Архи дарсыг хэтрүүлэн хэрэглэж, улмаар архинаас хамааралтай болсноор өөрийнхөө сэтгэл зүйн, биеийн эрүүл мэндийг хохироогоод зогсохгүй эргэн тойрныхондоо сөргөөр нөлөөлж байдаг байна. ДЭМБ-ын судалгааг харахад архины хэтрүүлэн хэрэглээнээс болж дэлхий дахинаа жил бүр гурван сая орчим хүн нас бардаг аж. Энэ нь нийт нас баралтын 5.3 хувийг эзлэх тоо юм. Үүгээр зогсохгүй архины хэтрүүлэн хэрэглээ нь сэтгэц, мэдрэл, биемахбодын 200 гаруй өвчнийг үүсгэж, бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэ зэрэг халдварт өвчин үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болж байна.
Манай улсад 1989 оны байдлаар 500 хүн тутамд архинд донтох өвчтэй нэг л хүн байсан бол 2013 онд 32 болж өсчээ. Түүнчлэн нас баралтын тэргүүлэх шалтгаанууд болох зүрх судасны өвчин, хавдар, хоол боловсруулах тогтолцооны өвчнүүд нь архины хэтрүүлэн хэрэглэлтээс үүдсэн байх магадлалтай гэсэн судалгаанууд ч байгаа юм. Энэхүү судалгааг үндэслэн бид ээлжит сурвалжлагаа Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлгээс бэлтгэлээ.
Толгойтын арван буудалд байрлах Наркологийн эмнэлэгт биднийг очиход захирал Д.Ганбат /Клиникийн профессор, сэтгэцийн ахлах зэргийн их эмч/ угтан авав. Наркологийн эмнэлэг нь төрөл бүрийн донгоос гаралтай солиорол, зарим эмгэгийг эмчлэх, оношлох, сэтгэц нийгмийн нөхөн сэргээх эмчилгээг явуулдаг байна. Хэдий олон төрлийн донтолтын цогц эмчилгээг хийдэг ч үйлчлүүлж буй иргэдийн 90 гаруй хувь нь архины хордлогод орсон, донтсон байдалтай ирдэг ажээ. Архинд донтох таван үе шат байдгийг Наркологийн эмнэлгийн захирал Д.Ганбат танилцуулав.
Нэг амсчихаараа цааш хэтрүүлэн хэрэглэнэ. Заавал согттолоо ууна.
Өөрийгөө үнэлэхээ больж, сэтгэл гутралд орж эхэлдэг. Тархи тэнэгэрч, ой тогтоолт муудаж эхэлнэ. Гэр бүл, ажил мэргэжлээ хайхрахгүйгээр зөвхөн архиа л уухыг хүснэ. Өглөө, өдөр, орой хэзээ ч байсан тэр хүнд бодогддог ганц зүйл нь архи.
-Нэг удаа амсаад л архинд донтоно гэж байхгүй байх. Үүнд нөлөөлөх гол хүчин зүйл нь юу вэ?
Наркологийн эмнэлгийн захирал Д.Ганбат: Архинд донтох эмгэг нь чимээгүй үргэлжилсээр байгаад хүндэрдэг талтай. Архи уух гээд байдаг хүн бол илт харагддаг шүү дээ. Тиймээс эргэн тойронд чинь ийм хүн байвал нэн даруй мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй юм. Зүгээр л хамт олон, найз нөхөдтэйгөө наргиж цэнгээд хэрэглээд яваад байгаа юм шиг боловч цаагуураа өвчилж л байдаг. Архи бол түлэх үйлчилгээтэй химийн бодис гэдгийг ойлгох хэрэгтэй. Анх архи ууж байгаа хүмүүс хахаж, цацаад ууж чаддаггүй шүү дээ. Уугаад л байвал түлэх үйлчилгээнд нь дасан зохицож, хуурамчаар тайвшруулдаг. Архинд донтох өвчин үүсэх гурван хүчин зүйл бий.
Нэгд, биологийн хүчин зүйл. Уусан архины 90 хувь нь элгэнд очиж задардаг. Архийг задалдаг хоёр пермент элгэнд бий. Энэ нь монгол хүнд дутагдалтай. Тэгэхээр биологийн хувьд монгол хүний бие хоргүйжүүлж чадахгүй байна гэсэн үг.
Хоёрт, сэтгэл зүйн хүчин зүйл. Монгол хүмүүс интроверт /дотогшоо/ талдаа хүмүүс л дээ. Энэ нь архи дарс уух нэг хүчин зүйл болдог. Заавал архиа ууж байж дотор байгаа зүйл гадагшлуулдаг тал бий.
Гуравт, нийгмийн хүчин зүйл. Тухайлбал, ажилгүйдэл, ядуурал зэрэг маш их нөлөөлж байна. 1990 оноос хойш архинд донтож буй хүний тоо нэмэгдсээр байна. 1990 оноос өмнө архинд донтох өвчин гэж бараг байдаггүй байлаа. СЭМҮТ-ийн судалгаагаар 1990 оноос хойш архинд донтогсдын тоо 40 дахин ихэссэн гэсэн дүгнэлт гарсан.
Баасан гариг болгонд уух хүсэл төрөөд байвал яаралтай мэргэжлийн эмчид ханд.
-Өдөрт эсвэл долоо хоногт ямар хэмжээтэй уувал зохистой хэрэглээ гэж үзэх вэ?
-Ер нь зохистой хэрэглээ гэж байхаа больсон шүү дээ. Монголчууд хэрэглээний соёл муутай. Ялангуяа архийг байнга хэтрүүлэн хэрэглэж байна. Нэг удаагийн хэрэглээ нь 30 гр спиртийн бодис байх ёстой. Цагаан архи хэрэглэлээ гэхэд 30 мл-ийг хоол идсэний дараа хэрэглэнэ гэсэн үг. Пиво уулаа гэхэд өдөрт 0.33 мл-ийг хоолны дараа хэрэглэх ёстой юм. Гэтэл манайхан маш богино хугацаанд маш ихийг ууж байна.
Түүх, уламжлал талаас авч үзвэл бид чинь архидах дур хүсэлтэй ард түмэн биш шүү дээ. Өвөг дээдэс минь энэ бодис монгол хүнд таарахгүй юм байна шүү гэдгийг эртнээс мэддэг байсан. Үүний баталгаа нь “Дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тавьж хүрт, жар хүрээд жаргаж хүрт” гэж хэлж, хоногшуулж ирсэн үг юм. Энэ үгэнд “Уу” гэдэг үг огт байдаггүй.
-Хоёулаа уух хэмжээний талаар ярилаа. Давтамж ямар байх ёстой вэ?
-Хүн өөрийгөө мэдэхгүй биш шүү дээ. Чөлөөт цагаа өнгөрөөх арга нь голдуу архи руу л тэмүүлээд байвал өөрөөсөө нэг асуух хэрэгтэй. Долоо хоногтоо нэг удаа, ялангуяа залуусын хэлдгээр баасан гаригт архи уух дур хүсэл төрөөд байвал маш хурдан нарийн мэргэжлийн эмчид ханд. Хэрэглээндээ хяналт тавьж чадахгүй байна гэсэн үг шүү дээ.
Ер нь спирт хэрэглэсний маргааш бие махбод, сэтгэл санаа ямар ч зовуурьгүй сэрж байвал зохистой хэрэглэжээ гэж бодох хэрэгтэй. Хүний элэг цагт 10 гр спиртийн хоргүйжүүлэх чадвартай. Хэтрүүлж хэрэглэсэн спирт биеэс ялгарах хугацаа нь 14 хоног байдаг. Тиймээс уусны маргааш шартсан, хордлогод орсон, сэтгэл санаа таагүй сэрсэн тохиолдолд 14 хоног дахин спирт хэрэглэхгүй байх нь зүйтэй. Тэгж байж бие бүтэн хоргүйжнэ.
Судалгаа: Таван оюутан тутмын нэг нь архины, хоёр нь тамхины хамааралтай
Наркологийн эмнэлгээс ДЭМБ-аас боловсруулсан архи, тамхины хамаарлын эрт илрүүлгийн шинжилгээг 11 их, дээд сургуулийн оюутнуудад хийжээ. Судалгаагаар нийт судалгаанд оролцогч оюутны 20 хувь буюу таван оюутан тутмын нэг нь архины хамааралтай, 40 хувь нь тамхины хамааралтай гэсэн үр дүн гарсан байна.
Энэ талаар Наркологийн эмнэлгийн эмч нар “Ирж үйлчлүүлж иргэдийн 80 хувь нь хөдөлмөрийн насны иргэд буюу 20-45 насныхан байдаг нь харамсалтай. Архинд донтож буй иргэдийн нас жил ирэх тусам залуужиж байна. Манай эмнэлэгт жилдээ 2000-2500 хүн хэвтэж эмчлүүлдэг. 21 настай залуу хүртэл архинд солиорчихсон ирж байлаа. Энэ нь архины донтолтын маш хүнд хэлбэр юм.Сүүлийн үед эмэгтэйчүүд ихээр ирж байгаа нь санаа зовоож байна. Өмнө нь нийт үйлчлүүлэгчдийн таван хувь нь эмэгтэй хүн байдаг байсан бол хоёр дахин нэмэгдэж, 10 хувь болсон. Эрэгтэйчүүдийг бодвол эмэгтэйчүүд богино хугацаанд архинд донтож, эмчлэгдэх нь хоёр дахин хэцүү гэж үздэг” гэдгийг хэлж байлаа.
Архины дон бол эдгэрдэг өвчин
Наркологийн эмнэлгийн захирал Д.Ганбат архины дон бол эдгэрдэг өвчин гэдгийг хэлсэн юм. Архинд донтох таван үе шатаас эхний гурван үе шатанд дон амархан эмчлэгддэг бол сүүлийн хоёр шатанд цогц эмчилгээг хийдэг байна. Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны иргэн бидэнтэй архины донгоос салсан түүхээсээ хуваалцсан юм. Тэрээр залуу үедээ архи гэдэг хатуу идээнээс хол байхыг аминчлан захиж байлаа.
Түүний хувьд Солонгост олон жил амьдрахдаа хааяа нэг элэг нэгтнүүдтэйгээ уулзаж, ганц нэг 100 гр татсаар донтолт нь эхэлжээ. 2009 онд Монголдоо иртэл найз нөхөд нь угталт нэрийдлээр уусаар байгаад улам даамжирсан байна.
Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны иргэн Б: Солонгост байхдаа би уудаг байсан л даа. Гэхдээ их ажилтай байдаг байсан учраас ажлынхаа зав чөлөөгөөр л уудаг байсан. Хааяа Түндэмүнд монголчуудтайгаа уулзаж, уудаг байлаа. Монголд ирсний дараа найз нөхөд хүндлээд ч байгаа юм шиг, би өөрөө мөнгө төгрөгтэй хүн шиг л ууж идэж, бие хордох, дордохыг огт мэдэхгүйгээр уусан. Тухайн үедээ архинд донтож байна гэж огт бодоогүй. Харин ч найз нөхөдтэйгөө гоё байна, наргиж байна, цэнгэж байна гэж бодож явсан. Гэвч яваандаа бүх зүйл өөрчлөгдөж эхэлсэн. Гэр орны байдал хэцүүдэж, мөнгө төгрөггүй болж, төрөл садандаа муу хэлүүлсэн. Өглөө босоод л шараа тайлъя, тэрэнтэйгээ нэг 100 гр татъя гэж явсаар байгаад сүүлдээ маргааш өглөө нь архи уухгүй л бол болохоо байж, бие муудаад байгаа юм шиг санагдаж эхэлсэн. Архи уухаар л бие тавирч сайхан болоод байгаа юм шиг санагддаг болсон. Тасралтгүй олон хоног уух, байнга согтуу байх нь энгийн үзэгдэл болсон байлаа. Ингэж явсаар хамгийн сүүлд зургаан сар тасралтгүй ууснаас болж бие дийлэхгүйгээр нэг л мэдэхэд эмнэлгийн орон дээр сэхээнд байгаагаа мэдсэн.
Үүнээс хойш хүний амь гэдэг яасан амархан юм бэ, бор дарс гэдэг чинь яасан муухай юм бэ гэдгийг ойлгож, эмчилгээнд хамрагдаж эдгэрсэн. Одоо бол баяр ёслол, найр хуримын үеэр гурав л тулгадаг. Тэрнээс цааш хэтрүүлдэггүй. Нэг ахмад хүний надад хэлж байсан үг санаанаас гардаггүй юм. “Архийг ер нь тааруулж ууна гэж байдаггүй. Уухгүй л байвал болдог юм” гэж хэлж байсныг ерөөсөө мартдаггүй. Энэ үнэн шүү.