Open iToim app
Нээлт | 2 мин уншина

Нас ахих тусам хүний тархины үйл ажиллагаа яагаад мууддаг вэ

Нас ахих тусам хүний тархины үйл ажиллагаа яагаад мууддаг вэ
Нийтэлсэн 2019 оны 2 сарын 11
Эрдэмтэд өмнө нь хүний тархины эс ахин сэргэдэггүй хэмээн урт хугацааны турш боддог байжээ. Учир нь нас ахих тусам хүний тархины эсүүд хорогдож мэдрэлийн холболтууд тасарснаар санах ой муудаж улмаар юмсыг тайлбарлахдаа муу болж хэл ярианы чадвар буурч эхэлдгийг тайлбарлаж чаддаггүй байсан юм. Үнэн хэрэгтээ хүний тархинд шинэ эсүүд бий болдог бөгөөд эсийн сэргэх чадвар уураг тархины ой санамжтай холбоотой хэсгүүдэд илүүтэй сайн байдгийг сүүлийн үеийн судалгаагаар олж илрүүлсэн байна.
Гэсэн хэдий ч хүн яагаад нас ахих тусмаа юмсыг танин мэдэж, шинэ зүйлс суралцахдаа муу болдог вэ? гэдгийг тайлбарлах нь гол асуудал хэвээр байсан юм. Доктор Маура Болдринигээр удирдуулсан Колумбын Их Сургуулийн сэтгэл мэдрэлийн тэнхимийн эрдэмтдийн баг энэ асуултын хариултыг олохоор ажиллаж байсан аж. Тэд гэнэтийн ослоор нас барсан 28 эрүүл хүмүүсийн тархинд судалгаа хийсэн тайлангаа шинжлэх ухааны “Cell Stem Cell” сэтгүүлд нийтэлсэн байна. Судалгаанд оролцсон нас барсан хүмүүс нь 14-79 насныхан байсан бөгөөд ямар нэгэн удамшлын болон хууч өвчингүй байжээ. Судалгааны багийнхан тархины янз бүрийн хэсгүүд дэх тархины мэдрэлийн эсүүд болон үүдэл эсүүдийг тоолж энэ нь янз бүрийн насны хүмүүсийн хувьд харилцан ямар хэмжээтэй байдгийг олохыг зорьсон байна.
Хамгийн гайхалтай нь судалгааны үр дүнд ахмад настай хүмүүсийн тархины санах ойг хариуцдаг хэсгүүдэд залуу хүмүүстэй ижилхэн олон шинэ мэдрэлийн эсүүд шинээр бий болж байдгийг олж нээжээ. Гэхдээ хөгшин хүмүүс эдгээр шинэ эсүүдийг тэжээхэд залуу хүмүүстэй харьцуулахад тархины цусан хангамж нь дутагддаг байна. Энгийнээр тайлбарлавал өндөр настнуудын тархины цусан хангамж бага байдгаас улбаалан тархины мэдрэлийн эсүүд хуваагдалд орж олшрохдоо залуу хүнийг бодвол удаашралтай байдаг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл хүний тархи хөгширсөн хэдий ч шинэ эсүүдийг үүсгэсээр байх боловч шинэ эсүүд хуучин эсүүд шигээ идэвхтэй байж чадахгүй аж.
Туршилтын үр дүнд тархины хялгасан судсан дахь цусан хангамжийг сайжруулж тархины мэдрэлийн эсүүдийг сайтар тэжээснээр хөөрөлтөөс болж үүсдэг ой санамж болон зөнөглөх өвчнөөс урьдчилан сэргийлж болох магадлалтайг тогтоожээ. Гэхдээ тус судалгаа хүний тархины хөгшрөл болон ой санамжтай холбоотой нас баралтаас сэргийлж чадахгүй хэдий ч өмнө нь үүнээс илүү үр дүнтэй хүний тархины эсийн судалгаа хийгдэж байгаагүй юм. Маура Болдрини эдгээр судалгааг цаашид улам өргөжүүлж Альцгеймэр гэх мэт өвчнийг тархины эсийн төвшинд судлан эмчлэх арга замыг эрэлхийлэх аж. Мөн түүний хэлж буйгаар тархины дасгал сургуулилт тогтмол хийх нь ийм төрлийн олдмол эмгэгтэй болохоос сэргийлж болох өөр нэгэн үр дүнтэй арга аж.
Эх сурвалж: Time
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн