Open iToim app
Эдийн засаг | 3 мин уншина

Б.Галбадрах: Хүн амын 94.6 хувь 10 хувийн татвараа л төлнө

Б.Галбадрах: Хүн амын 94.6 хувь 10 хувийн татвараа л төлнө
Нийтэлсэн 2018 оны 1 сарын 3
2018 оны нэгдүгээр сарын нэгнээс Хувь хүний орлогын албан татвар нэмэгдэж, дөрвөн шатлалтай болсон. Татварын шатлалыг хэрхэн тооцох талаар Татварын ерөнхий газрын Татварын улсын ахлах байцаагч Б.Галбадрахаас тодрууллаа.
-2018 оны нэг сарын 1-нээс Хувь хүний орлогын албан татварт нэмэлт өөрчлөлт орж байгаа. Тиймээс эдгээр татварын шатлалыг хэрхэн тооцох  талаар тайлбар өгөхгүй юү?
-2017 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдөр УИХ-аар татварын хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан. Зарим төрлийн хууль нь 2017 оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн бол тодорхой хэдэн заалтуудыг 2018 оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөхөөр баталсан.
Хувь хүний орлогын албан татварын хувьд нийт цалин, хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогод шатлалтай болсон. Бусад хувиараа аж ахуй эрхэлдэг хүмүүсийн татвар нэмэгдээгүй гэсэн үг. Судалгаагаар цалин авдаг хүмүүс давхардсан тоогоор 900 орчим мянган хүн байгаагаас 94.6 хувь нь нийгмийн даатгалын шимтгэлийг хасаад 1.5 сая доош цалинтай гарсан. Тиймд 1.5 сая төгрөгөөс доош цалинтай 94.6 хувьд татварын нэмэлт шатлал үйлчлэхгүй. Татварыг 10 хувиар тооцох юм. Үлдсэн 5.4 хувьд татварын нэмэлт шатлал үйлчилнэ. 1.5-2.5 сая төгрөгийн орлогод 15 хувь, 2.5-3.5 сая төгрөгийн орлогод 20 хувь, 3.5 дээш орлогод 25 хувиар бодно.
Нийгмийн даатгалын шимтгэл хассан дүнгээр тооцоход 1.5-2.5 сая төгрөгийн орлогоос шууд 15 хувийг хасахгүй. Тухайлбал, хоёр сая төгрөгийн цалинтай хүн байлаа гэж бодоход 1.5 сая төгрөгийг 10 хувиар тооцож, үлдсэн 500 мянган төгрөгийн татварыг 15 хувиар бодно. 150 мянга дээрээ 75 мянган төгрөг нэмээд 225 мянган төгрөг төлнө. Үүнээс сар бүрийн татварын хөнгөлөлт нь 10 мянга болсон учраас 225 төгрөгийн татвараас 10 мянган төгрөг хасаж, 215 мянга төгрөгийн татвар төлөх юм. Хоёр сая төгрөгийн цалинтай хүн 10 хувийн татвараар 193 мянган төгрөгийн татвар төлдөг байсан бол татварын нэмэлт шатлалаар 215 мянга буюу 22 мянган төгрөгийн нэмэгдэл татвар төлөхөөр болж байгаа юм. \Дэлгэрэнгүйг хүснэгтээс харна уу\
undefined
1.5 сая төгрөг хүртэлх орлоготой иргэд нийгмийн даатгалын шимтгэл хамаарахгүйгээр Хувь хүний орлогын албан татвар нь буурч байгаа юм. Учир нь жилд 84 мянган төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлдэг байсныг 120 мянга болсон учраас 1.5 сая төгрөгөөс доош орлоготой иргэдийн татварын хэмжээ буурч байгаа.
Өнгөрсөн онд татварын хөнгөлөлт сарын 7000  буюу жилд 84 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байсан. Гэвч 2018 оноос сард 10 мянган төгрөг буюу жилийн 120 мянга болж нэмэгдсэн байгаа. Энэ дүн өссөөр 2019 онд 160 мянга, 2020 онд 200 мянга, 2021 он гэхэд 240 мянга болох юм.
Харин Монгол Улсад оршин суугч бус иргэн буюу гадаадын иргэдийн орлогын татвар 10 хувь байсан бол одоо 20 хувийн татвартай болсон.
-Хувь хүний орлогын татварын шатлал цалин, хөдөлмөрийн хөлстэй адилтгах орлогод хамаарна гэж ойлголоо. Тэгэхээр хувь хүн байшин, машинаа зарсан орлогыг шатлалд тооцохгүй гэсэн үг үү?
-Зөвхөн цалин хөлс ба түүнтэй адилтгах орлогод татварын нэмэлт шатлал үйлчилж байгаа. Тэгэхээр хувь хүн байшин, машинаа зараад олсон орлогыг татварын нэмэлт шатлалд тооцохгүй. Тухайн орлогыг хуучин мөрддөг 10 хувиар тооцно.
-Архи, тамхи, хувь хүний орлогын албан татвар зэргийг нэмснээр татварын бааз хэр нэмэгдэх вэ?
-Татварын хөнгөлөлт нэмэгдэж байгаа учраас татварын хэмжээ буурна. Шатлалаар өндөр орлоготой хэсэгт татвар нэмэгдсэн. Тиймд зөвхөн цалингийн шатлалтай холбоотойгоор 2018 онд 20 орчим тэрбум төгрөгөөр татварын бааз нэмэгдэнэ гэсэн тооцоог сангийн яам хийсэн байдаг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн