Open iToim app
Эрүүл мэнд | 2 мин уншина

ЭМЯ: Коронавирусийн эмчилгээнд хамгийн үр дүнтэй байгаа дексаметазон эмийн нөөц хангалттай байгаа

ЭМЯ: Коронавирусийн эмчилгээнд хамгийн үр дүнтэй байгаа дексаметазон эмийн нөөц хангалттай байгаа
Нийтэлсэн 2020 оны 6 сарын 30
Монгол Улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан 220 тохиолдол бүртгэгдсэн. Харин үүний 175 хүнийг эмчилж, эдгээж нэг ч  нас баралтгүй  байгаа билээ. Тиймээс коронавирусийн халдварын эсрэг ямар эм, бэлдмэл хэрэглэж байгааг ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн албанаас тодрууллаа
-Манай улсын хувьд коронавирусийн эмчилгээний үед ямар эм хэрэглэж байгаа вэ?
-Эмэн эмчилгээг олон улсын жишигт нийцүүлэн хийж байна. Бидэнд ДЭМБ-ын заавар бий. Заавар дээр байгаа бүх эм, БНХАУ, БНСУ зэрэг улсын эмчилгээний удирдамжид байгаа зүйлсийг бүгдийг нь авсан. Коронавируст халдварын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд ЭМЯ-ны сайдын тушаалаар батлагдсан Коронавируст халдвар (COVID-19)-ын үеийн эмнэлзүйн зааварт орсон вирусийн эсрэг эм, антибиотик, халуун бууруулах шинж тэмдгийн эмчилгээний, дуслын шингэн, амилуулах тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай эмийн нөөцийг бүрдүүлэн, эмчилгээнд хэрэглэж байна.
-Саяхан Дексаметазон гэх эмийг эрдэмтэд коронавирусийн эмчилгээнд хэрэглэхэд үр дүнтэй гэж тогтоосон талаар ЭМЯ-аас мэдээлж байсан. Энэ эм манайд байгаа юу?
-Их Британид хийсэн эмнэлзүйн туршилтаар Дексаметазон нь COVID-19 халдвартай хүнд өвчтөнүүдийн амь насыг аврах боломжтой талаар ДЭМБ-аас мэдээлсэн. Уг эмийг манай улс импортоор авч хэрэглэдэг бөгөөд тарилгын эмийн хэлбэр 11 нэрээр, уухаар шахмал эмийн хэлбэр нэг нэрээр, нүдний дусал хэлбэр 12 нэрээр Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй байна.
-Тэгвэл дексаметазон эмний нөөц хэр байгаа вэ?
-Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагууд жилд дунджаар 600-650 мянган ширхэг Дексаметазоны тарилгыг хэрэглэдэг. Дексаметазон уухаар жилд дунджаар 1-1,5 сая ширхэгийг импортолдог. Улсын эмнэлгүүд Дексаметазоны тариаг ерөнхий гэрээгээр худалдан авч, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хэрэглэж байна. Зах зээлд одоогоор Дексаметазон эмийн тасалдал үүсээгүй.
-Одоо хэрэглэж байгаа эм болон дексаметазон эм хоёрын ялгаа юу вэ, үйлчилгээний талаар тайлбарлаж өгнө үү?
-Дексаметазон нь үрэвслийн эсрэг үйлдэлтэй стероид бэлдмэл юм. Дотоод шүүрлийн өвчнүүд, шок, тархины хаван, багтраа, хүнд хэлбэрийн гуурсан хоолойн агчил, хүнд хэлбэрийн харшлын урвалууд, анафилаксийн шок, үе мөчний өвчнүүд, холбогч эдийн тогтолцооны өвчнүүд, хүнд хэлбэрийн цочмог арьсны эмгэгүүд, хоруу явцтай өвчнүүд, цусны өвчнүүд, хоол боловсруулах замын өвчин, хүнд хэлбэрийн халдварт өвчнүүд, нүдний үрэвсэлт өвчнүүдийн эмчилгээнд хэрэглэгддэг. Коронавируст халдварын үед хэрэглэх заалт нь баталгаажаагүй.
-Өвчлөл гарснаас хойш хэдэн төгрөгийг зөвхөн эмэнд зориулж байгаа вэ?
-Коронавируст халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Засгийн газрын 2020 оны 30 болон 77 дугаар тогтоолоор зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, тоног төхөөрөмж, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисын нөөц бүрдүүлсэн. Энэ хүрээнд вирусийн эсрэг эм, антибиотик, дуслын шингэн, амилуулах тусламж үйлчилгээнд шаардлагатай хоёр тэрбум орчим төгрөгийн үнэ бүхий 27 нэрийн эмийн нөөцийг бүрдүүлсэн.
-Эмийг хаанаас оруулж ирж байгаа вэ?
-Эмийн нөөцөд ОХУ, БНЭУ, Япон, Индонез, ХБНГУ, БНСУ, Монгол улсад үйлдвэрлэсэн эмүүд байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн