Эдийн засагч Б.Дөлгөөнтэй ярилцлаа.
-Манай улсын эдийн засаг маш хүндрэлтэй байдалд байгаа. Ялангуяа аж ахуй нэгжүүд дампуурах эрсдэлтэй байна. Энэ үед төр засгаас ямар арга хэмжээ авах ёстой гэх бодож байна вэ?
-Бидний 2020 онд эдийн засаг ямар байх талаар төсөөлөл одоо худлаа болсон. Анх 2019 онд 2020 оны эдийн засгийн нөхцөл байдлыг тооцож байхад аж ахуй нэгжүүд ч, төр засагч маш өөдрөгөөр төсөөлж байсан. Гэтэл коронавирусийн халдвар маш хурдан тархаж байгаа учраас дэлхий нийтээрээ эдийн засгийн хүнд байдалд орчихлоо. Гурван сарын эхний долоо хоногт тооцож байсан таамаглалууд өнөөдөр худлаа болж байна. Тэгэхээр нөхцөл байдал сараар биш долоо хоногоор өөрчлөгдөж байна. Дэлхийн эдийн засгийг өмнө нь гурван хувьтай өснө гэж тооцоолж байсан бол одоогийн энэ нөхцөл байдлаар -2 хувиар агших таамаглалыг гаргасан. Манай эдийн засагт хамгийн муудлаа гэхэд 1 хувиар өсөх тооцоог Дэлхийн Банкнаас гаргасан байна.

Эрүүл мэнд, эдийн засаг хоёрт хоёуланд Засгийн газар туйлын анхаарах хэрэгтэй байна. Эрүүл мэндийн салбарт арга хэмжээг маш сайн авч хэрэгжүүлж байна. Харин эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнээс үүдэн гарах эдийн засгийн сөрөг нөлөөг бизнесүүд болон хөдөлмөр эрхлэгчдэд бууруулах тал дээр тун хойрго байгаа. Эрүүл мэндийн тал дээр хэлээ хаах зэрэг хатуу арга хэмжээ авах тусмаа эдийн засаг дээр бууж байгаа нөлөө нь тэр хэмжээгээрээ сөрөг нөлөө үзүүлдэг.


Яагаад эдийн засагт анхаарах ёстой гэдгийг тайлбарлая. Үнэндээ гурван шалтгаантай. Нэгдүгээрт, энгийн бизнес эрхлээд явж байсан хүмүүсийн буруу биш. Одоо бизнес нь тэднээс болоод муудаж байгаа юм биш. Энэ бол засгаас авсан шийдвэртэй холбоотой үүссэн нөхцөл байдал. Мэдээж хөл хорио нэг хэсэгтээ тавих ёстой байсан, тэрэнтэй маргахгүй, гэхдээ хоморгонд нь өртөж байгаа бизнесүүдээ бодох хэрэгтэй. Хоёрдугаарт, төр яах гэж байдаг юм бэ. Нэгдсэн удирдлагаар ийм хүндрэлтэй үед арга хэмжээ авч яв гээд байгууллага нь, иргэд нь тэр төр засагт татвараа тушаагаад явдаг. Тиймээс төр засаг ажлаа сайн хийх хэрэгтэй, ганцхан эрүүл мэндийн салбарт биш.
Гуравдугаарт, ийм үед ганц байгууллага арга хэмжээ аваад яаж ч чадахгүй. Ганц хүний хийж чаддаг ажил гэж байна, ганц байгууллагын хийж чаддаг ажил гэж байна, бас чадахгүй ажил гэж байна. Хэн нэгэн хүн, эсвэл байгууллагын хийж чадахгүй ажлыг зөвхөн төр л хийнэ. Тийм ч учраас оновчтой арга хэмжээг хурдан шуурхай авахгүй бол эдийн засаг маань хямрах зам руу орчихлоо. Одоо арга хэмжээ авах цаг нь мөн. Үүнээс оройтвол илүү олон компани байгууллагууд дампуурч, олон хүн ажлын байраа алдаж, олон гэр бүл амьжиргаанаасаа сална. Заавал энэ нөхцөл байдалд орох шаардлагагүй. Машины мотороор яривал ремен нь тасрах үед бид ременийг нь солихгүй явахын бол мотор нь халина. Нэг мотор нь хальсан үед мотороо солиулахаас өөр арга байдаггүй. Нэг мотор нэг ременээс хэд дахин үнэтэй. Гэтэл цаг тухайд нь ременийг сольчих юм бол хамаагүй бага зардал орно шүү дээ. Үүнтэй адилхан нэг бизнес дампуурах юм бол түүнийг босгож ирнэ гэдэг хэцүү.
Төр засгийн зүгээс ямар арга хэмжээ авах вэ. Бид тооцоо судалгаанд тулгуурлаж арга хэмжээ авбал нүдээ олсон, аж ахуйн нэгж, хүндээ хүрсэн арга хэмжээ болж чадна. Коронавирус нь эдийн засагт нийлүүлэлтийн шокийг өгч байна. Нийлүүлэлтийн шок гэдэг нь илүү бараа үйлчилгээгээр хангаж байгаа байгууллага бизнес эрхлэгчдэд хүндээр тусч байна гэсэн үг. Харин хэрэглэгчид эхний ээлжинд өртөхгүй. Эдгээр хүмүүс нийлүүлэлтийн шоконд орохоор бизнес дампуурч хүмүүсийг ажлаас нь халж эхлэх нь хэрэглэгчдэд нөлөөлнө. Мөн хэрэглэгч буюу эрэлт талд хүмүүс айдас автаж эхэлнэ. Айдаст автсанаар өмнө нь зарцуулж байсан мөнгөө илүү хэмнэж эхэлнэ. Яагаад гэвэл ирээдүйд бэлэн байхын тулд мөнгөө зарцуулахгүй илүү хадгалж эхэлнэ гэсэн үг. Энэ нь эргээд борлуулалтад шууд нөлөөлнө. Ийм учраас хамгийн хүнд тусах сегмент бол аж ахуй нэгж байгууллагууд юм.
Арга хэмжээ авна гэдэг нь мөнгө өг гэж байгаа юм биш шүү дээ, татвар болон хүүний дарамтыг бууруулах замаар маш олон арга хэмжээний замаар бизнесийг нь тогтвортой аваад явах бүрэн боломжтой.
-Аж ахуй нэгжүүдийг дэмжих ёстой байна гэлээ. Саяхан Ерөнхий сайд хэд хэдэн шийдвэрүүдийг гаргасан. Энэ шийдвэрүүд нь аж ахуй нэгжүүдэд хэр дэмжлэг болохоор шийдвэрүүд гэж та харж байна вэ?
-Засгийн газраас зургаан төрлийн арга хэмжээ авна гэж зарласан. Аж ахуйн нэгж, компанийг дэмжихэд энэ нэгдүгээрт бодлогын "бай"-гаа зөв онохгүй байна, хоёрдугаарт дунд хугацаандаа ажлын байрыг хамгаалах, ядуурлыг нэмэгдүүлэхгүй байх тал дээр огт ахиц гарсангүй гэж харагдаж байна.
Огт юм хийхгүй байхаас л дээр л дээ, гэхдээ энд зарцуулж байгаа 5.1 их наяд төгрөгийг “зорилтот бүлэг”-т тусгалсан арга замаар хүрвэл илүү олон компани аж ахуйн нэгжийг, мөн хувиараа бизнес эрхлэгчдийг дампуурлаас аврах байлаа. Даанч байгаа л сайн оносонгүй. Хэрвээ та харахын бол нийт зургаан шийдвэрээс НДШ-ийг төлөхгүй, 1.5 тэрбум орлоготой аж ахуй нэгж байгууллагыг гурван сарын турш орлогын албан татвараас бүрэн чөлөөлөх гэсэн хоёр шийдвэр компани бизнэсүүдэд чиглэсэн байна.
Судалгаагаар бизнес эрхлэгчдэд нэгдүгээрт санхүүжилт, хоёрдугаарт зээлийн хүүний дарамт хэцүү байна гэж байна. Гэтэл НДШ-ийг төлөхгүй гээд нэмэр боллоо, зээлэндээ дарагдаад олон аж ахуйн нэгжүүд хаалгаа барих нь. НДШ-ээс чөлөөллөө гээд энэ дарамт байж л байна. Зээлээ төлөөгүйгээс болоод дампуурах юм бол барьцаанд тавьсан бүх эд хөрөнгөөр хохирно. Энд юу харагдаж байна вэ гэвэл төсвөөс тендер авч байгаа компаниудаа дэмжээд, харин бөндгөрөөрөө өөрсдийгөө аваад явж байгаа аж ахуйн нэгжүүдийг бүгдийг хаяж байгаа нь харагдаж байна. Төсөвт суулгасан 3.8 их наядаа хөшөө дурсгал, багийн иргэний танхим барьж байснаас энэ хүнд үед хувийн хэвшилийн ажлын байрыг хадгалахад яагаад зориулж болохгүй байгаа юм бэ. Нэгээс есөн ажилтантай 85 мянган аж ахуйн нэгж дээсэн дөрөөн дээр явж байна шүү дээ. Энийг ойлгооч ээ л гэж хэлмээр байна.Төсвөөс ажил авч хийдэггүй энэ 85 мянган аж ахуйн нэгжүүдээс дампуурлаа гэхэд НДШ-ийгг хөнгөлөөд, хөнгөлөөд ажлыг байрыг хамгаалж чадахгүй. Өнөөдөр зээлийн үлдэгдлийн хэмжээ маш хурдан багасаж байна. Эргээд шинэ зээл гарахгүй байгаа гээд хэлчихэд болно. Энэ үед эргэлтийн хөрөнгө багасвал яах вэ? Банк бус санхүүгийн байгууллагууд бол бүр мөнгө гаргахаа байсан. Хэчнээн сайн барьцаатай байсан ч өгөхгүй. Эдгээр мөчгөрөөрөө явж байгаа компаниуд зургаан сар тэсчихвэл эргээд гайгүй болно. Гэхдээ энэ хугацаанд л засгаас харж үзээд, макро түвшинд интервенци хий гээд байгаа юм. Тэгж байж энэ уналтыг арай гайгүй авч гарна.

Иргэдийн хувьд 900 мянган иргэн ядуу байгаа, мөн 470 мянган хүн ядуурал руу гулсан орох эрсдэлтэй. Энэ үед 300 тэрбумыг “ноолуурт” зарцуулж, ноолуурын үнийг өндөр барина гэдэг бол хамгийн их ямаатай буюу хамгийн хөрөнгөтэй хүмүүс нь хамгийн их мөнгө авна гэсэн үг. Тэгэхээр энэ бас нүдээ олоогүй шийдвэр. Улс бодлогоо хэрэгжүүлж байгаа бол хамгийн хөрөнгөтэйг нь биш, хамгийн бололцоогүй ядуу хэсэг рүү анхаарах хэрэгтэй.
Олон зүйл дээр мөнгө зарцуулж байгаа ч, байгаа сайн онохгүй байна. Дахиад хэлье, Монгол Улсад байгаа нийт ядуучуудын 63 хувь нь өнөөдөр хот суурин газарт байдаг. Үүний 400 мянга нь Улаанбаатар хотод амьдардаг. Энэ хот суурин газар байгаа хүмүүсийн орлого нь цалин, тэтгэвэр байгаа. Тэгэхлээр хэрвээ ажлын байр байхгүй болбол хот сууринд байгаа ядуурал маш ихээр нэмэгдэнэ. Энд зорьж хийсэн зүйл алга байна гээд хэлчихэд болохоор байна.
-Монголбанкнаас зээл төлөлтийг гурван сараар хойшлууллаа гэх шийдвэр гаргасан. Гэсэн хэдий ч банкууд үүнийг нь бүрэн дүүрэн хэрэгжүүлэхгүй байна. Та үүнийг юу гэж харж байгаа вэ?
-Зарим нэг хошин шогийн юм энд болоод байна. Нэгдүгээр санхүүгийн тогтвортой байдлаас гаргасан шийдвэр нь хэн нэгний зээлийг хойшлуулсан зүйл юу ч байхгүй. Сайд дарга нар буруу ч хэллээ, иргэд бид буруу ч ойлголоо. Хоёрдугаар Сангийн сайд өөрөө гарч ирж мэдэгдэл хийчихээд, дараа нь тэр шийдвэртээ гарын үсэг зурахгүй байна. За тайлбарлая.
Энэ шийдвэрийн тухайд зээлийн ангиллыг нь өөрчилсөн. Юу гэсэн үг вэ гэвэл хэрвээ та 15 хоног дотроо зээлийн төлбөрийг хоцруулах юм бол хэвийн, харин 15 хоногоос хэтэрвэл хугацаа хэтэрсэн зээлд орно. Хугацаа хэтэрсэн зээл нь цаашлаад 60 хоногийн дараа чанаргүй зээл рүү ороод цаашаа шүүх гээд явж эхэлдэг. Гэтэл энэ хугацааг 90 хоног болгож, чанаргүй зээлийг 120 хоног болгож сунгасан. Өөрөөр хэлбэл та гурван сарын дотор зээлийн төлбөрөө хоцроолоо гэхэд хэвийн зээл гэсэн ангилалд явж байх нь. Тэгэхдээ зээлээ та төлөх л ёстой, ямар нэг хөнгөлөлт байхгүй, энэ хугацаанд хүү тооцдогоор тооцно гэсэн үг. Гэтэл үүнийгээ зарлахдаа зээлийг гурван сараар хойшлууллаа гэж хэлсэн нь буруу. Ямар ч хойшлуулсан зүйл байгаагүй.
Аж ахуйн нэгжүүд дээрх болон иргэдийн зээлэн дээр ганц зээлийн ангиллыг өөрчлөх нь хангалтгүй. Хамгийн чухал зүйл бол хүүний дарамтыг буюу хүүг бууруулах хэрэгтэй. Түрүүн хэлсэнчлэн бүх хэрэггүй зардлуудаа танаад энэ хүүний дарамтыг бууруулах схем рүү орох бүрэн боломж төр засагт бий. Яагаад ийм арга хэмжээ авахгүй байна вэ гэдэг сонирхолтой.
-Энэ оны эхний зургаан сард нийт төсвийн алдагдлын 90 хувийг гаргахаар төлөвлөсөн гэж та ярьж байсан. Үүнийг тайлбарлаж өгөөч?
-Сангийн сайд 6 удаа төсөвт тодотгол хийхгүй гээд мэдэгдсэн. Энэ бол эдийн засгийн биш, харин улс төрийн шийдвэр. Төсөвт тодотгол хийх зайлшгүй нөхцөл байдал үүссэн. Төсвийн орлого дотоодын нийт бүтээгдэхүүний гурваас дээш хувиар тасрах бол төсвийн тодотгол хийнэ гэсэн хуультай. Энэ жилийн төсвийн орлого гурваас дээш хувиар тасрах нь тодорхой болсон. Гэтэл ийм нөхцөлд төсвийн тодотгол хийхгүй гэж байгаа нь улс төрийн шийдвэр гэж харж байгаа. Үнэндээ эдийн засгаа бодсон бол бид өөрчлөлт хийж, энэ ашиггүй зарцуулалтаа өөрчилж, өөр бүтээмжтэй салбар руу эдгээр мөнгийг хийж байж эдийн засгаа гайгүй авч гарна.Миний судалгаанд 2019 онд төсвийн орлого, зарлагын зөрүү нь хэд хэддүгээр сар дээр ямар үнийн дүнтэй байна гэдгийг гаргаж ирэхээд 2020 оныхтой харьцуулахад тэнгэр газар шиг их ялгаатай харагдаж байна.

2019 онд ч тэр, 2020 онд ч тэр төсвийг хоёр их наядын алдагдалтай төсөвт баталсан. Гэхдээ 2019 оныг харахад нэг сард алдагдаж байгаа алдагдлын хэмжээ 200 тэрбумаас хэтрээгүй. Гэтэл 2020 оны эхний зургаан сарын алдагдал 2 их наяд байгаад байна. Нэг ёсондоо 2020 оны төсвийг төлөвлөхдөө л ийм хэлбэрээр хийж сонгуульд зориулж хийсэн байна гэж харж байгаа. Тийм учраас цаана хийсэн тохироогоо өөрчлөхгүй шүү гэдэг мессэжийг л нөгөө төсвөөс ажил өгөхөөр ярьсан хүмүүстээ хэлээд байгаа юм уу гэж хардаж байна. Яагаад энэ мөнчгөрөөрөө явж байгаа бизнесүүдээ, бас эдийн засгийн хөгжлөө бодохгүй байгаад нь л гайхах юм. Сонгуулийн дараа ч гэсэн амьдрал үргэжилнэ ш дээ, тэр үед хэчнээн бизнесийн амыг барьчихсан байх гээд байгаа юм бэ гэж хэлмээр байна.