УИХ-аас 2014 оны нэгдүгээр сарын 24-нд Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулж, тухайн үед шүүгч, прокурор, цагдаа, тагнуул, АТГ-ын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн холбогдсон хэргийг шалгадаг байсан 10 жилийн түүхтэй Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгасан юм. Прокурорын мөрдөнг татан буулгах энэхүү хуулийг тухайн үеийн Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Р.Бурмаа, О.Баасанхүү, Л.Цог, Ч.Хүрэлбаатар, Д.Оюунхорол, А.Тлейхан, Д.Хаянхярваа нар санаачилж өргөн барьсан. Хуулийг батлах явц маш түргэн хугацаанд үргэлжилж, санаачилсан гишүүдийн нэрийг нууцалж байв. Ш.Түвдэндорж дээрх хуулийг нэгдүгээр сарын 9-нд өргөн бариад л Хууль зүйн байнгын хороо хэлэлцэхийг дэмжиж, нэг, хоёрдугаар хэлэлцүүлгээр оруулан АН, МАН, МАХН-аас бүрдсэн хууль санаачлагчид УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр батлуулсан байдаг. Хууль хяналтынхныг шалгадаг тусгай ганц байгууллагаа татан буулгасан дээрх асуудал хожим нь хууль санаачлагч найман гишүүн цаанаа нээнтэгтэй байснаас шалтгаалсан байдаг.
Үүнээс хойш юу болов. Цагдаа нь цагдаагаа шалгаж чаддаггүй, АТГ шүүх, прокуророо атгаж айлгасан явдлаар үргэлжлэв. Цаашлаад иргэнийг эрүүдэн шүүх явдал гаарч, мөрдөн байцаагчдын дур зоргын асуудал ихсэв. АТГ, цагдаад хувааж өгсөн хавтаст хэргүүд замхрав. НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороо, Эмнести интернэшл, Хүний эрхийн үндэсний комисс болон хүний эрхийн бусад байгууллагууд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг дахин байгуулах асуудлыг тавьж ирлээ. Арга буюу 2016 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шинэчилсэн найруулгад, 2017 онд өргөн барьсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг “Дэмжлэг үзүүлэх алба” нэрээр дахин байгуулахаар тусгажээ. Энэхүү алба нь хуульд заасан хэргийн харьяаллаар мөрдөн байцаалт явуулах боловч мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах эрхгүй байх юм. Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн хэрэгжилтийн тухай Монгол Улсын анхдугаар болон хоёрдугаар илтгэлийг НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороогоор хэлэлцээд хуулийн байгууллагын ажилтны хууль бус ажиллагаа болон эрүү шүүлт тулгасан хэрэгт мөрдөн байцаалт явуулах чиг үүрэгтэй байсан Прокурорын мөрдөнг бэхжүүлэх, зохих ёсоор нь ажиллуулахыг зөвлөж байжээ. Гэвч Прокурорын байгууллагын тухай хуулийн 10, 45 дугаар зүйлийг хүчингүй болгосноор тус албыг татан буулгаж, эрүүл шүүлт тулгах гэмт хэрэг үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн харьяаллаар тухайн аймаг, дүүргийн цагдаагийн газар, хэлтэс шалгаж байгаа юм. Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн зүйл ангиар 2013 онд есөн хэрэг шалгагдаж байсан бол, 2016 онд хоёр тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
УИХ-аас намрын чуулганы сүүлийн өдөр дээрх хуулиудыг хэлэлцэхийг дэмжиж, хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг хэсгийг томилсон. Үүнтэй зэрэгцэн УЕПГ-ынхан шинэ байгууллагаа хүлээн авахдаа бэлтгэж Дэмжлэг үзүүлэх албандаа зориулж гомдол мэдээлэл хүлээн авах хоёр ч утасны дугаар авах захиалгаа Харилцаа холбооны зохицуулах хороонд гаргаад байгаа юм байна. Гэвч ажлын хэсэгт орсон байгууллагын төлөөллүүд эрх мэдэл, амбицаа хамгаалж Дэмжлэг үзүүлэх албыг байгуулахыг эсэргүүцэж, хуулийн төслөөс хасах санал гаргах болжээ. Тухайлбал, АТГ-ынхан “Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба Үндсэн хуулийн бус байгууллага байсан. Одоо дахиад байгуулбал Үндсэн хууль зөрчинө. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих эрхтэй прокурорын байгууллага өөрсдөө мөрдөн байцаалт явуулж болохгүй. Шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс яллах чиглэлийг барьж орох ёстой байгууллага өөрсдөө байцаалт явуулдаг байж болохгүй. Энэ байдлаар хуульчилбал прокуроруудын дур зоргын асуудал бий болно. Өөрсдөө дуртай хэргээ татаж шалгадаг, хуулийнхнаа дарамталдаг бүтэц болно” гэх мэтээр эсэргүүцэж байгаа талаар эх сурвалж хэлж байна.