“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлж, нийслэлд 16 мянган айл, аймгийн төвүүдэд 4,000 айлын түрээсийн орон сууцын санг төр, орон нутаг, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүрдүүлэхээр төлөвлөж байгаа талаар Барилга хот байгуулалтын яамнаас мэдээлэв.
-Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн: Тогтвортой ажил орлоготой ч гэсэн 30 хувийн урьдчилгаагаа төлөөд ипотекийн зээлд хамрагдах бололцоотой иргэд харьцангуй багассан. Засгийн газрын хуралдаанаар “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-ыг хэлэлцэн батлаад удаагүй байна. Энэ журамд иргэд өөрсдийн түрээсэлж буй орон сууцыг тухайн орон сууцны эзэмшигчтэй тохиролцон гэрээ байгуулсны үндсэн дээр тав хүртэл жилийн хугацаанд нийт төлбөр, эсвэл урьдчилгаа төлбөрийг бүрдүүлж ипотекийн зээлд хамрагдах боломжтой болсон. Түүнчлэн иргэдээс төлсөн төлбөрийг зөвхөн түрээсийн орон сууцын санг нэмэгдүүлэх зардалд зарцуулахаар тусгаад байна. Өөрөөр хэлбэл тус журмаар таван жил хүртэлх хугацаанд түрээсэлнэ. Тухайн иргэн анх тэр орон сууцыг түрээслээд орох хүсэлт гаргасан тохиолдолд түрээсийн 70 хувь нь хөнгөлөгдөж, 30 хувийн түрээс төлөөд үлдэгдлээ урьдчилгаандаа цуглуулж, таван жилийн дараа ипотекийн зээлд хамрагдаж болно гэсэн үг. Үгүй бол таван жилийн хугацаанд тухайн байрныхаа мөнгийг хувааж төлөөд шууд өмчилж авах боломжтой. Одоогоор түрээсийн санд 3,000 орчим айлын орон сууц байна. Мөн өмчилж авах хүсэлт иргэдээс их ирж байна. Ойрын хугацаанд энэ хүсэлтүүдийг шийднэ гэлээ.
Түрээсийн орон сууц гэсэн хөтөлбөр дотор хоёр хувилбар бий. Түрээсийн орон сууц нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн байх ёстой. Гэхдээ одоо хүртэл төсвийн мөнгө нь төлөгдөөгүй байгаа юм байна.
Түрээсийн 972 айлын орон сууцанд дараах иргэдийг хамруулна
Харин одоогийн гурван аймгийн 570, Улаанбаатар хотын 972 айлын барилгууд төсвийн хөрөнгө оруулалтаар биш, Монгол Улсын Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр баригдсан. Манай яам тус барилгыг ашиглалтад оруулж өгсөн. Одоо хотын даргад хүлээлгэж өгнө. Харин хотын дарга Хөгжлийн банктай гэрээгээ байгуулж энэ зээлийг таван жилийн дотор төлүүлнэ гэсэн Засгийн газрын тогтоол шийдвэр гарсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүргийг одоо хотын дарга хариуцаж ажиллаж, өөрийн эрх мэдлийн хүрээнд түрээсийн орон сууц олгох журам гаргаад энэ асуудлыг шийдвэрлэнэ гэсэн үг.
Хотын дарга түрээсийн орон сууцад орох хүсэлтэй иргэдийг дөрвөн нөхцөлөөр харгалзаж үзнэ.
1. Яндан бууруулах буюу гэр хорооллын өрх
2. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон өрх
3. Ашиглалтын шаардлага хангахгүй байгаа, барилгад амьдарч буй айл
4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, олон хүүхэдтэй залуу гэр бүл, ахмад настан буюу Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон зорилтод бүлгээс оруулна гэж заасан” байгаа юм.