Уэльсийн гүнж Диана буюу Диана Францэс 1997 оны зургадугаар сарын 31-нд ердөө 36 насандаа гэнэтийн золгүй явдлаар буюу авто осолд орж таалал төгсөхөд түүний хөвгүүд болох Уильям-15, Харри-13 настай байв. Ээжийнхээ үхлийн дараагаар хунтайж Уильям “миний дотор хөмөрч, зүрх зүсэгдэн, толгой эргэж үгээр хэлэхийн аргагүй ганцаардан, шаналж байна. Би ийм зүйл болсон гэдэгт үнэхээр итгэхгүй байна. Итгэхийг ч хүсэхгүй байна. Яагаад ийм зүйл болчихов. Яагаад бидэнд ийм зүйл тохиолдож байгаа юм бэ” гэдгээс өөр юу ч хэлээгүй юм.
Диана гүнж өөрийн бүх амьдралаа хөвгүүддээ болон тусламж хэрэгтэй байгаа бусдын төлөө зарцуулсан. Тэрээр галт зэвсэг, тэсрэх бодис, дайны эсрэг хүчтэй тэмцэгч байгаад зогсохгүй буяны сангуудыг дэмжиж гэр оронгүй, хүнд өвчилсөн, өлсгөлөнд нэрвэгдсэн, аврал эрсэн хүмүүсийн төлөө, тэдний хүүхдүүдийн ирээдүй, боловсролын төлөө хэмжээлшгүй их сайн үйлсийг хийсэн буянтан байв. Их Британийн иргэд Диана гүнжийг амьд сахиусан тэнгэр хэмээн өргөмжилж “Хатан хааны зүрх” гэж нэрлэдэг байсан бөгөөд одоо ч түүнийг санан дурсацгаадаг.
Английн “BBC” телевиз 2002 онд XX зууны Их Британийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий 100 хүнийг тодруулах санал хураалт явуулахад Диана гүнж гурав дугаарт орж байв. Түүний дээр Дэлхийн II дайны үеийн тус улсын баатрууд болох Ерөнхий сайд Уинстон Черчилль болон компьютерын эцэг Алан Туринг нар бичигдсэн юм. Энэ бол Английн ард түмний хувьд Диана гүнжийг хайрлах сэтгэлийн илрэл юм.
Түүний хөвгүүд одоо эрийн цээнд хүрч, өрхийн тэргүүн болцгоон ирээдүйн хаад болохоор бэлтгэгдэж буй. Залуу хунтайж нар ээжийнхээ үлдээсэн агуу өвийг уламжилж гэр бүлүүдийнхээ хамтаар сайн үйлсэд манлайлан оролцдог.
Нийтэд төдийлөн ил бус шалтгаануудын улмаас Хааны гэр бүлд Диана гүнжийг дурсах нь хориотой байдаг гэх цуурхал байдаг. Гэвч ханхүү Уильям, Харри нар алхам тутамдаа, үйлдэл бүрээрээ хайрт ээжийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэж, түүний өгөөмөр сэтгэл, сайхан инээмсэглэлийн талаарх дурсамжийг сэдрээх мэт зүйлсийг хийдэг. Нэгэнт ил ярьж болохгүйгээс хойш Диана гүнжийг одоо хэрнэ Их Британийн ард түмэнтэй хамт байгаа гэдгийг тойруу утгаар ч гэсэн ойлгуулахыг хичээх түүний хэрсүү хөвгүүдийн үйлдлүүдийн ердөө тодорхой хэдийг нь танд хүргэхээр шийдлээ.
1. Чарьлз хунтайж Диана гүнжид гэрлэх санал тавихдаа өгч байсан сүйн бөгжийг ханхүү Уильям өөрийн гэргий Кейт Миддлтонд гэрлэх санал тавихдаа өгч байв.
Угсаа залгамжлах хунтайж Уильям, Их Британийн ирээдүйн хатан Кейт Миддлтон нар их сургуульд сурч байхдаа танилцсан гэдэг. Тэд 2010 онд сүй тавьсан гэдгээ албан ёсоор зарлах үед Кейт Миддлтоны зүүн гарын ядам хуруунд Диана гүнжийн сүйн бөгж байсан юм. Энэхүү 14 ширхэг очир алмазаар хүрээлэгдсэн 12 каратын гоёмсог индранил чулуун бөгжийг Диана гүнжид зориулан авах үед “Gerard & Co” тансаг зэрэглэлийн үнэт эдлэлийн компани 38.000 ам.доллаар үнэлж байжээ.
2. Хунтайж Харри өөрийн гэргий Меган Марклд гэрлэх санал тавихдаа ахынхаа адил ээжийнхээ эдэлж хэрэглэж байсан зүйлийг өгсөн юм. Тэд 2017 онд сүй тавьсан гэдгээ зарласан. Тухайн үед шинэхэн сүйт бүсгүйн гарт байх бөгжийг хэн ч анзаараагүй аж. Харин хожим бөгжийг хийсэн үнэт эдлэлийн “Cleave” гэх компани ханхүү Харри нэг өдөр ирээд ирээдүйн эхнэртээ сүйн бөгж хийлгэхээр захиалахдаа ээжийнхээ үнэт эдлэлийн цуглуулгаас заавал хоёр чулуу оруулах хүсэлтэй байгаа талаараа хэлсэн гэж баталсан юм.


3. Хунтайж Харри болон Меган Маркл нарын хурим бүхэлдээ далд утгаараа Диана гүнжэд хүндэтгэл үзүүлж байсан юм. Хуримын үеэр сүйт бүсгүйн гарт Диана гүнжийн хамгийн дуртай цэцэг байлаа. Харин хунтайж Харри хуримынхаа хүндэтгэлийн оройн зоогт зориулж Кенсингтон дахь шилтгээнийхээ цэцэрлэгийг бүхэлд цагаан сарнай цэцгээр чимэглэжээ. Их Британийн ард түмэн Диана гүнжийг цагаан сарнай цэцэгтэй зүйрлэдэг. Харин тодорхойгүй шалтгааны улмаас энэхүү цэцгийг хааны гэр бүлийн албан ёсны арга хэмжээнд ашиглахыг хориглосон байдаг. Мөн хунтайж Харри ээжийнхээ гэр бүлийг хуримдаа урин оролцуулсан байдаг. Өмнө нь түүний ах хунтайж Уильямын хурим болоход нагацууд нь тодорхойгүй шалтгаанаар хүрэлцэн ирээгүй байдаг.
4. Гэхдээ хунтайж Уильям хуримынхаа үеэр ээждээ маш том хүндэтгэл үзүүлсэн байдаг. Ирээдүйн хаан, хатны хурим дээр “Guide Me, O Thou Great Redeemer” гэх дууг эгшиглүүлсэн бөгөөд энэхүү дуу нь Диана гүнжийн оршуулга дээр дуулагдаж байсан юм.
5. Хунтайж Уильям болон Кейт Миддлтон нар Хааны гэр бүлийн нэрийн өмнөөс 2016 онд Энэтхэг, Бутан зэрэг орнуудад айлчлах үеэрээ алдарт Таж Махалын өмнө хамт зураг авахуулсан нь нэлээдгүй ярианы сэдэв болж байсан юм. Учир нь тэдний сууж зургаа авахуулсан яг тэр сандал дээр Диана гүнж тэртээ 1992 онд мөн л Таж Махалыг үзсэн дурсгалын зураг татуулж байжээ. Хунтайж Уильямын зөвлөх Жейсон Науф хэлэхдээ “Тухайн үед эрхэм дээдэс ээжийнхээ өмнө нь ирж байсан газарт хүрэлцэн ирээд маш их баярлаж байгаагаа хэлсэн” гэж ярьсан байна.
6. Ах, дүү хоёр хунтайж 2017 онд Диана гүнжийн нас барсны 20 жилийн ойг хүндэтгэсэн юм. Тэд Кенсингтоны ордон дахь ээжийнхээ хамгийн ихээр очих дуртай байсан газрыг Диана гүнжийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулжээ.
7. Хунтайж Уильям анхны охиноо ээжийнхээ нэрээр буюу Шарлотт Элизабет Диана гэж нэрлэсэн. Бяцхан гүнж одоо эмээгийнхээ багийн зурагтай тун ижилхэн харагддаг. Угсаа залгамжлах хунтайж Уильям “Diana, Our Mother” гэх ээжийнхээ тухай баримтат кинонд “Би орой бүр хүүхдүүдээ унтуулахдаа эмээгийнх нь тухай, түүний өгөөмөр нэнжин сэтгэлийн тухай ярьж өгдөг. Тэд түүний энэрэнгүй сэтгэлийг өвлөх учиртай. Ээж маань их муу эмээ болох байсан байх. Тэр Харри бид хоёрыг бага байхад хүссэнээрээ сахилгагүйтэж болно. Гэхдээ гол нь хэнд ч баригдаж болохгүй гэж хэлдэг байсан” гэж ярьсан юм.
Мөн Уильям, Кейт Миддлтон нар гурван хүүхдийнхээ загалмайлсан эцгээр Диана гүнжийн төрөл төрөгсөд болон дотнын найзуудыг нь сонгосон байдаг.
8. Залуу хунтайж нар ээжийнхээ нинжин сэтгэлийг өвлөн авч гэр бүлүүдийнхээ хамтаар сайн үйлсийг манлайлан хийцгээдэг. Тэд дэлхий дахин дахь сэтгэцийн эрүүл мэндийн эмгэгүүдийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Heads Together” сайн үйлсийн аяныг хамтран санаачилсан аж. Тэд саяхнаас хүнд хэцүү цаг үед зөвлөгөө авах шаардлагатай байгаа хүмүүст зориулсан 24 цагийн турш дэмжлэг, туслалцаа үзүүлдэг “Fab Four” гэх нийгэмд үйлчлэх сайн дуурын байгууллагыг эхлүүлээд буй.
Мөн хунтайж Уильям, Харри нар ээжийнхээ адил орон гэргүй хүмүүс, ДОХ, ХДХВ зэрэг эдгэшгүй халдварт өвчнүүд, ядуурал, өлсгөлөн зэрэг асуудлыг шийдвэрлэх хүрээнд идэвхтэй ажилладаг. Диана гүнж ч үүнийг дэлхий дахинд ойлгуулахын тулд бүх насаа зориулсан юм. Хэрэв тэр өнөөдөр амьд байсан бол хөвгүүдээ хараад маш ихээр бахархах байсан болов уу.