Монгол Улсын эрчим хүчний нүүрсний хэрэглээ өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулж бүх боломжит хувилбарыг тусгасан Багануурын уурхайн урт хугацааны буюу хаалт хүртэлх Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг олон улсын стандартын дагуу боловсруулж хүлээлгэн өглөө. Уг арга хэмжээнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Багануур” ХК- ийн Гүйцэтгэх захирал М.Отгонбаяр болон Эрчим хүчний яам, Дэлхийн банкны Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл, Ранги Пинкок Минарко, Балчулуу компанийн төлөөллүүд оролцлоо.
2014 онд Багануурын уурхай нөөцөө нэмэгдүүлэх зорилгоор ордын хэмжээнд геологи хайгуулын ажлыг Норвест, Эрдгео компаниудаар хийлгүүлж, нүүрсний нөөцийг 274 сая тонноор нэмэгдүүлж 812 сая тонн болгосон юм. Уг нөөц дээр тулгуурлан Австралийн Ранги Пинкок Минарко болон Балчулуу компаниуд өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний нүүрсний хэрэгцээг хэрхэн хангах, техник технологийн шинэчлэлийг үе шаттайгаар хэрхэн хийх зэрэг техник, эдийн засгийн тооцооллуудыг боловсруулж гүйцэтгэв. Тодруулбал, Багануурын уурхайн хүчин чадлыг 2018 онд 6.5 сая тонн, 2019 онд 8.0 сая тонн, 2020 онд 10.0 сая тонн хүртэл нэмэгдүүлж, ил уурхайн эцсийн гүнийг 300 метр хүртэл ашиглалт явуулахаар тооцоолов. ТЭЗҮ-г хүлээлгэн өгөх арга хэмжээний үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Багануурын уурхай Монгол Улсын эрчим хүчний нүүрсний хэрэгцээний 70%, төвийн бүсийн 60%-ийг дангаараа хангадаг. Багануурын уурхайн нүүрсний нөөц өнөөдрийн байдлаар 812.0 сая тонн байна. Энэ нөөцдөө тулгуурлан жилд 10.0 сая тонноор олборлолт хийнэ гэж тооцвол Монголын эрчим хүчний нүүрсний эрэлтийг 60 гаруй жил тасралтгүй хангаж чадна.
Өнгөрсөн хугацаанд Багануурын уурхай дэлхийн уул уурхайн салбарт арвин туршлагатай Норвест, Эрдгео компаниудаар геологи хайгуулын ажлыг хийлгүүлж, олон улсын санхүүгийн тайлагналын стандартын дагуу Эрнст Янг компаниар аудит хийлгэсэн. Түүнчлэн олон улсын стандартын дагуу үнэлгээ хийлгэж, ТЭЗҮ-ээ шинэчлэлээ. Эдгээр бүх ажлууд нь олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах, хөрөнгө оруулалт татах, техник технологийн шинэчлэл хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Өнөөдөр хүлээн авч байгаа урт хугацааны ТЭЗҮ нь олон улсын санхүүгийн зах зээлээс санхүүжилт авахад чухал шаардлагатай бичиг баримт болно” гэдгийг онцлов. “Урт хугацааны ТЭЗҮ-д үйлдвэрлэлийн нөөцөөр тодорхойлсон 577.0 сая тонн нүүрсийг эдийн засгийн хувьд үр ашигтай олборлох, борлуулах боломжтойг тодорхойлсон. Хамгийн үр ашигтай хэсэг нь ордын хойт хэсэгт байрлалтай, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан ашиглалтын нөөцийн хэмжээнд тохируулан нүүрсний борлуулалтын үндсэн үнэ 40% өсөх нөхцлөөр тооцсон оновчлолын үр дүнд үндэслэн уурхайн загварчлалыг хийсэн” гэж “Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Отгонбаяр арга хэмжээний үеэр хэллээ.
Урт хугацааны ТЭЗҮ нь Дэлхийн банкны санхүүжилтээр “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-ийн хүрээнд программ хангамж, геологи уул уурхайн зураг төсөл, судалгааны Ранги Пинкок Минарко болон Балчулуу ХХК-аар боловсруулагдан гүйцэтгэгдэв. Багануурын уурхайн анхны ТЭЗҮ-ийг ОХУ-ын Гипрошахт институт боловсруулан жилд 1.0-4.0 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтайгаар ашиглалтад оруулж байжээ. Улс орны хөгжлийг дагаад эрчим хүч, дулааны хэрэгцээ огцом өсч цаашид эрчим хүчний нүүрсний хэрэглээ жил бүр нэмэгдэх тооцоо байна. Тодруулбал, ДЦС 5, ДЦС 4 өргөтгөл, ДЦС 3 250 МВ-ийн өргөтгөл мөн Багануур дүүрэгт 700МВ-ийн цахилгаан станц баригдана. Мөн уурхайг түшиглэн хагас кокс болон хийжүүлэх үйлдвэр, нүүрс шингэрүүлэх үйлдвэрүүд баригдахаар төлөвлөгдсөн бөгөөд эдгээр үйлдвэрүүд жилд 1-2.0 сая тонн нүүрс авна. Иймд 2020 онд Багануурын уурхайн хүчин чадлыг 10.0 сая тонн-д хүргэх зайлшгүй шаардлагатай байгаа юм.