Open iToim app
Тэд бидний тухай | 8 мин уншина

Forbes: Танилц, Монголын хамгийн орчин үеийн, халуухан загварыг зохион бүтгээч 'Michel & Amazonка'-ын эгч дүүс

Forbes: Танилц, Монголын хамгийн орчин үеийн, халуухан загварыг зохион бүтгээч 'Michel & Amazonка'-ын  эгч дүүс
Нийтэлсэн 2019 оны 8 сарын 29
Дэлхийд нэр хүнд бүхий “Forbes” сэтгүүл 2020 оны Токиогийн зуны олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын хувцсыг урлахаар болсон “Michel & Amazonka” брэндийг онцолж, загвар зохион бүтээгч эгч дүүстэй ярилцлага хийсэн байна. Үүнийг эмхтгэн хүргэж байна.
Загвар. Энэ бол хүн бүрт байдаг зүйл биш. Загвар зохион бүтээгч эгч дүүс болох “Michel & Amazonka”-ын бүтээлүүдээс харахад тэд яг одоогоор Монголд хамгийн орчин үеийн, халуухан загваруудыг толилуулж байна.
Эгч дүүс “Michel & Amazonka”  брэндээ эхлүүлэхдээ эрсдэл гарган Монголчуудын уламжлалт хувцас болох дээлийг өвөрмөц хээгээр чимэглэсэн орчин үеийн бомбейр хүрэмний загварт шилжүүлсэн нь Улаанбаатарын хамгийн загварлаг хүмүүсийн анхаарлыг ихэд татаж, тэдний хамгийн дуртай зүйл нь болж чадсан юм. Тиймээс тэднийг хайрлахгүй байхын аргагүй.
Би загвар зохион бүтээгч эгч дүүс болох “Michel”, “Amazonka” болон тэдний том эгч болох “Michel & Amazonka” брэндийн гүйцэтгэх захирал Ч.Мөнхжаргал нартай уулзаж Монголын загварын ертөнц, үндэсний хэв шинжийг агуулсан байгаль орчинд илүү ээлтэй, тогтвортой, орчин үеийн загварын чиг хандлагыг гаргаж ирэхээр ажиллаж буй тэдний зорилго хийгээд хувийн амьдралынх нь талаар ярилцлаа.
undefined
-Сэтгүүлч (С): Монголчууд хувьд загварын тал дээр хэр хүчтэй мэдрэмжтэй, бие даасан хэв маягтай гэж та бүхэн боддог вэ?   
-Michel & Amazonka (M&A): Монголчууд их загварлаг байх дуртай хүмүүс. Хувцаслалт дээрээ ихэвчлэн чиг хандлагыг дагах төлөвтэй байдаг. Тиймээс бид өөрсдийн бүтээлүүдээ илүү олон сонголттой, загварлаг байлгахыг хичээдэг.  
-С: Ер нь Монголд, тэр дундаа Улаанбаатарт загварын чиг хандлага, дүр төрх сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдөж ирсэн бэ?
-M&A: Сүүлийн жилүүдэд Монголд загварын чиг хандлага маш их өөрчлөгдсөн гэж бодож байна. Монголд ардчилсан хувьсгал болсноос хойш бараг 30 жил өнгөрчээ. Үүнээс өмнө бол манай загварын салбар дэлхийгээс нэлээд хоцрогдсон байсан гэж бид боддог. Өнөөдөр ч гэсэн монгол болон дэлхийн загвар зохион бүтээгчдийн хооронд том зөрүү байсаар байна. Бид дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж байх ёстой. Тиймээс “Michel & Amazonka” брэнд нь анхнаасаа дэлхийн чиг хандлагатай зэрэгцэн алхаж, нэг төвшинд байхыг зорьсон.
-С: Та бүхэнд сүүлийн үеийн дэлхийн загварын аль чиг хандлага илүүтэй сэтгэгдэл төрүүлж байгаа вэ. Ер нь та хоёрыг илтгэхүйц орчин үеийн чиг хандлага юу вэ?
-M&A: Бидэнд таалагддаггүй, ойшоож хардаггүй тийм загварын чиг хандлага гэж байхгүй. Учир нь загварын чиг хандлага бүр өөрийн гэсэн дагагчид, шүтэн бишрэгчидтэй. Жишээ нь, ямар нэг хүнтэй танилцлаа гэхэд түүний дотоод ертөнцөд нь нэвтэрч харах юм бол амьдралыг үзэх үзэл, загварын чиг хандлага, сонголтынх нь талаар илүү сайн олгодог шүү дээ.
Загвар зохион бүтээгч бүр өөрийн гэсэн хэв маягаар аливаа зүйлд ханддаг. Түүнийгээ бүтээлдээ тусгаж харуулдаг. Харин бидний хувьд уламжлалт үндэсний хэв шинж, “underground” чиг хандлагад илүүтэй татагддаг. Тиймээс “Michel&Amazonka”  брэндийн загваруудад эдгээрийг хослуулан харуулахаар шийдсэн. Хэрэв манай загваруудыг ажиглах юм бол үндэсний өв уламжлал, хэв маягийг тусгасан гар хатгамал бүхий европ загварын хувцаснуудыг харах боломжтой.
- С: Хувцасны материалуудыг хаанаас авдаг вэ. Бүгдийг нь Монголоос авдаг уу?
- M&A: Манай улсад ноолуурын үйлдвэрүүд олон байдаг. Харин даавууны үйлдвэр огт байдаггүй. Тиймээс Монголд худалдаалагдаж буй бүх даавуунууд нь гаднын улсаас импортоор орж ирсэн байдаг. Тиймээс цаашдаа илүү минималист, энгийн хэв маягийг загварууддаа тусгах замаар бидэнтэй ижил олон хатгамал, нөхөөсийг загварууддаа ашигладаг томоохон брэндүүдээс ялгарах төлөвлөгөөтэй байгаа. Мөн бид загварууддаа ашигладаг даавууны материалуудыг илүү сайжруулахын төлөө ажиллаж байна.
-С: Даавууны материалуудаа яаж сайжруулна гэсэн үг вэ?
-M&A: Бид даавуун дээр хэвлэдэг үйлдвэрүүдтэй хамтарч ажиллахаар эрэлхийлж байна. Ингэснээр бид гадуур бэлэн байгаа даавуунуудаар бус өөрсдийн даавуун дээрээ бүтээлүүдээ гаргах үүд нээгдэнэ. Мөн цаашдаа ноолууран хувцасны загваруудыг танилцуулахаар төлөвлөөд байгаа. Үүний дээр бид өнөөгийн байгаль орчинд ээлтэй чиг хандлагыг маш их таашааж байгаа. Тиймээс цаашдаа илүү эко бүтээгдэхүүнүүдийг загваруудаа ашиглах болно.
Бид байгальд ээлтэй уут үйлдвэрлэсэн анхны компани. Харин одоо барууны орнуудад хүмүүс өдөр тутамдаа гялгар уут бус байгальд ээлтэй уут хэрэглэх чиг хандлагатай болжээ. Бид цаашдаа өөрсдийн коллекцууддаа өшөө олон эко уут оруулж, үүний ашиг тусыг Монголдоо өмнөхөөсөө ч илүүтэй сурталчлахыг хүсэж байгаа.
-С: “Michel & Amazonka”-ын хувцаснууд дээрх гар хатгамлууд бүгдийг нь өөрсдөө оёдог уу. Ер нь нэг хүрэмд хатгамал хадахад хэр хугацаа ордог вэ?
-M&A: Тийм ээ, өөрсдөө гараараа оёдог. Нэг хүрмийг ойролцоогоор нэг долоо хоногт оёдог.
-С: Цор ганц загварууд хийдэг гэсэн?
-M&A: Тийм, бид цор ганц загварууд хийдэг.
-С: Үргэлж цор ганц загварууд хийнэ гэдэг хэцүү зүйл шүү?
-M&A: Манай зах зээл маш жижиг учраас ижил загварын олон хувцас үйлдвэрлээд борлуулахад хэцүү байдаг. Гэхдээ бид ирээдүйд “Mango”, “Zara” зэрэг нэг загварын хувцсаа өөр өөр хэмжээтэйгээр олон хувь үйлдвэрлэдэг жижиг брэндийг нээнэ гэж найддаг. Мэдээж зөвхөн нэг хүнд зориулагдан бүтээгдээгүй учир үнийн хувьд хямд байна. Бид одоогийн захиалгаар цор ганц хувцас хийдэг үйлчилгээгээ хадгалахын зэрэгцээ өөр олон хэрэглэгчидтэй болохыг хүсдэг. Ирэх жилээс үүнийг бодит болно гэж найдаж байгаа.    
-С: Шинэ брэнд “Michel & Amazonka” брэндээс тусдаа дэлгүүртэй байх уу?
- M&A: Тийм ээ, мэдээж тэгнэ.
-С: Хөөх, үнэхээр их догдолмоор юм. Тэгэхээр ирэх жил та бүхнийг том төсөл хүлээж байгаа байх нээ?
-M&A: Тийм шүү! Шинэ брэндийн хувцаснууд үнийн хувьд боломжийн байх ч өмнөхийн адилаар сайхан загвартай, чанартай байх болно.
-С: Та хоёр загвар зохион бүтээх, оёх урам зоригийг хэрхэн авсан бэ?
-M&A: Манай ээж олон сайхан хатгамал хийдэг байсан. Ээж минь гар урлалын зүйлсэд маш дуртай хүн байсан. Бид түүний гоёл чимэглэлийн зүйлс хийдэг сонирхлыг нь өвлөн авсан. Ээжийн минь аав буюу бидний өвөө лам хүн байсан. Тэр бас бидэнд маш их урам зориг өгсөн. Түүний өмсөж зүүдэг, эдэлж хэрэглэдэг зүйлс нь маш гоёл чимэглэлийн, өвөрмөц зүйлс байдаг байсан. Эдгээр хүмүүс биднийг загварын ертөнцөд ороход маш их нөлөөлж, урам зориг өгсөн.
-С: Танай урланд шинэ загвар зохион бүтээх үйл явц хэрхэн өрнөдөг вэ?
-M&A: Бид эхлээд судалгаа хийдэг. Тэгээд хөгжим сонсоод урам зориг авч бүтээлүүдээ туурвидаг.
-С: Судалгаагаа Монголд хийдэг үү эсвэл гадагшаа явдаг уу?
-M&A: Бид гадаад орнуудаас судалгаа хийдэггүй. Үүний оронд эргэн тойрон, хүрээлэн буй орчноосоо санаагаа авдаг.
Яг одоо Монголд загварын санаа авах зүйлс асар олон байна. Учир нь Монголын соёл, уламжлалын талаар дэлхий дахин төдийлөн сайн мэдэхгүй. Хүмүүс Монгол гэхээр л Чингис хаан эсвэл эртний түүх гэдгээр л хүлээж авдаг. Гэхдээ орчин үеийн Монголд юмс маш өөр. Эндхийнхний өмсдөг хувцас, соёл, уламжлал, баяр ёслол зэргээс маш олон гайхалтай санаа гарч ирдэг. Тиймээс бид Монголоос загварын санаа, урам зориг авч дууслаа, эцэстээ туллаа гэж үзсэн үедээ л шинэ санаа эрэлхийлэхээр гаднын өөр улс руу зорчих болно.
Одоогоор бол бидэнд энэ бүхэн хангалттай байна. Яг аль загвар үйлчлүүлэгчид болон олон нийтэд таалагдаж байна гэдгийг хэлэхэд хэцүү. Заримдаа за энэ ч амжилттай болно доо гэж бодсон загварыг хүмүүс төсөөлснөөс огт өөрөөр хүлээн авдаг. Гэсэн хэрнэ гэнэт толгойд орж ирсэн санаагаараа маш хурдан хугацаанд загвар зохион бүтээхэд хүмүүст тэр нь маш ихээр таалагдаж, ахиад нэгийг хийгээч гэдэг. Тэгэхээр бид өөрсдийн загвар коллекцуудаа амжилттай, сайн болсон гэдгийг дүгнэхэд хэцүү. Үүнийг үйлчлүүлэгчид л шийддэг.   
undefined
-С: Хараад байхад “Michel & Amazonka” брэнд байнгын үйлчлүүлэгчид ихтэй юм?
-M&A: Тийм ээ, коллекц бүрээс ямар нэгэн хувцас заавал авдаг үйлчлүүлэгчид ч бий. Өнгөрсөн жил бид сар бүр нэг коллекц буюу нийт 12 коллекц гаргасан. Тэр болгоноос хувцас авсан хүн байгаа. Энэ жилийн хувьд арай цөөн коллекц гаргасан. Тэгтэл илүү олныг гаргаач, авмаар байна гэсэн хүсэлт их байна.
-С: Энэ ч мөрөөдөл шүү. Гэхдээ загвар зохион бүтээх үед мэдээж янз бүрийн бэрхшээлүүд тулгардаг. Та хоёр яаж бусад шиг нэг газраа гацахгүй улам илүү зүйлсийг хийсээр байна?
-M&A: Үүнийг зах зээлийн хэмжээнээс шалтгаалж байна гэж харж байна. Бид загваруудаа олон тоогоор үйлдвэрлэдэггүй. Манай эдийн засаг ч тийм сайнгүй байна. Тэгэхээр олон тоогоор үйлдвэрлэхэд маш их зардалтай.
Хүмүүсийн сонголт ч гэсэн өөр, өөр. Манай улс 3.3 сая хүн амтай гэхэд тэнд хоорондоо огт өөр зүйлсийг таашаадаг маш олон төрлийн хүмүүс байгаа. Тиймээс одоохондоо хэрэглэгчдийн хүсэлтээр цор ганц загварууд зохион бүтээх арга барилдаа төвлөрөх нь илүү дээр.  
Мөн бид одоогоор онлайн дэлгүүртэй болох тал дээр нухацтай ажиллаж байна. Ингэснээр манай загваруудыг гаднын улсуудаас захиалан авах боломж бүрдэнэ. Гэхдээ бидэнд размераас эхлээд шийдэх ёстой олон асуудал байгаа. Учир нь Ази болон Европ хувцасны размер өөр шүү дээ.
-С: Та гурав бол эгч дүүс. Та нар хэрхэн зохицон ажилладаг вэ. Бие биенээсээ яаж урам зориг авдаг вэ?
-M&A: Бид гурав бие биенээсээ үргэлж маш их зүйлсийг суралцаж, хардаг. Жишээ нь Amazonka маш их төвлөрч боддог. Заримдаа бид түүнийг шинэ загвар зохион бүтээхийг хүлээх хэрэг гардаг. Гэхдээ хэдий удсан ч үргэлж гайхалтай зүйлс гараас нь гардаг. Харин нөгөө талд Michel илүү хурдтай. Тэр маш богино хугацаанд олон загвар гаргаж ирдэг. Тэгэхээр тэдний ажиллах арга барил өөр. Хэрэв шинэ санаа орж ирвэл үргэлж хоорондоо ярилцдаг. Аль нь дээр вэ, яавал зүгээр вэ гэх зэргээр.
 С: Тэгэхээр хамтын ажиллагаа байх нь ээ.
-M&A: Тийм ээ, хамтын ажиллагаа. Michel гоё чамин, нарийн деталь юм хийхдээ сайн. Харин Amazonka ерөнхий бүтэц, хөгжүүлэлт хийхдээ гаргууд. Тэдний багийн ажиллагаа яг л үсгүүд нийлж үг бүтдэгтэй л адил.
-С: Монголд эмэгтэй хүн бизнес удирдах ямархуу байдаг вэ?
- M&A: Тэр бол хэцүү. Гэхдээ хүн өөрийн дуртай ажлаа хийж байгаа тохиолдолд ямар ч саад бэрхшээлийг даваад гардаг. Энэ нь тийм эсвэл үгүй гэдэгтэй л ижил. Ажлаас хэргээс гадна бидэнд гэр бүлүүддээ санаа тавих ажил байна. Монголд соёл уламжлалд эмэгтэй хүн ар гэрээ авч явж, тэдэндээ санаа тавих үүргийг хүлээдэг. Тиймээс бид ч гэсэн бизнес эрхлэхийн хажуугаар ар гэрийн ажлаа цалгардуулалгүй авч явахад анхаардаг.
Бид гурвуулаа гэрлэж, гэр бүлтэй болцгоосон. Бүгд ээжүүд. Заримдаа ачааллаас болоод гэртээ үзэгдэхгүй, олон цагаар ажил дээрээ өнжицгөөдөг. Тэр үед нөхрүүдтэйгээ бага зэрэг асуудал үүсдэг. Гэхдээ эцсийн эцэст тэд бидний ажлыг ойлгож, хүндэлдэг.
-С: Нөхрүүд тань та нарыг бүрэн дэмждэг үү?
-M&A: Тийм ээ, тэд биднийг дэмждэг. Бид анх эхэлж байхад нөхрүүд маань хадгаламжаасаа хөрөнгө оруулалт хийж санхүүгийн ар талыг хангасан. Дараа нь бид буцааж төлсөн.
-С: Сүүлийн бөгөөд магадгүй хамгийн чухал асуултаа асууя. Та бүхэн дэлхий дахин Монголын загварын ертөнцийн талаар юуг мэдээсэй гэж хүсэж байна вэ?
-M&A: Дэлхий дахинд Монголын загварын салбарыг ноолууран хувцсаар тэртээ тэргүй мэднэ. Гэхдээ бид тэдэнд Монголд ноолуураас өөр зүйлээр загвар урладаг олон өөр загвар зохион бүтээгчид байдаг юм шүү гэдийг мэдүүлмээр байна.
Маш олон монгол загвар зохион бүтээгчид энд дэлхийн хэмжээний хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллаж байна. Гэвч тэдэнд дэлхийн зах зээл дээр гарах боломж нь бусадтай харьцуулахад дутмаг байна. Хэрэв тэдний зарим нь л гадаад зах зээлд гарч мастеруудтай хамтарч ажиллан, тэднээс суралцаад эхэлбэл одоо байгаагаасаа хамаагүй сайжрах болов уу. Гэхдээ тэгэх үгүйг үнэндээ мэдэхгүй юм.
Бид өөрсдийн хүссэн зүйлсээ үргэлжлүүлэн хийсээр л байх болно. Магадгүй нэг л өдөр дэлхий биднийг олж харах байх. Бидний хамгийн чухал мөрөөдөл, эрхэм зорилго бол дэлхийн зах зээлд гарч, Монголынхоо өвөрмөц загварын онцлогийг өөр бусад орнуудад таниулах явдал юм.
undefined
Эх сурвалж: Forbes
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн