Технологийн салбарын тэргүүлэгч “Apple” компани мягмар гаригт жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулдаг “Apple Event” арга хэмжээний үеэр цоо шинэ загварын “iPhone 12” ухаалаг гар утасны дөрвөн өөр хувилбар болон “HomePod Mini” ухаалаг чанга яригчийн шинэ загварыг зах зээлд танилцууллаа.
Тус компани өнгөрөгч сард шинэ загварын “Apple Watch” болон наймдугаар үеийн “iPad” зэрэг төхөөрөмжүүдийг “iOS 14” үйлдлийн системийн хамт танилцуулсан юм. Харамсалтай нь шинэ төхөөрөмжүүдийг зах зээлд танилцуулсны дараа “Apple” компанийн нэгж хувьцааны ханш 2.65 хувиар буурч, 121.1 ам.долларт хүрсэн байна. Мөн өнгөрөгч сарын 15-нд шинэ төхөөрөмжүүдийг зах зээлд танилцуулсны дараа мөн л компанийн нэгж хувьцааны ханш 115.5 ам.доллараас 112.1 ам.доллар болж буурч байсан юм. Тиймээс технологийн салбарын нэр бүхий мэргэжилтнүүд “Apple”-ийн сүүлийн үед танилцуулсан төхөөрөмжүүд хэрэглэгчдийн сэтгэлд төдийлөн нийцэхгүй байна гэх байр суурийг илэрхийлж байв.
Гэсэн ч технологи, загвар, интерфейсийн хувьд шинэ загварын “iPhone 12” ухаалаг гар утсанд хэд хэдэн онцлох өөрчлөлтүүд орсон болохыг “Apple Event 2020” арга хэмжээний үеэр гүйцэтгэх захирал Тим Күүк танилцуулсан юм. Ингээд “iPhone 12” ухаалаг гар утасны талаар таны заавал мэдэх ёстой зүйлсийг танилцуулж байна.
Шинээр танилцуулсан “iPhone 12”, “iPhone 12 Pro”, “iPhone 12 Pro Max” болон “iPhone 12 mini” буюу жижиг хувилбарууд нь бүгд дараагийн үеийн үүрэн холбооны утасгүй сүлжээний, өндөр хурдны “5G” технологи болон хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах тал дээр нэлээд дэвшлүүд гаргасан “iOS 14” үйлдлийн системийг дэмжих бүрэн боломжтойгоор худалдаанд гарна. Үнийн хувьд “iPhone 12 mini” загвар 699 ам.доллар, “iPhone 12” загвар 799 ам.доллараас эхлэн худалдаанд гарах бол илүү хүчирхэг “iPhone 12 Pro” болон “iPhone 12 Pro Max” хувилбаруудын хувьд үнэ 999-1099 ам.доллараас эхлэх аж. Тим Күүкийн мэдэгдсэнээр “iPhone 12” болон “iPhone 12 Pro” загварын ухаалаг гар утасны урьдчилсан захиалгыг ирэх баасан гаригаас авч эхлэх бөгөөд аравдугаар сарын 23-наас “Apple Store”-уудад худалдаалах юм байна. Харин “iPhone 12 mini” болон “iPhone 12 Pro Max” загварууд арваннэгдүгээр сарын 3-нд урьдчилсан захиалга авч, арваннэгдүгээр сарын 13-аас “Apple Store”-ийн салбаруудад байрших аж.

Харагдах байдал, загварын хувьд “iPhone 12” нь өмнөх үеийн “iPhone 5” болон “iPad Pro”-той төстэй харагдахуйц болсон ч “iPhone 11”-тэй харьцуулахад илүү нимгэн, хөнгөн бөгөөд жижиг хэмжээтэй болжээ. Өнгөний сонголтын хувьд “бал чулуу”, “мөнгөлөг”, “алтлаг” болон “Номхон далайн хөх” гэсэн дөрвөн сонголттой бөгөөд хэрэглэгчид санах ойн багтаамжийн 128 гб, 256 гб, 512 гб-ын гурван өөр сонголтоос өөрийн хэрэгцээнд тааруулан авах боломжтой.
Дөрвөн загвар тус бүр керамик дэлгэцийн хамгаалалт бүхий “Super Retina XDR” дэлгэцийн хэмжээнээс хамааран өөр, өөр хэмжээтэй. Тухайлбал, “iPhone 12 mini” 5.4 инч, “iPhone 12” болон “iPhone 12” загварууд тус бүр 6.1 инч, “iPhone 12 Pro Max” 6.7 инч хэмжээтэй аж.
Дэлгэцийн нягтаршлийн хувьд “iPhone 12 Pro Max” загвар 3.4 сая пиксел нарийвчлалтай гэдэг утгаараа бүх цаг үеийн хамгийн өндөр дэлгэцийн нарийвчлалтай “iPhone” болсон гэдгийг компанийн зүгээс онцолсон юм. Илүү нарийвчилсан үзүүлэлтийн хувьд “iPhone 12”-ын “Super Retina XDR” дэлгэц нь хар ба цагаан өнгийг “2000000:1” харьцаагаар ялгаруулж харуулах чадамжтай.
Хүчин чадлын хувьд мэдээж “5G” сүлжээ дэмждэг тул утасгүй сүлжээний хамгийн өндөр хурдыг ашиглах боломжтой. Хамгийн гол нь “iPhone 12” загвар нь ухаалаг гар утасны зах зээлд танилцуулсан анхны 5 нанометрийн чип бүхий шинэ “A14 Bionic” процессортой гэдгээрээ онцгой юм. Нийт 11.8 сая транзисторууд бүхий энэхүү дэвшилтэт атомын технологийн тусламжтай “iPhone 12” нь бүх цагийн үеийн хамгийн өндөр хүчин чадалтай ухаалаг гар утас болж чадсан гэдгийг “Apple”-ийн Гүйцэтгэх захирал Тим Күүк онцолжээ. Тухайлбал, “iPhone 12”-ын “CPU” болон “GPU” бусад төрлийн ухаалаг гар утаснуудтай харьцуулахад 50 хувь, мэдрэгчийн мэдрэг байдал 80 хувь, хиймэл оюуны хурдасгуур 70 хувиар тус бүр хурдтай ажиллах боломжтой.

Харин “iPhone 12” загвар тус бүр 12MP үндсэн болон хэт өргөн өнцгийн хоёр камертай учир өмнөх загваруудтай харьцуулахад гэрэл багатай орчин зургаа дахин хурдан фокус тохируулж, 27 хувиар илүү чанартай зураг авах боломжийг олгох юм. Тэгвэл “iPhone 12 Pro” загвар нь тус бүр 12MP үндсэн, хэт өргөн өнцгийн болон алсын гэх гурван камераар тоноглогдсон. Энэ нь өмнөх загваруудтай харьцуулахад гэрэл багатай орчинд 87 хувиар илүү чанартай зураг авах чадвартай болгоод зогсохгүй “AR” буюу нэмэгдсэн бодит байдал технологитой хоршин ажиллах боломжтой болжээ.


Харин “iPhone 12” загвар тус бүр 12MP үндсэн болон хэт өргөн өнцгийн хоёр камертай учир өмнөх загваруудтай харьцуулахад гэрэл багатай орчин 6 дахин хурдан фокус тохируулж, 27 хувиар илүү чанартай зураг авах боломжийг олгох юм. Тэгвэл “iPhone 12 Pro” загвар нь тус бүр 12MP үндсэн, хэт өргөн өнцгийн болон алсын гэх гурван камераар тоноглогдсон. Энэ нь өмнөх загваруудтай харьцуулахад гэрэл багатай орчинд 87 хувиар илүү чанартай зураг авах чадвартай болгоод зогсохгүй “AR” буюу нэмэгдсэн бодит байдал технологитой хоршин ажиллах боломжтой болжээ.
Эх сурвалж: apple.com, CNBC, Insider