Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

Д.Ням-Осор: Өсвөр насныхан хооллолтын зөв дадалгүй, өдөрт цөөн удаа хооллож байна

Д.Ням-Осор: Өсвөр насныхан хооллолтын зөв дадалгүй, өдөрт цөөн удаа хооллож байна
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 12 сарын 3
Хүүхэд нас буюу амьдралын эрт үед тогтсон буруу аж төрөх ёсны хэвшил хожим эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж архаг хууч өвчний суурь хүчин зүйл болох эрсдэлтэй байдаг аж. Судалгаагаар өсвөр насны дөрвөн хүүхэд тутмын нэг нь пирожки, хуушуур, шарсан ороомог зэрэг шим тэжээлгүй хоолыг өдөр бүр идэж байна. 10-18 насны хүүхдүүдийн хооллолтын байдлыг судалсан Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн Шим тэжээл судлалын тэнхмийн багш Д.Ням-Осортой ярилцлаа. 
 -Яагаад өсвөр насны хүүхдүүдийн хооллолтын байдлыг сонгон судласан бэ? 
-Хүүхэд, өсвөр насанд бие махбодийн өсөлт хөгжил хамгийн эрчимтэй явагддаг. Энэ үед хоол, хүнсээр авах илчлэг, шимт бодисын хэрэгцээ нэмэгддэг гэсэн үг. Насанд хүрсэн хүний хооллолтын дадал нь хүүхэд, өсвөр насанд хооллолтын дадал хэрхэн хэвшсэнээс хамаардаг онцлогтой. Монгол Улс хүн амын хооллолтын байдал, илүүдэл жин, таргалалт, бичил тэжээлийн дутагдал гэх зэрэг эрүүл мэндийн асуудлыг тандаж судалдаг. Тухайлбал 2010 оны байдлаар 7-11 настай хүүхдийн илүүдэл жин, таргалалт 4.3 хувь байсан бол 2016 оны байдлаар энэ тоо 6-11 насны хүүхдэд 28.6 хувь болж өссөн.  Илчлэг өндөртэй хүнс хэрэглэх, хөдөлгөөний идэвх бага байх нь илүүдэл жин, таргалалтад шууд нөлөөлдөг. Мөн 2016 оны судалгаагаар манай улсын 6-11 насны хүүхдийн чихэрлэг ундааны хэрэглээ өндөр гарсан. Өөрөөр хэлбэл судалгаанд оролцсон 10 арван хүүхэд тутмын найм нь долоо хоногт нэгээс дээш удаа чихэрлэг ундаа хэрэглэдэг гэсэн дүн гарсан байна. Энэ үнэхээр анхаарал хандуулахгүй байж боломгүй асуудал юм.  
-Та бидэнтэй судалгааныхаа үр дүнг хуваалцана уу. Хамгийн сонирхол татсан дүн нь юу байсан бэ. Өсвөр насныхан өөрсдийн авах илчлэгийг авч, зөв дадалтай хооллож чадаж байна уу?
-АШУҮИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль 2017 онд өсвөр насны буюу 10-18 насны хүүхдүүдийн хооллолтын байдлыг судалсан. Судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн хооллолтын байдал хангалтгүй байгаа дүн гарсан. Тухайлбал, хүүхдүүд өдөрт цөөн хооллодог буюу бараг тал хувь нь өдөрт гурваас бага удаа хооллож байна. Мөн пирошки, хуушуур, шарсан ороомог зэрэг хоол, хүнсийг нийт хүүхдийн 89 хувь нь хэрэглэдэг гэж хариулсан. Эдгээр хүүхдүүдийн дөрөвний нэг нь өдөр бүр дээрх хоолыг хүнсэндээ хэрэглэдэг байна. Энэ насанд хүүхдүүд тогтмол цагт хооллохгүй байна. Ялангуяа өглөөний цай уухгүй хичээлдээ явах, өдрийн хоолонд шим тэжээллэг бус хүнс хэрэглэх явдал түгээмэл байгаа нь тэдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх магадлал өнлөр. Судалгаагаар өглөөний цайг хүүхдүүдийн 16.5 хувь нь, өдрийн хоолыг 6.4 хувь нь, оройн хоолыг хоёр хувь нь тус тус уудаггүй гэсэн үр дүн гарсан. Өсвөр насны хүүхдүүдийн дунд зөв, зохистой хооллох дадал төлөвшөөгүй байна.
-Зөв, зохистой хооллох дадалгүй байх нь илүүдэл жин үүсгэхэд нөлөөлөх үү? 
-Илүүдэл жин бол буруу хооллолт мөн хөдөлгөөний идэвхгүй байдлаас болж үүсдэг. Дэлхийн улс орны өсвөр насны хүүхдүүдийн дунд хөдөлгөөний идэвхи хангалтгүй байна. Амьдралын буруу хэв маяг тухайлбал хөдөлгөөний идэвхгүй байдал нь түргэн хооллолт, зохисгүй хооллолт болон биеийн жингийн индекс хооронд холбоо хамааралтай байна. Зурагт удаан хугацаагаар үздэг, компьютер дээр удаан суудаг хүүхдүүд илчлэг өндөртэй хоол хүнс, түргэн хоол, чихэрлэг ундаа их хэрэглэж харин жимс, хүнсний ногоог бага хэрэглэж байна. Түүнчлэн эрүүл бус хүнс буюу илчлэг өндөртэй, шимт бодис багатай хүнсний хэрэглээ түгээмэл байгааг судалгааны үр дүнгүүд нотолж байна. ДЭМБ-аас өсвөр насны хүүхэд өдөр бүр хамгийн багадаа 60 минут дунд болон өндөр эрчимтэй хөдөлгөөн хийхийг зөвлөдөг. Манай судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн дөнгөж 17 хувь өдөр бүр спортоор хичээллэдэг, биеийн хүч шаардсан дасгал, хөдөлгөөн хийдэг хөдөлгөөний идэвхтэй хүүхдийн тоо хангалтгүй байгаа нь ажиглагдсан.
-Орчин үед хүүхдэд гэлтгүй бараг хүн болгонд турах гэдэг асуудал үүссэн. Түүнийгээ ямар нэгэн нийгмийн сүлжээ дамжсан хоолны дэглэмээр зохицуулах гэж оролдох болжээ. Энэ хэр үр дүнтэй вэ?
-Сүүлийн үед хүмүүс маш олон янзын хооллолтын дэглэм хэрэгжүүлж байна. Дэглэм бүр өөр өөрийн онцлогтой харагддаг. Бид өөрсдийн нас, хүйс, ажил, амьдрал, амьдарч буй газар нутгийн онцлогтоо тохируулан хооллох нь тохиромжтой. Зохистой хооллолтын үндсэн зарчим бол шим тэжээллэг хоол хүнс буюу уураг, өөх тос, нүүрс ус, аминдэм, эрдэс бодисоор баялаг хоол хүнсийг бага хэмжээгээр ойр, ойрхон идэх, хэт өлсөхөөс сэргийлэх явдал юм. Дэлгүүр, хоршоогоор худалдаа хийж буй хүмүүсийг ажиглахад чихэр, шоколад, зайрмаг гэх зэрэг шимт бодис багатай таргалуулах бүтээгдэхүүн байнга л худалдан авч буй зүйлс дотор байдаг бол жимс, ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүнийг тогтмол авч харагддаггүй. Олон нийтийн сүлжээгээр явж буй хооллолтын дэглэмийг хэрэгжүүлэхээс илүүтэй мэргэжлийн хоол зүйч, шим тэжээл судлалч нараас өөрт тохирсон зөвлөгөө авах нь илүү үр дүнтэй. 
-Манай улсад шим тэжээл судлаач, хоол зүйч хэр их байдаг вэ. Энэ чиглэлийн мэргэжилтэн дотооддоо бэлтгэж байна уу?
-Энэ хичээлийн жилээс манай сургууль “Шим тэжээл судлал” дөрвөн жилийн бакалаврын хөтөлбөрөө нээгээд анхны элсэлтээ авсан ажиллаж байна. Суралцагч, оюутнууд маань дөрвөн жилийн хугацаанд хүний бие махбодийн бүтэц, үйл ажиллагаа, эмгэг жам, хоол хүнсний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө гэх зэрэг маш өргөн хүрээний мэдлэгийг эзэмшин төгсөнө. Төгсөөд эмнэлэг, аж ахуйн нэгж байгууллага, сургууль, цэцэрлэг, судалгааны байгууллагуудад ажиллана. Хоол зүйч, шим тэжээл судлалчийн мэргэжлийн боловсон хүчин маш дутагдалтайн улмаас ард иргэд үнэн, зөв үл мэдэгдэх хооллолтын арга барил, дэглэм барьж эрүүл мэнддээ эрсдэл учруулж байна. Иймд тун удахгүй энэ асуудал цэгцэрнэ гэдэгт итгэж байна.
Ярилцсан Б.Бүжинлхам
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн