Open iToim app
Үйл явдал | 3 мин уншина

“Утаагүй Улаанбаатар”-тай болох гарц шийдэл

“Утаагүй Улаанбаатар”-тай болох гарц шийдэл
Нийтэлсэн 2018 оны 1 сарын 10
Утааны асуудал гамшгийн хэмжээнд хүрч, агаарын индекс хэвийн төвшнөөс 25 дахин нэмэгдэж, маш их бохирдолтой байна. Энэ жилийн төр засгийн зүгээс агаарын бохирдолд нэлээд анхаарал хандуулж, Агаарын бохирдлын эсрэг хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна. Түүнчлэн төр хувийн хэвшлийн байгууллагууд хамтран “Утаагүй Улаанбаатар” хэлэлцүүлэг форомыг зохион байгууллаа. Уг уулзалтад Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын ипотекийн корпораци, Төрийн орон сууцны корпораци болон судлаач, эдийн засагчид оролцож, утаагүй Улаанбаатар болох гарц шийдлийг ярилцлаа. Хэлэлцүүлгээр “Орон сууц-Цэвэр агаар”, “Орон сууц-Зах зээл”, “Орон сууц-Тогтвортой санхүүжилт” сэдвийг хөндсөн. Улаанбаатар хотын хэмжээнд амьсгалын замын өвчлөлийн 79 хувь нь утаанаас үүдэлтэй, агаарын бохирдол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон аюултай хэмжээнээс дөрөв дахин их үзүүлэлттэй байгааг форумд оролцогчид онцолcон. Мөн утаанаас болж жилд 3700 хүн  нас барж байгаа аймшигтай тоо баримт ч байгаа юм.  Өнгөрсөн хугацаанд утаагүй зуух, цахилгаан халаалтаас эхлээд агаар шүүгч, амны хаалт хэрэглэх хүртэл арга хэмжээ авсан нь тодорхой үр дүнд хүрээгүй. Тиймээс утаанаас салах хамгийн шилдэг шийдэл нь “Орон сууцжуулалт” гэдэгт форумд оролцогчид санал нэгдсэн. Урт хугацаанд орон сууцжуулах ажил хэрхэн анхаарах, богино хугацаанд ямар шийдэл хэрэгтэй байгаа талаар оролцогчид байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.
-ТОСК-ийн ерөнхий захирал Ж.Хичээнгүй: 2018 онд шинээр Улаанбаатар хотод мянган айл, орон нутагт мянган айлын түрээсийн орон сууц бэлэн болж байна. Зургаан сарын хугацаанд хоёр мянган айлын орон сууц ашиглалтад орно. Урьдчилсан тооцоогоор 15-20 жил түрээсэлж байгаад өмчлөх боломж бүрдэнэ. Түүнчлэн нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Яармаг хороололд шинээр газар чөлөөлөлт хийгдээд явж байгаа.  Эдгээр ажил хийгдсэнээр агаарын бохирдлыг бууруулахад бодитой нөлөө үзүүлнэ
-Сангийн дэд сайд Х.Булгантуяа: Бид улсын төсвийн хөрөнгөөр болон олон улсын байгууллагуудын санхүүжилтээр ипотекийн зээл, дэд бүтэц зэрэг барилгын хөтөлбөрүүдэд анхаарал хандуулахаас гадна хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай. Гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэх зорилгын хүрээнд манай улсад дөрвөн том төсөл хэрэгжиж байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банкны 320 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэх, ариун цэврийг хангах, нийтийн тээврийн үйлчилгээг боловсронгуй болгоход зарцуулах юм. Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр 9.7 сая ам.долларын төсөл хэрэгжиж байна. Түүнээс гадна Хятадын буцалтгүй тусламжийн хоёр тэрбум юаниар дэд бүтцийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон.
-МИК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга: Найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийн хувьд МИК санхүүгийн тогтолцоог сайжруулж, дараагийн иргэн байр худалдан авах нөхцөлийг бүрдүүлсэн. Монголбанк найман хувийн зээлийн эх үүсвэрийг арилжааны банкуудад олгож, арилжааны банкуудаас иргэд зээл авч эхэлсэн. Бондын эргэн төлөгдөх баталгаа нь ипотекийн зээл учраас “Ипотекийн зээлээр баталгаажсан бонд” гэж  нэрлэдэг. Тус бондын 90 хувийг Монголбанк, үлдсэн арван хувийг арилжааны банкууд эзэмшдэг. Бид зээлийг нь худалдаж авахдаа арилжааны банкуудад бонд өгч, арилжааны банкууд Монголбанкнаас авсан богино хугацаат эх үүсвэрээ тус бондоор төлдөг. Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны хөнгөлөлттэй хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас арилжааны банкуудад нийт дөрөв орчим их наяд төгрөгийн санхүүжилт олгосон. “МИК ОССК” ХХК нь зээлийг багцлан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зорилго бүхий тусгай зориулалтын компаниар дамжуулж 13 удаагийн хэлцлээр гурван их наяд төгрөгийн үнийн дүн бүхий баталгаат үнэт цаасыг гаргасан. Эдгээр бондын эргэн төлөлтөөс найман хувийн зээлийн хөтөлбөр үргэлжилж байна. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн