Монголын Олон Улсын Хөрөнгийн Корпораци буюу “MICC” хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга Д.Ачит-Эрдэнэтэй Монголын хөрөнгийн зах зээл болон банкуудын “IPO” сэдвийн хүрээнд ярилцлаа.
-Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлохоос ярилцлагаа эхэлье. Хэдий Монгол Улсын эдийн засаг хүндрэлтэй байгаа ч хөрөнгийн зах зээл тэлж байна. Та уг өсөлтийг хэрхэн дүгнэж байна вэ. Өсөлт цаашид үргэлжлэх үү?
-Хүн төрөлхтөн сүүлийн хоёр жил ковидын нөлөөнд орж, эдийн засгууд уналтад орсон. Хэдий тийм ч сонирхолтой нь дэлхий нийтээр хөрөнгийн зах зээл нэлээд идэвхжээд байна. Тухайлбал, Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ сүүлийн нэг жилийн хугацаанд бараг хоёр дахин өссөн. Үүнийг олон талаас тайлбарлаж болно.
Ерөнхийдөө Засгийн газрууд эдийн засгийг эрчимжүүлэх зорилгоор мөнгөний нийлүүлэлтийг асар их нэмэгдүүлсэн. Монгол Улсын хувьд тог, дулааны мөнгийг тэглэх, импотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах, иргэдэд бэлэн мөнгөний дэмжлэг үзүүлэх, гурван хувийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр их хэмжээний мөнгөний нийлүүлэлт хийсэн. Энэ нь зах зээлд тодорхой хэмжээгээр бэлэн мөнгийг үүсгэсэн.
Харин нөгөө талд, хүмүүс хөл хорионд орж зардал буурснаар өрхүүд багагүй хуримтлал үүсгэсэн. Жишээ нь, зөвхөн импотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан нь иргэдийн гар дээр 100 тэрбум орчим төгрөг төвлөрүүлсэн. Улмаар иргэд хуримтлалаа хувьцаанд оруулах болсон нь хөрөнгийн зах зээл идэвхжих гол шалтгаан болсон. Мөн иргэдийн хуримтлалын томоохон хэсэг нь койн гэх шинэ зах зээл рүү урссаар байна.
Цаашид энэ байдал тодорхой хэмжээнд үргэлжлэхээр ажиглагдаж байна. Ковидын дараа эдийн засгийн сэргэлт явагдахад хөрөнгийн зах зээлийн идэвхжил улам эрчимжих магадлалтай харагдаж байгаа.
-Хөрөнгийн зах зээлийн идэвхжилд өөр ямар хүчин зүйлс нөлөөлж байна вэ?
-Манай улсад банкны хадгаламж болон мөнгөний нийлүүлэлт байнга өссөөр ирсэн үзүүлэлт байдаг. Мөнгөний нийлүүлэлтэд импотекийн зээл нэлээд нөлөөлдөг. Энэ жилээс импотекийн зээлд Монголбанк буцаад оролцож эхэлсэн. Тэгэхээр импотекийн зээлд гарч байгаа олон тэрбум төгрөг нь зах зээлд мөнгөний нийлүүлэлтийг шууд нэмж байна гэсэн үг. Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхээр банкны хадгаламж, харилцах нэмэгддэг. Тэр нь эргээд хөрөнгийн зах зээлд ордог. Ийм л уялдаа харагддаг.
Мэдээж эдийн засгийн тэлэлт хөрөнгийн зэх зээлийн идэвхжилд нөлөөлж байгаа. Жишээ нь, 2012 оны үед зах зээлд 10 их наяд төгрөгийн бэлэн мөнгө эргэлддэг байсан бол энэ тоо өнөөдөр бараг гурав дахин өсөж 30 их наяд орчимд дөхөж байна. Гэхдээ мөнгөний нийлүүлэлт эдийн засгийн өсөлтөөсөө илүү хурдан яваад байх шиг харагддаг.
-Монголын хөрөнгийн зах зээл маш олон жил унтаа байсны эцэст, идэвхжиж хүмүүсийн анхаарлыг татаж эхэлсэн ч крипто гэх шинэ өрсөлдөгчтэй боллоо. Та койны тал дээр ямар байр суурьтай байдаг вэ. Койн хөрөнгө оруулалтын хэрэгсэл мөн үү?
-Эдийн засаг талаасаа харахад мөнгөний тоо нь нэмэгддэггүй валют хүмүүсийн анхаарлыг татах нь зүй ёсны хэрэг. Төв банкууд мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж, их хэмжээний мөнгө гаргах болсон. Дээр нь Төв банкны гаргаж байгаа мөнгө хязгааргүй нэмэгдэж байна гэдэг асуудал байсан. Гэтэл нөгөө талд мөнгөний тоо нэмэгдэхийн хэрээр үнэ цэнэ нь буурч байдаг. Монгол Улсын төв банк ч ипотек, үнэ тогтворжуулах зэргээр тодорхой хэмжээгээр мөнгө хэвлэж байна шүү дээ.
Тиймээс яагаад зөвхөн төв банк мөнгө гаргах ёстой юм бэ гэдэг асуултаас блокчейн технологид суурилсан нийлүүлэлт нь хязгаартай мөнгө гарч ирсэн. Энэ нь анх Засгийн газрыг эсэргүүцэгчид болон банкны системд итгэдэггүй хүмүүст дажгүй санагдсан байх. Улмаар цааш хөгжсөөр зөвхөн тодорхой хүрээнд, цөөн хүн мэддэг байсан биткойн зэрэг криптовалют өнөөдөр бүх нийтийн анхаарлын төвд орж, маш сонирхолтой хөрөнгө оруулалтын нэг хэрэгсэл болж ирсэн. Ерөнхийдөө хүн болгон өөрсдийн мөнгөө гаргаж байна гэж ойлгож болохоор. Манайд бол койн дэлхийн чиг хандлагыг дагаж ирсэн нэг үзэгдэл гэж харагддаг.
Нөгөө талдаа, хөрөнгийн зах зээл дээр шинэ бүтээгдэхүүнүүд ихээр гарах болж, өмнө нь хяналт тал нь түлхүү явдаг байсан СЗХ-ны үйл ажиллагаа бизнесийг илүү дэмждэг болсон нь зах зээлийн өсөлтөд эерэг нөлөө болж байгаа. Гэвч дэд бүтцийн хувьд арилжаа хийхэд хэцүү буюу бараг 20 жилийн өмнөхөөрөө шахуу байгаа. Койны хувьд хүмүүст хурдан хүрч байгаа нь биржүүд дээрээ данс нээгээд, худалдаж авахад бүрэн автоматажсан, маш амархан байгаа явдал юм. Монголын хөрөнгийн бирж дээр данс аваад, арилжаа хийхэд маш төвөгтэй байгааг сайжруулж чадвал хөрөнгийн зах зээл богино хугацаанд өсөх боломжтой гэж хардаг.
-Бусад орнуудтай харьцуулахад манайд койны зах зээлийн нэвтрэлт хэр хурдтай явагдаж байна вэ. Манайхан койн руу шуурч, шинэ зах зээлд их хэмжээний мөнгө урсан орж байгаагийн гол шалтгаан юу вэ?
-Эдийн засгийн хэмжээтэйгээ харьцуулахад манай улсад крипто арилжаа дэлхийн бусад орнуудаас арай илүү өргөн хүрээ, оролцоотой өрнөж, илүү их мөнгө татаж байх шиг харагддаг. Нэг талдаа, Монгол Улсад иргэдэд хувьцаа болон бондод хөрөнгө оруулах боломж бага байдаг. Монголын хөрөнгийн биржийн үнэлгээ өмнө нь үргэлж ДНБ-ий 10 хувьд хүрэхгүй явж ирсэн. Одоо бол хөрөнгийн зах зээл нийт эдийн засгийн 13 хувь орчим байна. Манай эдийн засгийн дийлэнх хэсэг нь банкны актив дээр явдаг.
Гэтэл хүнд банкны хадгаламжаас илүү ашиг олох хүсэл үргэлж байдаг. Хөрөнгийн бирж дээр олон бүтээгдэхүүн байхгүй учир хүмүүс койн руу мөнгөө оруулж байгаа болов уу гэж харагддаг. Тиймээс койнд мөнгөө оруулж байгаа хүмүүсийг буруутгах аргагүй.
-Гэхдээ иргэд хувьцаа авснаар нэг талдаа ногдол ашиг хүртэхээс гадна цаанаа нийгэмд ажлын байр, капитал, үнэ цэнэ бүтээж байгаа компанид хөрөнгө оруулах байдлаар эдийн засгийн уялдаа бий болгодог шүү дээ. Харин койны хувьд хойноо капитал, үнэ цэнэ үүсгэж байна уу. Мөн зах зээл дээр эргэлдэж эдийн засгийн өсөлтөд оролцох ёстой байсан хөрөнгө хэн нэгний дансанд орж, түгжигдэж байна. Энэ нь нийт эдийн засагт ямар нөлөөтэй вэ гэдэг асуултын тэмдэг байна?
-Хүмүүс койныг ихэвчлэн төлбөрийн хэрэгсэл гэж хардаг. Биткойн, этириум зэрэг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн төлбөрийн хэрэгслүүд байна. Нөгөө талд, дээр хэлсэнчлэн Төв банкинд итгэдэггүй буюу биткойн нь авсан нь дээр гэж үздэг хүмүүс бий болсон. Дээр нь хөрөнгө оруулалтын сангууд эрсдэлийг хедж хийх зорилгоор криптовалют авах болсноор хөрөнгө оруулалтын нэг хэрэгсэл болсон.
Тиймээс нэгэнт төлбөрийн хэрэгслүүд гарч байгаа юм чинь тухайн улсынхаа хуулиар хориглоогүй л бол та чадаж байвал койн авч, ашиг олох боломжтой. Монгол Улсын хувьд одоогоор хараахан хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна. Мэдээж хүмүүс койнд хөрөнгө оруулахдаа судалгаатай байх ёстой.
Хөрөнгө оруулалтын хэрэгсэл талаасаа койныг хамгийн эрсдэлтэй хөрөнгө оруулалт гэж хэлж болно. Учир нь цаана нь ямар нэг үнэ цэнэ гэж байхгүй. Койны үнэ хамгийн өндөр хэлбэлзэлтэй байдаг. Товчхондоо тухайн койнд хүмүүс итгэж байвал үнэ нь нэмэгддэг. Тиймээс хүмүүс мөнгө алдах эрсдэлээ бодолцож хөрөнгө оруулах ёстой байх.
Хөрөнгө оруулалтуудыг эрсдэлээр нь эрэмбэлэх юм бол хамгийн эрсдэлтэй нь койн, дараа нь жижиг компанийн хувьцаа, том компанийн хувьцаа, жижиг компанийн бонд, том компанийн бонд гээд сүүлд нь хамгийн эрсдэлтэй багатай нь банкны хадгаламж юм. Өөрөөр хэлбэл, өндөр эрсдэлтэй байхын хэрээх хэрээр өндөр ашиг олох боломжтой буюу эрсдэл, өгөөж хоёр үргэлж уруу хамааралтай байдаг.
-Мэдээж хүн өөрийн мөнгөө юунд оруулах нь тухайн хүний сонголт. Гэхдээ морал талаасаа эдийн засгийн хүндрэлтэй үед эрсдэл ихтэй койнд мөнгөө хийх нь зөв үү. Энэ үед илүү эдийн засгийн өсөлтөд бодитоор эергээр нөлөөлж болох салбаруудад хөрөнгө оруулах нь зүйтэй биш гэж үү. Өөрөөр хэлбэл, тухайн хүнд ашигтай байхын зэрэгцээ, эдийн засагт хувь нэмэртэй буюу эх оронч хөрөнгө оруулалт хийж болох хувилбарууд юу байна вэ?
-Энэ тал дээр банкуудын “IPO”-ыг нэрлэж болно. Учир нь, банкны салбар нь өөрөө хадгаламж эзэмшигчид болон мөнгө хэрэгтэй хүмүүс, бизнесүүдэд зээл олгож, холбодог санхүүгийн гүүр юм. Өөрөөр хэлбэл, банкны салбар нь манай эдийн засгийн төвд нь байдаг зүрх болдог.
Товчхондоо, таны хөрөнгө оруулсан мөнгийг банк нөгөө талд ЖДҮ болон бусад бизнесүүдэд зээл болгоод гаргана. Энэ нь эргээд ажлын байр бий болгож, компаниуд тогтвортой ажиллаж, илүү чанартай бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж, эдийн засгийг дэмжинэ. Нийгэмд бий болсон үнэ цэнээс гарах өгөөж нь эргээд тань дээр ирнэ гэсэн үг.
Мөн банкууд үнэт цаасны танилцуулга дээрээ босгох хөрөнгөө юунд зарцуулахаа тодорхой бичээд, хууль журмын дагуу СЗХ-ноос зөвшөөрөл аваад, Хөрөнгийн бирж дээр бүртгэл хийлгээд, хувьцаагаа гаргадаг. Тиймээс энэ нь харьцангуй сайн хяналт, шалгалттай явдаг гэдэг утгаараа бага эрсдэлтэй хөрөнгө оруулалтад тооцогддог.
Дээр нь нэгэнт хөрөнгийн бирж дээр гарсан хувьцаат компанийн хувьцааг худалдаж авсан хүн хүссэн үедээ буцаж зараад гарч болдог буюу хөрвөх чадвар сайтай хөрөнгө оруулалт юм. Гадаадын хөрөнгө оруулагчид тухайн оронд орж ирээд хамгийн амархан хөрөнгө оруулж болох салбар банк байна гэж хардаг. Энэ утгаараа банк нь бусад салбартай харьцуулахад илүү үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт гэж хэлж болно.
Нөгөө талаараа “IPO” гаргаж нээлттэй хувьцаат компани болсноор хяналт илүү сайжирдаг. Энэ талаасаа банкууд нээлттэй хувьцаанд компани болсноор тухайн банканд итгэх итгэл нь нэмэгдэнэ. Банк итгэлтэй, найдвартай байна гэдэг нь үйл ажиллагаа нь улам тэлж, тогтвортой байх нөхцөл болно.
-Одоогоор нэг банк “IPO” гаргаад, захиалгаа аваад явж байна. Араас нь бусад бүх банк “IPO” гаргана. Мэдээж банкны салбарт өрнөж байгаа энэ үйл явц хөрөнгийн зах зээлд томоохон тэлэлт болох нь гарцаагүй. Хүмүүс ч ихээр сонирхож, оролцохыг хүсэж байгаа нь харагдаж байна. Тэгвэл хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүсийн хувьд та аль банкны хувьцааг худалдан авахыг зөвлөх вэ?
-Ер нь зөв үйл ажиллагаа явуулж байгаа банкинд өсөх орон зай байгаа нь үргэлж харагддаг. Ялангуяа орчин үед банкууд заавал олон салбар, байшин барилгатай, олон хүн ажиллуулснаараа өргөждөг байсан түүх өөрчлөгдөж байна. Өнөөдөр бол хүн халаасандаа харилцдаг банкаа авч явж байна шүү дээ. Утсаа гаргаж ирээд бүх төлбөр тооцоогоо хийдэг болсон. Энэ талдаа банкуудын өсөх боломж хангалттай харагддаг.
Өгөөжийн хувьд зах зээлд байгаа банкуудаас олон салбартай, том банкуудын хувьд өсөх боломж бага байх магадлалтай. Тэдэнд ашгаа сайжруулах боломж харагдаж байгаа.
Эсрэгээрээ жижиг банкуудын хувьцаа илүү өгөөжтэй байж болох юм. Учир нь жижиг банкууд анхнаасаа технологийн шийдлээр илүү цахимд төвлөрч, том банкуудын өмнө нь туулж ирсэн олон салбар байгуулж, олон хүн ажиллуулдаг замыг товчилсноор илүү ашигтай ажиллах боломж харагдаж байна.
Миний бодлоор найдвартай ногдол ашиг авъя гэж зорьж байгаа бол ХААН банкны хувьцааг авах нь хамгийн сайн сонголт байх. Харин өсөлтөөс ашиг хүртэе гэвэл Богд банкийг сонгох нь зөв байх. Гэхдээ хаана хөрөнгө оруулах нь тухайн хүний сонголт шүү дээ.
Oдоогоор “IPO” гаргаад байгаа Богд банкны хувьд бусад банкуудаас үзүүлэлтээрээ сайн байгаа ч хэмжээ нь бага байгаа. Өрийн хөрөнгийн өгөөжөөрөө салбартаа нэгт яваа. Мөн өсөлт нь жил бүр тогтмол өндөр өсөлттэй явж байгаа гэх зэргээр их сонирхолтой бүтээгдэхүүн. Нэг хэсэг АПУ-гийн хувьцааны үнэ зах зээлийн үнэлгээнээсээ бага байсан. Тэрэнтэй адил Богд банкны технологидоо хөрөнгө оруулах төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл ашигтай байна гэж хувьдаа харж байгаа.
-Дэлхийн хөрөнгийн зах зээл дээр ямар төрлийн банкууд хамгийн өсөлттэй буюу цойлж байна вэ?
-Мэдээж уламжлалт банкууд том хэвээрээ байна. Гэхдээ хөрөнгө оруулалтын том банкууд иргэдийн болон жижиг дундын зах зээл рүү орох хандлага сүүлийн үед их ажиглагдаж байна. Жишээ нь, “Goldman Sachs” банк “Marcus” гэдэг салбар компаниараа дамжуулаад зөвхөн онлайн дээр суурилсан байдлаар иргэдийн банкны салбар руу орсон. Өөрөөр хэлбэл, “Goldman Sachs” өмнө нь зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг байсан бол “Marcus” банкыг нэвтрүүлснээр одоо хадгаламжийн бүтээгдэхүүн, зээл санал болгох боломжтой болсон.
Нөгөө талд санхүүгийн эко системийг онлайнаар бүрдүүлэн анхнаасаа зөвхөн цахимд суурилсан банкууд үүсэж, маш эрчимтэй өргөжиж байна. Тухайлбал, энэ тал дээр ОХУ-ын “Tinkoff” банкыг нэрлэж болно. Уг банк нь маш богино хугацаанд 18 сая хэрэглэгчтэй, том активтай болж, өөрийн хөрөнгийн үнэлгээ нь 10 дахин өссөн.
Ийм төрлийн шинэ банкууд нь харилцагчдад банкны бүх төрлийн үйлчилгээг өгөхөөс гадна даатгал, гадаад аялал, сургалтын төлбөр, худалдан авалт гээд маш олон үйлчилгээг давхар санал болгодог. Технологийн шийдлээр маш үр ашигтай ажиллах боломжтой байна гэсэн үг. Товчхондоо, уламжлалт банкуудын ард асар том үйл ажиллагаа явж байдаг. Харин онлайн банкууд анхнаасаа “back office”-оо хүртэл маш цомхон байдлаар зохион байгуулж, хаа сайгүй салбар нээж олон хүн сургаж, ажиллуулах шаардлагагүй буюу зардлыг асар их хэмнэснээр илүү ашигтай ажиллаж байна.