Шүүхийн шийдвэрийг олон нийтэд хэрхэн зөв, оновчтой хүргэж, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг хэрхэн сэргээх талаар Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Т.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд иргэдийн шүүхэд итгэх итгэл багассан. Судлаач хүний хувьд энэ юунаас болж байна гэж харж байгаа вэ?
-Шүүхэд итгэх иргэдийн итгэл, хараат бус шүүхийн асуудал нь Монгол Улсын Үндсэн хуулиар иргэдийн үндсэн эрх болж баталгаажсан байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн хэн бүхэн хараат бус, шударга, итгэл дүүрэн шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх үндсэн эрхтэй. Шүүхэд итгэх иргэдийн итгэл сүүлийн жилүүдэд нэлээд буурч байгаа талаар энд тэндгүй их ярьж байна. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байх магадлалтай. Нэгдүгээрт, шүүгчдийн дотоод хараат бус байдал алдагдсанаас үүдэж байна. Хоёрдугаарт, шүүхийн нээлттэй, ил тод ажиллагаа дутмаг байдлаас үүсч байгаа гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл шүүх хэдий чинээ иргэдэд нээлттэй үйлчилж чадна төдий чинээгээрээ иргэдийн шүүхэд итгэх итгэл сэргэнэ. Тэгэхээр шүүхийн байгууллагууд, иргэд, хуулийн этгээд, аж ахуйн нэгж байгууллагууд хаа хаанаа шүүн таслах ажиллагааг иргэдэд чиглэсэн төрийн үйлчилгээ юм шүү гэдэг ухамсар сэтгэлгээнд суралцах ёстой.
-Үүнээс гадна шүүгчийн ёс зүйн асуудлаас шалтгаалж иргэдийн итгэл суларч байх шиг?
-Мэдээж энд шүүгчийн ёс зүйн асуудал яригдана. Тэгэхдээ шүүгчийн ёс зүйн асуудлыг авч үзэхдээ нэг талдаа сахилгын зөрчил буюу шүүн таслах ажиллагаа явуулж байхдаа хэргийн оролцогчтой зүй бус харьцах, өөрийн хараат бус байдалд нөлөөлөх ёс зүйн алдаанууд гаргасаар байна. Нөгөө талдаа шүүгч мэргэжлийн илэрхий алдаануудыг гаргадаг байж болзошгүй дүр зураг ажиглагддаг. Энэ нь мэргэжлийн ур чадвартай холбогдоно. Шүүгчийн мэргэжлийн илэрхий алдааг ёс зүйн зөрчилд хамаатуулан ойлгоход бүрэн боломжтой. Яагаад вэ гэхээр мэдсээр байж буюу ухамсартайгаар мэргэжлийн алдааг гаргаж байгаа бол ёс зүйн зөрчил гэж үздэг нь дэлхийд түгээмэл тогтсон ойлголт. Тэгэхээр шүүгчийн ёс зүйн энэ алдаанууд нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бууруулж байгаа нэг хүчин зүйл мөн.
Шүүхийн ёс зүйн хорооны гишүүний хувьд хэлэхэд ёс зүйн зөрчил гаргасан шүүгчид хариуцлага хүлээлгэх механизм Монгол Улсад өнөөдөр ажиллаж чадахгүй байна. Ёс зүйн зөрчил гаргасан шүүгчийн асуудлыг Монгол Улсын шүүхийн ёс зүйн хороо хэлэлцэж чадахгүй байгаа нь иргэдийн шүүхэд итгэх итгэлийг алдагдуулахад нөлөөлж байгаа бас нэг хүчин зүйл гэж хэлж болох юм. Тэгэхээр бид цаашдаа Шүүхийн ёс зүйн хороог Шүүхийн сахилгын хороо болгож Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр бие даасан байгууллага болохоор шийдвэрлэсэн. Тиймээс Шүүхийн сахилгын хороог орон тооны байгууллага болгож үйл ажиллагааг нь байнгын, тасралтгүй явуулах нөхцөл бололцоогоор хангаж өгөх ёстой. Ингэж байж шүүхэд итгэх иргэдийн итгэл сэргэнэ.
-Шүүхийн шийдвэрийг олон нийтэд үнэн зөв, оновчтой хүргэх асуудал чухал санагддаг. Шүүхийн шийдвэрийг ойлгоогүйгээс нийгэмд шүүмжлэл дагуулдаг. Ер нь манай улс шүүхийн шийдвэрийг оновчтой хүргэж чаддаг уу?
-Шүүхийн шийдвэр гэдэг нь шүүн таслах ажиллагааны үр дүнд гарч байгаа бүтээгдэхүүн. Тиймээс эцсийн дүндээ шүүх хараат бус, шударга ажиллаж байна уу гэдгийг хэмжих нэг хэмжүүр нь шүүхийн шийдвэр. Шүүхийн шийдвэр хэдий чинээ хаалттай, иргэдэд хүртээмжгүй, бас үндэслэлгүй байх юм бол төдий чинээ шүүхэд итгэх иргэдийн итгэл унадаг. Шүүхийн шийдвэрийг олон нийтэд оновчтой зөв хүргэхийн тулд үндсэн гурван аргачлалыг хэвшүүлэх хэрэгтэй.
Нэгдүгээрт, шүүхүүд өөрсдөө шүүхийн шийдвэрийн нөлөөллийг тогтоох ёстой. Шүүхийн шийдвэрийн нөлөөлөл гэдэг нь шүүхийн шийдвэр нь хэнд, ямар хүрээнд нөлөөлж байна вэ гэдэг асуудал юм. Шүүхийн шийдвэр зөвхөн хэргийн оролцогч талуудад нөлөөлж болно. Аль эсвэл олон нийтийн эрх ашигт нөлөөлж болно. Энэ хоёр нөлөөллийг шүүхүүд өөрсдөө тодорхой болгож, тогтоодог болох хэрэгтэй. Тухайлбал, захиргааны хэргийн шүүхийн гаргаж байгаа шийдвэрүүдийн ихэнх нь олон нийтийн эрх ашигт чиглэсэн байдаг. Тэгэхээр энэ шүүхийн шийдвэрийн нөлөөллийг шүүх өөрөө тогтоож эхэлснээр олон нийт өөрт хэрэгтэй шүүхийн тайлбарыг түргэн шуурхай, хялбар олж авах боломжийг нээж өгдөг.
Хоёрдугаарт, шүүхийн шийдвэрийг индексжүүлэх ёстой. Монгол Улсын хувьд шүүхийн шийдвэр индекстэй гардаггүй. Одоогоор шүүхийн шийдвэр зүгээр дугаартай гарч байгаа. Тэр дугаар нь их олон цифртэй байдаг нь нийтэд ил тод байхад нь хангалтгүй байна. Тэгэхээр цаашид эрх зүйн салбар, дэд салбар бүрээр нь ангилж индексжүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл татварын маргаан шийдсэн шийдвэр гэхэд тодорхой цифртэй тэр цифрийг хараад шууд таньдаг байхаар хийж өгөх хэрэгтэй. Ингээд дугаараар индексжүүлэх юм бол шүүхийн шийдвэрүүд маш нарийвчлалтайгаар ангилагдаж, эрдэмтэн судлаач нарт болон олон нийтэд ойлгомжтой хүрч чадна. Одоо shuukh.mn вэбсайтын хөгжүүлэлтийн ажил эхэлж байгаа. Энэ хүрээнд миний энэ санал чухал ач холбогдолтой гэж итгэж байна.
Гуравдугаарт, нөлөөллөө тогтоож, индексээ хийчихсэн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой танилцуулах. Дэлхийн жишгээс харахад үндсэндээ хоёр түгээмэл арга хэрэгсэл байдаг. Нэгдүгээрт, шүүх өөрөө хэвлэл мэдээллийн байгууллагуудад зориулсан энгийн хэллэгтэй текст бэлтгэж өөрийн цахим хуудсандаа тогтмол байршуулах. Дэлхийн улс орнуудын Дээд шүүхийн сайтуудыг үзэхэд дандаа хэвлэл мэдээллийнхэнд зориулсан тусгай цэстэй байдаг. Ингэснээр сэтгүүлчид тухайн хэргийн талаар үнэн зөв, ойлгомжтой мэдээллийг авч чаддаг. Гэтэл манай улсын шүүхийн сайтуудад тийм хэсэг огт байдаггүй. Шүүхийн шийдвэрээ нэг өгүүлбэрт багтааж бичсэн хүн ойлгохын аргагүй юм оруулсан байдаг. Тэгэхээр манай шүүхүүд шүүхийн шийдвэрээ маш энгийн өгүүлбэрээр текст хэлбэрээр мэдээлж байх хэрэгтэй. Ингэвэл олон нийтэд хүрч чадна. Хоёрт, шүүх бүрэлдэхүүн өөрөө шүүхийн шийдвэрийг танилцуулах. Энэ аргыг дэлхийн маш олон улс орон хэрэглэдэг. Тэгэхдээ энэ аргыг бүх шүүхүүд хэрэглэх нь тохиромжгүй. Ихэвчлэн Дээд шүүх хэргийг эцэслэн шийддэг учраас энэ аргыг хэрэглэх нь илүү зохимжтой гэж үздэг.
Тэгэхээр эдгээр гурван аргачлалыг хэвшүүлж нэвтрүүлснээр шүүхийн нээлттэй, ил тод байдал хангагдахаас гадна нийгэмд байгаа хүмүүсийн эрх зүйн ухамсар дээшлэх, улмаар эрх зүйн соёл тогтох ач тустай.
-Эдгээр гурван аргачлалыг авч хэрэгжүүлэх боломж өнөөдөр манайд хэр байгаа вэ?
-Шүүхийн тухай багц хуулийн шинэчилсэн найруулга нь өнгөрсөн оны сүүлээс, энэ оны эхээр явсан. Засгийн газрын өргөн барьсан нэг төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан нэг төсөл гээд хоёр төсөл явж байгаа. Энэ төслүүдийг шинэ Их хурал шийдэх ёстой. Энэ Шүүхийн багц хуульд дээр ярьсан арга замуудыг эрх зүйн зохицуулалтаар хуульчилж өгөх шаардлагатай. Үүнийг зөв зохистой хуульчилж өгч чадахгүй бол өнөөдрийн байгаа энэ нөхцөл байдал хэвээр үлдэнэ. Өөрөөр хэлбэл, шүүхийн нөгөө л хараат байна гэдэг шүүмжлэл, хардлага хэвээр байна. Түүнчлэн шүүх хаалттай байна гэдэг шүүмжлэл огт арилахгүй. Тийм учраас эдгээр аргуудыг зохистой харьцаанд нь зөв эрх зүйн зохицуулалтыг хийж өгөх шаардлагатай гэж үзэж байгаа. Түүнчлэн шүүгчдийн бичдэг тусгай санал гэж байдаг. Өөрөөр хэлбэл бүрэлдэхүүнд багтсан шүүгч тухайн бүрэлдэхүүний олонхын саналтай санал нэг биш байгаа бол яагаад санал нэг биш байна вэ гэсэн эрх зүйн үндэслэлээ өөрийн тусгай саналдаа бичиж өгч, хэрэгт хавсаргадаг. 2013 оны Шүүхийн багц хуульд шүүгчийн тусгай саналыг нийтэд нээлттэй байршуулахыг зөвшөөрсөн байсан. Энэ хүрээнд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хоёр шүүгч тусгай саналаа нээлттэй тавьж байсан туршлага манайд бий. Гэвч харамсалтай нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарч тэр нээлттэй тавьдаг байдал байхгүй болсон. Үндсэн хууль зөрчсөн гээд шийдчихсэн. Тэгэхээр энэ асуудал дээр судлаач хүнийхээ хувьд тэр тусгай саналыг нээлттэй байлгах нь маш ач холбогдолтой зөв байсан гэж үздэг. Тэгэхээр энэ тусгай саналыг зөвлөлдөх тасалгааны нууцыг задруулахгүй хүрээнд, эрх зүйг хөгжүүлэх зорилгоор нээлттэй байлгах зохицуулалтыг сэргээх шаардлагатай байна.