Open iToim app
Дэлхий | 3 мин уншина

ИХ 7: Төв банкууд бодлогын хүүгээ бууруулсан ч эдийн засгийн уналтыг зогсоож чадахгүй

ИХ 7: Төв банкууд бодлогын хүүгээ бууруулсан ч эдийн засгийн уналтыг зогсоож чадахгүй
Нийтэлсэн 2020 оны 3 сарын 4
Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтийн улмаас дэлхийн нийт эдийн засагт учирч буй хохирлын эсрэг хариу арга хэмжээ хэрэгжүүлэх төлөвлөгөөг “ИХ-7” улсын Засгийн газрууд боловсруулж, хамтарсан мэдэгдэл хийхээр бэлдэж байгаа аж. Энэ жил “ИХ-7”-ын бүлгийг АНУ-с тэргүүлж байгаа бөгөөд мягмар гаригт “ИХ-7”-ын Сангийн сайд нар болон Төв банкны удирдлагууд хуралдаж тахлын дэгдэлтээс улбаатай эдийн засгийн алдагдлыг арилгах арга хэмжээний талаар хэлэлцсэн юм.
Гэсэн ч “ИХ-7”-ын бүлгээс гаргаж буй энэхүү төлөвлөгөөнд Засгийн газруудын төсвийн нэмэлт зарлага болон Төв банкуудын бодлогын хүүг бууруулах зохицуулалт хийх талаар шууд чиглэл тусгагдаагүй болохыг мягмар гаригийн өглөө энэхүү асуудалтай ойр ажиллаж буй нэрээ нууцлахыг хүссэн албан тушаалтан “Reuters”-д агентлагт мэдээлжээ. Мөн тэрээр энэхүү асуудлыг талууд одоогоор эцэслэн шийдээгүй тул дээрх агуулга өөрчлөгдөх магадлалтай талаар дурдсан байна.
Энэхүү агуулга нь тахлын дэгдэлтийн улмаас эдийн засагт үүссэн хохирлыг даван туулах чиглэлд дэлхийн нийт баялаг болон ДНБ-ын тал хувийг бүрдүүлэгч “ИХ-7”-ын бүлгээс илүү тодорхой, өргөн цар хүрээтэй арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэх хүлээлттэй байсан санхүүгийн зах зээлийн хувьд тийм ч таатай мэдээ болсонгүй. Дэлхийн хөрөнгийн биржүүд дээр өнгөрөгч долоо хоногт “Covid-19”-ын дэглэтийн цар тахлын айдсаас улбаатай хүчтэй савлагаа үүсэж томоохон компаниудын алдагдлын хэмжээ 2008 оны санхүүгийн их хямралтай ойртож очсон. Энэхүү савлагаанд ам.долларын ханш хамгийн хүчтэй цохигдож, үнэлгээ нь буурахыг сануулж байгаа юм.
АНУ-ын Холбооны нөөцийн сангийн араас Япон, Их Британи, Франц зэрэг “ИХ-7”-ын бүрэлдэхүүнд багтах орны Төв банкууд нөхцөл байдлаас улбаалан огцом уруудах хандлагатай болсон дэлхийн эдийн засгийг дэмжихэд бэлэн гэдгийг илэрхийлснээр даваа гаригт томоохон хөрөнгийн биржүүдийн голлох индексүүд болон хувьцааны ханш бага зэрэг өссөн.
Хөрөнгө оруулалтын “AxisCorp” компанийн зах зээлийн ерөнхий стратегич Стивен Иннес энэ талаар “Яг одоогийн нөхцөл байдлыг харахад "ИХ-7"-ын бүлэг "Covid-19"-ын дэгдэлтээс улбаатай эдийн засгийн хохирлыг арилгах чиглэлд гараа сунгахад бэлэн биш байна гэж үзэж байна. Учир нь тэд шинэ төрлийн коронавирусийн улмаас дэлхийн нийт эдийн засагт учирч болох хохирлын хэмжээг эцэслэн тодорхой болгох хүртлээ төсвийн их буугаа галлахгүй” гэжээ.
Гэсэн ч “Covid-19”-ын дэгдэлтийн улмаас эдийн засгийн хямралд өртөх эрсдэлтэй болсон бусад орнууд үүнээс урьдчилан сэргийлэх, гарах чиглэлд тодорхой алхмуудыг хэрэгжүүлж эхлээд байгаа. Тухайлбал, хамгийн сүүлд буюу мягмар гаригт Австрали улсын төв банк бодлогын хүүгээ түүхэнд байгаагүй доод хэмжээнд хүртэл бууруулах болсноо мэдэгдсэн.
Гэвч зарим эдийн засгийн шинжээчид Төв банкууд бодлогын хүүгээ бууруулах нь эдийн засгийн алдагдлыг нөхөх чиглэлд үр дүнтэй арга байж чадах эсэх талаар эргэлзэж буй. Учир нь Засгийн газрууд Төв банк болон төсвийн бодлогын хүрээнд зээлийн өртгийг бууруулж, иргэдийн халаасан дахь мөнгийг нэмэх замаар эрэлтийг өдөөх боломжтой. Гэсэн ч энэхүү арга нь коронавирусийн дэгдэлтийн улмаас тасалдсан дэлхийн хангамжийн сүлжээг сэргээх боломжгүй. Энэ тохиолдолд Засгийн газрууд яаж ч хичээгээд тодорхой үр дүн гаргаж чадахгүй гэсэн байр суурийг илэрхийлжээ.
Австралийн Сидней дэх Хамтын нөхөрлөлийн банкны гадаад валютын шинжээч Жо Капурсо энэ талаар “Төв банкууд бодлогын хүүгээ буурууллаа гээд нийгэмд үүссэн айдсыг үгүй хийж, тахлын аюул ард хоцорлоо гэсэн сэтгэгдэл төрүүлэхгүй. Өөрөөр хэлбэл энэхүү алхам нь эдийн засгийн хямрал үүсэх болгоомжлолыг бүрэн арилгаж чадахгүй” гэжээ.
Хамгийн сүүлд мягмар гаригийн шөнө АНУ-ын Холбооны нөөцийн сангийн зүгээс бодлогын хүүг тал хувиар бууруулах болсон шийдвэр танилцууллаа. Энэ бол Холбооны нөөцийн сангийн хувьд 2008 оны санхүүгийн их хямралаас хойш Төв банкны бодлогын хүүг хамгийн доод төвшинд авчирсан тохиолдол бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд дөрөв дэх удаагийн зохицуулалт боллоо. Ингэснээр АНУ-ын Төв банкны бодлогын хүү өмнөх 2.5 хувь байснаас 1-1.25 хувь болж буурах юм. Холбооны нөөцийн сангийн зүгээс өнгөрөгч баасан гаригт бодлогын хүү бууруулах асуудлаар шийдвэр гаргахын тулд нөхцөл байдлыг ажиглаж байна гэсэн мэдэгдлийг хийж байв. 
АНУ-ын Холбооны нөөцийн сангийн Ерөнхийлөгч Жером Пауэлл энэ талаар "Бид эдийн засагт үүсэж болох эрсдэлийг харж, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр ийнхүү арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ. Санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаа хэвийн, эдийн засгийн үзүүлэлтүүд сайн хэвээр байгаа бөгөөд шинэ төрлийн коронавирусийн дэгдэлт дууссаны дараагаар АНУ-ын эдийн засаг бүрэн сэргэнэ гэж найдаж байна. Гэсэн ч одоогоор энэ бүхэн хэр удаан үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй. Мөн энэхүү тахлын улмаас эдийн засагт ямар хэмжээний хохирол учруулахыг урьдчилан таамаглах боломжгүй. Бодлогын хүүг бууруулсан нь өрхүүд болон бизнесүүдийн итгэлийг нэмэгдүүлэх зорилготой. Түүнээс энэхүү алхам нь халдварыг эмчлэх эсвэл үүнээс болж тасалдаад байгаа дэлхийн хангамжийн сүлжээг засаж чадахгүй" гэжээ.
Эх сурвалж: Reuters, CNN, CNBC
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн