Open iToim app
Эрүүл монгол | 2 мин уншина

Зөвлөмж: Цусаа байнга шингэн байлгах арга бол цусаа хандивлах юм

Зөвлөмж: Цусаа байнга шингэн байлгах арга бол цусаа хандивлах юм
Нийтэлсэн 2022 оны 8 сарын 7
Монголчууд “нас залуу, цус шингэн”  байвал аяндаа болно доо гэж ярьдаг. Ардын дундах энэхүү үг нь хүний цус шингэн байх тусмаа эрүүл, залуу байдаг гэдгийг хэлж буй. Энэ нь шинжлэх ухааны ч үндэстэй. Учир нь, хүний цус өтгөрснөөр эд, эрхтэнүүд хүчилтөрөгчийн дутагдалд орж, цаашлаад  бүхий л эд эрхтэнүүдийн үйл ажиллагаа алдагдах, гэнэтийн үхэлд хүргэх эрсдэлтэйг эмч нар анхааруулдаг билээ. 
Хавдарт өвчин судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн төвийн эмч, АУ-ы магистр Т.Хулангийн цус өтгөрөлтөөс сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна. 
-Цус өтгөрөх гол шалтгаан бол амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй. Буруу  хооллолт буюу байнга өөх тостой хоол хүнс ихээр хэрэглэх, хийжүүлсэн ундаа, түргэн хоол зэргийг хэтрүүлэн хэрэглэдэг. Мөн хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин, архи, тамхины хэрэглээ, чихрийн шижин, таргалалт, хорт хавдар, харшил, халдвар, цусны эмгэгүүд, зүрх судасны эмгэгүүд, дархлаа тогтолцооны эмгэгүүд, бодисын солилцооны эмгэгүүд, төмөр ихсэх, жирэмслэлтээс хамгаалах эмийн хэрэглээ гэх мэтчилэн маш олон шалтгааны улмаас цус өтгөрдөг. Иймд нэн түрүүнд амьдралын хэв маягаа өөрчлөөрэй. 
-Цус шингэлэх хэд хэдэн эмчилгээнүүд байдаг. Тухайлбал цус ханах, цус шүүх, эмийн гэх мэтчилэн эмчилгээнүүд бий. Гэвч бид дур мэдэн цус шингэлэх эмчилгээг зөвлөдөггүй. Заавал нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, оношоо тодруулах хэрэгтэй. Хүн болгоны нас хүйс, удамшил, архаг хууч өвчин, өвчний үе шат, биеийн байдал өөр өөр байдаг шүү дээ. Тийм учраас заавал нарийн мэргэжлийн эмчид үзүүлсний дараа ямар эмчилгээ хийх эсэхийг шийднэ.
-Ковидын дараа цус өтгөрөх үзэгдэл гарч байгаа. Иймд заавал эмчид үзүүлж, тохирсон эмчилгээ аваарай
-Цусаа шингэлнэ гээд  дур мэдэн аспирин зэрэг эмийг эмчийн зааваргүйгээр хэтрүүлэн хэрэглэж болохгүй гэдгийг анхааруулъя. Цусны эмгэгтэй хүмүүс цус алдах, ходоодны шархлаатай хүмүүс шарх нь сэдрэх зэрэг эрсдэлтэйг анхаарах хэрэгтэй.  
-Цусаа байнга шингэн байлгах арга нь тогтмол цусаа хандивлах явдал. Эрэгтэй хүн хоёр сар тутамд, эмэгтэй хүн гурван сар тутамд цусаа хандивласнаар цус шингэн байх үндэс болдог. Иймд ард иргэд байнга цусаа хандивлаж бусдын болон өөрийн эрүүл мэндийг хамгаалаарай гэж уриалъя гэж зөвлөсөн юм. 
Т.Хулан эмчийн ярилцлагыг ЭНД дарж уншина уу. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн