Forbes, NewYork Times, Bloomberg, Huffington Post зэрэг алдарт хэвлэлүүдэд харьяалагддаг аяллын сэтгүүлч Жим Клаш Монгол орны цөлөөр аялж, үлэг гүрвэлийн олдвор олохоор хайгуул хийсэн түүхээ Forbes сэтгүүлд нийтэлснийг хуваалцъя.
Эрс тэс уур амьсгалтай Монгол орны говьд зуны ид халуун үе болох долдугаар сард хайгуулаа эхлүүлэв. Цаг уурын байдал төсөөлсөн шиг минь халуун биш харин ч их хэмжээний аадар бороо орж, буудалсан гэр минь усанд автаж, дотор нь суухын аргагүй болсон юм. Нутгийнхны өгүүлснээр энэ зун говь нутагт сүүлийн зуунд тохиогоогүй их хэмжээний хур буусан аж.
АНУ-ын алдарт судлаач, хайгуулч Рой Чэпмэн Эндрьюсийн хайгуулын баг 1920-иод онд Монголын говиос хэд хэдэн зүйлийн үлэг гүрвэлийн яс, өндгийг олж байв. Тэр цагаас хойш Монголын говь үлэг гүрвэлийн “эх нутаг” хэмээн дэлхийд танигдан олон авран хайгуулын баг адал явдал, түүхэн олдвор хайн Монголыг зорих болсон.
Түүний байгуулсан “Эрэл хайгуулчдын клуб” одоо дэлхий даяар 3900 гишүүнтэй бөгөөд энэ зун ХонгКонг дахь тус клубийн гишүүд Рой Чэпмэнний хайгуул хийсэн газар нутгийг дахин судалж, 250 гаруй шинэ чулуужсан яс олсон юм.
Үлгэр гүрвэлийн яс хайна гэдэг миний хувьд шинэ зүйл, судлаач сэтгүүлч миний хувьд алдаж болохгүй шинэ аялал байсан.
Хайгуулын явцад тулгарч байсан хамгийн гол асуудал нь мэдээж би олдоогүй байсан үлэг гүрвэлийн ясны хэсгийг олох уу эсвэл энгийн хөхтөн амьтны үлдэгдэл үү? гэдэг асуулт байв. Аз болж Монголын Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн судлаачид бидэнтэй хайгуулын багт явж, олдсон ясыг жинхэнэ эсэхийг шалгаж өгч байв.
Монголын говиос олсон ямар ч олдвороо та өөртөө үлдээж эсвэл худалдах эрх байхгүй. Энэ нь улсын түүхэн өмч болох юм. Хэрвээ олсон олдвороо хил давуулахаар оролдвол хэдэн жил шоронд суух шийтгэл хүлээж мэдэх юм. Олдвор үнэхээр жинхэнэ болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдвал орон нутгийн музейд хандивладаг.
Хайгуулын гурав дахь өдөр багийн нэг гишүүн байрлаж байсан баазаасаа 15 километрийн зайд нэг зүйл олсноо дуулгасан бөгөөд Монголын Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн судлаачид олдворыг шалгахаар яаравчлав.
Хөрсний өнгөн хэсгийн суурийг цэвэрлэсний эцэст эхний байдлаар олдворыг 80 орчим сая жилийн настай, Велоцираптор үлэг гүрвэлийн чулуужсан үлдэгдэл хэмээн тодорхойлсон.
Үүний дараа дахин хэд хэн олдвор олдож,би болон манай багийнхан сэтгэл өндөр хайгуулаа дуусгасан. Өдрийн төгсөлд би өөрийгөө ядарч туйлдсаныг мэдсэн ч хайгуулаа үргэлжлүүлсээр байсан бөгөөд гэнэт зүүн нүдний минь буланд жижиг цайвар зүйл үзэгдэв. Судлаачид миний олдворыг сайн тодорхойлж чадахгүй, лабораторийн шинжилгээгээр л тодорхой болно гэсэн юм.
Минийхтэй адил хэдэн арван жижиг олдвор, лабораторийн шинжилгээнд явсан бөгөөд жинхэнэ үлэг гүрвэлийн нэг хэсэг эсэхийг би хэзээ ч мэдэх боломжгүй юм.
Ямартай ч аяллын үр дүн 50/ 50-ын харьцаатай байх боломжтой ч миний туулж үзсэн хамгийн гайхалтай адал явдал байлаа.