Open iToim app
Дэлхий | 9 мин уншина

Энхэбату Тогочиг: Дэлхийгээр тархсан Монголчууд зүрхнийхээ гүнээс хоёр Монголыг дахин нэгтгэхийг хүсдэг

Энхэбату Тогочиг: Дэлхийгээр тархсан Монголчууд зүрхнийхээ гүнээс хоёр Монголыг дахин нэгтгэхийг хүсдэг
Нийтэлсэн 2020 оны 9 сарын 9
АНУ-ын Нью-Йорк хотноо төвтэй Өмнөд Монголын Хүний эрхийн мэдээллийн төвийн захирал Энхэбату Тогочигийн “Bitter Winter” сэтгүүлд өгсөн ӨМӨЗО дахь соёлын геноцидын улмаас уламжлалт монгол хэл, бичиг устаж үгүй болох аюул нүүрлээд байгаа талаархи ярилцлагыг өмнө нь хүргэсэн. Энэ удаа түүний Өвөр Монгол болон Ар Монголыг нэгтгэх ёстой гэх байр сууриар “China Uncensored” сувагт өгсөн ярилцлагыг эмхтгэн хүргэж байна. 
-Тэгэхээр Монгол Улс болон БНХАУ-ын харьяаны Өвөр Монголын Өөртөө Засах орон буюу таны нэрлэдгээр Өмнөд Монгол гэх хоёр тусдаа Монгол байдаг гэж ойлгож байгаа. Тэгвэл нэг нь тусгаар тогтносон улс, нөгөөх нь Хятадын нэг муж байхаас өөр хоёр Монголын хооронд ямар том ялгаа байна вэ?
-Тийм ээ. Бид нэг улс байсан гэдгээс яриагаа эхэлье. Хоёр Монгол гэж байгаагүй. Энэ бүхэн дөнгөж 1949 онд БНХАУ байгуулагдсанаар эхэлсэн түүхтэй. Үндсэндээ Өмнөд Монгол буюу та бүхний мэддэгээр Өвөр Монгол 1949 онд Хятадын харьяанд орсон. Тиймээс түүхийн талаасаа ч Өмнөд Монгол бол агуу Их Монгол Улсын нэг хэсэг юм.
-Гэхдээ 1644-1911 оны хооронд оршин тогтнож байсан Чин гүрний газрын зургаас харахад Монгол бүхэлдээ Хятадын нэг хэсэг байсан гэдэг. Энэ талаар тодруулж өгөхгүй юу?
-Тэгэхээр Чин гүрний газрын зурагны тухайд маш олон асуудал гардаг бөгөөд цөөнгүй барууны судлаачдын ашигладаг нэр томьёоны хувьд ч учир дутагдалтай зүйл асар их байдаг. Тухайлбал, Чин гүрэн бол Хятадууд биш. Чин гүрэн бол Манжийн эзэнт гүрэн болохоос Хятадын эзэнт гүрэн биш. Илүү нарийвчлан хэлбэл Чин гүрний өргөн уудам газар нутгийг Монголчууд Манжуудтай хамтран захирч байсан. Энэ нь ганц өнөөгийн Хятад төдийгүй Монгол гээд бусад асар өргөн уудам газар нутгийг хамарч байсан түүхтэй.
-Миний хэлэх гээд байгаа санаа бол Манжууд Хятадыг бүхэлд нь эзлэхээсээ өмнө Монголын нэг хэсгийг өөрийн болгочихсон байсан явдал юм л даа?
-Үнэндээ 1644 оноос өмнө Манжууд болон Монголчууд хоорондоо маш сайн харилцаатай хөрш орнууд байсаар ирсэн. Ялангуяа Манжууд Өмнөд Монгол, тэр дундаа Өмнөд Монголын зүүн хэсэгт амьдардаг ард түмэнтэй ойр харилцаатай аж төрсөөр ирсэн байдаг. Тэд маш ойрын сайн харилцаатай байсан гэдгийн нэг илрэл бол Чин гүрнийг үндэслэгч Нурхайч хаан өөрийгөө Юань гүрний их хаан Хубилайн ач болох Өлзийт Төмөр хааны үр удам гэдэг байсан явдал юм. Тиймээс ч Чин гүрний эхэн үед Манжууд өөрсдийгөө Монголчуудын удам угсаа, хууль ёсны өв залгамжлагчид гэж үздэг байсан.
-Тэгэхээр та Хятадууд хэдэн зуун жилийн турш Монголын нэг хэсэг байсан гэж хэлэх гээд байна уу?    
-Тийм ээ. Монголын эзэнт гүрний үед Хятад бол Их Монгол Улсын ердөө нэг муж байсан.
-Тэгвэл Хятадууд эрт дээр үеэс Монголын нэг хэсэг байсан гэж хэлж болох нь ээ?
-Тийм. Гэхдээ өнөөдөр бол Хятадууд дан ганц Монгол төдийгүй Төвдийг хүртэл эрт дээр үеэс өөрсдийн нэг хэсэг байсан гэж батлан хэлдэг. Мэдээж энэ бол худлаа. Бүр хэдэн мянган жилийн өмнөх түүхийн эх сурвалжаас харсан ч Монгол Хятадын нэг хэсэг байсан байх ямар ч үндэслэл байхгүй. Үүний нэг нотолгоо бол Монгол болон Хятадын дунд орших Их Цагаан хэрэм юм.
-Өнөөдрийг хүртэл Цагаан хэрэм нь Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хятадтай хиллэдэг хамгийн урд хил гэж ойлгодог. Зөв үү?
-Тийм ээ. Цагаан хэрэм бол Монгол болон Хятад үндэстнүүдийн хувьд түүхэн хил хязгаар юм. Мөн энэ нь дан ганц үндэстэн хоорондын хил хязгаар байгаад зогсохгүй Цагаан хэрэмний хойд талд амьдардаг нүүдэлчин соёл иргэншил болон урд талд нь амьдардаг газар тариалан, хөдөө аж ахуйн соёл иргэншил хоорондын хил хязгаар болдог. Үүгээр зогсохгүй хоёр өөр цаг агаар, уур амьсгалын зааг юм. Хэрэв Монголын өндөрлөг уулсын цаг уурыг ажиглавал Хятадаас тэс өөр байдаг. Тиймээс цагаан хэрэм бол яах ч аргагүй Монгол болон Хятад үндэстнүүдийн хувьд түүхэн хил хязгаар мөн.
-Тантай уулзахаасаа өмнө нь би энэ талаар огт мэддэггүй байсан юм байна. Бид Төвдүүд болон Шинжааны Уйгур муслимуудын хүний эрхийн зөрчил болон Хятадын эрх баригчид хэрхэн тэдний үндэсний хэл, соёл, ялгаатай онцлог байдлыг үгүй хийж байгаа талаар ярьж, бичдэг. Мөн Төвд, Шинжааны аль аль нь Өвөр Монголтой адил Хятадын түүхэн газар нутгийн нэг хэсэг байгаагүй гэдгийг онцолдог. Тэгвэл тэдэнд тулгарч байгаа үндэсний цөөнхийн асуудал Өвөр Монголын Өөртөө Засах Орон дахь Монголчуудын хувьд ямар байдаг вэ?    
-Юуны түрүүнд би хэдэн зүйл хэлэх хэрэгтэй болов уу. Эхнийх нь “Inner Mongolia” гэх нэр томьёоны тухай асуудал юм. Та ч гэсэн ярилцлага эхэлснээс хойш “Inner Mongolia” гэх нэр томьёог ашиглаад байна л даа. Тэгэхээр “Inner Mongolia” гэдэг бол маш өндөр суртал ухуулгын шинж чанартай, Хятад төвтэй нэр томьёо юм. “Inner Mongolia” гэдэг бол Хятад хэлний “Nei Menggu” гэх үгний шууд орчуулга юм. Хятад хэлний “Nei Menggu” гэх үг нь “Монголын энэ хэсэг бол Хятадын салшгүй нэг хэсэг” эсвэл “Монгол бол Хятадын дотор оршдог” гэх хоёр далд утгыг агуулдаг. Хятадуудын хувьд энэ нэр томьёог ашиглах нь нэг талаараа Монголыг өөрсдийн нэг хэсэг гэх худал үндэслэлээ баталгаажуулж байгаа явдал юм. Нөгөөтэйгүүр хэрэв Монголын түүх болон Монголын эзэнт гүрнээс өмнө ба хойших үе үеийн газрын зургийг харсан ч Монголчууд Хятадын хэзээ ч дотор нь оршдог, тэдний нэг хэсэг байгаагүй.
Бээжинд зогсож байгаад газрын зураг харвал Өмнөд Монголыг “Inner Mongolia” гэж хэлж болох юм. Учир нь ӨМӨЗО бол Хятадын нэг хэсэг буюу газрын зурагт нь багтаж байна. Тиймээс тусгаар тогтносон Монгол Улсыг Гадаад Монгол буюу “Outer Mongolia” гэж болно. Эсрэгээрээ Улаанбаатараас газрын зургийг харвал тусгаар тогтносон Монгол Улсыг “Inner Mongolia”, Өмнөд Монголыг харин Гадаад Монгол гэж хэлж болохоор. Данийн аялагч Хеннинг Хаслунд XX зууны эхэн үед энэ талаар “In Secret Mongolia” гэх ном хэвлүүлсэн байдаг. Уг номонд “Inner Mongolia” бол тусгаар тогтносон Монгол Улс. Харин Гадаад Монгол бол Өмнөд Монгол гэдгийг харуулсан сонирхолтой газрын зургийг хавсаргасан байдаг. Тэгэхээр энэ бол ердөө газрын зургийг харж байгаа тухайн хүний харах өнцгөөс шалтгаалах асуудал юм. Гэхдээ Монголчууд бид хэзээ ч өөрсдийгөө “Inner Mongolia” гэдэггүй. Учир нь бид өөрсдийгөө Өвөр болон Гадаад гэх ямар ч шалтгаан байхгүй. Монгол хэлэнд Өмнөд Монголыг “Өвөр Монгол” гэдэг. Өнөөдрийг хүртэл дэлхий дээрхи бүх Монголчууд “Өвөр Монгол” гэдэг нэр томьёог ашигладаг. Энэ бол Өмнөд Монгол буюу говь цөлийн урд талд оршдог гэсэн утгатай. Харин тусгаар тогтносон Монгол Улсыг зүгээр л “Монгол” эсвэл “Ар Монгол” гэдэг. Ердөө л ийм зүйл. Энд ямар ч улс төрийн болон хэн нэг нь дотор эсвэл гадна оршдог гэх санаа агуулагдаагүй. Зөвхөн газарзүйн байршил заасан нэр томьёо юм.
undefined
-Таны энгэртээ зүүсэн тэмдэг анхаарал татаж байна. Энэ юу вэ?        
-Энэ бол Өмнөд Монголын төрийн далбаа.
-Хятадын автономит муж буюу ӨМӨЗО-ны төрийн далбааг хэлж байна уу?
-Тийм ээ, таны зөв. Тусгаар тогтносон Монгол Улс бол өөр төрийн далбаатай. Гэхдээ бидний төрийн далбаа гал, нар, сар гурвыг хөх дэвсгэр дээр дүрсэлсэн гэдгээрээ ижил.  
-Энэ үгээрээ та ӨМӨЗО тусгаар тогтнох ёстой гэх гээд байна уу?
-Өмнөд Монгол 1949 оныг хүртэл тусгаар улс байсан юм шүү.
-Тэгвэл хэрэв ӨМӨЗО тусгаар тогтносон тохиолдолд Монгол Улстай нэгдэж, Бүгд найрамдах улс болох ёстой гэж бодож байна уу эсвэл тус тусдаа хоёр улс байх ёстой гэж үзэж байна уу?
-Маш сонирхолтой асуулт байна. Энэ бол зууны турш яригдсаар ирсэн сэдэв. Монголчууд бүгдээрээ зүрхнийхээ гүнээс хоёр Монголыг дахин нэгтгэхийг хүсдэг. Энэ бол Монголчуудын хувьд мөрөөдөл. Бид үүний төлөө дор хаяж сүүлийн хоёр зуун жилийн турш тэмцсээр ирсэн. Чин гүрэн нуран унасны дараах XX зууны эхэн үеийн түүх рүү буцах юм бол 1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо зарласан. Тухайн үед Өмнөд Монголын бүх хошууд Монгол Улстай нэгдэж тусгаар тогтнолоо олж авахыг эрмэлзэж байгаагаа илэрхийлсэн байдаг. Энэ оролдлого хэзээ ч зогсолгүй өнөөдрийг хүртэл үргэлжилж байна.
-Миний бодлоор Монгол Улс ЗХУ-д Хятадаас тусгаар тогтнолоо олж авахад тусалсан явдалд талархах ёстой байх. Гэхдээ тэд зөвхөн газар нутгийнхаа хойд хэсгийг л авч өнөөгийн Монгол Улс болсон. Харамсалтай нь ЗХУ-тай хийсэн тохиролцоонд Өмнөд Монголыг хэзээч багтааж байгаагүй юм билээ?
-Зөв өө. Гэхдээ Монгол Улсын тусгаар тогтнолд ЗХУ тусалсан ч гэдэг юм уу энэ бол байж болох юм. Гэхдээ би Монгол Улс тусгаар тогтнолоо олж аваагүй дахин сэргээсэн юм шүү гэдгийг онцолмоор байна. Учир нь Монгол Улс бол Чин гүрнээс өмнө хэдэн мянган жилийн турш угаасаа л тусгаар улс байсаар ирсэн түүхтэй. Өнөөгийн Монгол Улс бол Их Монгол Улсын маш бага хэсэг нь юм. Хэрвээ газрын зураг харах юм бол Өмнөд Монголын газар нутаг Монгол Улсын газар нутагтай бараг ижилхэн. Монгол Улс 3.3 сая хүн амтай бол 20 сая хүн амтай ӨМӨЗО дахь Монголчуудын хүн ам 6 сая гаруй. Дээрээс нь зөвхөн Ар Монгол, Өвөр Монголоор зогсохгүй ОХУ-ын газар нутгийн маш том хэсэг нь Монгол. Эдгээр нь одоо бол ОХУ-ын автономит Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Тува Улс болон Бүгд Найрамдах Халимаг Улсууд юм. Буриад, Тува бол баруун хойд Монголчууд. Тэд бүгд Монгол үндэстнүүд. Бид бүгд нэг үндэс угсаатай, нэг хэл, соёлтой монгол хүмүүс.      
Дэлхийн II дайны дараагаар Ялтын гэрээгээр дэлхийн супер хүчнүүд болох ЗХУ, Их Британи болон АНУ-ууд Монгол Улсын стастус куо буюу тусгаар тогтносон байдлыг нь хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энэхүү гэрээгээр Өмнөд Монгол Хятадын харьяанд байх ёстой гэхээс өөр аргагүй болсон. Ийнхүү Ялтын гэрээгээр Монгол хоёр хэсэг болж хуваагдсан байдаг.
-Өнөөдрийн БНХАУ-ын харьяа дахь ӨМӨЗО-ны Монгол үндэстний цөөнхийн нөхцөл байдал ямар төвшинд байна вэ?
-Төвд, Зүүн Туркестаны адил Өмнөд Монгол бол БНХАУ-д эзлэгдсэн Хятадын колони улс, үндэстэн юм. Хятадын үндэсний цөөнхүүдийн хувьд нөхцөл байдал маш муу байгаа. Бидний аж амьдрал Хятадын хэвлэлүүд дээр гардгаас тэс өөр. Хятадууд үндэсний цөөнхүүдийг өөрсдөөсөө доор хүмүүс гэж үзэж, харьцдаг. Тэр ч утгаараа бидэнд наад захын хүний эрх, эрх чөлөө, автономит улс төрийн эрх мэдэл байхгүй. Өөрсдийнхөө эрхийн төлөө тэмцсэн үндэсний цөөнхүүд салан тусгаарлагч гэх үндэслэлээр шоронд хоригдох, гэр бүлийг нь хэлмэгдүүлэх зэрэг харамсалтай үйл явдлууд олон тохиолдсон.
Өмнөд Монголын үндэсний соёл, язгуур, үнэт зүйлс үргэлж Хятадуудад гадуурхагдсаар ирсэн. Тухайлбал, Хятадууд үндэсний цөөнхүүдийг уусгах бодлого, үйл ажиллагаагаа хамгийн түрүүнд бидэн дээр туршдаг. Хэрэв тэрхүү бодлого, үйл ажиллагаа нь Өмнөд Монголд амжилттай хэрэгжиж байвал түүнийг Төвд болон Зүүн Туркестанд хэрэглэдэг. Хятадууд үндэсний цөөнхүүдийн эсрэг үргэлж улс төрийн хөдөлгөөн өрнүүлж байдаг. Тэр бүгд нь хамгийн түрүүнд Өмнөд Монголд туршигддаг. Жишээ нь 1960-1970 оны Хятадын соёлын хувьсгалын үеэр Өмнөд Монголд геноцид үйлдэж байсан. Тухайн үед Өмнөд Монгол дахь Монгол үндэстний нийт хүн ам 1.5 сая байсны гуравны нэг нь энэхүү хэлмэгдүүлэлтийн золиос болсон байдаг. Энэ үеэр дор хаяж 100 мянган монгол хүн ердөө Монгол үндэстэн болж төрснийхөө төлөө алагдаж, 500 мянган хүн шоронд хоригдож, эрүүдэн шүүлгүүлж, тахир дутуу болсон гэж үздэг. БНХАУ-ын статистикийн хороо ч үүнийг хүлээн зөвшөөрдөг.
Хятадууд Монголтой хил хязгаараа тогтоохын тулд Цагаан хэрмийг 2000 жилийн тэртээ байгуулсан. Өөрөөр хэлбэл тэд маш эрт дээр үеэс гарал үүслээр ялгаж, өөрсдийгөө тусгаарлаж ирсэн байна. Үүний нэг нотолгоо бол Хятадын зарим сурвалж бичгүүдэд тэмдэглэснээр Цагаан хэрэмний хойно амьдардаг бүх хүмүүсийг зэрлэгүүд гэх нэгхэн үгээр тодорхойлсон байдаг.
Гэтэл Монголчууд дан ганц бие физиологийн хувьд тэднээс хүчтэй байгаад зогсохгүй дайн тулаан хийж, улс үндэстнүүдийг эзлэн, тэднийг захирахдаа гарамгай бөгөөд маш үнэнч хүмүүс. Хэрэв XIII зууны Монголын түүх, тэр дундаа Хубилай хааны Юань гүрний үед Монгол бол яах ч аргагүй дэлхийн төв байсан. Тухайн үеийн Юань гүрний нийслэл бол өнөөгийн Нью-Йорк хот гэсэн үг. Нью-Йорк өнөөдөр маш олон шинэ санаа, бизнесүүд төрөн гардаг шиг тухайн үеийн Монголчууд анхны дипломат харилцаа, паспорт, шуудан, шашны эрх чөлөөг бий болгосон. Дэлхийн бүх шашныг нэгэн дээвэр доор цуглуулсан түүхэн дэх хамгийн анхны шашин хоорондын дээд хэмжээний уулзалт, мэтгэлцээнийг Монголчууд хийж байсан. Эндээс харахад Монголчууд эртнээс Хятадуудын тодорхойлдгоос эсрэгээр маш нээлттэй сэтгэлгээтэй ард түмэн байсаар ирсэн. Харин өнөөдөр Хятадын эрх баригчид Монголын энэхүү агуу түүхийг мушгин гуйвуулж, түүнийг дарах, аль болох муухай харагдуулах зорилгоор элдэв нэр томьёо ашиглах гэх мэт маш олон арга хэмжээ хэрэгжүүлж байна.
-Өвөр Монголд хүүхдүүд сургуульд ямар хэлээр хичээл ордог вэ. Үндэсний цөөнхийн соёлыг агуулсан тусгай хичээлийн хөтөлбөрүүд байдаг уу?
-БНХАУ-ын Засгийн газар 2001 оноос эхлэн монгол хэл, соёл, ахуйг үгүй хийх цуврал бодлогууд хэрэгжүүлж эхэлсэн. Хөдөө орон нутаг, алслагдсан бүсүүд дэх монгол сургуулиудыг бүгдийн хааж, Хятад сургуулиудтай нэгтгэсэн. Ингэснээр бүх монгол хүүхэд хүчээр хятад хэл сурахаас өөр аргагүй болсон. Өнөөдөр Өмнөд Монголд маш цөөн тооны монгол сургуулиуд бий. Харамсалтай эдгээр сургуулиуд хэтэрхий ачаалалтай, олон хүүхэдтэй байна. Учир нь энэ бол монгол хүүхдүүдийн хувьд эх хэлээ сурах цорын ганц боломж шүү дээ. Гэсэн ч монгол сургуулиудад хятад хэлийг заавал сурах ёстой.
-БНХАУ-ын Засгийн газар өөр шиг чинь хүмүүсийг маш аюултай үндэсний салан тусгаарлагч гэж тодорхойлдог. Тэгвэл үндэсний цөөнхүүдийн хувьд заавал тусгаар тогтнохгүйгээр БНХАУ-ын эрх баригчидтай эдгээр асуудлуудаа шийдэх боломж бий юу?  
-Бидэнд үүний хариултыг түүх хэдийн хэлж өгсөн. Өмнөд Монгол, Уйгар, Төвдүүд Хятадын колоничлол доор эрх чөлөөтэй байх ямар ч боломжгүй. Асуудлын гол нь коммунизм ч биш. Энэ бол колоничлол болохоос коммунизм биш.
Эх сурвалж: China Uncensored
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн