Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүүхэд харах үйлчилгээ эрхлэгч болон хүүхэд харах үйлчилгээ эрхлэх сонирхолтой иргэдийн дунд “Нийслэлийн хүүхэд харах үйлчилгээг өргөжүүлэх нь” уулзалтыг зохион байгууллаа. Нийт 16 аймаг, 7 дүүрэгт 181 хүүхэд харах үйлчилгээ ажиллаж, өнгөрсөн жил 2100 гаруй хүүхдийг хамруулаад байна.
Жил бүр хүүхэд харах үйлчилгээний хувьсах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг. 2016 онд хүүхэд харах үйлчилгээнд 5496 хүүхэд хамрагдаж, улсын төсвөөс 7.8 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн байна. Тэгвэл өнгөрсөн онд хүүхэд харах үйлчилгээнд 2100 гаруй хүүхдийг хамруулж, 2.5 тэрбум орчим төгрөгийн санхүүжилт олгожээ.
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн тоог нэмснээр цэцэрлэгийн насны хүүхэд цэцэрлэггүй үлдэх эрсдэлээс сэргийлэхээс гадна эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг аж.
Уулзалтыг нээж ХНХ-ын дэд сайд П.Зулпхар “Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн тоог нэмснээр хүүхдээ харуулж буй эцэг эх ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болно. Энэ хэмжээгээр тухайн гэр бүлийн нийгмийн байдал сайжирч, хүүхэддээ зарцуулах орлого нэмэгдэнэ. Ингэснээр хүүхдийн хөгжил, сурлага, хичээл, эрүүл мэндийг дэмжих боломж нэмэгдэх юм. Түүнчлэн хүүхэд харах үйлчилгээ эрхэлснээр эхчүүдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, хүүхдээ харахын хажуугаар нэмэлт орлоготой болох боломжтой” гэсэн юм.
Ажил хөдөлмөр эрхэлдэггүй эмэгтэйчүүд нийлэн өөрсдийн хорооны холбогдох мэргэжилтэнд хандан хүүхэд харах үйлчилгээг эрхлэх боломжтой. Хүүхэд харах үйлчилгээ эрхэлж буй тохиолдолд хүүхэд бүрд хувьсах зардал өгдөг байна. Харин багш, сурган хүмүүжүүлэгчдийн цалинг эцэг эхчүүдийн төлбөрөөр шийддэг аж. Хуульд зааснаар нэг хүүхдийн эцэг эхээс хүүхдэд ирж буй хувьсах зардлын 60 хүртэлх хувьтай тэнцэхүйц төлбөрийг авдаг байна.
Тухайлбал, 2016 оноос хойш Баянзүрх дүүрэгт “Найзууд” гэх хүүхэд харах үйлчилгээ эрхэлдэг С.Шүрэн-Эрдэнэ жилдээ 30 хүүхдийг хүлээж авдаг байна. Анх хоёр хүүхдээ хараад гэртээ байхдаа хүүхэд харах үйлчилгээний талаар олж мэджээ. Тэрээр яг өөртэй нь адил ажил хийх хүсэлтэй ч хүүхдээ хардаг ээжүүдтэй нийлэн хүүхэд харах үйлчилгээний газраа нээж байсан аж. Жилдээ төрөөс өгдөг хувьсах зардал, эцэг эхчүүдийн төлбөрөөр байрныхаа түрээсийг төлж, зургаан багшид цалин өгдөг.
Тэрээр “Хүүхэд харах үйлчилгээний хууль, стандарт маш сайн. Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах хүүхдийн тоо их байгаа ч жил ирэх тусам хамрагдаж буй хүүхдийн тоо багасч байна. Энэ нь санхүүжилт удаж байж шийдэгддэг, хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид санхүүгийн байдлаасаа болоод тогтвортой ажиллаж чаддаггүйтэй холбоотой юм. Тиймээс санхүүжилтийг саадгүй шийдэж өгөөсэй гэж хүсэж байна. Хүмүүс хүүхэд харах үйлчилгээг цэцэрлэгээс өөр гэх ойлголттой байдаг. Манай багш нар шат дамжсан сургалтуудад сууж бэлтгэгдсэн байдаг. Тиймээс хүүхдийн хөгжилд анхаарч, аль болох цэцэрлэгтэй адил байлгахыг хичээдэг” гэсэн юм.
Хүүхэд харах үйлчилгээний төлбөр нь сардаа 130 мянга орчим төгрөг байдаг байна.
Хүүхэд харах үйлчилгээг сайжруулах, эрх зүйн орчныг дээшлүүлэхэд ХНХЯ дараах шинэчлэлүүдийг хийжээ.
-Хүүхэд харах үйлчилгээний зөвшөөрлийг хоёр жилийн хугацаатай дүүргийн засаг дарга олгоно.
-Эцэг эхээс авах төлбөрийн дээд хэмжээг хатуу заахгүй. Хамгийн гол нь орчин нөхцлийг сайжруулахын тулд эцэг эхчүүдтэй зөвшилцөнө.
-Хүүхэд харах үйлчилгээг уян хатан явуулах боломжтой.
-Хүүхэд харах үйлчилгээнд хүүхдийн эрх зөрчигдөхөөс сэргийлж, хамгаална.