Улсын төсөвт Ерөнхиий боловсролын хувийн болон улсын сургуулиудын хувьсах зардал жилдээ 18-20 тэрбум төгрөгийг төсөвлөдөг билээ. Ингэхдээ нэг сурагчдад ногдох зардлыг байршил, бүс нутгаар нь ангилж, дунджаар 200-250 мянган төгрөгөөр тооцож сургуулиудад хувьсах зардлыг хуваарилдаг. Сургуулиуд хувьцах зардлын санхүүжилтээр багш, сурагчдын орчин нөхцөлийг сайжруулахад зарцуулдаг байна. 2019-2020 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 157 сургуулийн хувьсах зардалд 18.8 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Энэ жил ч мөн энэ хэмжээний хувьсах зардлыг төсөвт суулгасан.
Тэгвэл Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өндөр төлбөртэй хувийн ЕБС-иудын хувьсах зардлыг ирэх гуравдугаар сард зогсооно гэдгээ мэдэгдсэн байна. Тэр дундаа 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй сургуулиудад төрөөс хувьсах зардал өгөхгүй гэжээ. Мөн тэрээр "Сангийн яамтай хамтарсан ажлын хэсэг гаргаж, хувьсах зардлын бүтцийг өөрчилнө. Сургуулийн захирал дур мэдэн хэрэггүй зүйлд зарцуулдаг зардлыг бууруулж, зөвхөн сурагч, багшид үр өгөөж нь очдог байх бүтэц руу орох ёстой" гэжээ.
Өнгөрсөн жил болон энэ жил цар тахалтай, сурагчдын цахим теле хичээлийн үр дүн тийм ч сайн биш, мөн хувийн сургуулиуд нөхцөл байдлыг үл харгалзасан сургалтын төлбөрөө бууруулж, хөнгөлөөгүй учраас хувьсах зардлаа өөрсдөө хариуцаад явах нь зүйтэй гэж сайд үзэж байгаа бололтой.
Боловсролын сайд ажлаа авангуутаа теле, цахим хичээлийн чанар болон хүртээмжид анхаарч, цаашлаад Ерөнхий боловсролын салбарт реформ хийнэ гэдгээ мэдэгдсэн. Мөн гуравдугаар сарын 1-нээс бүх шатны боловсролын байгууллагын танхимын хичээлийг эхлүүлэх байр сууриа илэрхийлээд байгаа юм.