Open iToim app
Дэлхий | 6 мин уншина

Аз жаргалын яамтай цор ганц улс

Аз жаргалын яамтай цор ганц улс
Нийтэлсэн 2017 оны 3 сарын 20

Бутан улс хэдийгээр эдийн засгийн хувьд жижиг буурай боловч, ард түмний сэтгэл ханамжийн төвшин туйлын өндөр гэдгээрээ олон улсын анхаарлыг татдаг. Дэлхийн банкны 2015 оны тайлангаас харвал тус улс ДНБ-ээрээ дэлхийн 194 орноос 169-т эрэмбэлэгдэж байгаа ч иргэдийнх нь 95 хувь нь өөрийгөө аз жаргалтайд тооцдог.
Бутан улсад ДНБ гэдэг ойлголтыг илүү ойлгомжтой үзүүлэлт болох "үндэсний нийт аз жаргал"-аар сольжээ. Тодруулбал, тус улс 2008 оны наймдугаар сарын 24-нд "Бүх ард түмний аз жаргалын комисс" гэсэн төрийн байгууллагыг албан ёсоор байгуулжээ. Тус комиссыг Ерөнхий сайд нь тэргүүлдэг аж. Аз жаргалын комисс нь Аз жаргалын яамны үүргийг гүйцэтгэх бөгөөд ийнхүү Бутан улс Аз жаргалыг үндэсний бодлогынхоо магнайд залсан байна.

Тус улс хүн амын тооллогын үеэр "Та аз жаргалтай юу" гэсэн 22 асуултыг ард иргэдээсээ асуудаг юм байна. Хүн амын сүүлийн тооллогын үеэр 2005 онд ард иргэдийн 45.2 хувь нь энэ асуултад "Маш их жаргалтай" гэж хариулсан бол 51.6 хувь нь "Аз жаргалтай байна" гэж, зөвхөн 3.3 хувь нь "Тийм ч жаргалтай биш" гэжээ. Бутан хүмүүсээс “Би л болж байвал болоо гэж бодсон удаа бий юу” гэж асуухад, тэдний 78 хувь нь "огт үгүй", “Бусдад атаархсан удаа байхгүй” гэж хариулжээ.

Ийнхүү ДНБ-ээс илүү иргэдийн сэтгэл ханамжийг нэгдүгээрт тавьж, дэлхий дээр анхны Аз жаргалын яамтай болсон улс бол Бутан юм. Бутанчууд бүс нутгийн бусад үндэстнээс арай илүү нээлттэй, зочломтгой бөгөөд орчин үеийн "хөгжил дэвшил"-д эвдрээгүй, өөрсдийн өвөрмөц соёлоо эрхэмлэн нандигнадаг. Бутан хүмүүс хувийн жаргалыг боддоггүй нь, ойр хавийнхаа хүмүүстэй маш дотно харьцаатай амьдардаг нь нөлөөлдөг бололтой. Нэг тосгоны хүмүүсийн хооронд манайх танайх гэх үзэл бараг байдаггүй бөгөөд, яг л нэг гэр бүл шиг бусдын гэрээр чөлөөтэй орж гарна. “Асуудал үүсвэл танд туслах хүн ойр тойронд чинь хэд байгаа вэ” гэсэн асуултанд 64 хувь нь "Наймаас дээш" гэж хариулсан бол, "нэг ч хүн байхгүй" гэсэн хариулт нэг хувьд ч хүрээгүй гэнэ.
Тус улсад амьтан алахыг хориглодог. Учир нь, хүн амын олонхи нь цагаан хоолтон. Түүнчлэн Бутанд ан гөрөө хийх хориотой. Энэ улс руу химийн бордоо оруулахыг хуулиар хориглосон, тиймээс Бутанд ургаж байгаа бүхэн экологийн хувьд цэвэр. Бутан улсад ой модыг хяргахыг хориглож, харин ч нэмж мод тарьж суулгадаг. Ерөнхийдөө Бутан улс бол буддизмын орон төдийгүй гэгээрэл, цэвэр ариун орон юм. Энэ улсыг одоогийн байдлаар маш бага судалсан. Бутаны өмнөд ба төв хэсэгт хүний хөл хүрээгүй, суурьшмал амьдралгүй асар том газар нутаг бий. Сайхан ан амьтан, ургамал ногоотой дархан цаазат газар л гэсэн үг.

Бутаны хаант улс эх орондоо үйлдвэрлэсэн хүнс, хувцас хунараар өөрсдийгөө бүрэн хангадаг. Хүн ам нь бараг тэр чигтээ үндэсний хувцсаараа (кхо) гоёдог. Энэ улсад тантра буддизмыг төрийн шашин болгон зарласан байдаг учир төр засгийн гол зорилго нь хүн ардаа аз жаргалтай байлгах явдал юм. Энэ тухай Үндсэн хуулийн есдүгээр зүйлд заасан байдаг аж.

Бүх ард түмний аз жаргалын комиссын тэргүүлэгч, Ерөнхий сайд “Гадаад орнуудыг сайтар ажсаны үр дүнд, улс орнууд ДНБ гэх мөнгөнөөс өөр зорилгогүй болохыг нь ойлгосон. Үнэндээ бидэнд зөвхөн мөнгө байх нь хангалтгүй санагдсан. Зөвхөн мөнгө хөөвөл, тэнд төгсгөл гэж үгүй. Улам хурдан машин, улам том байшин, улам дэгжин хувцас хүсэхээс цаашгүй юм болно. Мөнгөнөөс мэдэрч болох баяр баясгалан бол түр зуурынх л байдаг. Харин бидний зорилго бол илүү урт хугацааны аз жаргал юм” хэмээн хэлжээ. Тэрээр “Аз жаргал гэдэг нь модны ард ч юм уу, сүм дотор нуугдаж байдаг зүйл биш . Хөөцөлдөх тусам л олддоггүй эд юм шүү дээ. Харин хөөцөлдөхөө болиод мартаж орхивол аяндаа л дэргэд чинь байж байх болно. Өөрийнхөө дотор юу байгааг мэдэр. Тэр чинь л аз жаргал юм” гэжээ.

-Бутаны вант улсын Луу хаан 2011 онд 21 настай, язгуур угсаагүй оюутан бүсгүйтэй гэрлэсэн юм. Хаан 17 настайдаа эхнэрээ анх удаа хараад дурлаж байсан бөгөөд тухайн үед эхнэр нь дөнгөж долоон настай байжээ. Тиймээс том болсон хойно чинь миний сэтгэл хэвээр байвал гэрлэнэ гэх амлалт өгч байсан зэргээр тэдний хайрын түүх олны анхаарлыг ихээр татдаг-
Далайд гарцгүй, зүүн, урд, баруун талдаа Энэтхэг, хойд талдаа Хятад улсуудтай хил залгадаг энэ улс 17-р зууны үед төрт улсгүй, салангид олон жижиг хамжлагат ёс тогтож байсныг 1616 онд Төвддөө хавчигдсан лам Агваан Намжил ирж нэгтгэн, улс болгосноор өнөөгийн Бутаны суурийг тавьжээ. Агваан Намжилийг 1654 онд өөд болсоноос хойш, дотоодын тэмцэл, хөрш улсуудын эзэмшилд орж гарч явсаар, 1910 онд Британид хүлээн зөвшөөрөгдөж, холбоотон болсноор тусгаар улс болсон. Бутан Энэтхэгтэй гэрээ бүхий онцгой харилцаатай оршдог. Хоёр улсын 1949 оны гэрээ ёсоор Бутан нь батлан хамгаалах асуудал болон дотоодын бүх хэрэгтээ бүрэн дүүрэн бие даасан боловч гадаад бодлогын салбарт Энэтхэгийн Засгийн газрын зөвлөгөөг мөрдлөг болгодог. Тхимпху хотод Энэтхэгийн Засгийн газрын улс төрийн төлөөлөгчийн байнгын өргөө байна. Хятад улс сүүлд тус улсад элчин сайдын яамаа нээж дипломат харилцаагаа өргөжүүлэхээр оролдсон боловч үүний хариуд нь Энэтхэг улс хориг арга хэмжээ авч Бутаны зах зээлийг дампууруулах шахсан тул хүссэн хүсээгүй Хятадаас нүүр буруулах болсон.

-Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Их Британийн ханхүү Уилльям, гүнж Кэйт Мидллтон нар Бутан улсад аялж, тус улсын хаан хатан хоёртой дотно найзууд болсон гэдэг-
Энэтхэгт хүн амынхаа тоогоор хоёрт ордог том мужуудын нэг Мадхя Прадешид Аз жаргалын яам байгуулжээ. Гурав дараалан сонгогдсон тус мужийн захирагч Шивраж Синх Чоухан өөрөө санаачлан энэ яамыг байгуулсан аж. Йогоор хичээллэдэг, амьдрах урлагийн талаар сонирхон судалдаг тэрээр мужийнхаа ард иргэдэд амьдралаас хэрхэн сайн сайхныг мэдэрч, амар тайван, аз жаргалтай оршихуйг бий болгох талаар сургахын тулд энэ байгууллагыг үүсгэж, 70 гаруй хөтөлбөр санаачилжээ. Улс төрд орохоос өмнө коллежид гүн ухааны хичээл заадаг байсан тэрээр хэрхэн аз жаргалтай амьдрах тухай насаараа эрэл хайгуул хийж явсан нэгэн гэнэ. Харин түүний олсон хариулт нь хүн өөрөө дотроосоо, оюун бодолдоо аз жаргалыг олж болно гэдэг гаргалгаанд хүрчээ. Тийм ч учраас хүмүүсийн сэтгэлгээ, хандлагыг өөрчилж, аливааг эергээр, сайн талаас нь хардаг болгон өөрчлөхийн тулд улсаас дорвитой хөдлөх хэрэгтэй гэж үзжээ. Шинэхэн байгуулагдсан Аз жаргалын институтийн зорилго нь энэ бөгөөд дунд сургуулийн хичээл, иог, шашны сургааль номлол, ёс суртахууны тухай хичээл, бясалгал, ашгийн бус нийгмийн ажлаар дамжуулан олны сэтгэлгээг өөрчлөхөөр ажилдаа орсон байна.
Тус институтийн хамгийн анхны ажлын нэг нь Аз жаргалын фестивалийг зохион байгуулах байлаа. Бүтэн долоо хоногийн турш үргэлжилсэн энэ фестивалийн үеэр гар утас, телевиздээ хэтэрхий автаж, амьд харилцааг эрхэмлэхээ больсон өнөө үеийнхнийг нэг дор цуглуулж, хамтдаа тоглож, хөгжилдөж, цагийг зугаатай өнгөрүүлэх зорилго тавьжээ. Хүүхдүүд нь хоорондоо тоглож, томчууд нь бүжиглэж, боломжтой нэг нь ядуу буурай иргэддээ өгч чадах зүйлээ хандивлах “Өглөгийн хана”-ыг ч ажиллуулсан байна. Хүн бүрт инээмсэглэл бэлэглэнэ гэсэн уриатай фестиваль амжилттай болсон хэмээн иргэд нь ам сайтай байгаа гэнэ.
Гэхдээ төр ард иргэдээ амар тайван, аз жаргалтай амьдрах нөхцөл боломжоор хангах үндсэн үүргээ биелүүлж байж л хүмүүс жинхнээсээ жаргалтай байхаас бас нэг төрийн институт бий болголоо гээд үр дүнд хүрэхгүй гэсэн шүүмжлэл ч гарчээ. Мужийн захирагч энэ шүүмжлэлийг ч хүлээн авч 70 сая хүн амтай мужийнхаа дэд бүтэц, төрийн үйлчилгээг сайжруулах, фермийн аж ахуйг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах зэрэг бол нэн тэргүүний шийдэх ёстой, тулгамдсан асуудал мөн гэж хүлээн зөвшөөрч байна. Харин Аз жаргалын яамны ажилтан “Манай байгууллага аз жаргалыг түгээх зорилготой газар биш. Аз жаргал гэдэг зүгээр л нэг хүнээс нөгөөд өгдөг, тараадаг зүйл биш. Харин аз жаргалтай байх орчныг нь бүрдүүлэх зорилготой юм. Та гагцхүү өөрөө л аз жаргалд хүрч чадна. Харин бид танд туслах болно” хэмээн ажил үүргээ тайлбарлажээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн