Open iToim app
Таны сонорт | 4 мин уншина

Хавдрын эсрэг үндэсний аян: Хорт хавдрыг эрт ирүүлж, хамтдаа тэмцсэн 10 жил

Хавдрын эсрэг үндэсний аян: Хорт хавдрыг эрт ирүүлж, хамтдаа тэмцсэн 10 жил
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2021 оны 2 сарын 4
“Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна. Жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний эл өдрийг дэлхий нийтээр хорт хавдартай тэмцэх өдөр болгоод 21 жил болжээ. Хорт хавдар хэмээх аймшигт өвчнөөс урьдчилан сэргийлэх, энэ талаарх олон нийтийн мэдлэг мэдээллийг сайжруулах хүрээнд энэхүү өдрийг тэмдэглэдэг билээ.
Дэлхийд жилд дунджаар 14 сая хүн хорт хавдар өвчнөөр өвчилж, найман сая гаруй хүн нас бардаг байна. Монгол Улсын хувьд жилд ойролцоогоор 6000 гаруй хүн уг өвчнөөр өвчилж, 4000 гаруй хүн хорт хавдрын улмаас нас бардаг статистик бий. Илүү тодруулж хэлбэл, цөөн хүн амтай манай улсад өдөрт 16 хүн хорт хавдраар өвчилж, 14 нас бардаг гэсэн үг. Дайн, үймээн самуунгүй Монгол шиг тайван орны хувьд хавдрын өвчлөл, нас баралт аюулын харанга юм. Хамгийн харамсалтай нь, Монголд хорт хавдраар өвчлөгчдийн 90 гаруй хувь нь хожуу шатанд оношлогдож, хавдрын өвчлөл залуужиж байна.
Хорт хавдрыг эрт оношилж, илрүүлбэл бүрэн эдгэрдэг, сэргийлэх боломжтой гэдгийг ард иргэд нэг үеэ бодвол мэддэг болсон байна. Энэ нь “Хавдрын эсрэг үндэсний аян” үр дүнгээ өгсний илрэл юм. Хорт хавдрын өвчлөлийг эрт илрүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах чиглэлд ХААН Банк “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг 10 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Тодруулбал, “ХААН Банк Сан” Хавдрын эсрэг Үндэсний аяныг 2011 оноос хойш амжилттай хэрэгжүүлж, Монгол орныг гурван удаа бүтэн тойрч, 150 мянга гаруй иргэнийг хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, олон мянган иргэний амь насыг аврахад хувь нэмрээ оруулжээ. Мөн энэ хугацаанд 10 мянга гаруй эмч мэргэжилтнийг хорт хавдрын чиглэлээр мэргэшүүлж, 500 гаруй удаагийн яаралтай мэс засал хийж, хорт хавдрын 600 гаруй тохиолдлыг эрт илрүүлжээ. Мөнгөн дүнгээр илэрхийлбэл 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хорт хавдартай тэмцэхэд зарцуулаад байгаа аж.
Хавдар судлалын үндэсний төвийнхөн сүүлийн таван жилийн хугацаанд хорт хавдрын өвчлөл эрс нэмэгдэж байгааг эрт илрүүлэг сайжирсантай холбон тайлбарлаж буй. Монгол Улсад 2019 онд 6381 хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэний 69 хувийг элэг, ходоод, уушги гуурсан хоолой, улаан хоолой, умайн хүзүүний хорт хавдар эзэлсэн гэсэн судалгаа гарчээ. Сүүлийн таван жилд бүртгэгдсэн нийт хорт хавдрын 40 хувь нь элэгний хорт хавдар байна. ДЭМБ-ын 2018 оны судалгаагаар 100 мянган хүнд ногдох хорт хавдрын өвчлөлийн дэлхийн дундаж 197.9 тохиолдол байгаа бол манай улсад 229.2 байна. Мөн 100 мянган хүнд ногдох хорт хавдраас шалтгаалсан нас баралтын дэлхийн дундаж үзүүлэлт 101.1 тохиолдол байхад манай улсад 229.2 байна.
Цаашдаа хорт хавдрын өвчлөлийн эрт илрүүлэлтийг тасралтгүй үргэлжлүүлж,  урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, олон нийтэд хавдрын өвчлөлөөс сэргийлэх мэдээ, мэдээлэл, зөвлөмжийг  байнга хүргэх нь чухал юм.
Иргэн бүр хорт хавдраас сэргийлж, амьдралын хэв маягтаа мөрдлөг болгож болохуйц дараах зөвлөмжийг хүргэж байна.
Тамхи татахгүй байх
-Хорт хавдар тусахад архи, тамхи хэрэглээ хамгийн их нөлөөтэй. Тамхи татахгүй, эргэн тойрны хүмүүсийг тамхиар хордуулахгүй байснаар өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ хорт хавдраар өвдөхөөс урьдчилан сэргийлж чадна. Уушгины хорт хавдрын 90 хувь нь тамхинаас үүдэлтэй байдаг. Архи байнга хэрэглэдэг хүнд ам, залгиур, улаан хоолой, бөөр, элэг болон хөхний хорт хавдарт өртөх эрсдэл их байдаг байна. 
Эрүүл хоол хүнс хэрэглэх
-Хоол хүнсэндээ хүнсний ногоо, жимсийг зонхилуулж, аль болохоор бүхэл үрийн үр тарианы зүйлс хэрэглэхийг эрхэмлэх, махны хэрэглээг тохируулж, амьтны гаралтай өөх тосны хэрэглээг багасгах зэрэг нь хавдар үүсэх эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэхэд тус болно. Өөх тос ихтэй хоол хүнс нь илчлэг ихтэй учраас хөх, бүдүүн шулуун гэдэс, улаан хоолой, бөөрний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг
Хөдөлгөөнтэй байж, таргалалтаас сэргийлэх
-Монгол Улсад элэгний хорт хавдраар жилд 1806 хүн нас бардаг статистик байна.  Хорт хавдар болон чихрийн шижин зэрэг өвчнүүдийн суурь шалтгаан нь таргалалттай шууд холбоотой байдаг аж. Илүүдэл жин болон таргалалт нь ялгаатай ойлголт. Энгийнээр тайлбарлавал, илүүдэл жин гэдэг нь тарган гэсэн үг. Харин таргалалт гэдэг нь илүүдэл жин ямар нэг өвчний суурь болсныг хэлж байгаа ажээ. Илүүдэл жин нь таргалалтын урьтал. Тиймээс илүүдэл жингээ таргалалт болгохгүйн тулд дасгал хөдөлгөөнийг амьдралынхаа зуршил болгохыг эмч нар зөвлөж байна. Насанд хүрсэн хүн долоо хоногийн ихэнх өдөрт 30 минут эсвэл түүнээс дээш хугацаагаар, хүүхэд өсвөр насныхан өдөрт 60 минутаас багагүй хугацаагаар, долоо хоногийн 5-аас багагүй өдөр биеийн тамираар идэвхтэй хичээллэж идэвхтэй хөдөлгөөнтэй байхыг хичээх хэрэгтэй.
Урьдчилсан сэргийлэх үзлэгт байнга хамрагдах
Ард иргэд машинаа жил бүр үзлэгт оруулдаг шигээ эрүүл мэндийн оношилгоонд жил бүр хамрагдах нь аливаа өвчнөөс сэргийлэхэд хамгийн чухал юм. Өөрөөр хэлбэл иргэд бага мөнгөөр урт насалж болдог юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингэхийн тулд урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэх буюу эмнэлэгт жил бүр үзүүлдэг зуршлыг өөрсдөдөө бий болгоорой. Ямар ч хавдар эрт үедээ оношлогдвол 100 хувь төгс төгөлдөр эмчлэгдэнэ гэдгийг шинжлэх ухаан нотолсон билээ.
Сэтгэлзүйгээрээ эрүүл байгаарай
Хүний сэтгэл зүй өөрөө бодисын солилцоо, дархлааны эх үүсвэр болж байдаг. Сэтгэл санааны байдал, аливаа хандлага үзүүлж байгаа хариу урвал нь эрүүл мэндийн байдал болон эмчилгээний үр дүнд шууд нөлөөлдөг аж. Түүнээс аливаа зүйлд сэтгэлзүйгээрээ тайван, өөдрөг, стресстэхгүй байх нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. Өвчтэй, өвчингүйгээсээ үл хамаарч үргэлж эерэг хандлагатай, инээд хөөртэй байвал хамгийн сайн эм болох нь гарцаагүй.
www.iToim.mn
+ Дагах
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн