Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой буюу "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг гардуулахтай холбоотой Монгол Улсын Ерөнхийлөгчийн 224 дүгээр зарлигийг уншиж танилцууллаа. Зарлигт “Чингис хаан” судлалыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан тул АНУ-ын эрдэмтэн, монгол судлаач Жэк Уэтерфордыг, Монгол Улсад хөрс судлалын салбарын суурийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тавьж, энэхүү салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр үзүүлсэн тул ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор, профессор Д.Доржготов нарыг тус тус шагнахаар тогтсон болохыг дурдсан ба улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Жэк Уэтерфорд, Д.Доржготов нарт шагналыг гардууллаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Чингис хааны түүх бол зөвхөн Монгол Улсын түүх биш бүх тив дэлхийн түүх юм. Тиймдээ ч "Чингис хаан" одонг их эзэн Чингис хааны мэндэлсний ой буюу "Монгол бахархлын өдөр”-өөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнийг шагнадаг уламжлалтай. Иймээс энэ жил АНУ-ын эрдэмтэн, монгол судлаач Жэк Уэтерфорд, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, доктор, профессор Д.Доржготов нарыг тус тус шагнаж байна” гэв.

"Чингис хаан" одонт Жэк Уэтерфорд: Энэхүү шагналыг авч буй нь нэр төрийн хэрэг. Би 25 жилийн өмнө Монгол Улсад анх удаа ирж байлаа. Үүний дараа монголчуудын энэрэнгүй сэтгэл, байгалийн тогтоц миний сэтгэлийг хөдөлгөсөн. Тэгээд хожим нь ном бичихээр шийдэж байсан юм. Энэхүү шагнал миний хувьд нар сар мэт хол санагдаж байлаа. Шагналыг залуу ард түмэн, залуу Ерөнхийлөгчөөс гардан авч байгаадаа туйлын баяртай байна. Цаашид монгол залуу судлаачдыг дэмжин ажиллах болно. Би бол гадаад хүн. Гэхдээ залуу судлаачдыг бэлтгэхэд анхаарна. Монгол Улс түүхээ судлахад онцгойлон анхаарах ёстой. Монгол Улс бол тэнгэрт ивээгдсэн улс. Би өөрийгөө Чингис хааны түүхийг дэлхий дахинд таниулахад хувь нэмрээ оруулсан гэж боддоггүй. Би зүгээр л бодит үнэнийг, өөрийн сурч мэдсэн зүйлийг бусаддаа хуваалцахыг хүссэн. Зарим улс Чингис хааны яруу алдрыг өөрсдийн хэмээн тунхаглахыг оролддог. Гэвч Чингис хааны төрсөн нутаг бол Монгол. Тиймээс түүний гавьяа төрсөн нутагт нь үлдэх ёстой.

"Чингис хаан" одонт Д.Доржготов: Чингис хаан одонг Монголын шинжлэх ухааны төлөөлөл болгож надад олгосонд баяртай байна. Энэ бол төрөөс шинжлэх ухаанд үзүүлж буй үнэлгээ, их том итгэл гэж би хүлээж авч байна. Миний бие 1962 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 60 жилийг хөрс судлалд зориуллаа. Энэ хугацаанд олон орны эрдэмтэн судлаач нартай хамтарч Монгол орныхоо бүх газраар явсан байна. Хөрсгүй бол хүнсгүй, хүнсгүй бол хүнгүй гэж Ерөнхийлөгчийн хэлсэн үг бол үнэн. Хөрс бидний амьдралд маш чухал үүнийгээ бид судалж шинжилж байх нь маш чухал. Монгол Улсын газар нутгийн атласыг Орос Монголын хамтарсан 200 гаруй эрдэмтэд нийлж анх 1985 онд хийж эхлээд нийт 5 жилийн хугацааг зориулж 1990 онд хэвлүүлж байсан асар том бүтээл. Энэ бол Монгол орны бүх газар нутаг, байгалийн нөөц баялаг, хүн ам, түүх соёл, эдийн засаг, нийгэм гээд Монгол орны тухай бүх мэдээллийг агуулсан бүтээл юм.
Монгол орны газар нутаг нэг л хүний хийсэн судалгаагаар тодорхой болохгүй. Монгол орон асар том газар нутагтай учир бүрэн судалж дуусашгүй. Тийм учраас залуу хойш үе маань энэ ажлыг цааш нь улам сайн судалж авч явна гэдэгт итгэлтэй байна. Манай гариг дээр амьдарч байгаа бүх амьд организмуудын 99,9 хувь нь бичил амьтад, үлдсэн 0,01 хувь нь нүдэнд харагдаж буй ургамал, амьтад шүү дээ. Тэгэхээр бидэнд судлах маш их зүйл бий.
Мөн 40 жилийн хугацаанд маш олон эрдэмтэн судлаач нарийг бэлтгэсэн өөрийн мэдлэг боловсролыг түгээн дэлгэрүүлсэндээ маш их баяртай байдаг. Энэ бол миний бахархал.