Open iToim app
Спорт | 5 мин уншина

Х.Энхзориг: Хөлбөмбөг надад олон зүйлийг өгсөн

Х.Энхзориг: Хөлбөмбөг надад олон зүйлийг өгсөн
Нийтэлсэн 2019 оны 5 сарын 22
МУИС-ийн газар зохион байгуулалтын III курсийн оюутан, МУИС-ийн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч, "Андууд сити" багийн төвийн хамгаалагч, Х.Энхзоригтой ярилцлаа. Тэрээр өөрийн хүмүүжил төлөвшил, тууштай байдал, тэвчээр хатуужлаараа мянга мянган оюутан, залууст үлгэр жишээ болж, хөл бөмбөгийн спортоор 15 дахь жилдээ хичээллэн, чамгүй олон амжилтын эзэн болж яваа нэгэн. Ингээд түүний хүсэл мөрөөдөл, дотоод ертөнцөөр хамтдаа аялъя.
-Таны хувьд бага байхаасаа хөл бөмбөг тогложээ. Энэ хугацаанд хуримтлуулсан туршлага юу байв?
-Зургаан настай байхаасаа эхлээд хажуу айлынхаа ах нартай тоглож өссөн. Тэр цаг үеэс л хөлбөмбөгт эргэж буцалтгүйгээр дурлаж, одоо 15 дахь жилдээ тоглож байна. Ганцхан хөл бөмбөгт л дуртай болохоороо өөр спортыг төдийлөн сонирхдоггүй. Долдугаар ангиасаа хөл бөмбөгийн хүүхдийн “Дэрэн” клубт явж эхлээд, тухайн үед Лаки гэх Сербиан дасгалжуулагч, Б.Гарьдмагнай, З.Баттулга, Ж.Баяртулга зэрэг олон дасгалжуулагчаар удирдуулан зургаан жил тус клубт тоглосон. Дараа нь “ГОЁО FC” клуб рүү ороод 2016, 2017 онд тоглосон. Клуб маань 2018 онд нэрээ  “Андууд сити” болгон өөрчилсөн. Тус клубдээ гурав дахь жилдээ Г.Даваа-Очир дасгалжуулагчийн удирдлагад тоглож байна. Саяхан гэрээгээ гурван жил хүртэл сунгасан. Төвийн хамгаалагчийн байрлалд тоглодог. Дэрэн клубтэй багийн ахлагч байсан. Одоо бол МУИС-ийн хөл бөмбөгийн шигшээ багийн ахлагч. Энэ хугацаанд хуримтлуулсан туршлага гэвэл асар их. Хамгийн анх зүгээр л гудамжиндаа тоглодог байсан бол одоо улсаа төлөөлөн олон орны ногоон талбайд тоглож байна.
-Өсвөр насны хүүхдүүдийн хувьд компьютер тоглоом эсвэл архи, тамхи ч гэдэг юм уу сонирхох зүйл маш олон. Мөн сонирхолтой бусад спорт ч байна. Ер нь хөл бөмбөг яагаад сонирхох болсон бэ
-Жаахан байхаасаа сагсан бөмбөг, гар бөмбөг тоглодог байсан ч хөл бөмбөг хэзээнээсээ л миний хувьд спортын “ноён оргил” байсаар ирсэн. Хамгийн их үзэгчтэй, үзүүштэй агшнууд гардаг гэх мэтчилэн давуу талыг нь дурдаад дуусахгүй. Одоо бол хөл бөмбөгөөс салж чадахгүй болчихсон. Бэлтгэл хийхгүй байгаа байхаар бэлтгэлдээ явмаар, бөмбөгөнд хүрэхийг хүсээд байдаг юм. Хөл бөмбөгийн надад өгсөн зүйл нь маш их. Энэ нь тус спортыг орхиогүйн гол шалтгаан. Жишээлбэл, ямар ч тамирчин талбай дээр гараад өөрийнхөө бүх хүч чадлыг дайчлан, хожихын төлөө тоглоно. Үүнээс шалтгаалаад тууштай, тэвчээр, хатуужилтай зан чанартай болдог.
-Хамгийн сүүлд болсон тоглолтынхоо сонин сайхнаас хуваалцаач. Мөн одоо хүлээж буй тоглолтынхоо тухайд.
-Өнгөрсөн нэгдүгээр сард Германд Willi Belger cup гэх хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байранд орсон. Герман, Польшийн багуудтай тоглосон. Мөн оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд МУИС-ийг төлөөлөн оролцож, хоёрт орсон. Саяхан U23 өсвөрийн хөл бөмбөгийн тэмцээн болсон. Манай баг ардчилсан Солонгос болон Хонконг-д нэг тэгээр, Сингапурт гурав нэгээр хожигдсон. Өмнө нь эдгээр улсад дөрөв, тав, долоо зэрэг онооны зөрүүтэй хожигддог байсан, харин энэ удаад энэ онооны зөрүүг ойртуулж чадсан.  Бага зэрэг азгүй байсныг эс тооцвол маш сайн тоглосон. Маш гоё боломжууд гарч ирсэн хэдий ч харамсалтай нь боломжийг алдсан. Харин одоо бол “Дээд Лиг”-т тоглож байна. Дөрвөн сарын 13-нд эхэлсэн. Ирэх 10 дугаар сарын дундуур дуусна.
undefined
-Ямар ч спортод ялалт байгуулах нь багийн хамтын ажиллагаа, бэлтгэл нөгөө талаасаа тухайн тамирчны сэтгэл зүйтэй холбоотой байх. Тоглолтын өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?
-Зөвхөн тоглолтод л анхаарна. Өмнөх өдрөөс нь эхлээд яаж тоглох тухай хэлсэн дасгалжуулагчийн заавар зөвлөгөө,  тоглолтын тактикаа бодож, хононо. Харин маргааш нь өөр юм бодохгүйгээр, өөрийнхөө дуртай дууг сонсож, өөрийгөө тайвшруулж анхаарлаа маш сайн төвлөрүүлэхийг хичээнэ дээ. Тоглолтоос цаг гучин минутын өмнө цугладаг юм. Бүр том тоглолтоос өмнө бол хоёр цагийн өмнө цугладаг. Эхлээд бүгдээрээ ороод тоглолтдоо төвлөрнө тайвширна. Дасгалжуулагч тактикаа хэлнэ. Тавин минутын өмнө талбайд халаалтаа хийгээд тоглолт 45 минутаар хоёр үе тоглоно. 15 минутын нэг завсартай. Энэ 90 минутын хугацаанд байгаа бүхнээ дайчилна. Ямар ч тэмцээнд байдгаа дайчлаад хожихыг бодож тоглодог. Гадаадад улсынхаа нэрийг гаргаад тоглож байхад, омогшоод, урам зоригтой байдаг юм. Биднийг Монгол Улсын баг гэж зарлана. Тиймээс илүү хурцлагдаж, илүү эрч хүчтэй тоглодог. Тоглолтоос гадна зүгээр гудамжаар хүртэл явж байхдаа буруу үйлдэл хийх юм бол энэ Энхзориг гэж ярихгүй, Монгол хүүхдүүд гэж ярих учраас бид биеэ зөв авч явах, хувийн зохион байгуулалт сайтай байх, цаг барих зэргээр аль болох алдаа гаргахгүйг хичээдэг.
-Өдөр бүр бэлтгэл хийдэг үү. Ер нь өдрийн хэдэн цагийг бэлтгэлдээ зарцуулдаг вэ?
-Өдөрт цаг гучаас хоёр цаг гучин минут бэлтгэл хийнэ. Дунджаар бол яг хоёр цаг бэлтгэл хийдэг. Хөл бөмбөгөөр хичээллэдэг хүүхдүүд маш шахуу цагийн хуваарьтай байдаг. Хичээлээ тараад бэлтгэлдээ шууд бэлтгэлдээ явна. 
-Хөлбөмбөгөөр хичээллээгүй бол ямар байх байсан тухайгаа төсөөлж байсан уу?
-Хаяа хөлбөмбөг тоглоогүй байсан бол ямар байх байсан болоо гэж боддог л юм. Гэхдээ ерөөсөө төсөөлж чаддаггүй. Аягүй туранхай эсвэл их идсэн бүдүүн,  тэгээд зожиг, номой, нээлттэй биш байх байсан байх. Хөл бөмбөг тоглоод өөрийнхөө үеийн хүүхдүүдтэй найзалж нөхөрлөөд, багш дасгалжуулагч нь аав ээж шиг нь хандаад байхаар сүүлдээ “хоёр дахь гэр бүл” гэж хэлэхээр хэмжээнд очдог. Хамт олныхоо дунд нээлттэй, эелдэг, хөгжилтэй, зан чанартай болдог.
-Хөл бөмбөгөөр надад олон боломжийг олгосон гэж та хэлсэн шүү дээ. Энэ тухайгаа яривал.
-Надтай зэрэг тоглоод явж байсан хүүхдүүдийн зарим нь энэ спортыг орхиж, харин зарим нь илүү мундаг болсон байна.  Бидэнд шантраад, больдог ч юм уу гэж бодож байсан үе олон. Гэхдээ хөлбөмбөгтөө хайртай нь л одоог хүртэл тоглоод явж байна. Энэ бол миний хувьд эхлэлийн цэг хэдий ч энэ хүртэл хөл бөмбөг надад тууштай зан чанар, нэг зүйлийг эхэлсэн л бол дуусгах ёстой гэсэн зарчим, тэвчээр хатуужил, хүмүүжил төлөвшлийг суулгажээ.  Мөн олон орноор явж, газар үзэж, олон соёлтой танилцсан байна.12 настай байхад Дэрэн клуб Сербиан дасгалжуулагчтай байсан. Тэрний дараа ч туршлага солих үүднээс олон гадаад тамирчинтай хамтарч тоглож байсан. Энэ үүднээс спортын чиглэлийн англи хэл харьцангуй гайгүй.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн