Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар газар тариалангийн бүс нутгийг зарласан. Газар тариалангийн бүс нутгийг зарласнаар малчдыг тухайн бүс нутгаас гаргах эсэх талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас зарим асуултад хариулт авлаа.
-Газар тариалангийн бүс нутгийг тогтоосноор хүссэн иргэн тухайн газарт тариалан эрхлэх боломжтой болно гэсэн үг үү?
-Газар тариалангийн бүс нутаг гэдэг нь одоо ашиглаж, эзэмшиж буй талбай шүү дээ. Тариалангийн тухай хуульд тухайн газар тариалангийн бүс нутгийг засаг захиргааны нэгжээр тогтооно гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, энэ талаар аймаг нь суманд, сум нь багтаа чиглэлээ өгөөд явна гэсэн үг. Засгийн газраас бүс зарлаж байгаа нь тухайн нутагт газар тариалан эрхлэх болон эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх боломж нээгдэж байна л гэсэн үг.
-Газар тариалангийн бүс тогтоохын ач холбогдол нь юу вэ?
-Үр тарианы болон төмс, хүнсний ногооныхоо дотоодын хэрэгцээг 100 хувь хангаад зогсохгүй экспортод гаргах чиг баримжаатайгаар гаргаж буй бодлого. Бид га-гаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд ган хуурайшлын эсрэг зөв технологи нэвтрүүлэх шаардлагатай. Манайх шиг бэлчээрийн мал аж ахуйтай газарт талбай талхлахаас гадна сүрлийг нь идээд байдаг учраас боломж хомс байдаг. Жишээлбэл, талбайд сүрлэн хучлага үүсгэснээр хөрсөн дэх чийгийг дараа хавар хүртэл байлгаж байх зориулалттай юм. Гэтэл манай улс бэлчээрийн мал аж ахуйтай, малын тоо харьцангуй их учраас талбайгаа бэлдэх боломжгүй. Тиймээс л бүс тогтоож, хамгаалалтад авч байгаа юм.
-Тариалангийн бүс нутаг тогтоосноор малын бэлчээрийг хориглох уу. Тухайн бүс нутгаас малчдыг гаргах юм биш үү?
-Шууд тэгж ойлгож болохгүй. Бид эхний ээлжид тариалангийн бүс нутгаа тогтоогоод хашаажуулна. Үүний дараагаар ойн зурвас байгуулна. Энэ мэтээр үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Тухайн хэсгийг газар тариалангийн бүс нутгаар тогтоосон ч мал аж ахуй байж болно. Гэхдээ тэр нь 500 мянган малаас мянгын ашиг шим авах хэмжээний эрчимжсэн мал аж ахуй байх юм. Хоёр мянган малтай, 20-30 өрх газар тариалангийн бүс нутагт байна гэдэг нь бидний хэрэгжүүлэх гээд байгаа арга хэмжээтэй зохицохгүй учраас ингэж зааглаж байгаа юм.
-Эрчимжсэн бус мал аж ахуй эрхэлж буй айл өрх түгээмэл биш шүү дээ. Тэгэхээр энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Бид өнөөдөр газар тариалангийн бүс нутгийг зарласнаар маргааш малчдыг нүү гэж байгаа зүйл огт биш. Хэтийн зорилго, том бодлогоо л ярьж байгаа хэрэг. Ер нь газар тариалангийн бүс нутаг нь тодорхой, тэндээ эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлье гэсэн л алсын зорилгоо зарлаж байна гэж ойлгох хэрэгтэй. Өнөөдрөөс эхлээд холбогдох бүх ажил, арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ.
-Засгийн газраас эрчимжсэн мал аж ахуйг ямар байдлаар дэмжих юм бэ?
-Энэ салбарт олон дэмжлэг бий. Тухайлбал, үрийн буудай болон техник тоног төхөөрөмжийн дэмжлэгийг нэрлэж болно. Цаашилбал, тариалалтад шаардлагатай шатахуун, ургамал хамгааллын бодис, бордооны дэмжлэгийг үзүүлж байна. Гаднаас өндөр өртөг бүхий техник, тоног төхөөрөмж оруулж ирэх боломжгүй учраас бид ингэж газар тариалангийн бүс нутгийг тогтоож байгаа юм шүү дээ. Эрчимжсэн мал аж ахуй гэдэг нь нэг малаас авах шимийг өндөр байлгахыг л зорьж байгаа юм.
-Эрчимжсэн мал ахуйг яагаад заавал газар тариалангийн бүс нутагт байлгах ёстой юм бэ?
-Өнөөдөр газар тариалангийн үйлдвэрлэл явуулж буй иргэн, аж ахуйн нэгжид техник, газар, хүн хүч нь байгаа. Тиймээс сэлгээний таримал оруулах бүрэн бололцоотой. Өөрөөр хэлбэл, малын тэжээл үйлдвэрлээд ирэхээр мах, сүүний чиглэлийн фермерүүдтэй байж борлуулалттай байна шүү дээ. Газар тариалангийн бүсээ зарлаад тухайн хэсэгт томоохон хэмжээний үйлдвэр байгуулж, эрчимжсэн мал аж ахуйг олноор хөгжүүлэх зорилготой.