Open iToim app
Боловсрол | 5 мин уншина

Г.Танан: Тууштай, өдөр бүр давтдаг хүн л англи хэлийг бүрэн эзэмшиж чадна

Г.Танан: Тууштай, өдөр бүр давтдаг хүн л англи хэлийг бүрэн эзэмшиж чадна
Нийтэлсэн 2020 оны 12 сарын 10
Англи хэлийг хэрхэн үр дүнтэй суралцах талаар “Universal” төвийн захирал, багш Г.Танантай ярилцлаа.
-Таны бодлоор англи хэл сурах гэж ирж буй хүмүүст нийтлэг анзаарагддаг зүйл нь юу байдаг вэ?
-Манай төвд ирж буй суралцагчид нь нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхах, өөрийгөө хөгжүүлэх гэсэн зорилготой хүмүүсийн нэгдэл байдаг. Тэдгээр хүмүүс англи хэлийг хөгжлийнхөө гүүр болгон гадагшаа явж суръя, гадны компанид ажиллая, эсвэл хүүхдээ том болоход англи хэл зааж өгнө зэргээр урам зоригтой суралцахыг зорьдог сайн талтай. Гэвч мөн нийтлэг анзаарагддаг дутагдалтай гурван зүйл байдаг.
Нэгд, тууштай биш байдал. Эхний нэг, хоёр сар идэвхтэй явж байгаад гурав дахь сараас явахаа больж, шантардаг.
Хоёрт, ичимхий байдал. Тухайн хүн олны өмнө буруу үг хэлээд алдчих вий, буруу дуудчих вий гэдгээс маш их ичиж бусадтайгаа харилцдаггүй юм. Адилхан л хэл сурч буй хүн алдаа гаргаж болно, үүнийг энгийн байдал гэж боддоггүй хандлагатай байдаг.
Гуравт, манайхны хамгийн том нийтлэг алдаа байдаг. Энэ нь англи хэлийг богино хугацаанд бүрэн эзэмшиж болно гэсэн ойлголт. Хүн ямар ч системээр эсвэл тухайн орчинд нь очиж хэлийг нь сурсан ч гурван сарын дотор бүрэн эзэмшиж чадахгүй. Тэгтэл дунд шатны мэдлэгтэй боловч “Би гурван сарын дотор IELTS-ийн 6,5 оноотой болмоор байна гэх боломжгүй зүйлсийг хүмүүс хэлж ирдэг. Жишээ нь хүүхэд хоёр настайдаа хэлд орлоо гэхэд дөрөв, таван нас хүрч байж бүтэн өгүүлбэр хэлж, өөрийгөө ойлгуулж чаддаг шиг хэлийг ядаж нэг жил тууштай сурч байж уг хэлнийхээ үндсэн утгыг ойлгох болно.
-Сонсгол, яриа, дүрэм гээд олон зүйлс англи хэл сурч буй хүнд тулгардаг. Эдгээрийг хэрхэн зөв дарааллаар, мөн цэгцтэй суралцах вэ?
-Мэдээж ямар ч хэлний суурь бол дүрэм байдаг. Бид нар бага ангид байхдаа наймаас, арван зургаан мөрт шүлэг цээжилдэг байсан. Тухайн шүлгээ яахав хоёр гурван жилдээ бол санадаг ч урт хугацааны хувьд мартагдсан байдаг юм. Яагаад вэ гэвэл бидний тархинд ямар учраас энэ өгүүлбэр ийм байрлалаар гарч ирэв гэсэн функц нь байдаггүй зөвхөн автоматаар цээжилчихсэн учраас мартагддаг.  Зөв дарааллаар сурах, буруу дарааллаар сурах гэхээсээ илүү англи хэл гэдэг нэг том цөм байлаа гэхэд үүний дүрэм, үгсийн сан, унших бичих, сонсох, ярих зэрэг зургаан талаас нэг арга барилыг нь түлхүү давтах хэрэгтэй. Учир нь англи хэлний бүх арга барил хоорондоо холбоотой байдаг. Жишээ нь хүн нэг англи ном уншлаа гэхэд шинэ үг сурна, өгүүлбэрээр бичсэн учир дүрмээ сурна, тэгээд дараа нь өөр хүнтэй англиар ярихдаа тэр номон дээр уншсан юмаа санаж номноос иш татаад ярьж болно, бас номных нь талаар англиар ярих үед сонсоод ойлгоно гэх мэтчилэн англи хэлний арга барилууд хоорондоо уялдаа холбоотой бөгөөд энэ арга барилуудын хамгийн гол зангилаа нь дүрэм юм шүү.
-Шинэ үг цээжлэн, үгсийн сангаа нэмэгдүүлэх бас хэрэгтэй байдаг. Ямар аргаар цээжилвэл тухайн хүнд илүү гүн сууж өгдөг вэ?
-Хүн болгоны үг цээжлэх арга барил өөр өөр байдаг. Хамгийн үр дүнтэй арга нь үг биш өгүүлбэр цээжлэн толгойдоо суулгаж өгөх юм. Өгүүлбэр хэлэнгүүт тухайн хүний  толгойд зураглал бууж ирдэг. Жишээ нь “There is a pink flower in the garden” буюу Цэцэрлэг, хүлэмжинд ягаан өнгийн цэцэг байна гэсэн өгүүлбэр хүний толгойд тухайн хүлэмж болон дотор байх ягаан өнгийн цэцэг дүрслэгдэн бууж ирэх болно. Ягаан цэцэг нь pink flower, цэцэрлэгт хүлэмж нь garden юм байна гэх зэргээр ойлгох нь илүү сайн тогтож өгөх болно.
-Англи хэлийг зорилгоо болгон суралцаж буй хүн өдөрт дор хаяж хэдэн цагийг зарцуулах хэрэгтэй вэ. Мөн юу, юуг түлхүү давтан зуршил болгох хэрэгтэй вэ?
-Күнзийн их битгий хий, бага битгий хий харин өдөр бүр хий гэсэн үг байдаг. Тэгэхээр өдөрт 30 минут зарцуулсан ч бай зургаан цаг зарцуулсан ч бай тухайн хэмнэлээ алдахгүй өдөр бүр давтвал аажим, аажмаар үр дүн нь гарах болно. Англи хэл ч юмуу өөр  хэл сурч байгаад голоос нь хаях нэг том шалтгаан нь уйдах байдаг. Тийм болохоор өөрт чинь хамгийн сайн тохиро, мөн зугаатай аргаар сурах нь илүү үр дүнтэй юм. Жишээ нь та өдөр бүр 90 минут хичээлээ бэлддэг байлаа гэхэд эхний өдрийн 90 минутад дүрмээ бэлдэж, дараагийн өдөр нь ном уншиж, харин  дараа нь англи хадмал кино үзэх зэргээр хольж солиод яваад байвал уйдахгүй. Уйдахаас сэргийлнэ гэсэн үг юм.
-Суралцахад нас хамаардаггүй гэдэг. Таны сургалтад сууж байсан суралцагчдаас хамгийн бага болон хамгийн өндөр настай нь хэдэн настай хүн байдаг вэ?
-Манай сургалтад бүртгүүлсэн суралцагчдаас хамгийн өндөр настай нь тавь гаран настай харин хамгийн бага нь зургаан настай хүүхэд байсан. Хэл сурахад хэзээ ч оройтдоггүй гол нь хүний хичээл зүтгэл хамаатай байдаг. Манай сургалтын төвийн оройн ангид гэхэд ихэвчлэн ажлынхаа хажуугаар англи хэл сурах тэмүүлэлтэй хүмүүс ирдэг юм. “Universal” төв нь байгуулагдаад зургаан жил болж байна. Энэ хугацаанд манайд давтагдсан тоогоор 10 мянга гаруй суралцагчийг хүлээн авсан. Ихэнх ирж буй урт хугацаанд суралцах зорилготой буюу анхан шатнаас суралцаад IELTS, TOEFL зэрэг шалгалтад бэлдэн гадаадын их дээд сургуулиудад тэтгэлэгт сурах зорилготой байдаг. Бид бүхэн үүнд хэрэгтэй шаардлагатай зүйлсүүдэд дэмжин, зааж зөвлөдөг юм.
-TOEFL, IELTS зэрэг гадны орны маш олон тэтгэлэгт хөтөлбөрүүд байдаг. Үүнд бэлдэн суралцаж буй хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?
-TOEFL, IELTS бол гадагшаа сурахын хамгийн эхний шалгуур юм. Үүний босго оноо нь IELTS-ийнх 6,5, TOEFL-ийнх 80 байдаг. Шалгалт өгөх гэж буй хүмүүстээ эртхэн бэлдэж эхлээрэй гэж хэлмээр байна. Мөн өөрийгөө аль болох англи хэлээр хүрээлүүлээрэй. Жишээ нь, англи хэл дээр гүүглээс хэрэгтэй мэдээллээ хайгаад авчихдаг, англи, америк подкаст сонсох, хадмал кино үзэх зэргээр юм. Эхний нэг сар та ойлгохгүй байж болох ч хоёр дахь сараас таны чихэнд хоногшиж бага багаар дасах болно.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн