Open iToim app
Спорт | 5 мин уншина

Б.Ариунзаяа: Иог бол дотоод зөрчлийг арилгаж, өөрийгөө хайрлахад сургадаг урлаг

Б.Ариунзаяа: Иог бол дотоод зөрчлийг арилгаж, өөрийгөө хайрлахад сургадаг урлаг
Нийтэлсэн 2020 оны 4 сарын 10
Эрүүл мэндийн яамны фэйсбүүк пэйж хуудсаар дамжуулан хөл хорионы үеэр гэрийн нөхцөлд хийж болох дасгал хөдөлгөөнийг заадаг “Venus yugo studio”-ийн багш Б.Ариунзаяатай ярилцлаа.
-Таны хувьд 20 килограммыг гурван сарын хугацаанд хаяж, тэрхүү жингээ гурван жилийн турш хадгалж байгаа гэсэн. Олон хүний гайхшралыг төрүүлсэн тэрхүү түүхээсээ хуваалцаач?
-Намайг таньж, мэддэг хүмүүс Ариунзаяа хэзээ ийн байлаа даа гэж их гайхдаг. Би бага байхаасаа л унаган махтай, тарган хүүхэд байсан. Манай гэр бүлийнхэн гурилан, чихэрлэг хүнсний бүтээгдэхүүн их иддэг, яг л орос хэв маягаар хооллодог байсан юм. Мөн хүүхдээ төрүүлэхдээ маш их жин нэмээд төрснийхөө дараа 82 килограммтай болж, жингээ хасах гэж олон зүйл хэрэглэж байсан ч үр дүнтэй байгаагүй. Үүнээс гадна нөхрөөсөө салаад сэтгэл зүйн хувьд ч хямралд орсон. Сүүлдээ маш их хэмжээгээр идэж, түүнийгээ буцааж гаргадаг болсон зэрэг өмнө нь тохиолдож байсан хар дурсамжуудыг бодохоор яаж амьдраад байснаа гайхдаг. Гэхдээ энэ бүхнээс намайг аварсан, миний амьдралыг өөрчилсөн зүйл бол иог. 20 кг илүүдэл гурван сарын дотор хасахад иогийн ид шид тусалсан гэсэн үг. Би нягтлан бодогч мэргэжилтэй ч эмэгтэйчүүдэд эрүүл зөв хооллох, өөрийгөө эрүүлжүүлэх зөвлөгөө өгөх хоббитой байсан бөгөөд блог хөтөлдөг байлаа. Намайг 22 настай байхад ээж минь иогийн багшийн сургалтад суухыг зөвлөсөн юм. Ингээд сургалтаа дүүргээд иогийн төвүүдээр багшилдаг байхдаа иогийн аль төрлийг баримтлан хэрхэн заах аргаа төдийлөн олж авч чадахгүй байсан юм. Тэгж явсаар нэг жилийг заах арга барлаа олж, судлахад зарцуулсан. Үүний үр дүнд монголчуудад зориулсан иогийн хичээлийг боловсруулж чадсан шүү.
-Юун түрүүнд иог гэж яг юу болохыг тайлбарлаж өгвөл. Бусад спортын төрөл, дасгал хөдөлгөөнөөс юугаараа ялгаатай вэ?
-Иог  бол нэгдэл гэсэн утгатай санскрит үг. Хүн гаднаа гоё сайхан хувцаслаад, жаргалтай мэт явж байгаа ч, дотоод мөн чанартаа өөрөө өөртэйгөө зөрчилдөж байдаг. Харин иог  бие болоод сэтгэлд тарж бутарсан зөрчлийг нэгтгэж өгдөг урлаг юм. Үүнийг би нийгэмд харуулахдаа гоо зүйн талаас нь харуулдаг л даа. Яг л хувцсаар нь үдэж, ухаанаар нь угтана гэдэг шиг, хүмүүс иогийг гадна талаас нь дүгнэж ирээд, дурлаж, ойлгож чадвал жинхэнэ мөн чанарыг нь мэдэрч иог гэдэг нь тураах дасгал биш оюун санаагаа цэгцлэх, өөрийгөө хайрлахад тусалдаг урлаг болохыг ойлгуулахыг хичээдэг.  
-Монгол хүний  онцлогт тохирсон иогийн хичээлийг боловсруулсан гэсэн. Ер нь яг хэчнээн төрөлтэй юм бэ. Монгол хүнд ямар төрөл нь тохирдог юм бол?
-Иог олон төрөл. Энэтхэг хатха иог хөгжсөн бол виньяса, повер гэх мэт урсгал нь барууны оронд их хөгжсөн. Монголд ихэвчлэн хатха иог заадаг бөгөөд энэ нь халуун уур амьсгалтай орны хүмүүст тохиромжтой байдаг л даа. Гэвч манай улсын цаг агаар, уур амьсгал нь биднийг царцуу, хөшүүн болгосон байдаг тул хатха тохиромжгүй. Тиймээс би повер болон виньяса урсгалыг хослуулж ордог. Повер гэдэг нь булчин чангалах фитнесс дасгалууд байдаг бол, виньяса нь хөдөлгөөнөө амьсгалтайгаа уялдуулдаг учир нэгтгэж хийхэд дотоод, болоод гадаад дүр төрхөө өөрчлөхөд нэн тохиромжтой.
-Танай сургалтад эрэгтэй хүмүүс их хамрагдаж байгаа гэсэн. Тэгэхээр арга барилаа өөрчлөх шаардлага гарч байна уу?
-Ер нь эрэгтэй хүмүүст иог заахад илүү хялбар санагддаг л даа. Яагаад гэвэл, эмэгтэйчүүд бидэнд хүч бага, уян хатан чанар сайн байдаг. Харин эрчүүдэд хүчин байдаг ч уян хатан чанар нь муу байдаг юм. Миний заадаг повер, виньяса урсгал нь тухайн хүнээс хүч шаарддаг тур эрэгтэй хүмүүст тохиромжтойн дээр, уян хатан чанарыг нэмэгдүүлж өгдөг давуу талтай. Ер нь иог хүнээс хүч, уян хатан, тэнцвэрийг зэрэг төвлөрүүлэхийг шаарддаг.
undefined
-Мөн “Фит” иог чиглэлээр хичээл ордог гэсэн. Онцлогийг нь юу вэ?
-“Фит” иогийг фитнесс дасгалд дуртай зорилтот хүмүүстээ зориулж гаргасан. Иогийг фитнесстэй хамт сурахын тулд юун түрүүнд өөрийгөө энергийн төвшинд задалсны дараа хүчийг төвлөрүүлж, олж авдаг. 
-Иогоор хичээллэж байх үедээ идэж буй хоол, хүнсний бүтээгдэхүүн, унтаж, амрах цагтаа хэрхэн анхаарах хэрэгтэй байдаг вэ?
-Би хүмүүсийг туйлшруулах дургүй л дээ. Өөрийнхөө биеийг сонсохыг л зөвлөдөг учир ямар хоол хүнс хэрэглэх тухайд заавар өгдөггүй.  Харин анх иогоор хичээллэж байгаа хүмүүсийн унтах цаг нэмэгддэг юм. Яагаад гэвэл, олон жилийн хугацаанд цугласан мэдрэлийн бүх ядаргааг иог бүрэн тайлж чаддаг. Мэдрэлийн ядаргаа тайлагдахаар хүн анх удаа бүрэн амарч үздэг.
-Хүмүүс хэдэн цагийн үед иогоор хичээллэх сонирхолтой байдаг вэ?
-Манай монголчууд сүүлийн жилүүдэд өглөөний хүн болоод байгаа шүү дээ. Би 06.00 цагт онлайн ангидаа хичээл заана. Ингэхийн тулд 04.30 цагт сэрдэг. Харин заалны хичээл 07.00-08.15 хүртэл ордог. Дараа нь хувийн хэвшлийн эсвэл гэртээ байдаг хүмүүс 10.00-11.15 хооронд хичээллэнэ. Мөн цайны цагийн үеэр буюу 12.30-аас бас нэг заалны анги хичээллэдэг. Харин орой 18.30 анги хичээлээ ороход өдөржингөө хөдөлсөн хүний бие уян хатан болчихсон байдаг учраас энэ цагт тохируулсан тусгай хичээл, дасгалуудтай. Оройн анги маань 20.00 цаг хүртэл л хичээллэдэг. Ер нь дасгал хөдөлгөөнөөр хичээллэдэг хүмүүст хандаж зөвлөхөд орой 20.00 цагаас хойш дасгал хийж болохгүй шүү. Биеэ амрах ёстой цаг нь амрахгүй бол сөрөг үр дүн гарах магадлалтай.
-Танай төвийг зориод турах гээд ирсэн хүнд хамгийн түрүүнд ямар дасгал зааж эхэлдэг вэ?
-Юун түрүүнд хүмүүст хөлсөө гаргаж сурахыг зөвлөдөг. Ирж байгаа ихэнх хүмүүсийг харахаар хөлс нь гарахаа больчихсон байдаг бөгөөд энэ нь биеийн дотоод хийн урсгал хаагдаад түгжигдсэн байна гэсэн үг. Харахад зүгээр байгаа боловч биеийн эргэх тогтолцоо, бодисын тогтолцооны хэм алдагдчихсан байдаг юм. Үүний дараа булчинг тэлэх дасгалуудыг заана. Ингээд 90 хоногийн хугацаанд л тууштай дасгал хөдөлгөөн хийчихвэл дадал, зуршил болчихно. Мөн “Орчил гэгээ” хэмээх бясалгалийн хичээл ордог бөгөөд энэхүү төрлийг гал, устай бясалгал гэж үздэг. Хувь хүн бүрт өөрийн гал гэдэг зүйл оршдог. Тэр гал нь сэвтээд ирэхээр  унжуу, дорой болж, эд хөрөнгө, хань ижилгүй, амьдралын буруу зам руу ороод байдаг үед “Орчил гэгээ” бясалгалаар хичээллэвэл хүн өөрийнхөө галыг засч чадна. Үүнийг би үгээр тайлбарлах боломжгүй гайхалтай зүйл. Маш их энергийн хуйлралд орж хийгддэг бясалгал юм л даа.  
undefined
-Эрүүл мэндийн яамны пэйжээр дамжуулан хэчнээн төрлийн дасгалыг заасан байна вэ. Ер нь иог хүний дархлаанд ямар нөлөөтэй вэ?
-Одоогоор дөрвөн цуврал хичээл оруулсан байна. Эхлээд цэвэрлэгээний амьсгалын хичээл орсон. Хүний амьсгал зөв байх юм бол биеийн үйл ажиллагаа зөв урсгал, голдиролд орж, эргэх холбоо сайжирдаг юм. Хоёр дахь хичээл бол нарны мөргөл. Үүнийг хийснээр өөрийнхөө биеийн бүх зангилааг гаргаж, амьсгал, уушгиа тэлж өгдөг. Өглөө бүр мандаж буй наранд талархах сэтгэлээр мөргөдөг мөргөл нь хүний сэтгэлийн оронг цэвэрлэж, бие мах бодийг ч уян хатан болгодог давуу талтай. Дараа нь гэртээ хийж болох фитнесс дасгалууд заасан. Хамгийн сүүлд таван төрлийн нурууны дасгал орсон байгаа. Нуруу өвдөх нь  амь настай холбоотой хүнд өвчлөл гэдгийг би өөрөө илүүдэл жинтэй байх үедээ мэдэрч байсан учраас олон хүн энэ өвчлөлөөс хол байж, урьдчилан сэргийлээсээ гэж хүссэндээ  энэ хичээлийг заах болсон. Хүмүүст иог гэдэг нь ямарваа нэг шашны урсгал биш, уран нугаралт биш боди хүн байхыг заадаг урлаг юм гэдгийг ойлгуулахыг хичээж байна. Иогоор дамжуулж өөрийнхөө дотоод мөн чанарыг олж, хардаг байгаасай гэж хүсдэг.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн