Open iToim app
Боловсрол | 4 мин уншина

О.Батнайрамдал: Дэлхийн топ сургуульд сурахад мундаг байх албагүй. Харин...

О.Батнайрамдал: Дэлхийн топ сургуульд сурахад мундаг байх албагүй. Харин...
Нийтэлсэн 2019 оны 2 сарын 18
Дэлхийн шилдэг сургуулиудад хэрхэн өөрийгөө бэлдэх, юунаас эхлэх, цаг хугацаагаа хэрхэн төлөвлөх талаар Харвардын Бизнесийн Сургуулийн MBA-ын төгсөгч О.Батнайрамдал (Наги)-ын залуустай хуваалцсан лекц, ярилцлагаас онцлон бэлтгэлээ.
Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдэд үнэ төлбөргүйгээр залууст дэлхийн топ их сургуульд хэрхэн суралцах талаар лекц уншсан юм.  Тэрээр,
Ажлын туршлагатай бол давуу тал болно
Хэрвээ гадаадад магистраар суралцах хүсэлтэй байгаа бол хамгийн наад зах нь 2-5 жилийн ажлын туршлагатай байх шаардлагатай. Ингэж ажиллах хугацаандаа хувь хүн ямар ажил, мэрэгжил өөрт тохирох, цаашид юу хийхийг хүсч байгаагаа тодорхой мэддэг. Энэ нь таны хувьд том давуу тал болно.
MBA хөтөлбөртэй сургуульд сурах нь 
MBA хөтөлбөртэй сургуульд сурахад багш хичээлийн ихэнх цагт лекц уншихаас илүү оюутан төвтэй байдаг. Багш зөвхөн чиглүүлэгч байж, оюутнууд кейс дээр ажиллаж, гарц шийдлийг өөрсдөө олдог. Ингэснээр хувь хүн аливаа зүйлийг олон талаас харахад суралцана. Хувь хүн өөрийн ирээдүйг тодорхой болгоно.
Магистрт сурахын тулд өөрийгөө хэрхэн бэлдэх вэ
-MBA хөтөлбөртэй сургууль эсвэл өөрийн хүсч буй сургуульдаа сурах чин хүсэл байгаа эсэх тодорхой болгож, хаана сурах шийдвэрээ гарга.
-GMAT-ын шалгалтдаа эртнээс бэлдэж эхэл. GMAT шалгалтад бэлдэх нь хамгийн их цаг хугацааг шаарддаг учраас эртнээс бэлдэж эхлэх хэрэгтэй. Төрөлх англи хэлтэй маш олон залуустай өрсөлдөнө гэдгийг санаарай. GMAT-ын ирдэг асуултад хариулах сэтгүүлүүдийг уншиж бай.
-Өөрийгөө танин мэдэх асуултыг өөрөөсөө асууж, түүнд хариулахад цаг гарга.
-Хэрвээ MBA хөтөлбөртэй сургуульд сурахыг хүсч байгаа бол цагаа зөв зохицуулж, ажлынхаа хажуугаар бэлдээрэй. Өдөрт юу хийхээ календэрт төлөвлөөд түүнийгээ тухайн цаг бүрт хийгээд явах нь илүү үр дүнтэй. Шалгалтад бэлдэхдээ ганцаараа биш, өөртэйгээ адил суралцах чин хүсэлтэй хүмүүстэй хамт нэг баг болж бэлдэх нь маш чухал. Энэ нь цаг үр дүнтэй ашиглахад тус болно.
Сургуулиа хэрхэн сонгох вэ
Хувь хүн өөрөө юу хүсч байгаа, хэн болохоо тодорхойл. Үүний дараа сургуулийнхаа талаарх мэдээллийг хайж, судал. Боломжтой бол төгсөгчидтэй уулз. Сургуулиудын вэб сайтаас сургууль тус бүрийн хоорондын ялгааг олж хараарай. Ингээд өөрт тохирсон сургуулийн программыг сонгох хэрэгтэй. Сургууль болгоны програм өөр өөр байдаг.
Эссэгээ хэрхэн бичих вэ
Эссэг бичихдээ хугацааг нь тулгаж эхэлж болохгүй. CV нь тухайн суралцагчийн техникийн мэдээллийг олгодог. Эссэ нь тухайн хүн хэн болох хувь хүний талаарх мэдээллийг тодорхойлох боломжийг олгодог. Эссэ бичихэд өөрийгөө эргэн харж, өөрийгөө маш сайн судалснаар олон хүнээс ялгарах, өөрийгөө цор ганцаар тодорхойлох онцгой түүх бичиж чадна. Хэн болох тухай онцгой түүхээ бичих нь бусдаас ялгарна. Магадгүй таны амьдралыг өөрчилсөн түүхийг бичиж болно. Эссэгээ уншиж байгаа хүн талаас бодож бичээрэй. Эссэ урт байх нь сул талтай. Иймд эссэгээ богино бөгөөд маш оновчтой байдлаар бичих нь чухал. Эссэний эхний өгүүлбэр маш чухал. Уншиж байгаа хүний анхаарлыг татаж, цааш уншихад хөтлөх ёстой.
Таныг тодорхойлох захиа
Энэ захианаас таны талаар бусад хүн юу гэж бодож байгааг харах юм. Тодорхойлох захиаг дарга юм уу, эрх мэдэлтэй хэн нэгнээр бичүүлэхээс илүү таныг хувь хүн талаас маш сайн мэдэх  хүн бичих нь зүйтэй. Хэн нэгэн дарга таныг тодорхойлох нь чухал биш. Таны тухай тодорхой захиа бичих хүндээ өөрийн талаарх, захианыхаа гол агуулга бүхий мэдээллийг тайлбарлаж өгөөрэй.
Ярилцлагад орохдоо анхаарах зүйлс
Сургуулийн ярилцлагыг Skype-аар өгч болно. Гэхдээ миний хувьд Skype-аар ярихдаа ямар нэг алдаа гаргах вий гэж бодоод ойролцоох оронд нь очиж шалгалт өгсөн. Сургууль бүрийн ярилцлага өөр өөр байдаг. Ганцаар ярилцахаас гадна шалгалт өгч байгаа оюутнуудыг нэг баг болгож, нэг сэдэв дээр ажиллуулж болно. Ярилцлага өгөхөөс өмнө аливаа сэдвийг багц болгон бэлдэж болно. Тухайлбал, Наагий гэж хэн бэ гэдгийг тодорхойлох мэдээллийг нэг багцад багтаах, эсвэл Монгол Улсыг тодорхойлох мэдээллийг багц болгон бэлдэх нь давуу талтай. Таныг сорьсон асуултууд ч ирэх боломжтой.
Сургуулийн хариу хүлээх
Харвардын бизнесийн сургуульд ярилцлага өгсний дараа 24 цагийн дотор эссэ бичиж явуулах ёстой. Үүнд ярьж амжаагүй эсвэл ойлгуулж чадаагүй зүйлээ илэрхийлэх боломжтой. Сургууль бүр хариу мэдэгдэх хугацаатай.
Тэтгэлэг
Харвардын бизнесийн сургуульд суралцахад тухайн сургуулийн хадгаламж зээлийн хоршооноос зээл авч болно. Төлбөрөөс болж шантрах хэрэггүй. Харин хүссэн сургуульдаа яаж тэнцэхэд л гол анхаарлаа хандуул. Төлбөр төлөх боломж үргэлж байдаг.
Шантрах үе гарвал
Хувь өөрийн алсын хараагаа тодорхой болгох нь бэрхшээл тулгарч шантрах үеийг туулж гарах шалтгаан болдог. Тиймээс хаана хүрэхээ тодорхойл. Ингэсэн цагт босох итгэл бий болдог.
Цаг төлөвлөлт
Хүссэн сургуульдаа элсэх шалгалтад хэрхэн бэлдэх нь цаг төлөвлөлтөөс шалтгаална. Эхлээд туршилтын тест хийж үзэж, шалгалтад хэдэн цаг орохыг тооц. Үүний дараагаар өдөрт хэдэн цагаар шалгалтад бэлдэхээ тодорхойлоорой. Өдөр бүрийн хийх зүйлээ эхний нэг сар тасралтгүй хийвэл дасна. Хийх зүйлээ календарьт төлөвлө.
Харвард юм уу, дэлхийн шилдэг сургуульд сурахад та заавал мундаг байх албагүй. Харин та бусдаас хол илүү хөдөлмөрлөж, өөрийгөө дайчлахад л болно. Шилдэг сургуульд тэнцэх нь урт хугацааны хөдөлмөр гэж хэлж болно. Таны амьдралын нөхцөл байдал ямар байх нь хамаагүй. Тэр бол ердөө шалтгаан юм" гэлээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн