Open iToim app
Эксперт | 7 мин уншина

​Б.Бат-Орших: Мөрдөгч, прокурор, шүүгчид алдах, алдаа гаргах эрх байхгүй

​Б.Бат-Орших: Мөрдөгч, прокурор, шүүгчид алдах, алдаа гаргах эрх байхгүй
Нийтэлсэн 2017 оны 5 сарын 24

“Эксперт” булангийн энэ удаагийн зочин Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.БАТ-ОРШИХ. Бид УИХ-аас саяхан баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн талаар ярилцлаа.

-Та Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг боловсруулах ажлын хэсэгт прокурорын байгууллагын төлөөлөл болж орсон. Энэ хуулийг боловсруулах явцад прокурорын байгууллага ямар байр суурьтай хандав аа?
-Прокурорын байгууллагыг төлөөлж биш ажлын хэсгийн гишүүн, хувь судлаачийнхаа хувьд ярилцлага өгч болж байна.
-За тэгвэл тохирлоо. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд байгаагүй ямар гол өөрчлөлт шинэ хуульд орж ирсэн бэ гэдгээс ярилцлагаа эхэлье?
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зарчмын шинжтэй олон шинэ зохицуулалтууд туссан. Тухайлбал бодит байдлыг тогтоох зарчимд үндэслэн мөрдөн шалгах ажиллагааг явуулах, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох хүртэл хэргийг түдгэлзүүлэхгүй шалгах, ингэхдээ уламжлалт байцаалтын аргаас татгалзаж мөрдөн шалгах бусад арга, ажиллагааг түлхүү хэрэглэх, гэрч хохирогч нарын аюулгүй байдал, эрхийг хамгаалах, хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх, шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаахгүй гэх мэт олон зохицуулалтыг дурьдаж болно.
- Шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаахгүй болсон байна. Энэ зохицуулалтын талаар тодруулж хэлэхгүй юу?.
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон зарчмын өөрчлөлтүүдтэй уялдуулан энэхүү зохицуулалтыг тусгасан гэж би ойлгож байна. Одоогийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар хүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулан сэжиглэснээр шалгах үндэслэл бий болдог. Тэгвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон гол өөрчлөлтийн нэг бол хүнийг “сэжиглэж” биш харин тухайн хүн, хуулийн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай баримт, нотлох баримт байгаа тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татдаг тогтолцоог оруулж ирсэн. Хоёрдугаарт, үйлдсэн хэрэг тус бүрт нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, шүүхэд шилжүүлэх процессыг бичиж өгсөн. Ингэснээр одоогийн нэг хүнд эрүүгийн хэрэг үүсгээд тухайн хүний үйлдсэн байж болзошгүй бүх хэргийг хамаатуулан шалгаж дуусгах гэсэн практикаас ангижрах төдийгүй хэрэг удаан хугацаанд шалгагдаж, тэр хэмжээгээрээ оролцогч нарт учирдаг байсан гомдол чирэгдэл байхгүй болно. Товчхондоо хэлбэл нэг хүн эсхүл нэг хуулийн этгээдийн үйлдсэн олон гэмт хэргээс хэрэг шалгах явцад аль нэг нь хангалттай нотлогдсон гэж прокурор дүгнэвэл тухайн хэргийг нь тусгаарлан шүүхэд шилжүүлж гэм бурууг нь шийдвэрлүүлэх боломжтой болсон гэж хэлж болно. Гуравдугаарт, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн талаар хуульчилж өгсөн. Энэ хэлэлцүүлгийн үед улсын яллагч болон оролцогч тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс шүүхэд хандаж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хууль зөрчиж нотлох баримт цуглуулсан эсэх, оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хягаарласан эсэх, мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлттэй эсэх гэх мэт 17 асуудлын талаар хүсэлт гаргаж эсхүл шүүх өөрийн санаачилгаар хянаж шийдвэрлэхээр тусгасан. Шаардлагатай гэвэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэдэн ч удаа хэргийг прокурорт дээрх үндэслэлүүдээр буцаах боломж нь нээлттэй. Дөрөвдүгээрт. Шүүх хуралдааны явцад талуудын хүсэлтийг үндэслэн шүүх нь хэрэг гарсан газар, орон байранд үзлэг хийх, туршилт хийх, нэмэлт шинжилгээ хийлгэх зэргээр тодорхой ажиллагаа явуулах эрхтэй болсон. Тийм учраас хэргийг шүүх хуралдаанаас буцаахгүйгээр шийдэх боломж байна гэж харж байгаа.
-Хуульд өмгөөлөгчийн ажиллах нөхцөлийг хангасан ямар заалтууд орсон бэ?
-Өмнөх хуультайгаа уялдуулдан өмгөөлөгчийн эдлэх эрх, үүргийг нь хэвээр хадгалснаас гадна гэрч өмгөөлөгч авах, тухайн хүний сонгосон өмгөөлөгч хүрэлцэн ирээгүй тохиолдолд улсын өмгөөлөгчийг оролцуулах, цагдан хоригдсон яллагдагчтай ганцаарчлан уулзах өрөө нь харилцааны нууцлалыг хангасан байх гэх мэт шинэ зохицуулалтууд тусгагдсан. Хоёрдугаарт, өмгөөлөгч нь оролцогчдын эрхийг хангуулах, хууль зүйн туслалцаа үзүүлэхэд гол үүрэгтэй хүмүүс. Тэгэхээр оролцогчийн эрх талаас нь үзвэл, эрхийг нь баталгаажуулсан, хангасан олон заалт орж ирсэн.
-Тухайлбал?
-Хуулийн байгууллагын ажилтнууд нь яллагдагч, гэрч, хохирогч нарыг онцын шаардлагагүй байхад дууддаг, үүдэндээ удаан хугацаагаар хүлээлгэж чирэгдүүлдэг гэж хүмүүс шүүмжилдэг. Шинэ хуулиар бол прокурор, шүүгчийн мэдэгдэх хуудсаар дуудсан бол заавал очих үүрэг хүлээнэ. Харин мэдэгдэх хуудсаар дуудсан байхад очоогүй тохиолдолд албадлага хэрэглэх эрх зүйн үндэс бүрдлээ. Хоёрдугаарт, тодорхой ажиллагаа хийгээд тайлбар, тодорхойлолт авчихаад маргааш нь “Таниас гэрчийн мэдүүлэг авах гэсэн юм” гэж дууддагыг хумьж өгсөн. Өөрөөр хэлбэл, иргэнээс мэдүүлэг авсан л бол түүнийгээ нотлох баримтаар үнэлээд явах боломжийг нь бүрдүүлсэн. “Гэрч гэж асууж байгаад сэжигтэн болгох гээд байна. Ингэж нөхцөл байдлыг хүндрүүлээд байна” гэдэг шүүмжлэл байсан. Шинэ хуулиар иргэнээс гэрчийн мэдүүлэг авч байхад өөрийг нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл өмнө хэлсэнчлэн гэрч өөртөө өмгөөлөгч авах эрхийг нь нээж өгсөн.
-Иргэнийг гэмт хэрэгт сэжиглэж 72 цаг саатуулчихаад “Уучлаарай та гэм буруугүй байсан байна” гээд сулладаг. Үүнээс болоод хүний эрхийг ноцтой зөрчлөө гэсэн шүүмжлэл гардаг. 72 цаг байсныг 24 цаг болгоё, 48 болгоё гэж байгаад сая 48 цагаар баталлаа?
-Мөрдөн байцаалтын хугацаа, цагдан хорих хугацаа, баривчлах хугацааг богиносгосон. Жишээлбэл, мөрдөн байцаалтын үндсэн хугацааг нэг сар болгосон. Баривчилж саатуулж байгаа бол 48 цагаас хэтрэхгүй байх ёстой. Ингэснээр эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа сэжигтэн, яллагдагчийн эрх зүйн байдал дээрдэхээс гадна мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулах шаардлагатай болж байна.
-Оргон зайлж болзошгүй гэсэн шалтгаанаар иргэний хилээр гарах эрхийг нь хязгаарладаг. Гэтэл нөгөө хүн нь энд ажил төрөлтэй, аав ээж, гэр бүл нь энд. Үүнээс үүдээд таслан сэргийлэх арга хэмжээ үндэслэлгүй байна гэсэн гомдол гардаг. Энэ асуудлыг яаж хуульчилсан бэ?
-Одоо бид сэжиглэж сэжигтнээр тооцоод, тухайн хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авдаг байсныг болино. Цугларсан хангалттай нотлох баримтад тулгуурлаж эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсаны дараа тухайн хүнд ямар таслан сэргийлэх арга хэмжээ авахыг шийднэ. Таны саяын асуусан арга хэмжээг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ нэртэйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан. Энэ таслан сэргийлэх арга хэмжээ нь яллагдагчийг тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тодорхой газар очих, тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх зэргээр зарим эрхийг нь хязгаарласан, гэрч хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалахад чухал үүрэгтэй арга хэмжээ юм.

-Цагдан хорих байранд гүйцэтгэх ажил явуулна, явуулахгүй гэж маргасан. Бас малын хулгайн хэрэг дээр цагдан хорих байранд гүйцэтгэх ажил явуулах мөртлөө авлига, албан тушаалын хэрэг дээр явуулахыг хориглох гэж байна гэдэг шүүмжлэл гарсан. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?
-Сүүлд ажлын хэсэг болон УИХ дээр яригдаж байгаад цагдан хорих байранд мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах боломжийг тодорхой хэргүүд дээр нэмж өгсөн. Энэ нь Монгол Улсад үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралт, нийгмийн хор аюул зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр оруулж ирсэн зохицуулалт юм. Жишээ нь, манай улсад хамгийн их үйлдэгддэг гэмт хэрэг бол хулгай, хамгийн их нийгмийн хор аюултай гэмт хэргийн нэг нь авлига, албан тушаалын гэмт хэрэг байна. Энэ дашрамд хэлэхэд прокурорын зөвшөөрөлтэй явуулсан мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцохоор хуульчилсан нь энэ хуулийн бас нэг зарчмын өөрчлөлт юм шүү.
-Прокурорын байгууллагын эрх хэмжээ энэ хуулийг дагаад яаж өөрчлөгдөх вэ?
-Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд заасан чиг үүргийн хүрээнд шинэчлэн боловсруулсан хуулиудад прокурорын эрх үүргийг зохих хэмжээнд тусгаж өгсөн гэж ойлгож байгаа. Ялангуяа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан үеэс эхлэн хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэж дуусах хүртэл прокурорын хяналт, чиг үүргийг маш тодорхой байдлаар хуульчилж өглөө. Тухайлбал гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах, эрүүгийн хэргийг нэгтгэх тусгаарлах гэх мэт эрхийг прокурорт шилжүүлсэн. Түүнчлэн өмнөх хуулиар прокурор хэрэгжүүлж байсан хэргийг түдгэлзүүлэх, хэргийг хэрэгсэхгүй болгох зэрэг эрхийг хэвээр нь үлдээсэн. Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурор эрүүгийн хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх, “Хүний эрхийг зөрчүүлэхгүй байх гол манаач нь та юм шүү” гэсэн үүрэг юм. Нэг зүйлийг хэлэхэд, мөрдөн шалгах ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурор, шүүгчид алдах, алдаа гаргах эрх байхгүй. Учир нь, үүний цаана хүний эрх зөрчигдөх, нотлох баримтыг буруу зөрүү цуглуулснаас тухайн хэрэг шийдвэрлэгдэхгүй байх зэрэг ноцтой үр дагавартай байдаг.
-Прокурорт эсэргүүцэл бичих эрх нь үлдсэн үү?
-Эсэргүүцэл бичих эрх нь нээлттэй. Анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэрт прокурор болон шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч эсэргүүцэл, гомдол гаргаж болно. Харин Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас гаргасан шийдвэрт Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичихээр тусгагдсан.
-Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг дахин байгуулах шаардлагагүй гэж УИХ үзлээ. Ингээд иргэн гомдол гаргахаар цагдаа нь цагдаагаа шалгадаг, улмаар хэрэг нь замхардаг байдал хэвээр үргэлжлэх юм уу?
-Прокурорын мөрдөн байхгүй болсонтой холбоотойгоор АТГ, тагнуул, цагдаагийн байгууллагын ажилтан, албан хаагч нараас үйлдсэн гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяаллыг прокурор тогтоохоор хуульчилсан. Тэгэхээр АТГ-ын ажилтныг АТГ шалгахгүй, цагдаагийн ажилтныг цагдаа шалгахгүй байх хуулийн гаргалгааг хийж өгсөн гэж хэлж болно.
-Сүүлийн асуулт. Хэргийг ямар тохиолдолд түдгэлзүүлэх вэ. Эхлээд түдгэлзүүлээд, дараа нь хэрэгсэхгүй болгочихдог. Үүнээс болоод хохирогч хохирсноороо үлддэг гэх мэт шүүмжлэл гардаг.
- Хэрэг бүртгэлтийн явцад гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоох хүртэл эрүүгийн хэргийг түдгэлзүүлж болохгүй гэж заасан. Энэ нь хохирогчийн хууль ёсны эрх, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг нэг мөр хэрэгжүүлэх чухал алхам болсныг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Харин мөрдөн байцаалтын явцад буюу гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд тогтоогдсоны дараа хэргийг түдгэлзүүлэх үндэслэлийг цомхон болгож нэгдүгээрт өвчний улмаас, хоёрдугаарт, яллагдагч оргон зайлсан тохиолдолд, гуравдугаарт, яллагдагчийн олон улсын дипломат дархан эрхийг хязгаарлаагүй тохиолдолд түдгэлзүүлэхээр заасан.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн