МАНАН-гийн эсрэг хоёр дахь тайван жагсаал өнөөдөр болсон. Жагсаал 16 цагийн орчимд тарсны дараа жагсагчдын төлөөлөл тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, Сүхбаатарын талбайн авто машины зогсоолын хэсэгт гэр барьж, хугацаагүй суулт зарлаж байгаагаа мэдэгдлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Өнөөдрөөс улс төрийн хугацаагүй суулт зарлаж байна. Бид УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр ажлаа өгөх шаардлага тавьсан. Жагсаалын дундуур УИХ-ын даргатай уулзахад өөрийн хүсэлтээр ажлаа өгөхгүй. Хуулийн дагуу ажлаа өгнө гэсэн шаардлага тавьж байна. Үүний хариуд тайван замаар хүчирхийлэлгүй байдлаар эсэргүүцлээ илэрхийлнэ. Зарим иргэд өлсгөлөн зарлах асуудал яригдаж байна. Төв талбайд 80 гэр барихаар төлөвлөсөн. Гэр барих зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан даргаас авсан. Одоогоор 50 гэр барих зөвшөөрөл өгсөн. Эхний ээлжинд хууль дүрэмд заасны дагуу гэрээ барина” гэж ярилаа.