Open iToim app
Банк, санхүү | 2 мин уншина

Н.Мандуул: Хөгжлийн банк дампуурах эрсдэлээс гарсан

Н.Мандуул: Хөгжлийн банк дампуурах эрсдэлээс гарсан
Нийтэлсэн 2022 оны 7 сарын 20
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн явцтай танилцаж, ойрын хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл өглөө.
Энэ талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул "Өнөөдрийн байдлаар 503 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн. Оны эхэнд 66 зээлдэгч байснаас “Вертекс майнинг”, “Кью Эс Си” тэргүүтэй долоон зээлдэгч зээлээ бүрэн төлж, хаасан.
Ийнхүү зээлийн эргэн төлөлт хийгдэж эхэлснээр Хөгжлийн банк “B1 тогтвортой” зээлжих зэрэглэлээ хадгалсан байна. Мөн Монголбанкнаас оны өмнө хийсэн санхүүгийн аудитаар Хөгжлийн банкийг 1.4 их наяд төгрөгийн эрсдэлийн сан байгуулах зөвлөмж өгсөн. Тэгвэл том дүнтэй зээлүүд төлөгдсөнөөр эрсдэлийн санд 906 тэрбум төгрөг бүрдүүлсэн байна. Ингэснээр Хөгжлийн банк дампуурах эрсдэлээс гарсан" гэж мэдэгдлээ.
Хөгжлийн банк цаашид үлдсэн зээлүүдийг төлүүлж, 2023 онд төлөгдөх бондын эргэн төлөлтүүдийг оны эцэс гэхэд эрсдэлгүй, бүрэн төлж барагдуулах чадамжтай түвшинд очихоор зорьж байгаа гэв.
Гэвч хэдий зарим компани зээлээ төлж байгаа ч Хөгжлийн банкнаас авсан зээлээ эргүүлж төлөхгүй, удаашралтай явж байгаа 14-15 том зээлдүүлэгч байгааг дурдлаа. Тухайлбал, зөвхөн “Шинэ Яармаг”, “Эрэл”, “Эрэн” зэрэг гурван компани дээр 416 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт удаашралтай байгаа аж.
Мөн Засгийн газраас төрийн өмчит компаниудын зээлийн асуудлаар тодорхой шийдвэрүүд гаргасан бөгөөд Хөгжлийн банкны зүгээс хэрэгжилтийг хангуулахаар яамуудтай хамтран ажиллаж байгаа талаар мэдээллээ. Хөгжлийн банк дээр төрийн өмчит компаниудын авсан нийт 565 тэрбум төгрөгийн зээл бий. Ойрын хугацаанд, “Эрдэнэс Монгол” нэгдлийн 157 тэрбум төгрөгийн зээл төлөгдөж дуусах хүлээлттэй байгаа бол “ТОСК” болон “НОСК” үнэт цаас гаргаж, Хөгжлийн банканд эзэмшүүлэх байдлаар зээлийн чанарыг сайжруулахаар ажиллаж байна гэв.  
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн