Open iToim app
Улс төр | 3 мин уншина

Ард түмэн тоо биш, талх иднэ, Р.Бурмаа сайд аа

Ард түмэн тоо биш, талх иднэ, Р.Бурмаа сайд аа
Нийтэлсэн 2015 оны 8 сарын 2
Өнөө жил зуншлага тааруу учир ургац алдах нь тодорхой болжээ. Харин хэдэн хувийг алдах вэ гэдэг дээр талууд маргаж эхэллээ. Алаагүй байгаа баавгайн арьсыг  хуваана гэдэг шиг л, тариагаа хураагаагүй байхад албан тушаалтнууд нь “мэргэн бөөдий” болох гэж уралдаж байна.
-Улсын онцгой комисс наадмын өмнө хуралдаж ургацын 50-60 хувийг алдана гэв. Буруутнаар нь байгаль цаг уурыг нэрлэв.
-Газар тариалан эрхлэгчдийн холбооныхон наадмын дараа хэвлэлээр ээлж дараалан мэдээлэл өгч, өнөө жил ургацын 80 хувийг алдах нь гарцаагүй болсныг мэдэгдэв. Буруутнаар нь хэлээд сануулаад байхад менежмент хийж чадаагүй ХХАА-н яамны удирдлагуудыг буруутгав. Салбараа мэдэхгүй, удирдаж чадахгүй байна гэж Р.Бурмаа сайдыг огцрох хэрэгтэйг хэлж амжлаа.
-Тэдний дараа ХХАА-н сайд Р.Бурмаа Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрээр энэ жил ургацын 40 хувийг л алдах магадлалтай гээд орохгүй байгаа бороо энд буруутай гэлээ.
-Сайдынхаа мэдээллийн араас тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд хэвлэлд ярилцлага өгч, ургацын 50 хувийг л алдана гэв. Тэрбээр сайдынхаа “алдаа”-г залруулах гэсэн үү, сайдаасаа илүү мэддэг хүн болох гэсэн үү, ямарч гэсэн нэг яамны хоёр дарга 10 хувийн зөрүүтэй мэдээлэл гаргав.
Манай улс ирэх өвөл гурилын хэрэгцээгээ дотоодоосоо хангаж чадах үгүй нь ургацын хэдэн хувийг алдахаас шууд хамаарна. Монголчуудын гол хэрэглээ болсон гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ өсөх үгүй нь бас л ургац хураалтаас шалтгаална. Тийм учраас нийтээрээ “алдах ургацын хувийг таах шоу”-г анхааралтай үзэж сонсч байна. Тус “шоу”-ны шууд үр дүнд зарим зах, худалдааны төвд зах зээл дээр жижиглэнгийн гурилын үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдсэн байна. Гурилын үйлдвэрүүд улаанбуудайн нөөцөө нэмэгдүүлж, гурилын үнээ гурилын ченжүүд нэмэхээр зэхэж буй сурагтай.
Монгол Улс жилд 240 мянган тонн гурил хэрэглэдэг. Үүнд ойролцоогоор 350 гаруй мянган тонн улаанбуудай зарцуулдаг. Хэрвээ ургац алдана гэж байгаа бол дотоодын хэрэгцээг хангах улаанбуудайг импортоор авна. Ургац алдахгүй байх, алдлаа гэхэд импортоор авах улаанбуудайн үнэ хямд, чанартай, дотоодод гурилын үнэ өсгөхгүй байх менежментийг хийлгэх гэж Р.Бумааг салбарын сайдаар, Н.Ариунболдыг төрийн нарийн бичгийн даргаар томилсон. Тэд ажлаа хийх ёстой. Ард түмэн тоо биш, талх иднэ Р.Бурмаа сайд аа. Сайд, төрийн нарийн хоёр талхны үнэ мэддэггүй, мэдэх шаардлагагүй хэсгийнхэн байх л даа. Харин ард түмний олонхи нь, бүр хэт олонхи нь түрүүвчинд байгаагаа тоолж байж талх авахаа шийддэг гэдгийг тэд мэдэхгүй л дээ.
Тариаланчдын итгэл найдвар тасраагүй, намар гэхэд байдал өөрөөр эргэж магадгүй гэсэн хүлээлттэй байгаа юм. Харин дарга нар ирэх намар ургацын хэдэн хувийг алдах вэ гэдэг дээр тоог тааж, өөрийн хувилбараа өрсөж мэдээлж сууна. Энэ нь албан тушаалтан, ажил хийдэг жирийн тариаланч хоёрын ялгаа юм. Үүнийг монголчууд “үүрэхийг нь чи, аахилахыг нь би" гэж хэлдэг дээ. Өөрөөр хэлбэл, албан тушаал нь томдсон дарга нар энд алдах ургацын тоо хэлэн аахилж байхад, тэнд тариаланчид намар хүртэл найдвараа таслахгүйгээр ажлын хүндийг үүрч байна.
Бас нэгэн ялгаа бий. Манай хоёр хөршид ч цаг агаарын нөлөөгөөр ургац алдах нөхцөл үүсчээ. Тэгэхдээ тэнд байгаль цаг уурыг буруутгаж, тоо хэлээд, таагаад сууж байгаа юм алга. Эрсдэлийн  эсрэг бодитой, боломжтой бүхнийг хийж, ургац алдахгүй гэдгээ мэдэгдэж байна. Харин манай дарга нар ургац алдах үгүйд биш, хэдэн хувийг алдахыг таахад хамаг анхаарлаа тавьж байна. Хэрвээ таавал Р. Бурмаа сайд, төрийн нарийн хоёр албаа өгсөн ч, дараа нь ажилтай л юм байна, зурхайчийн.  
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн