Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх пүрэв гаригт ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд Узбекистаны Самарканд хотноо ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Жан Минийг хүлээн авч уулзлаа. Тэрээр энэ үеэр Монгол Улс ШХАБ-тай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг нотолсон байна.Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд 2004 онд ШХАБ-ын ажиглагч орон болсноос хойш тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын болон бусад уулзалт, арга хэмжээнд тогтмол оролцож, хамтын ажиллагааг оновчтой хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж ирсэн. Цаашид ч Монгол Улс ажиглагч орны хувиар тус байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх, ялангуяа бүс нутгийн дэд бүтэц, эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн Монгол Улс нь ОХУ, БНХАУ гэсэн хоёр том улстай хиллэдэг бөгөөд Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээвэр ложистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон транзит улс болох зорилтыг тавьж буйг танилцуулсан юм. Улмаар энэ хүрээнд цаашид "Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан төмөр замын төв коридорыг шинэчлэх, зүүн болон баруун коридор шинээр барих, мөн гурван улсыг холбосон хурдны автозам, хийн хоолой барих зэрэг эдийн засгийн үр ашигтай, стратегийн бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулах сонирхолтой байгаагаа онцлон тэмдэглэн байна.