Тэрбумтан Элон Маскийн үүсгэн байгуулсан “SpaceX” компани нь дэлхийн тойрог замд 30.000 орчим хиймэл дагуулыг хөөргөн, үүний тусламжтай хүн бүрт өндөр хурдны утасгүй интернэтийг санал болгох нүсэр төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл тус компанийн Ерөнхийлөгч, Үйл ажиллагаа хариуцсан захирал Гвен Шотвелл мягмар гаригт АНУ-ын Агаарын хүчний байлдааны сөнөөгч онгоцнуудад “SpaceX”-ын нууцлал бүхий, өндөр хурдны утасгүй интернэтийн сүлжээ цацагчийг байршуулан амжилттай туршсан талаар мэдээлжээ.
Тэрээр “Бид АНУ-ын Агаарын хүчинтэй хамтран өндөр хурдны интернэтийн төхөөрөмжийг байлдааны нисэх онгоцнуудад суурилуулан амжилттай туршлаа. Яг одоо бид туршилтын үр дүнг харгалзан цаашид хэрхэн хэрэглэгчдэд хүргэхээ төлөвлөж байна” гэжээ. Уг төсөл нь Элон Маскийн санаачилсан ангараг гарагт аялал хийх хүнд оврын сансрын хөлгийг бүтээх санхүүжилтийг цуглуулах зорилготой. Үүний хүрээнд тэд АНУ-ын Агаарын хүчинтэй хамтран 2018 оноос 610 мегабайт секунд хүртэлх өндөр хурдны интернэт төхөөрөмжийг туршиж эхэлсэн юм. Уг хурдаар “Full HD” нягтшилтай бүрэн хэмжээний киног нэг минутын дотор татах боломжтой.
“SpaceX” компани нь өнгөрөгч тавдугаар сард анхны 50 хиймэл дагуулыг задгай сансарт амжилттай хөөргөсөн бөгөөд ирэх арваннэгдүгээр сард нэмж 60 хиймэл дагуулыг Флорида муж дахь АНУ-ын Агаарын хүчний баазаас илгээхээр төлөвлөжээ. АНУ-ын Батлан хамгаалах яам, Тагнуулын байгууллага, Дотоодыг аюулаас хамгаалах албаны үйл ажиллагаа хиймэл дагуулын мэдээлэл дамжуулах хүчин чадлаас ихээхэн хамааралтай. Тиймээс АНУ-ын Батлан хамгаалах яам өнгөрөгч оны эцсээр тус компанийн уг төсөлд зориулж 28 сая ам.долларын санхүүжилтийг олгосон юм. Санхүүжилтийн хөрөнгөөр “Starlink” гэж нэрлэгдэж буй өндөр хурдны утасгүй интернэтийн сүлжээг дэлхийн өнцөг булан бүрт цацах 30.000 хиймэл дагуулыг хооронд нь холбох ажлыг хийх аж. АНУ-ын холбогдох албаны хүмүүс одоогоор уг төслийг нууцалж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж буй. Харин зарим иргэн болон ОХУ, БНХАУ тэргүүтэй их гүрнүүд энэ төрлийн технологи нь тагнуулын хэрэгсэл, бөөнөөр устгах зэвсгийн зориулалтаар ашиглагдаж болохыг анхааруулсан юм. Одоогоор Японы “Softbank”-ны хөрөнгө оруулалттай “OneWeb” компани үүнтэй ижил төрлийн төслийг эхлүүлж зургаан хиймэл дагуулыг дэлхийн бага тойрог замд амжилттай байршуулжээ.
Эх сурвалж: Reuters, Thisisinsider