Open iToim app
Боловсрол | 6 мин уншина

Т.Ганбаатар: Тэтгэлэг бүрт өөр эссэ бичиж, давуу талаа тодорхойл

Т.Ганбаатар: Тэтгэлэг бүрт өөр эссэ бичиж, давуу талаа тодорхойл
Нийтэлсэн 2019 оны 11 сарын 25
Олон улсад чанартай боловсрол эзэмшиж, зорилго мөрөөдлөө биелүүлэн яваа чадварлаг залуусын нэг, 2018-2019 оны Унгарын Засгийн газрын тэтгэлэгт амжилттай хамрагдсан Т.Ганбаатартай тэтгэлэг авсан үнэтэй зөвлөмж, туршлагуудын талаар ярилцлаа.
-Та ямар тэтгэлэгтэйгээр сурч байгаа вэ?
-Унгар улсын Засгийн газрын 2018-2019 оны тэтгэлэгт хамрагдан Будапештийн Корвинус их сургууль (Corvinus University of Budapest)-д Бизнесийн удирлагын чиглэлээр магистрын хөтөлбөрт суралцаж байна. 2018 оны есдүгээр сараас эхлэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан бөгөөд ирэх 2020 оны зургадугаар сард төгсөнө. Тус сургууль нь Бизнесийн удирдлага, Эдийн засаг, Нийгмийн ухаан ба ОУ-ын харилцаа гэсэн үндсэн гурван сургуулиас бүрддэг. Унгар, Англи, Герман, Франц зэрэг хэл дээр хичээлээ сонгон суралцах боломжтой.
-Таны суралцаж буй улсын онцлог юу вэ?
-Унгар улсын нийслэл Будапешт хот нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг бөгөөд барилга архитектурын өвөрмөц шийдлүүдийг агуулснаараа бусад улс орноос ялгаатай. Тус улсад дэлхийн II том халуун нуур болох Хэвиц нуур, төв Европын хамгийн том нуур Балатон нуур байдгаараа алдартай. Европын холбоонд 2004 онд нэгдэн орсон хэдий ч, одоог хүртэл өөрсдийн мөнгөн тэмдэг болох форинт (HUF)-оор гүйлгээ хийдэг. Түүнчлэн бусад европын улс орноос ялгардаг гол онцлог нь цагаач, дүрвэгсдийн эсрэг байр суурьтай байдаг. Харин үүний оронд хөгжиж буй улс орноос Засгийн газрын тэтгэлгээр оюутнуудыг сургах тал дээр анхаарлаа хандуулдаг. Тухайлбал, Монгол Улсаас гэхэд жилдээ 200 оюутан Засгийн газрын тэтгэлгээр шинээр суралцуулдаг. 
Цаг агаарын хувьд Монгол Улстай харьцуулахад харьцангуй дулаан. Зуны улиралд +38, өвлийн улиралд хамгийн ихдээ -5 хэм байдаг. Гэхдээ манай улстай ижил төстэй зүйл нь өвөл болоход цас ордог, намар бороо их ордог. Гэхдээ энд нээх сүртэй даараад байдаггүй /инээв/. Хоол хүнсний тал дээр Унгар гуляш /үхрийн махтай шөл/ хамгийн алдартай хоолонд тооцогддог. 

-Тэтгэлэг ямар, ямар шалгуур үзүүлэлттэй вэ?
-Онлайн аппликэйшн (Хувийн мэдээлэл, боловсрол, ажлын туршлага, хэлний мэдлэг, эрүүл мэндийн байдал, хобби зэрэг)-ээ Англи хэл дээр бөглөнө. Онлайн аппликейшнаа эхлэхээс өмнө сургууль, мэргэжлээ сонгоцон байх бөгөөд хоёр сургууль сонгох эрхтэй. Яг сурмаар байгаа мэргэжлээ нэгд нь сонгохгүй бол тэтгэлэг авсны дараа сургууль, мэргэжил солих боломжгүй. Түүнчлэн зорилго тодорхойлсон эссэ, хэлний шалгалтын оноо (ихэнх сургууль IELTS 5.5, iBT TOEFL 72 оноотой байхыг шаарддаг), өмнөх сургуулийн диплом, дүнгийн хуулбар, тодорхойлох захиа (2 хүнээс), Эрүүл мэндийн шинжилгээний хуудас, гадаад пасспорт зэрэг материалуудаа бүрдүүлсэн байна. Манай сургууль бүх оюутныг дипломуудаа Апостиль-аар баталгаажуулсан байхыг шаардсан. Үүнээс гадна ихэнх хэлний оноо хоёр жилийн хугацаатай байдаг ч энд хугацаа дуусахыг тоодоггүй. Иймд хэлний онооны чинь хугацаа дууссан бол санаа зовох хэрэггүй гэсэн үг. 
Сонгон шалгаруулалтын хувьд хоёр үе шаттай явагддаг. Нэгд, Унгарын талаас монгол оюутны баримт бичигт үнэлгээ өгсөн нэр дэвшигчийг шалгаруулна. Хоёрт, I шатны шалгаруулалтад тэнцсэн оюутнууд өөрийн сонгосон сургуулийн элсэлтийн шалгалтыг өгнө. Сургууль бүрийн шалгалт авах хугацаа, хэлбэр өөр байдаг тул хувийн цахим шуудангаа байнга шалгах хэрэгтэй. Миний хувьд бол I шалгаруулалтдаа тэнцээд II шатандаа skype-аар ярилцлага өгч байсан. CV-гээ маш сайн бичсэн тул өөрийгөө танилцуулах хоёр асуулт ирж байсан удаатай. Харин бакалаврын төвшинд тэтгэлгээр суралцах гэж буй ахлах ангийн сурагчид энд дарж мэдээлэл аваарай.
-Таны хэл сурах арга барил юу байсан бэ?
-Ерөөсөө сонирхолтой зүйлээ тухайн хэл дээр үзэх хэрэгтэй. Тодруулбал, би кино их үздэг. Гэхдээ монгол дуу оруулгатай биш англи хэл дээр үзэж эхэлсэн. Subtitle-тай кино үзэхээр бол монголоор биш англи хэл дээр байвал илүү үр дүнтэй. Ингэснээр таны унших, сонсох чадварууд сайжирна. Унших чадвараа сайжруулахад англи хэл дээр ном унших хобби маань их нөлөөлсөн. Хамгийн анх “Хаан ширээний тоглоом” гээд хүн бүхний мэдэх “Гал мөсний дуун” цуврал романын эхний номыг англи хэл дээр уншиж байлаа. Харин үлдсэн хоёр чадварын нэг болох яриагаа ярианы клубт явж сайжруулсан бол бичвэрээ тогтмол давтсаны үр дүнд сурч чадсан. Хамгийн чухал нь өөрийнхөө дуртай зүйл дээрээ тоглолт хийж үүгээрээ хэл сурах арга барилаа олох хэрэгтэй. 
-Тэтгэлэгт хэрхэн, хэр удаан бэлдсэн бэ?
-Уг тэтгэлэгт материалаа өгөхийн тулд гурван сарын хугацаа зарцуулсан. Учир нь би энэ тэтгэлгийн болзлыг 2014 онд хангачихсан (IELTS 6.5 оноо, 2 жилийн ажлын туршлага, баклаврын диплом гээд л) ч Fulbright, Chevening, Australia Awards руу өмнө нь материалаа илгээж байсан юм. Тэгээд энэхүү тэтгэлэгт анх удаа 2018 онд материалаа илгээгээд тэнцсэн.

-Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар танд ямар боломжууд нээгдсэн бэ?
-Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсанаар Будапешт хот болон тус улсын ойролцоо хотуудаар аялж зугаалах, алдартай үзвэр музей үзэх, түүхт халуун рашааны соёлтой танилцах, бусад соёлын арга хэмжээнд оролцох болломжтой. Мөн төв Европын улс учраас Европдоо хаашаа ч аялсан хямд өртгөөр аялах боломжтой. Дээр нь Европын холбооноос санхүүждэг залууст чиглэсэн Erasmus+ хөтөлбөрийн дагуу Европын бусад орнууд руу 7-10 хоногийн сургалтад явах боломжтой. Далимд нь шинэ орон, шинэ хотуудаар аялах боломж олддог.
Түүнчлэн бизнес, санхүү, мэдээллийн технологиор сурч буй оюутнуудад UNICEF, Citi bank, Morgan Stanley, GE, Vodafone, BP, P&G, DIAGEO зэрэг олон улсын компаниудад дадлага хийх боломж олддог нь Будапештэд суралцахын нэг давуу тал юм.
Хамгийн сайхан боломж нь кинонд арын, олны хэсэгт тоглох. Миний оролцсон бүтээлүүд гэвэл: Henry Cavill -ийн гол дүрд нь тоглосон, Netflix-ийн The Witcher цуврал, Michael Rooker -ийн тоглож байгаа Amazon Prime-ийн The Dark Tower цуврал, Salma Hayek and Owen Wilson нарын тоглосон 2020 онд нээлтээ хийх Bliss кино байна даа. Өчигдөрхөн Netflix-ийн хийж байгаа, Keanu Reeves-ийн тоглож буй Conquest гэдэг цувралын олны хэсэгт нь оролцсон.
-Тэтгэлэг авахад ямар бэрхшээл тулгарч байсан бэ?
-Бэрхшээл гэхээсээ илүүтэй хувь хүний цагийн менежмент маш чухал байсан. Миний хувьд Motivation Letter буюу Зорилго тодорхойлсон эссэгээ цагийн хязгааргүй бичдэг байсан юм. Яг үнэндээ шалгалтан дээр цагт баригдаж эссэгээ бичнэ. Иймээс анхнаасаа цаг хараад бичих дасгалаа бэлтгэж эхлэвэл хялбар байх болов уу гэж бодож байна. Мөн бүтэн цагаар ажилладаг хүмүүс бол сайн төлөвлөгөө гаргах хэрэгтэй.
-2020-2021 оны Засгийн газрын тэтгэлэг зарлагдсан байна. Уг тэтгэлгийг сонирхож байгаа залууст юу зөвлөхийг хүсч байна вэ?
-Цагийг нь тулгалгүйгээр аль болох эрт эхлэх хэрэгтэй. Тэтгэлгийн эссэ бичих гэдэг бол хамгийн их цаг зарцуулсан, хамгийн хэцүү хэсэг байдаг. Тиймээс зорилгоо тодорхойл. Яг яагаад энэ мэргэжлээр, яагаад заавал энэ сургуульд сурмаар байгаа вэ гэдгээ өөрөөсөө сайн асуу. Хэн нэгэн туршлагатай хүнтэй ярилц. Төгссөний дараа энэ мэргэжил, энэ сургуульд төгссөн гэдэг чинь чиний амьдралд ямар үр дүн авчрах гэдэг талаар бодох хэрэгтэй. Тиймээс дараах 10 зөвлөгөөг өөртөө хэвшүүлэх хэрэгтэй. Үүнд:
  1. Давуу талуудаа тодорхойл. 
  2. Аппликейшнд ороогүй зүйлүүдээ нэм. 
  3. Уншиж буй хүндээ зориулж бич. 
  4. Гэрийн даалгавраа хий. 
  5. Англи хэл дээр бичиж эхэл. Эссэгээ Монголоор драфлаж бичих хэрэггүй. 
  6. Технологи ашигла. Grammarly зэрэг үг үсгийн алдаа засдаг программаар эссэгээ шалга. 
  7. Тусламж хүсэхээс бүү ич. 
  8. Гадаад хүнээр уншуул. 
  9. Олон удаа зас. 
  10. Тэтгэлэг бүрт өөр эссэ бич.
Та Унгарын Засгийн газрын тэтгэлгийн бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж уншина уу.
- Ярилцсанд баярлалаа.

 
Ярилцсан Х.Дэлгэрмаа
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн