Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

ББСБ-ын хөрөнгө гуч гаруй хувиар өсч, 1.3 их наяд төгрөгт хүрчээ

ББСБ-ын хөрөнгө гуч гаруй хувиар өсч, 1.3 их наяд төгрөгт хүрчээ
Нийтэлсэн 2019 оны 1 сарын 29
2018 оны жилийн эцсийн байдлаар санхүүгийн зах зээлд нийт 539 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Банк бус санхүүгийн байгууллагуудын Хорооноос олгодог тусгай зөвшөөрлийн дагуу эрхлэх 10 төрлийн үйлчилгээ байгаагаас 2018 онд нийт байгууллагуудын дийлэнх нь буюу 91.1 хувь нь зээлийн үйл ажиллагааг дагнан болон хавсран эрхэлж, 8.9 хувь нь зөвхөн гадаад валют арилжааны үйлчилгээг дагнан эрхэлж байна.
Санхүүгийн байгууллагуудын чадавх, хэмжээг илэрхийлэгч хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг болох нийт хөрөнгийн хэмжээ жилийн эцсийн байдлаар 1.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 32.5 хувиар өссөн байна. Активын бүтцээс харвал салбарын хөрөнгийн өсөлтийн 73.2 хувийг зээлийн өсөлт, пассивын бүтцээс харвал өөрийн хөрөнгийн өсөлтийн 66.1 хувийг хувь нийлүүлсэн хөрөнгийн өсөлт тус тус бүрдүүлж байна.
2018 оны жилийн эцсийн байдлаар банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оноос 36.1 хувиар өсөж, 868.5 тэрбум төгрөгт хүрлээ. Нийт зээлийн үлдэгдлийн 96.5 хувийг төгрөгийн, 3.5 хувийг валютын зээл эзэлж байгаа бол, 86.6 хувийг хэвийн зээл, 3.8 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 9.6 хувийг чанаргүй зээл тус тус эзэлж байна. 2017 онд салбарын чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 12.7 байсан бол тайлант онд уг үзүүлэлт 3.1 нэгжээр буурч, зээлийн чанар сайжирсан байна.
Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан бөгөөд салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оноос 2.1 дахин нэмэгдэж 233.8 мянгад, харин нийт харилцагчдын тоо 1.6 саяд хүрчээ. Зээлийн үйлчилгээний хүртээмжийн уг өндөр өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой юм. Харин зээлийн бүтээгдэхүүний үнэ болох сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин оны эцсийн байдлаар 3.3 хувьтай байгаа бөгөөд хүүгийн түвшин өмнөх оноос 0.1 пунктээр буурсан үзүүлэлттэй байна.
2018 онд салбарын нийт ашиг 100.6 тэрбум төгрөгт хүрсэн ба нийт банк бус санхүүгийн байгууллагуудын 85.2 хувь нь 108.6 тэрбум төгрөгийн ашигтай, 12.2 хувь нь 8.0 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Салбарын ашигт ажиллагааны үзүүлэлтүүд болох нийт хөрөнгийн өгөөж 8.9 хувь, өөрийн хөрөнгийн өгөөж 11.6 хувьтай байгаа ба өмнөх оноос 1.3, 1.6 хувиар тус тус өссөн дүнтэй байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн