Open iToim app
Шүүх | 6 мин уншина

Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ

Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ
Нийтэлсэн 2021 оны 4 сарын 28
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтийн дагуу үүсгэсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зарим зүйл, заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцлээ.
 Шүүгчийн хараат бус байх, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилго бүхий Шүүхийн Ерөнхий зөвлөл болон шүүгчийн сахилга хариуцлагын асуудлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүнд хамаарах шүүгч бус гишүүнийг тус тус Улсын Их Хурал дангаар томилохоор Монгол Улсын шүүхийн тухай хуульд тусгасан байна. Энэ нь Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулах нөхцлийг бүрдүүлж улмаар Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас дүгнэлээ.
Иймд  Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.4, 95.5, 95.7 дахь хэсгийг тус тус түдгэлзүүлэв.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтэд тусгасан  Шүүхийн тухай хуулийн өөр зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэж Цэц үзлээ.
Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдааны дүгнэлтийг УИХ 15 хоногийн дотор хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн олонх Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг дэмжвэл энэ эцсийн шийдвэр байх болно. Харин УИХ Цэцийн Дунд суудлын хуралдааны шийдвэрийг хүлээн авахаас татгалзвал Үндсэн хуулийн цэц уг асуудлыг дахин Их суудлын хуралдаанаараа хэлэлцэх учиртай. 
Түдгэлзүүлсэн заалтыг Шүүхийн тухай хуулиас танилцуулбал:
-76.2.Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах болон анхан шатны шүүхээс тус бүр хоёр шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгож, бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно.
77.1.Улсын Их Хурал Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг дараах журмаар нээлттэйгээр  нэр дэвшүүлж, томилно:
77.1.1.Ерөнхий зөвлөлийн дарга тус зөвлөлийн шүүгч бус гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас 120-оос доошгүй хоногийн өмнө, эсхүл гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Байнгын хороонд болон олон нийтэд энэ тухай мэдэгдэх;
77.1.2.Ерөнхий зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахаас 90-ээс доошгүй хоногийн өмнө, эсхүл гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсноос хойш 14 хоногийн дотор, хэрэв чуулганы чөлөө цагт эдгээр нөхцөл бий болсон бол ээлжит чуулган эхэлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Байнгын хорооноос Ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай зарыг хэвлэл мэдээллийн  хэрэгслээр нийтэд мэдээлэх;
77.1.3.иргэн сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлснээс хойш 21 хоногийн дотор нэр дэвших тухай хүсэлтээ дараах баримт бичгийн хамт Байнгын хороонд хүргүүлэх:
77.1.3.а.Ерөнхий зөвлөлийн гишүүний хувьд хийх ажил, нэр дэвшсэн үндэслэлээ бичсэн тайлбар;
77.1.3.б.төрийн албан хаагчийн анкет;
77.1.3.в.мэргэжлийн үйл ажиллагааны танилцуулга;
77.1.3.г.нийгмийн даатгалын дэвтэр, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг;
77.1.3.д.энэ хуулийн 76.3-т заасан шаардлагыг хангасныг нотлох баримт бичиг.
77.1.4.Байнгын хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын гурван өдрийн дотор Улсын Их Хурлын цахим хуудаст хувь хүний нууцад хамаарахаас бусад мэдээллийг байршуулах;
77.1.5.Байнгын хороо энэ хуулийн 77.1.4-т заасан мэдээллийг байршуулснаас хойш 14 хоногийн дотор сонирхсон этгээдээс нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг хүлээн авах бөгөөд нэр, хаяггүй асуулт, саналыг бүртгэхгүй;
77.1.6.Байнгын хороо энэ хуулийн 77.1.2-т заасан зарыг нийтэд мэдээлснээс хойш 21 хоногийн дотор сонгон шалгаруулалтыг хараат бусаар зохион байгуулах чиг үүрэгтэй Ажлын хэсэг байгуулах.
77.2.Ажлын хэсэг нь Улсын Их Хурал дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн санал болгосон төлөөллөөс бүрдсэн 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар томилсон Улсын Их Хурлын гишүүн ахална.
77.3.Ажлын хэсэг энэ хуулийн 77.1.2-т заасны дагуу зарыг нийтэд мэдээлснээс хойш 60 хоногийн дотор сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, Ерөнхий зөвлөлийн гишүүнд тавих шаардлагыг хамгийн сайн хангасан нэр дэвшигчийг Улсын Их Хуралд санал болгоно.
77.4.Ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг дараах журмаар зохион байгуулна:
77.4.1.энэ хуульд заасан баримт бичгийн бүрдүүлбэрийг хангасан нэр дэвшигчийг бүртгэн нийтэд мэдээлэх;
77.4.2.нэр дэвшигчийг тохиолдлын журмаар ажлын хэсгийн гишүүдэд тэнцвэртэй хуваарилж, илтгэгч гишүүнийг томилох;
77.4.3.илтгэгч гишүүн нь нэр дэвшигчийн баримт бичиг, олон нийтээс ирүүлсэн саналыг судлах, нэр дэвшигчтэй болон бусад этгээдтэй ярилцлага хийх зэргээр мэдээллийг бүрдүүлж, тухайн нэр дэвшигч Ерөнхий зөвлөлийн гишүүнд тавих шаардлагыг хангаж байгаа эсэх талаар дэлгэрэнгүй тайлан бичих;
77.4.4.ажлын хэсгийн гишүүд илтгэгч гишүүний тайлан болон холбогдох бусад баримт, мэдээлэлд үндэслэн нууцаар санал хураах;
77.4.5.энэ хуулийн 77.4.4-т заасан санал хураалтын дүнгээр Ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигчийг саналын дарааллаар эрэмбэлэн сул орон тоогоор болон дараагийн олонхын санал авсан хоёр хүртэл хүний хамт нэр дэвшүүлж, Байнгын хороонд тайлангийн хамт ажлын гурван өдрийн дотор хүргүүлэх.
77.5.Байнгын хороо энэ хуулийн 77.4.5-д заасны дагуу ирүүлсэн тайланг хүлээн авснаас хойш дараах ажиллагааг хийнэ:
77.5.1.хувь хүний нууцад хамаарахаас бусад мэдээллийг агуулсан тайланг ажлын гурван өдрийн дотор Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулах;
77.5.2.энэ хуулийн 77.5.1-д заасны дагуу тайланг байршуулснаас хойш ажлын таван өдрийн дотор томилгооны сонсголын товыг зарлах;
77.5.3.тайланг байршуулснаас хойш 14 хоногийн дотор сонирхогч этгээд нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг хүлээн авах бөгөөд нэр, хаяггүй асуулт, саналыг бүртгэхгүй;
77.5.4.энэ хуулийн 77.5.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хуульд заасны дагуу томилгооны сонсголыг зохион байгуулах.
77.6.Энэ хуулийн 77.5.4-т заасны дагуу томилгооны сонсголыг хийснээс хойш ажлын таван өдрийн дотор нэр дэвшигчийг Ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох эсэх талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна.
77.7.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар нэр дэвшигчийг Ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилно.
77.8.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар нэр дэвшигчийг Ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилохоос татгалзсан бол ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан  нэр дэвшигчдээс дараагийн хамгийн олон санал авсан хүнийг энэ хуулийн 77.4.5-д заасны дагуу Улсын Их Хуралд нэр дэвшүүлнэ.
77.9.Энэ хуулийн 77.8-д заасан нөхцөлд ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан нэр дэвшигч байхгүй бол ажлын таван өдрийн дотор Байнгын хороо сонгон шалгаруулалт явуулах тухай зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, 90 хоногийн дотор энэ зүйлд заасан журмын дагуу сонгон шалгаруулалтыг дахин явуулна.
77.10.Улсын Их Хурлаас татгалзсан нэр дэвшигчийг дахин нэр дэвшүүлэхгүй.
77.11.Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулахтай холбоотой журмыг энэ хуульд нийцүүлэн Байнгын хороо баталж, Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулна.
95.4.Сахилгын хорооны бүрэлдэхүүнд хяналтын шатны шүүхээс нэг, давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг Нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгож, Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно. Сахилгын хорооны шүүгч бус гишүүн нь шүүгчээр ажиллаж байгаагүй иргэн байна.
95.5.Нийт шүүгчийн чуулган энэ хуулийн 77.12, 77.13, 77.14, 77.15, 77.16, 77.17, 77.18-д заасан журмаар Сахилгын  хорооны шүүгч гишүүнийг нийтээрээ, чөлөөтэй, шууд, тэгш сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, олонхын саналаар сонгоно. Улсын Их Хурал энэ хуулийн 77.1, 77.2, 77.3, 77.4, 77.5, 77.6, 77.7, 77.8, 77.9, 77.10-т заасан журмыг баримтлан Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилно.
95.7.Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилох ажиллагаанд хараат бус, нээлттэй, ил тод байдлыг хангах журмыг Байнгын хороо энэ хуульд нийцүүлэн батална.
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн