Бага насны хүүхдүүд авиаг өөр үсгээр орлуулах, буруу дуудах нь элбэг байдаг. Энэхүү алдаа дутагдлыг нас бага байхад нь сургаж, хэлж сургахгүй бол насан туршдаа буруу дуудаж хэвших магадлалтай. Тиймээс ч хэл заслын хичээл нь хүүхдийн сургуулийн өмнөх боловсролд чухал үүрэгтэй төдийгүй төрөлх хэлээ зөв эзэмшиж сургана. Хэрвээ таны хүүхэд хэл, ярианы ямар нэгэн хоцрогдолтой бол өгүүлэх эрхтний дасгалууд, амьсгалын дасгал, гарын дасгал, авиан сонсголыг хөгжүүлэх зэрэг дасгалыг цогцоор нь хийснээр хэл заслын хичээл үр дүнгээ үзүүлдэг аж. Монгол хэлний авиаг хүүхэд бүрэн эзэмшихэд ихээхэн цаг хугацаа шаарддаг бөгөөд өгүүлэх эрхтний байршил болон бусад үүргийг тодруулах зорилгоор хүүхдээр өгүүлэх эрхтний дасгалуудыг хийлгэдэг байна.
Жишээлбэл, Хүүхдүүд “С” авиаг “ф”, “з”, “ц”, “д”, “т” гэх мэт өөр үсгээр орлуулж буруу дуудах нь элбэг. Тиймээс хүүхэддээ дараах дасгалуудыг зааж хэл, ярианы хоцрогдлоос гаргах боломжтой юм.
1.Авиаг ялгаж сонсох дасгал
Авиаг ялгаж сургахын тулд “С Д С Т С Л С Ш С Ү С З” гэж хэлж, дагаж дуурайлган хэлүүлж, ялгаж сургах хэрэгтэй.
2.Өгүүлэх эрхтний дасгалууд
Мэлхий хэмээх дасгалыг хийхдээ доод уруулыг сунгаж, буцаан байранд нь оруулна. Энэ нь уруулын хөдөлгөөнийг дэмжиж, булчинг хөгжүүлэх юм. Хүүхэд доод уруулыг хоёр тийш нь аль болох сайтар сунгаж, эргэж байрлалд нь оруулах ёстой бөгөөд уг дасгалыг 10 удаа давтах хэрэгтэй юм. Хэрэв хүүхэд дасгалаа гүйцэтгэж чадахгүй байвал эрүүг нь барина. Эсвэл дээд уруул хөдөлж буй тохиолдолд дарж өгч болно.
Муур дасгал нь хэлний хөдөлгөөний уян хатан чанарыг хөгжүүлдэг. Үүнийг хийхдээ амаа ангайж, хэлний үзүүрийг эхлээд доод үүдэн шүдний ард байрлуулж, мөн адил доод үүдэн шүдээр зөөлөн хазаж шахаад тав хүртэл тоолоод суллана. Уг дасгал нь хүнд хэлбэрт тооцогддог тул хүүхдийг аажмаар дасгаж хийж чаддаг болгох хэрэгтэй.
Сам дасгал нь хэлний булчинг хөгжүүлж, хүүхэд өөрөө хэлээ удирдах чадварыг нэмэгдүүлдэг. Амыг инээмсэглэсэн байдлаас хэлийг урагш гаргана. Тэгээд дээд, доод үүдэн шүдээрээ хэлийг зөөлөн хазаж байгаад дотогш татаж оруулах юм. Хэрэв хүүхэд дасгалыг гүйцэтгэж чадахгүй байвал үс самнах үйлдлийг сануул. Энэ тохиолдолд хэл бол үс, шүд бол сам гэж ойлгуулах хэрэгтэй. Хэрэв уг дасгалыг хийхэд хүндрэлтэй байвал хэлийг дээд доод үүдэн шүдээр зөөлөн зөөлөн хазаж массажлах нь мөн адил үр дүнтэй юм.
Цагираг дасгал нь хэлний хөдөлгөөнийг дэмжинэ. Амаа ангайгаад хэлний үзүүрийг дээд үүдэн шүдний ард байрлуулж хэлийг нарийхнаар дугуйруулж ороогоод 10 тоолж барина. Дасгал эхлэхээс өмнө хүүхдэд дугуй дүрс харуулж, хэлээ ямар хэлбэртэй болгох талаар сайтар ойлгуулах хэрэгтэй.
Бүрээ дасгал нь хэлний уян хатан чанарыг нэмэгдүүлнэ. Амаа бага зэрэг ангайж, хэлээ урагш сунгаж, хэлийг дугуйруулж, уруулаар шахаж барингаа хүчтэй үлээнэ. Хүүхэд уг дасгалыг нэг оролдлогоор шууд гүйцэтгэж чадахгүй учир хэлийг унжуулсан байдлаар үлээлгэх хэрэгтэй.
Эдгээр дасгалуудыг хийж, “С” авиаг дуудаж сургасны дараа үе, үгэнд оруулж зүгшрүүлж хэвшүүлэх дасгалыг хийлгээрэй.