суурь эдийн засаг маань ачааг нь үүрээд хоцорлоо шүү дээ. Ингэхээр амьдрал доройтно. Ийм нөхцөлд, бид яагаад байна, юу болохгүй байна гэж хүн бүр бодно биз дээ. Төр үнэхээр болохгүй байна, төлөөлж байгаа хүмүүсийг нь, тэднийг сонгодог системээ өөрчлөхгүй бол болохгүй юм байна гэдгийг хүн бүхэн бодоод эхэлчихсэн. Дуу хоолойгоо гаргаж эхэлж байна. 2000 онд ярьдаг үг, өнөөдрийн үг огт ондоо болсон шүү дээ.
-Төр нь нийгмийнхээ захиалгад таарсан хууль гаргах, түүнийг батлах ёс суртахуунтай хүнийг төрд гарахын тулд одоо яах вэ. Таныхаар бол намуудаас эхлэх ёстой юм байна, тийм үү?
-Намуудыг цэвэрлэхээс эхэлнэ. Цэвэрлэнэ гэдгийг би эерэг утгаар, цэвэр хүмүүсээр бүрдүүлэх гэж хэлж байна. Түүнээс бус, ямар нэгэн хувьсгал, өдөөн хатгалагад уриалж байгаа юм энд байхгүй. Намуудын хариуцлагыг нь өндөрсгөх учиртай. Нам оршихын утга учир юу вэ. Ард түмэн намуудад ниймийн амьдралын тархи барих эрхийг өгдөг. Сонгуульд оролцох, төр барих эрхийг өглөө. Тийм учраас Монголын нийгэм эд нараас эргээд хариуцлага шаардах эрхтэй. Нам бол хэдэн компанийн төлөөлөл цуглачихаад тамгыг нь халаасандаа хийгээд явдаг бүлэг биш. Мөрийн хөтөлбөрөөсөө гажсан, буцсан, тийм бодлого явуулсан, амлалтаа биелүүлээгүй улстөрийн хүчинд зөвхөн сонгуулийн хариуцлага биш, дунд нь өөр хяналт, хариуцлага хэрэгтэй. Нэмээд намуудын санхүүжилтийг хянах нь маш чухал. Намууд үндсэн хөрөнгөө түрээслэхийг хориглосон хуультай. Гэтэл одоо яаж байна гэхээр нэг нь төсвөөс хөрөнгө гаргаж барьсан байраа түрээслүүлээд ашиг олж байхад нөгөөхийнх нь байр, газар нь хаана, хэнд байгаа нь мэдэгдэхгүй, хашаагаар хүрээлчихсэн явж байна. Нэг нь нэг тэрбумаар хандив аваад оронд нь сайдын суудал өгч байхад, нөгөө нам нь сонгуульд хэдэн тэрбумаар нь хандив авчихаад ердөө 18 минутын дотор намын гишүүн, ҮЗХ, гүйцэтгэх зөвлөлийн гишүүн болгоод УИХ-д нэр дэвшүүлж байх юм. Энэ мэтийн завхарлыг эцэслэн таслан зогсоох ёстой. Энд Дээд шүүх ажиллах ёстой. Дээд шүүх намуудыг зөвхөн бүртгээд гаргадаггүй, эргээд хянадаг, дансыг нь мэдээлдэг олон нийтийн зөвлөлийг дэргэдээ ажиллуулдаг бүтэцтэй байх зэргийг яаралтай хуульчлах хэрэгтэй байна. Тэгэхгүй, энэ маягаараа яваад байвал намууд нь маань засгийн эрх авахын тулд нэг өдөр бохир мөнгөөр санхүүжвэл яана. Монголын улстөрд нөлөөлөхийн тулд гаднын мөнгө орж ирвэл яах уу. Энэнээс тойрч гарахын тулд намуудын санхүүжилтийн асуудлыг маш хатуу, ил тод хяналт дор, ёстой нөгөө шилэн данс гэж байдаг бол түүнийгээ тэнд л хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Гуравт, намын гишүүн гэх албадлагаас иргэдээ чөлөөлөх хэрэгтэй. Энэ гурван асуудлыг шийдчихвэл намууд үндсэндээ эрүүлжинэ.
-Одоо хаврын чуулганаар Улстөрийн намуудын тухай хуулийг өөрчилнө.
-Би энэ УИХ өөрсдөө төсөл боловсруулаад өөдтэй хууль гаргахгүй гэж бодож байгаа. Яагаад гэвэл, эд нар мөнгөтэй хүмүүсийн халаасанд байгаа энэ бүтцээ л хамгаалсан, сонгуулийн саналын хуудасны эхэнд бичигдэх гэсэн л хууль хийнэ. Монголын ард түмэнд, Монголдоо хэрэгтэй намуудын хууль гаргая гэвэл түүнийг хийж чадах чадавхитай субьект өнөөдөр ганц л бий. Тэр бол Монгол Улсын Ерөнхийлөгч. Төрийн тэргүүн энэ хуулийн төслийг санаачлаад УИХ-д өргөн барих ёстой. Түүнээс бус, Засгийн газар юмуу, УИХ-ын гишүүн, намын бүлэг санаачлаад хэлэлцэнэ гэвэл хэзээ ч зөв хууль гарахгүй.
-Одоо байгаа Ерөнхийлөгч АН-аас нэр дэвшсэн, энэ намын гишүүн хүн. АН-д ашигтай байдлаар хуулийн төсөл боловсруулбал яах вэ?
- Ерөнхийлөгч Монгол Улсынхаа өнөөдрийн зовлонг ойлгож байгаа байх аа. Азаар ч гэх юмуу, өнөөдөр ардчилалд элэгтэй, ээлтэй, манай нийгэм яагаад ийм болчихов оо гэдэгт дүгнэлт өгөх чадвартай хүн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Өөрөө бодоод үз дээ, Очирбат Ерөнхийлөгчийн үеийг эс тооцвол тэрнээс хойшхи Ерөнхийлөгч нар бүрэн эрхийн хугацааныхаа сүүлийн дөрвөн жилд дандаа өөрийнхөө намтай зөрчилд ордог. Багабанди, Энхбаяр ч тэгсэн. Одоо Элбэгдорж Ерөнхийлөгч ч олон зүйлээр намтайгаа зөрчилдөөд явж байгаа нь илт байна. Энэ юуг харуулж байна вэ гэхээр төр барьж байгаа хүн бол нийгмийнхээ амьдралыг ойлгодог юм байна, тэр цагт намтайгаа зөрчилд ордог юм байна. Элбэгдорж бол угаасаа ардчиллын үзэл санааны төлөө тэмцэж ирсэн хүн. Монгол төрөө эрүүл, хүчтэй байлгахын үндэс болсон намуудыг эрүүл тогтолцоотой, Монголынхоо төлөө гэсэн зөв хүмүүсийн нэгдэл болгоход Ерөнхийлөгч өөрөө идэвхи, санаачилга гаргах байх гэж би найдаж байгаа. Магадгүй, хувь заяаны эргүүлгээр түүн дээр ногдож байгаа бараг үүрэг ч байж болох юм.
-Ерөнхийлөгч хэчнээн сайн төсөл боловсруулсан ч, нөгөө л намын төлөөлөл бүхий УИХ батална. Тэд ямарч сайн төслийг төрөл арилжуулж чадна шүү дээ?
-Тэгнэ, тэгнэ цаадуул чинь. Яг тэгэх гэж оролдоно. Тэрний эсрэг юмыг нь ч хийх хэрэгтэй. Үүний тулд Ерөнхийлөгч төслөө гаргаад бүх ард түмнээрээ хэлэлцүүлэх хэрэгтэй. Хэрвээ УИХ төслийг нь өөрчлөөд эхэлбэл, Ерөнхийлөгч төслөө татаж аваад бүх ард түмний санал асуулга явуулж ч болно. Улстөрийн намуудыг эрүүлжүүлэх нь Монголын ард түмний амин чухал асуудал. Хоёрт, Ерөнхийлөгчийн төслийг гадна талаас нь эх орноо гэсэн сэтгэлтэй иргэд маш хүчтэй дэмжих хэрэгтэй. Тэгээд энэ хуулийн төсөл дээр олон түмний эсрэг санаа бодол хэлсэн, эсрэг санал өгсөн хүмүүсийн хариуг 2016 оны сонгуулиар өгөх хэрэгтэй.
-Улстөрийн намуудын тухай хуулийг сонгуулиас зургаан сарын өмнө өөрчилж болдог шиг санагдаж байна. Хугацаа бага үлдэж.
-Үндсэндээ 2015 он л байна. Хэрвээ амжихгүй бол дараагийн Их хуралд шилжүүлж болно. Шилжүүллээ гэхэд бид л хохирч хугацаа алдах гээд байна. Намууд бол нөгөө л тогтолцоогоороо 16 оны сонгуульд орно. Хэрвээ тэгвэл одооноос 2016 оны сонгуулийн дүр зургийг зурж болно л доо. Ерөнхийдөө өнөөдрийнхтэй адилхан. 2012 оны сонгуулийн дараа АН гарч ирээд л МАН бидэнд хэрэггүй, бид өөр замаар явна гэсэн, яав. Удалгүй, биднийг авраач гээд ахиад л өнөөх МАН-тайгаа нэг хөнжилд орлоо. Энэ нь нөгөө монгол ардын дуу байдаг ш дээ. “Марташгүй гурван жил өнгөрсөн ч мансуурах нойрондоо хоёулаа” гэж. Тэрэн шиг л юм болж байна. Одоо энэ хоёр нам яах вэ гэхээр 2016 оны улсын төсвийг батлахын өмнө юмуу баталсны дараа нөгөө Алигэрмаа дуунд гардаг шиг “учран учирснаар сална гэдэг урьдын ерөөл дутсаных уу даа” гээд сална. Сонгуулийн сурталчилгааны үеэр Хоролмаагаа дуулна. “Жаргах замыг минь боогдуулсан жарвагар хар” гээд л өмд гутлаа шидэлцээд баахан хэрэлдэнэ. Яг үнэндээ 2016 оны сонгууль дахиад энэ хоёр намын аль нь ч олонхийн санал авч чадахгүй. Хэн нэг нь олон санал авна. Тэгээд бие биедээ их томорноо. Өвөрмонголын “ажгар хожгор байж надтай суух санаатай юу” гэдэг шиг томорно. Нөгөөх нь, монгол ардын шог дуу шиг, “чи намайг аваад явбал би чамайг дагаад явна” гэж гуйна. Тэгж явж байгаад дахиад л “марташгүй гурван жил өнгөрсөн ч мансуурах нойрондоо хоёулаа”-гаа дуулаад дахиад тэврэлдэж авна. Тэгэхээр дөрвөн жил алдахгүй, дахиад энэ хоёр намыг тэврэлдүүлэхгүй гэвэл энэ ондоо багтааж Улстөрийн намуудын хуулийг л өөрчлөх хэрэгтэй. Энэ ярилцлагаар би бүр онцолж хэлмээр байна. Бид УИХ-д хэчнээн их найдах тутамд төдий чинээ цаг алдана. Тийм учраас сүүлчийн найдвар бол Ерөнхийлөгч, ард түмэн хоёр.
-Намуудаас гадна манай улсын хөгжлийн бодлого дөрвөн жилийн настай яваад байна. Энийг яаж өөрчилж, хөгжлийн бодлогоо удаан хадгалах вэ?
-Хөгжлийн бодлого гэхээр бид ер нь хөгжлийн бодлоготой явж ирсэн үү, үгүй юү гэдэг асуудал босч ирнэ. Манай энэ байшингийн буланд Соёмбот цамхаг гэнэ үү нэг байшин барьж байна. Дөрвөн жил боллоо. Ганц байшинг дөрвөн жилд багтаагаад барьж дуусгахгүй улс орон хөгжлийн хөтөлбөрөө дөрвөн жилээр гаргаад яанав дээ. Дараа нь нэг нам гарч ирээд өөрийнхөөрөө өөрчлөөд явна. Гаднын мөнгөтэй хүмүүс ирээд манай баялгийг ухаад бид нар мөнгөтэй болно гэх бол хөгжлийн бодлого биш. Хөгжлийн бодлогыг хэн хадгалж явах вэ гэдэг асуудал маш чухал, одоо их хурцаар тавигдаж байна. Засгийн газар сонгуулийн дөрвөн жилд хамгийн багадаа хоёр солигдож байгаа ийм нөхцөлд хөгжлийн бодлогыг гүйцэтгэх засаглалд хадгалах тухай ойлголт байхгүй. Засгийн газар өөрөө хэдэн олигархуудын халаасанд ороод явж байхад тэднээс улсын хөгжлийн бодлого хэрэгжүүл гэж шаардаад, асуугаад ч хэрэггүй.
-Байгаа бодлогыг үргэлжлүүл гэж шаардах ч утгагүй юм биш үү?
-Магадгүй, тэдний хувьд үргэлжлүүлэх ч шаардлагагүй байх л даа. Яагаад гэвэл тэд нар чинь тодорхой бүлгийн сонирхлыг Монголын төрд шургуулах гэж орж ирсэн улсууд шүү дээ.УИХ-д хадгална гэхээр парламент маань өөрөө гуйвж дайваад, захиалгат хууль батлаад байгаа нь зовлон болоод байна. Тэгэхээр хөгжлийн бодлогыг миний бодоход өнөөдрийн нөхцөлд төрийн тэргүүн-Ерөнхийлөгч хадгалж явах нь илүү найдвартай байж болох тал бий. Яагаад гэвэл Монголд ганцхан Ерөнхийлөгч л бүх ард түмний сонгуулиар сонгогддог. Улсаараа нэг тойрог болж сонгодог.
-Бас төрд зүтгэсэн туршлагатай, бодлогыг залгамжлаад аваад явах чадвартай хүмүүсээ ч дөрвөн жилээр сольдог. Хэдийгээр сонгуулийн дүнгээр солигддог ч төрийн хар хүн гэмээр зарим хүнийг төрд яаж удаан хадгалах, байлгах вэ?
-Зөв, чадвартай хүмүүсийг төрд яаж удаан хадгалах вэ гэдэг их сонин. Зөв яваа нь намтайгаа зөрчилдөнө. Нам нь “чи намын шугамаас гажлаа” гэж эхлээд дарамтална, бүр болохгүй бол “чамайг дахиад нэр дэвшүүлэхгүй” гэж айлгана. Жишээ нь, 2004 оны сонгуулиар АН чинь Амаржаргал гэж Монгол Улсын Ерөнхий сайд байсан хүнээ нэр дэвшүүлээгүй ш дээ. Тэгээд Амаржаргал бие дааж нэр дэвшээд сонгогдсон. Өнөөгийн нөхцөлд Амаржаргал шиг улстөрийн эр зоригтой, бас сонгогдоод гараад ирэх нь хэд билээ, намуудын хэрчээс дундуур туучиж чадах нь хэд билээ гэдгээ бодох ёстой. Тийм учраас төрийн хүнийг төрд нь хадгалахын тулд тэднийг олон түмний өмнө гарах, олон түмний сонголтод орох бололцоог л тавьж өгмөөр байгаа юм. Тэгэхгүй зөвхөн нам мэдээд байхаар намын доторхи бүлэглэлүүд, намын удирдлага, фракцын тэргүүнд л ойр, үнэнч хүмүүс нь нэр дэвших, албан тушаалд хүрэх мандат авч байна. Ийм схемээр явбал бид нар Монголд хэрэгтэй, олон түмний төлөө ажиллаж чадах хүнээ төрд гаргаж сонгож, гарсныг нь байлгаж хэзээ ч чадахгүй. Аль ч намд зөв, Монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүс олон бий. Бас аль ч нам дотор зөв үзэлтэй хүмүүс бий. Тэр хүмүүсээ гаргах боломжийг намууд хаагаад байна. Миний бодоход 2016 оны сонгуульд намынхаа жагсаалтаас хасагдсан, намын удирдлагад таалагдаагүйн төлөө дэвших эрхээ алдсан нэлээд олон хүн бие дааж нэр дэвших болов уу даа.
-Одоогийн төр, засгийн төвшинд төр байлгах, хадгалах зөв хүмүүс гэвэл хэр олон байна вэ, таныхаар?
-Хатуу ч гэсэн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид 1990 он хүртэл социалист нийгэмд амьдарч ирсэн. Одоо ардчилсан нийгэмд амьдарч байна. Энэ хоёр бол огт өөр, явах зам огт ондоо нийгэм. Одоогийн хүмүүс дотор 1990 онд ямааны маханд дугаарлан зогсч байснаа мартчихсан, Лоохууз, Чойномыг шоронд хийж, Тангадын Галсанг цөлснөө мартчихсан, өмч хөрөнгөтэй гээд өмчөө хураалгаж явснаа мартчихсан хүмүүс олон байна. Бүгдээрээ л нэг нуурын уснаас гэнэт гарсан мэт санадаг хүн олон байна. Тийм биш шүү дээ. Социалист нийгмийн тэр үзэл санаа, үйлийн үр одоо ч Монголыг хэмлэсээр л байна, нэгд. Хоёрдугаарт, ардчиллыг эхлүүлсэн хүмүүс бол тухайн үеийнхээ тогтолцооны эсрэг боссон улсууд. Чухам тэдний эхлүүлж, Монголын ард түмний дэмжсэн ардчиллын ачаар бид өнөөдөр 60 сая малтай, төрөө сонгох эрхтэй, хэвлэл мэдээлэл нь нээлттэй, өмчтэй, шашинтай, гаднын ямарч орон руу дураараа явах паспорттой болчихоод сууж байна. Бид энэ бүхнийгээ бодож, бас мартахгүй явах ёстой. Үүний төлөө тэмцэж, ардчиллын үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд зүтгэсэн хүмүүс бол манай үндэсний алтан фонд. Харин өмнөх нүглээ мартчихаад, өнөөдөр ардчилсан нийгмийн шимийг хүртэж яваа улсууд Монголын ард түмний нэг л хэсэг. Тэд сайхан амьдрах эрхтэй, сайхан амьдраг. Бидэнд үзэл санааны хандлага их чухал.
-Тэгэхээр та АН-ынхан л төрд байж байг гэх гээд байна уу?
-Шуналд автснаараа АН, МАН хоёр хоёулаа адилхан чөтгөр болсон. Ард түмний нүдэн дээр л нам гэж ялгараад байдаг болохоос нэг хармаатай болчихсон, хоёр дүрээр амьдарч яваа хүмүүс. Тийм хүмүүсийг нийгэмд дахин гаргах, гарсан тохиолдолд улирааж хадгалах хэрэггүй. Харин Монголоо гээгээгүй, эх орноо гэсэн үзэлтэй нь МАН-ынх, АН-ынх гэлтгүй, Монголын төрд байж байх л ёстой.
-Жишээ ньхэн гэж, нэр хэлж болох уу?
- Философийн асуудал юмуу даа гэж би бодох юм. Нийгэмд юу үнэтэй вэ. Алт үнэтэй гэвэл түүнээс үнэтэй юм байна уу гэж. Монголын түүхийн туршид монгол төрийн мандаж сэргэж байх үед төрийн жолоог барьж явсан хүмүүс хэд билээ. Гарын арван хуруунд багтана шүү дээ. Монгол төр будилж явсан үед л монголчуудын заяа доройтдог. Тэгэхээр төрөө барих хүн, олон түмний итгэх хүн түүхэнд маш ховор байдаг юм. Тэдгээрийн дундаас төрийн жолоог тэгш барьсан хүн бол тухайн үндэстний эрдэнэ, үнэт өв, үнэт баялаг нь гэж болно. Энэ талаас нь харвал төрөө барьж, төрийн багана түшиж явсан хүмүүсийн тухай бодно л доо. Тэдэн дундаа төр барьж байгаа хүмүүсийг асуудал бүр онцгой. Бид нар анх ардчилалд шилжихдээ Европынхон шиг төрийн удирдагчдаа шоронд хийхгүй юмсан, гудамжинд нохой шиг буудахгүй юмсан гэж төрөө эрхэмлэж, үндэсний эв нэгдлийн зарчмыг барьж л явсаар өдийг хүрлээ. Тэрнээс хойш төрийн тэргүүнээр ажилласан дөрвөн хүн бий. Бид ардчилсан нийгэмд, ардчиллыг бэхжүүлэх гэж улсаара зүтгэж явна. Алдсан оносон нь бий л байх. Тэдэн дундаас тодорхой хүн гэвэл Элбэгдорж гэдэг хүн Ерөнхийлөгч болсон үед Монголд юу өөрчлөгдөв өө гэдгийг бодох ёстой. Нэгд, Монгол Улсын гадаад нэр хүнд, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр дээшилсэн. 2011 оны есдүгээр сарын 12-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоол гарч, байнгын таван гишүүн орон нь гарын үсэг зураад, Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхийг дэлхийн бүх улс орнуудад уриалсан. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхийн төвшинд баталгаажуулсан маш том баримт. Миний мэдэхээр Аюулгүйн зөвлөлийн гишүүн таван улсаар ингэж гарын үсэг зуруулсан тогтоолтой улс дэлхийд байхгүй. Хоёрт, өнөөдөр Монгол орон хоёр хөрштэйгөө үлэмж сайн харилцаатай, стратегийн түншлэлийн төвшинд хүрлээ. Энэ бол хүнд хэцүү, далайд гарцгүй гэж яригддаг байсан бидний газарзүйн байршлыг давуу тал болгож хувиргасан хэрэг. Одоо бид дэлхийн хоёр том зах зээлийн дунд, хүсвэл далайд гарах замтай боллоо. Эдийн засгийн, улстөрийн маш том ололт гэж энийг л хэлнэ. Өмнөх гурван Ерөнхийлөгчийн аль нь ч энийг хийж чадаагүй. Элбэгдорж Ерөнхийлөгч өнөөдөр Монголын төрийг хариуцлагатай болгохын төлөө өөрийн үзэл бодол, өөрийнхөө санаачилгыг ард түмэндээ ил тод тавьж яваа хүн. Хариуцлагын тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль, Шилэн дансны тухай хууль ярьж явна. Хэрвээ эдгээр хууль зөв батлагдаад, зөв хэрэгжүүлбэл, Монголын нийгмийг нэлээд хүчтэй өөрчилж чадна. Ер нь Элбэгдорж гэж хүнийг би 1989 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш мэднэ. Энэ хүн Монголд ардчиллын үзэл санааг дэлгэрүүлэхийн төлөө 25 жил зүтгэж яваа. Нийгмийн хувьсгал хийгээд улстөрийн өрнөлттэй үеүдэд тэрний давалгаа, хөөсөн дээр хөөрч гардаг, тодордог хүн олон л байдаг юм. Үйл явдлын урсгал дунд тэдний зарим нь живдэг, зарим нь замаасаа гажаад явдаг. Харин Элбэгдорж гэдэг хүн 25 жилийн туршид энэ замаасаа хойшоо нэг ч алхам буцаагүй, хажуу тийш нэг ч алхам хазайгаагүй. Элбэгдорж бол үзэл бодолдоо үнэнч явж, ардчиллын туг хазайх болгонд түшиж босгож ирдэг хүн. Энэ утгаараа энэ хүн бол төрд ч, улстөрд ч, нийгэмдээ байх ёстой үндэсний баялаг гэж хэлнэ.
-Гэтэл Элбэгдорж Ерөнхийлөгч ахин сонгогдох боломжгүй. Бас албаа өгөөд улстөрийг орхино гэдгээ мэдэгдчихсэн шүү дээ?
-Ерөнхийлөгчөөр ахин улирч сонгогдохгүй нь ойлгомжтой. Үндсэн хуульд юу гэж заасан түүгээрээ л явна. Гэхдээ ганцхан Ерөнхийлөгч л байвал улс орондоо хувь нэмэр оруулдаг гэсэн үг биш шүү дээ. Нийгэм өөрөө ийм чадавхитай хүнээ түших л хэрэгтэй. Манайханд нэг муухай ойлголт байдаг. Хүнийг ашиглах гэж. Тийм биш, үндэстэн нь өөрөө ийм чадавхитай хүнээ түшиж авч явах ёстой. Би Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн албаа өгсний дараа Монголын улстөрөөс холдохгүй байх л гэж боддог. Нийгэм ч өөрөө Элбэгдоржийг холдуудахгүй, орхихгүй байх аа.
-Түүнээс өөр хүн алга уу?
-Монгол төрдөө сайхан зүтгэж байгаа улс олон байна аа. Би өөрийнхөө Засгийн газрын гишүүдээ хэлье л дээ. Бид чинь 16,17-уулаа байлаа. Одоо Амарсанаа маань Цэцийн дарга хийгээд явж байна. Дорлигоо, Цолмон, Да.Ганболд маань ч явж л байна. Бусад цаг үед улс орныхоо төлөө чамгүй зүтгэж явсан, бүтээж явсан хүн олон бий. Тэднийг тухайн төвшин төвшинд нь үнэлэлт дүгнэлт өгөөд тэднийгээ түших тухай асуудал нийгэмд бий. Хамгийн гол нь ийм механизм ямар байх вэ гэдэг чухал. Монгол төр таван салаатай юм. Анх Өгөөдэй хаан Засгийн газар гэж байгуулсан. Чингис хааны үед Засгийн газар гэж байгаагүй юм ш дээ. Өгөөдэй хааны байгуулсан Засгийн газрын таван яамны нэг нь Түшмэдийн яам гэж байсан юм. Түшмэд хүнийг олж сонгох, дэвшүүлэх, буулгах асуудлыг хариуцдаг яам. Энэ бол өнөөдрийн төрийн боловсон хүчнийг сонгож томилдогтой адил юм. Гадаадад бол төрд ажиллах ирээдүйтэй нөхдийг чанартай их дээд сургуулийн оюутан байхаас нь эхэлж тодруулдаг юм ш дээ. Тэгээд төрийн тусгай албад нь мөрдөж судалж байдаг. Харин манай өнөөдрийн Төрийн албаны зөвлөл бол төсөл дээр ажилладаг, намын захиалгат томилгоог баталгаажуулдаг л газар болчихоод байх шиг байна. Хамгийн харамсалтай нь өнөөдөр төрийн сайд хийж байгаа хүн тавдугаар ангийн тоо бодож чадахгүй л байна ш дээ. Бид сайд болох хүнээ олох шаардлагатай болохоос, мөнгөө төлсөн нь сайд болж болохгүй. Төрийн хүндээ тавих монголчуудын, Монголын төрийн шалгуур дэндүү доошоо унасан байна.
-Шалгуур унана гэдэг нь төр сул байгаагийн шинж шүү дээ. Төрийг яаж хүчтэй болгох вэ?
-Чадалтай, сэтгэлтэй хүнээ төрд гаргах, үлдээх гэсэн ганц асуудлаар шийдэхгүй. Цогцоор шийднэ. Төр бүрдүүлэх, төр байгуулах тогтолцоо, механизмаа өөрчлөх ёстой. Намуудад хэт итгэх, нам гэж сул тавьсан бүлэглэлүүдэд тавих шаардлагыг өндөр болгох ёстой. Тэр нам хүнээ олж, олон түмний өмнө нүүр бардам явдаг, амласнаа биелүүлээгүй бол тардаг байх тогтолцоо хэрэгтэй. Бас төрийн хүнийг сонгодог, боловсруулдаг тогтолцоогоо үндэсний амин чухал тогтолцоо болгож Үндсэн хуулийн институц болгомоор байгаа юм. Төрийг хүчтэй болгоно гэхээр цэрэг цагдаа олонтой төр л байгуулах нь гэж боддог. Хүчтэй төр гэдэг чинь хууль нь зөв, зөв хууль нь гарцаагүй хэрэгждэг л байх ёстой. Нийгмийнхээ амьдралыг зохицулж чадах чадвартай төрийг л хүчтэй төр гэнэ. Төр эрүүл байж л тийм чадвартай болно. Харин сул төртэй байх, зохион байгуулалтгүй байх нь Монголыг мөхөөх л арга.
-Хүчтэй төр гэхээр зарим хүн Ерөнхийлөгчийн засаглал ярьж, нэг хүний дарангуйллыг хүслээ гэж шүүмжилдэг. Тийм учраас парламентын засаглалаа төгөлдөржүүлнэ гээд Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох гээд байгаа биз дээ?
-Харин тэгдэг юм. Ерөнхийлөгчийн засаглал, парламентын засаглалыг өөд өөдөөс нь сөргүүлж тавьдаг. Энэ бол асуудлыг гацаах сонирхолтой хүмүүсийн зохиосон л мэргэн оньс.
-Ямар асуудлыг?
-Хүчтэй төрийг бүрдүүлэхийг гацаах хэсгийн л сонирхол. Ерөөсөө төр бол Ерөнхийлөгчийн, парламентын гэдэгтээ байдаггүй. Одоогийн ардчиллын загвар тогтолцоо бол 1789 оны Францын хувьсгалаас хойш дэлхийд түгсэн тогтолцоо. Францын Үндсэн хуулийг аваад үзэхээр тэнд, Ерөнхийлөгч нь төрийн тэргүүн, координацын үүрэгтэй, Засгийн газар нь тусдаа байгуулагддаг, парламент нь хоёр танхимтай. Монголд парламентын эсвэл Ерөнхийлөгчийн засаглал байна гэж маргадгийн цаана парламентын гэх нэрээр УИХ-д суусан олиграхи бүлэглэлүүд бүх юмыг гартаа авахын тулд одоо Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгогдог болгох төслийн тухай ярьж эхэлж байна. Ийм санаа эртнээс байсан. Одоо ил ярьдаг болж. Бүх ард түмнээс сонгодог Ерөнхийлөгчийг энэ 76 хүний олонхиор сонгоно гэвэл уул уурхайн асуудалд ханддаг шигээ худалдагдаж төрийн толгой дээр хэн нэгэн мөнгөтэй хүн залраад сууж байхыг үгүйсгэхгүй. Мөнгөө төлсөн нь, хамгийн их мөнгө төлсөн бүлэглэл нь улсын Ерөнхийлөгчтэй болох механизм руу орох гээд байна. Энэ бол төрийг сулруулах л гэсэн нэг санаа. Хэрвээ өнөөдрийнх шиг ийм сул, гацаанд орчихсон УИХ-тай үед төрийг хүчтэй болгох нэрийн дор парламентын засаглалын төгс хэлбэрийг сонгоно гээд Ерөнхийлөгчөөрөө оролдвол Монгол Улсад үндэсний гамшиг болох байх.
-Уг нь парламентын засаглалтай оронд Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог. Манайх болохоор заримдаа хагас Ерөнхийлөгчийн, заримдаа хагас парламентын засаглалтай юмшиг байдаг нь бас үнэн.
-Хоёр засаглалын тухай асуудал биш үү дээ. Энэ хоёрын чинь дунд өөр тогтолцоо байгаа юм. Манай Ерөнхийлөгч бол Үндсэн хуулиараа монгол төрийн тэргүүн. Хэрвээ төрийн тэргүүн юм бол монгол төрийн нэгдмэл үйл ажиллагаа, эв нэгдлийн төлөө энэ хүн хариуцлага хүлээ ёстой биз. Гэтэл Үндсэн хуульд, УИХ бол төрийн дээд байгууллага гээд бас заачихсан. Тэгэхээр хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалыг нэгтгэж координаци хийх боломж Ерөнхийлөгчид байхгүй байгаа юм.
Манай УИХ яагаад дураараа аашлаад, засаглах гээд байдаг вэ гэвэл их олон давхар хуяглалд орчихсон. УИХ-ын гишүүнтэй, УИХ-тай хариуцлага тооцох, буцааж татах тогтолцоо байхгүй. Хариуцлагын тогтолцоог хийж, УИХ-ыг тараадаг механизмыг бий болгох хэрэгтэй. Манайхан Японыг их жишээлдэг. Тэнд Ерөнхий сайд нь парламентаа тараах эрхтэй гэж. Тэр үнэн. Тэгвэл тэнд, Японы Үндсэн хуульд зааснаар Эзэн хаан Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг парламентад оруулбал тайлбар тавихгүй, шууд огцруулдаг. Ийм эрх мэдэл Ерөнхийлөгчид байж гэмээнэ төрийн тэргүүн координацийн үүргээ гүйцэтгэдэг.
-Ер нь төр хүчгүй, улстөр ороо бусгаа байгаа нь Монголын төрд ч, улстөрд ч манлайлах лидер байхгүйтэй холбоотой юу?
-Манлайлах лидерийн хувьд жишээ нь АН ямар замаар явж ирэв ээ гэдгийг бод. Өнөөдрийн АН бол унаж босч ирсэн таван намын нэгдэл. Одоогийн АН-ын бодлого, засаг төрийнх нь өнгийг харвал дангаараа засаг төр барих чадваргүйгээ хүлээн зөвшөөрч сөрөг хүчин МАН-ынхаа өмнө буулт хийсэн л улстөр яваад байна. Үүгээр би сөргөлдөөнд уриалдаад байгаа юм биш. Шинэ нийгмийнхээ төлөө явах нь яваад зогсох нь зогсоод ялгардаг байх хэрэгтэй гэсэн санаа. Урагшаа явж байгаа энэ зам дээр АН-ыг хөтлөх лидер байна уу гэвэл бий. АН дотор ч, гадна ч бий. Харамсалтай нь тэд эргэн тойрон бат хүрээлэгдсэн намын удирдлагын хатуу бүтэц рүү нэвтэрч чадахгүй байна. Ийм улстөрийн намуудтай байгаа нөхцөлд олон түмнээ ойлгодог, тэдний хүндэлдэг хүн лидер болж дээшээ гарах хэцүү. МАН-д ч тийм байна. Түүнээс бус Монголд үзлийн лидер байна. Гагцхүү тэр нь төр засаг, улстөрийн бүтцээр дамжиж тодрох боломж алга.
-Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаар ажиллаж байсан хүмүүсээ төрд буцааж ашиглах ёстой биш үү. Ашиглахгүй учраас тэд одоогийн төрийнхөө эсрэг хүчтэй шүүмжлэгч болдог байдал ажиглагдаж байна уу, үгүй юү?
-Энд хэд хэдэн ноцтой асуудал бий. Монгол Улс түүхэн шилжилт хийж байна. Хуучин нийгэм, ардчилсан нийгмийн үед засаг толгойлж байсан улсууд ч байна. Улстөрийн намууд чинь үргэлж нэг халаастай байгаагүй юм ш дээ. Бас үзэл бодлоороо үзэлцдэг, маргадаг байлаа. Ийм цаг үед төр түшиж явсан хүмүүс эргээд нэг дор суухаараа төрдөө нэмэр болохоосоо нэрмээс болох нь их байж магадгүй гэж би санадаг юм. Өөрсдөө улстөрийн янз бүрийн сонирхолд хөтлөгдөнө. Төрд ажиллаж байсан улсууд дотор улстөрийн сонголт хийсэн улсууд бий. Би тэдний нэг. Би бизнес эрхлээгүй, төрийн албанд оръё гээгүй. Харин ч намайг төрийн албанд эргэж орооч, зүтгээч гэж олон удаа санал тавьсан, Би нэгэнт сонголтоо хийсэн гээд татгалзаад явдаг. Хоёрт энэ улсууд дотор төрийн албаа орхингуут бизнес хөөгөөд, тодорхой компанийн эрх ашгийг хамгаалаад явчихсан улсууд бас бий. Энэ хүмүүс төрд эргээд санаа оноо хэлэхээрээ өөрийнхөө бизнесийг наах, шургуулах гэж оролдохыг үгүйсгэхгүй. Тэгэхээр энэ бүхнийг хязгаарласан мехнизм байж төрд өндөр алба хашиж байсан хүмүүсийг эргэж ашиглаж болох юм. Жишээ нь, Күнзийн үеэс Хятадын төрд тогтсон нэг жишиг бол, төрд өндөр алба хашиж байсан хүнээ төрсөн нутагт нь харш барьж өгөөд тийш нь явуулдаг байж. Энэ нь төрөөс холдуулж байгаа арга шүү дээ.
Улс нийгэмд үзэл бодол, байр суурийн ялгаа хэрэгтэй. Түүнээс бус, шүүмжлэлт хандлагаар амьдарч, ангид байж болохгүй. Шүүмжлэл дунд санаа хэлж өгөх, эднийг хөндлөнгийн нүдээр харах нь бидний үүрэг, бидний хэлсэн үгс эдэндээ нэмэр болох нь л хамгийн чухал.
-Эцэст нь танаас хоёр зүйл асууя. Та бол Монголын ард түмний хувьд үгийг нь сонсох ёстой хүмүүсийн нэг. Эх оронч үзэл гэж юу вэ. Нэг хэсэг нь эх орныхоо төлөө гэх юм. Гэтэл тэднийг нөгөө хэсэг нь популизм, популистууд гэх юм.
-Наадахь чинь үнэхээр асуудал болчихоод байна. Популизм бол олон түмнийг хуурч мэхлээд тэдний санаа сэтгэл, дэмжлэгийг өөртөө авах гэсэн улстөрийн арга. Энэ талаас нь аваад үзвэл 2000 оноос хойш намуудын мөрийн хөтөлбөр дандаа худлаа байлаа. Монголын шилдэг популистууд бол манай улстөрийн намууд. Энэ популизм өнөөдөр чамайг хийж бүтээх бололцооноос чинь илүү сайхан амьдруулна гэж хуурч яваад өнөөдөр өвөг дээдсээсээ өвлөж үлдээсэн газар шороо, эрдэс баялгийг үрэн таран хийлээ. Монголын хойч үеийн амьдралыг барьцаанд тавиад зээл авлаа. Одоо монгол төр дампуурлын ирмэгт очлоо. Монгол төр түүхэндээ дампуурлын ирмэгт очиж байгаагүй юм. 2017 он бол эдийн засгийн хувьд их хүнд жил болно. Энэ бол популизмын үр дүн. Эх оронч үзэл хэрэгтэй. Эх орон гэдэг тэр хүний төрж өсч хүн болсон орон зай нь, газар нутаг, хэл соёлын орон зай нь. Монгол эх орон монгол хүнийг л төлөвшүүлж гаргаж ирдэг. Монгол хүн Монголдоо л монгол болж төлөвшинө. Энэ бүх өвийг сэтгэлдээ тээж, тээж чадаж яваа хүн бол эх оронч. Манайхан ярьдаг л даа. Коммунистуудын нуугдах эцсийн орон зай нь эх оронч гэх үзэл гэж. Зарим талаар бас үгүй л дээ. Тэд заримдаа, зарим талаараа үнэхээр эх орончид байдаг юм. 1990 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер Монголд ирсэн юм. Монголын ардчиллагчид коммунистуудынхаа талаар ямар бодолтойг танадах гэж ирсэн шиг байгаа юм. Тэгээд манай ардчилсан хүчнүүдийн төлөөлөлтэй уулзаад асуусан байдаг юм. Та нар коммунистуудтайгаа ямар харилцаатай байдаг вэ гэж. Тэгэхэд Баабар “Манай коммунистууд бол эх орончид оо” гэж эерэг утгаар хариулсан байдаг юм. Тэгэхэд нь Бейкер “тэгвэл та нар дотооддоо учраа олоод явж чадах юм байна” гэсэн гэдэг. Тэрний ачаар Монголын ардчилсан хувьсгал хүний аминд хүрэхгүйгээр, түүхээ баллахгүйгээр амжилтад хүрсэн юм шүү дээ. Гэтэл Монголыг ийм амжилттайгаар ардчиллын замд орсонд одоо ч өшөрхдөг хүмүүс гадна, дотногүй байдаг л юм.
-Өөр нэг асуулт,манайхан, улстөрчид хүртэл хөгжих, баяжих хоёроо ялгахгүй байх шиг санагддаг. Та ялгааг нь хэлж өгнө үү?
-Баяжихаа хөгжлөө гэж бодож болохгүй л дээ. Харин хөгжсөний үр дагавар нь баяжих байж болно. Миний харамсан бодож явдаг зүйлийг л чи асуулаа. Сүүлийн 10 гаруй жилийн туршид Монголд тун эрчимтэй дэлгэрч байгаа нэг зүйл бол ерөөсөө л мөнгө шүтэх үзэл. Энэ нь хийж бүтээх чадвараасаа илүү баян амьдрах юмсан гэсэн шуналын сэдлээс үүдэлтэй юм уу даа. Энэ нь бусдын гар хөлийг харна, бусдын хараанд орно л гэсэн үг. Тэгээд бид баялгаа гадныханд өглөө, өр зээлэнд орлоо. Одоо эргээд тэднийхээ барьцаанд ч ороход ойрхон болж байна. Мөнгө бол хүний хөдөлмөрийн, бүтээх чадварын үр дүн болж ирдэг болохоос хүнээс мөнгө зээлж ирээдүй хойч үеийнхээ амьдралыг барьцаанд тавьчихаад өнөөдөр жип машин унаад үнэтэй байранд амьдраад яах вэ дээ. Энийгээ бид ойлгож, эрүүл ухаанаар тун нухацтай хандаж, эртхэн өөрийгөө олж авмаар байна. Хатуу дүгнэлт хийх цаг нь болсон. Мөнгө шүтэх үзэл бол монгол хүний, монгол үндэстний үнэт зүйл, уламжлалт сэтгэлгээнд их хүчтэй өөрчлөлт орж байнаа л гэсэн үг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн